Д.Сумъяабазар: Шатахууны нийлүүлэлт хэвийн байгаа, үнэ нь буурна

оруулсан Алсын Хараа

Улсын онцгой комиссын шийдвэрийг олон нийтэд танилцуулах үеэр УУХҮ-ийн сайдын зүгээс шатахууны ханган нийлүүлэлтийн талаар мэдээлэл өглөө.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар хэлэхдээ "Дэлхийн хөрөнгийн бирж сүүлийн үед уналттай байгаа. Хөрөнгийн зах зээл унана гэдэг нь бүх юмны үнэд нөлөөлнө. Импортоор орж байгаа шатахууны ханган нийлүүлэлт хэвийн байна. Зохиомол худалдан авалтыг турхирч байгаа хүмүүсийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдээлж, хариуцлага тооцуулах ёстой. Худал хуурмаг мэдээлэлд битгий автаач, нийлүүлэлт хэвийн байгаа гэдгийг хэлье. Дээр нь шатахууны үнэ буурна. Энэ талаар АМГТГ-аас албан ёсоор мэдээлэл хүргэнэ" гэлээ.

Мөн АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр үүний дараа шатахууны талаар мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Иргэдийн хамгийн их хэрэглэдэг АИ92 шатахуун тонн тутамдаа 58 доллараар бууж хилээр орж ирж байгаа. Литрийн үнийг нэгж үнэд шилжүүлэхэд нэг литр дээр 120-130 төгрөгийн бууралт ажиглагдана. Гэвч долларын ханшийн зөрүү өнгөрсөн жилийнхтэй тооцогдоод явахад 80 орчим төгрөгийн зөрүү шууд тусаж байгаа. Тэгэхээр үлдсэн 40-50 төгрөгийн үнийн зөрүүг  бид буулгана. Тодорхой хэмжээний 3 сарын бүтээгдэхүүн дээр үнийн бууралт хийнэ. Ямар ч байсан 1830 гэдэг үнэ 30-40 төгрөгөөр буурах нөхцөл байдал үүснэ гэсэн үг. Мөн бүтээгдэхүүн тээвэрлэлтийн хүрээнд УОК-оос өгсөн чиглэлийн дагуу өнөөдөр орон нутгийн тээвэрлэлийг хязгаарласан байна. УУХҮ-сайд Д.Сумъяабазарын өгсөн чиглэлийн дагуу УОК-той холбогдож бид бүхэн ажиллаж байна. Авто бензин бүтээгдэхүүн ямар нэгэн саадгүйгээр орон нутагт тээвэрлэлт хийгдэнэ. Ямар нэгэн хориг саад гарахгүй” гэв.

Улсын хэмжээнд өнөөдөр буюу 03 дугаар сарын 10-ны байдлаар дунджаар ердийн хэрэглээний 40 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс:

  • А-80 автобензин 91 хоногийн нөөц ;
  • Аи-92 автобензин 33 хоногийн нөөц;
  • Дизелийн түлш 39 хоногийн нөөц;
  • ТС-1 онгоцны түлш 17 хоногийн нөөцтэй байна.

Бөөний үнийн хувьд Улаанбаатар хот дахь "Магнай трейд" ХХК-ийн дизелийн түлш 60 төгрөг, "НИК" ХХК-ийн Аи-92 автобензин 40 төгрөг, дизелийн түлш 20 төгрөг, "Ай Си Ай Си" ХХК-ийн А-80 автобензин 110 төгрөг, Аи-92 автобензин 150 төгрөг, дизелийн түлш 100 төгрөгөөр тус тус буурсан бол Баян-Өлгий аймагт дизелийн түлш 100 төгрөг, Увс аймагт А-80 автобензин 50 төгрөг, Аи-92 автобензин 50 төгрөг, дизелийн түлш 50 төгрөгөөр тус тус буурсан үзүүлэлттэй байгаа аж.

Сэтгэгдэл бичих