Цар тахлын хэмжээнд хүрсэн коронавирусийн халдвар дэгдэж байгаатай холбоотойгоор Монреаль хотод болох уран гулгалтын ДАШТ цуцлагджээ. Энэ тухай Олон улсын тэшүүрчдийн холбооны хэвлэлийн албанаас мэдээлсэн байна.
Тэмцээн Канадын Монреаль хотод 3 дугаар сарын 18-наас 22-нд болох ёстой байжээ. Монреаль хот Уран гулгалтын 2020 оны ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг 2017 онд авсан байна. Үүнээс өмнө 1932 онд тэмцээнийг зохион байгуулагч орон болж байжээ.
“Канадын Уран гулгалтын холбоо, Олон улсын тэшүүрчдийн холбоо вирусний тархалтын нөхцөл байдлыг хариуцсан эрүүл мэндийн газруудын байр суурийг анхааралтай дагаж мөрдөж байна. Тамирчид, дасгалжуулагчид, бусад албан тушаалтан, сайн дурынхан болон үзэгчдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд эрх баригчид төдийгүй Канадын Уран гулгалтын холбоо, Олон улсын тэшүүрчдийн холбоо санаа зовниж байгаатай холбоотойгоор энэ шийдвэрийг хүндэлж байна” хэмээн мэдэгдэлд дурдсан байна.