БНХАУ-ын Ляонин мужийн Далянь, Дандун зэрэг хотод далайн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэсний улмаас элэгний гепатит А вирусийн халдвар авсан тохиолдол гарчээ.
Уг вирусийн тархалт ердийнхөөс өндөр байгаа боловч одоогоор огцом дэгдэлт гараагүй, бүх зүйл хяналтад байгаа гэж дээрх хотуудын холбогдох байгууллагаас мэдээлсэн байна.
Хятадын “Өдөр тутмын эдийн засгийн мэдээ” сонин бямба гарагт энэхүү мэдээллийг нийтлэхдээ коронавирус, элэгний А вирусээс сэргийлж, далайн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг уриалжээ.
Улмаар Далянь хотын Өвчнийг хянах төвийн ажилтан мэдээлэл хийхдээ “Элэгний А вирус тус хотод бүртгэгдсэн. Одоогийн байдлаар халдвар огцом дэгдэлтийн түвшинд хүрээгүй байна. Хэрвээ ийм түвшинд хүрвэл манай байгууллагаас анхааруулга гаргана” гэжээ. Түүний тайлбарласнаар энэхүү элэгний вирус нь нэгэн төрлийн халдварт өвчин бөгөөд тархалтын хувь өмнөх оны 1.2 хувиас өндөр буюу 1.4 хувьтай байгаа аж.
Мөн энэхүү вирус нь хүнээс гарч буй ялгадас болон амаар дамжиж халдварладаг бөгөөд халдвар авснаар ядарч сульдах, хоолны дуршил буурах, элэг томрох, элэгний үйл ажиллагаа доголдох зэрэг шинж тэмдэг илэрч улмаар шар өвчнөөр өвчилдөг.
Дандун хотын Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны албан ёсны мэдээллээр, энэ оны 1, 2-р сарын байдлаар тус хотод гепатит А вирусний халдварын тархалт өмнөх таван жилийнхээс өндөр байгаа талаар нийтэлжээ. Гэвч халдвар авсан тохиолдлуудаас харахад хоорондоо халдварласан, холбоотой байдал ажиглагдаагүй бөгөөд хянах боломжтой байгаа юм байна.
Судалгааны дүнгээр гепатит А вирус нь далайн бүтээгдэхүүнийг түүхийгээр нь хүнсэнд хэрэглэхтэй салшгүй холбоотой гэдгийг тус хотын Эрүүл мэндийн төвийн мэдээлэлд онцолсон байна.
Дандун нь далайн эргийн хот бөгөөд гепатит А вирусний халдвар авагсдын тоо далайн эргийн бус хотуудыг бодвол өндөр дүнтэй байсаар иржээ.
Бээжин /МОНЦАМЭ/.