Өнөөдөр өглөө УОК хуралдаж, Монголд шинэ төрлийн коронавирус илэрсэнтэй холбогдуулан хот хоорондын зам хааж, хөдөлгөөн хорихоор боллоо. Энэ талаар Зам тээврийн сайд Б.Энх-Амгалан мэдээлэл өглөө.
Тэрбээр "Шинэ төрлийн коронавирусийн халдвар Монгол Улсад бүртгэгдсэн нь эхний шинжилгээгээр тогтоогдсон. Тийм учраас Улаанбаатар хот, аймаг, сумаас гарах хөдөлгөөнийг болон хот хоорондын зорчигч тээвэр, галт тэрэг, хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, орон нутгийн нислэгийг өнөөдөр өглөөний 07:00 цагаас гуравдугаар сарын 16-ны өглөөний 07:00 цаг хүртэл зогсоох шийдвэр гарлаа. Үүнтэй холбогдуулан ард иргэдэд нэг зүйлийг сануулахад, Монгол Улсад олон улсын агаарын хоёр урсгал, төмөр замын олон улсын тээврийн урсгал, автозамын олон улсын тээврийн хойд чиглэлийн урсгал нээлттэй байгаа.
Бид цагаан сарын дараа орон нутгийн зорчигч тээвэр, галт тэрэг, хувийн тээврийн хөдөлгөөнийг нээсэн. Хөдөлгөөн нээсэнтэй холбогдуулан нэгдүгээр хавьтлын хүмүүс ийш тийшээ тархах магадлалтай учраас хязгаарлаж байгаа ард иргэддээ дуулгаж байна" хэмээлээ.