Байгалийн хийн хоолойн төслийн ТЭЗҮ боловсруулах ажил 70 хувьтай байна

оруулсан Алсын Хараа

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, ОХУ-аас Монголын нутгаар дамжуулан БНХАУ руу татах байгалийн хийн хоолойн төслийн талаар танилцуулсан тухай Шадар сайд С.Амарсайхан мэдээлэв.

Монгол Улсын Ерөнхий сайд 2019 оны 12 дугаар сард ОХУ-д айлчлах үеэрээ Монголын нутгаар дамжуулан хийн хоолой татах асуудлаар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм. Ноднин наймдугаар сард эрмэлзлийн санамж бичигт талууд гарын үсэг зурснаар тусгай зориулалтын компанийг байгуулж ТЭЗҮ боловсруулах ажил эхэлжээ.

Өнөөдрийн байдлаар хоёр улсын хамтарсан баг төлөвлөгөөний дагуу ТЭЗҮ боловсруулах ажлыг эрчимтэй өрнүүлж байгаа бөгөөд 70 хувьтай байна. Монгол, Оросын дипломат харилцааны 100 жилийн ой тохиож буй энэ үед эдийн засгийн өгөөжтэй том төслүүдийг хэрэгжүүлэх асуудлаар хоёр улсын Ерөнхий сайд нар өчигдөр утсаар ярих үеэрээ онцолж, мэдээлэл солилцсон бөгөөд холбогдох сайд нарт үүрэг, чиглэл өгсөн тухай Шадар сайд тэмдэглэв.

Энэ оны гуравдугаар сарын 12-нд Газпром компанийн ТУЗ-ийн гишүүд ирж Шадар сайд тэргүүтэй удирдлагуудтай уулзаж төслийн үйл ажиллагааны хөтөлбөрийг баталжээ. Одоогоор хийн хоолойн  960.5 км маршрутын зураг тодорхой болсон байна.  ТЭЗҮ боловсруулах ажил энэ ондоо багтаж дуусна. Ингэснээр, инженер техникийн ажилтнууд нарийчвилсан ажилдаа орж бэлтгэл хоёр жилийн хугацаанд хангана. Ингээд 2024 оноос төслийн ажил албан ёсоор эхлэх юм.

ТЭЗҮ дууссаны дараа гурван улсын Засгийн газар хооронд тариф, үнийн зохицуулалттай холбоотой хэлэлцээр байгуулна. Мөн манай улс байгалийн хийн хоолойтой холбоотой хуулийн төслүүдийг боловсруулах юм.

Байгалийн хийн хоолойг нутгаараа дамжуулахаас гадна манай улс хэрэглэгч байх асуудлыг Газпром компанийн удирдлагуудтай хэлэлцэж байгаа аж. Ингэхдээ, манай улс дотоодын хэрэглээгээ нарийн тооцож, ҮАБЗ-д танилцуулснаар холбогдох шийдвэр гарах төлөвлөгөөтэй байгааг Шадар сайд мэдээллийн үеэр онцоллоо.

Сэтгэгдэл бичих