Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр шуурхай хуралдаж, энэ сарын 17-ны өдрийг хүртэл нийтийн тээврийн үйлчилгээнд гарах автобусны тоог 50 хувиар бууруулах чиглэлийг нийслэлийн Нийтийн тээврийн газрын удирдлагуудад өглөө. Шаардлагатай тохиолдолд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж өргөн хэрэглээний зах, худалдааны төвүүдийн ажлын цагийг хязгаарлах арга хэмжээг авч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна. Энэ мэдээллийг зарим хэвлэл мэдээллийн байгууллага худалдааны төвүүдийг хаахаар болсон гэж мэдээлжээ.
Бид бодитой эсэхийг Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатараас тодруулахад, "Зах, худалдааны төвүүдийг хаах шийдвэр Нийслэлийн онцгой комиссоос гараагүй шүү. Ташаа мэдээлэл тарж байна. Нарантуул, Хархорин зэрэг захыг хаах талаар зарим хүн санал гаргасныг хэлэлцээд шаардлагагүй гэж үзсэн. Хэрэв хаавал хүнс, барааны хомсдол үүсэх учраас Нийслэлийн Онцгой комисс ийм шийдвэр гаргаагүй" гэв.