Д.Сарангэрэл: Францын иргэнтэй ойр байсан хүмүүсийг ХӨСҮТ-д тусгаарласан

оруулсан Алсын Хараа

Өнгөрсөн шөнө Монгол Улсад коронавирусний анхны тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээлэл өглөө.

Халдвар илэрсэн Францын иргэн гуравдугаар сарын 2-нд Москва-Улаанбаатар чиглэлийн "Аэрофлот" компанийн нислэгээр Улаанбаатарт ирээд Баянгол зочид буудалд гурав хоножээ. Ингээд Улаанбаатар-Сайншанд чиглэлийн галт тэргээр Дорноговь аймгийн Улаанбадрах суманд очсон байна. Гуравдугаар сарын 7-нд бие нь зарайж байна гэсэн өгүүлэмжтэй кэмпийнхээ эмчид хандахад 37.4 хэмийн халуунтай байжээ. Тухайн эмч эрүүл мэндийн байгууллагад мэдээлсний дагуу шинжилгээ авахад коронавирус илэрсэн байна.

"Тухайн хүн Улаанбаатар хотод 40 хүн, Дорноговь аймагт 80 хүнтэй уулзсан байна. Тэдгээр 120 хүний бүртгэлийг хууль хяналтын байгууллагаас гаргаж өгсөн. Мөн  онгоцонд түүнээс урагшаа, хойшоо, хажуу тийшээ гурван эгнээнд суун зорчсон , галт тэргээр хамт зорчсон 28 хүний нэрсийг хууль хяналтын байгууллагаас гаргаж өгсний дагуу ХӨСҮТ-д тусгаарлаж шинжилгээ авч эхэлсэн" хэмээв.

 

Түүнчлэн "Францын иргэнд нисэх онгоцны буудлын Хилийн мэргэжлийн хяналтын байгууллагаас 14 хоног өөрийгөө тусгаарлах зөвлөмж өгснийг мөрдөөгүй. Улаанбаатарт байх хугацаандаа Веранда, Ариг ресторанаар үйлчлүүлж, KFC-ээс хоол захиалж идсэн, галт тэрэгний буудал хүрэхдээ таксигаар үйлчлүүлсэн. Одоогоор түүнийг Дорноговь аймаг дахь кэмпэд тусгаарласан байгаа. Эмнэлгийн тусламж үзүүлэхээр ХӨСҮТ-ийн мэргэжлийн хоёр баг Дорноговь аймгийг зорьсон" хэмээн мэдээллээ.

Сэтгэгдэл бичих