Короновирусийн халдвараар өвчилсөн Францын иргэнтэй хамт нэг онгоцонд зэрэгцээ суудалд сууж ирсэн Английн 67 настай иргэн энэ сарын 5-ны өдөр “Аэро Монголиа” компанийн онгоцоор Увс аймагт ирсэн байна. Одоогоор түүний биеийн байдал хэвийн байгаа бөгөөд Бөхмөрөн сумын Хар алтат багийн нутаг Ямаат уулын ойролцоо тусгаарлаад байна.
Тэрбээр Улаангомд нэг хонох хугацаандаа “Гранд” зочид буудалд хонож, “Ундармал улаан сарнай” ресторанд хооллон, “Хишигт” 1, 2-р дэлгүүрээр үйлчлүүлсэн байна. Улмаар Бөхмөрөн сумын нутаг Хар алтат багт очиж дөрвөн хоног Ямаат уулын байгалийн зураг авчээ. Тэрбээр орчуулагч, жолооч гэх мэт дөрвөн хүний бүрэлдэхүүнтэйгээр яваа бөгөөд Бөхмөрөн суманд байгаль хамгаалагч Б.Эрдэнэбаатар гэдэг айлын зэргэлдээ гэрт байрлаж байгаа аж. Аймгийн Онцгой комиссоос шуурхай бүлэг гарч Бөхмөрөн сум руу сая хөдөлсөн бөгөөд тэд Английн иргэнээс шинжилгээ авах юм байна.
Одоогоор Улаангом суманд бүхэлд нь хөл хорио тогтоогоод байна. Мөн Английн иргэний хоносон буудал, хооллосон ресторан, худалдаа хийсэн дэлгүүрүүд болон нисэх онгоцны буудалд хөл хорио тогтоож, ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна. Тэрчлэн англи иргэнтэй уулзсан, хавьтсан хүмүүсийн зураглал хийж байна. Ямартай ч түүнтэй зэргэлдээ суудалд сууж ирсэн хүн тодорхой болсон байна.
Дээрх үйлчилгээний газруудад ажилладаг хүмүүс өөрсдийгөө тусгаарлах, бас түүгээр үйлчлүүлсэн хүмүүс өөрсдийнхөө эрүүл мэндийн төлөө эмнэлгийн байгууллагад хандаж, заавар чиглэл авахыг аймгийн Онцгой комиссоос анхаарууллаа. Хэрвээ халуурсан, бие нь тавгүй хүн байвал Эрүүл мэндийн газрын 70453149 тоот утсанд яаралтай хандах хэрэгтэй.
Увс /МОНЦАМЭ/