Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын ажлаа өгөөд удаагүй байгаа АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболд “Эрдэнэс Тавантолгой”-н IPO нь улс орны эрх ашигт нийцэхгүй бөгөөд хууль бусаар хувьчлах оролдлого хэмээн мэдэгдээд байгаа. Энэ асуудалд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ / 2020.03.05/ дараах тайлбарыг өглөө.
-АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболд “Эрдэнэс Тавантолгой”-н IPO-г шүүмжилж байгаа. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Коронавирус төвөгтэй байхад улс төрийн вирусүүд ажил хийлгэхгүй төвөгтэй байна шүү. Сонгууль дөхөж байх шиг байна. Хүмүүс мэдэн будилдаг боллоо. Өөрсдийнхөө мэддэг зүйлээ мэдэхгүй гэж ярьдаг, зориуд мушгин гуйвуулдаг болж байна. Өнөөдөр би ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхэд ҮАБЗ-ийн 2018 оны 3321 дугаар бүхий зөвлөмжийг Төрийн болон албаны нууцын тухай хуулийн дагуу ил болгох саналыг хүргүүлэх гэж байна. Нууц болохоор дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй. Гэхдээ Тавантолгойн нүүрсний ордын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2018 оны долоодугаар сарын 9-ний өдрийн тогтоолоор ҮАБЗ-ийн зөвлөмжийг үндэслэн тогтоох нь гээд Тавантолгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж, төмөр замын дэд бүтэцтэй холбоотой ажлуудыг явуулахаар болсон. ҮАБЗ-ийн ажлын албатай хамгийн ойр ажилладаг хүн бол Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга. ҮАБЗ-ийн хуралд суусан хүн.
Тамгын газрын дарга байхад нь ҮАБЗ-ийн зөвлөмж гараад хоёр жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ зөвлөмж буруу байсан юм бол хоёр жилийн хугацаанд засахгүй яасан юм бэ. Зүүнбаянгийн төмөр замд Ерөнхийлөгчийн институт улс төрийн манлайлал үзүүлсэн. Гэхдээ үүнтэй холбоотой гарсан УИХ-ын тогтоолыг Засгийн газар биелүүлээгүй байгаа. Судалгааны түвшинд явж байгаа юм. Туйлын болгоомжтой хандах ёстой гэж үзэж байгаа. Яагаад гэхээр АН-ын увайгүй улс төр олон давтагдаж мэдэхээр байсан болохоор болгоомжтой хандах учиртай. Өнөөдөр яг л нотлогдож байна.
Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд олон улсын зах зээлд IPO гаргах зэрэг судалгааны ажлууд хийгдэж байна. Уг нь арга нь зөв. Гэхдээ улс төрийн байдлаар цааш явахгүй нь тодорхой болж байгаа. Тэгэхээр шаардлагатай бол Засгийн газар буюу Ерөнхий сайд татгалзан гарах тухай асуудал хөндөгдөнө. Үүнийг дагаад дэд бүтцийн ажлууд зогсох эрсдэл үүсэж болзошгүй гэдгийг миний хувьд анхааруулах нь зүйтэй.
-Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байсан хүн яагаад ийм байр суурь илэрхийлж байгаа юм бол?
-Монголчууд бид төрийн албанд ажиллаж байсан экс дарга нарынхаа учрыг олохгүй бол болохгүй нь. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байхдаа нэг асуудлыг өөрөөр ярьдаг, гараад АН-ын даргын ахлах зөвлөх болохоороо төрийн нууцтай холбоотой асуудлуудыг гаргаж тавиад, мэдэхгүй юм шиг улс төр хийдэг байж болохгүй. УИХ-ын дарга байхдаа “Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьчлалыг мэдээгүй гэдэг нь худлаа. УИХ-ын дарга хүн тийм том хэмжээний асуудлыг мэдэхгүй байх боломжгүй. Одоо болохоор Ч.Сайханбилэг хийсэн гээд яриад байгаа. Ийм байдлаар цаашид төрийн алба явж болохгүй. Яг үнэндээ өнөөдөр улс оронд амаргүй нөхцөл байдал үүсээд байна. Коронавирусээс эхлээд яривал ярих олон зүйл байгаа. Бидэнд улс төр хийгээд байх цаг алга. Үүнийг сөрөг хүчин маань ойлгох ёстой. Үнэхээр шударга ёс, стратегийн оруудыг хууль бусаар олгохтой холбоотой асуудалд эцэслэн цэг тавья гэж АН бодож байгаа бол зугтаагаад гараад явчихсан Ц.Элбэгдоржоо олж ир, АН-аас томилогдож байсан Ч.Сайханбилэгээ олж ир. Гадагшаа хил даваад зугтчихдаг байж болохгүй.
-Тавантолгойг хууль бусаар хувьчлах гэсэн үйлдэл гэж шүүмжилж байгаа шүү дээ.
-Нэг зүйлийг хариуцлагатайгаар хэлье. У.Хүрэлсүхийн Засгийн газар ямар нэгэн байдлаар хууль бус үйлдэл хийхгүй. Үүнд ард түмэн маань итгэж болно. Бид хэзээ ч Засгийн газрын хуралдаанаар оруулахгүйгээр Дубайн гэрээг ганцаараа үзэглэхгүй. Бид хэзээ ч Тавантолгойн орд газрыг хууль бусаар урд хөршид зарах нууц тохироог хийхгүй. Бид хэзээ ч УИХ-аар оруулахгүйгээр “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн мөнгөөр аваад хувийн компанид өгөх ажлыг хийхгүй. Бид хэзээ ч Монгол Улсын “Саарал жагсаалт”-д орох асуудлыг дахиж гаргахгүй. Өнөөдөр макро эдийн засгийн үзүүлэлт, төрийн сахилга бат сайжирч байгаа. АН-ын арчаагүй дөрвөн жилийн алдаа завхралыг цэгцлэх гэж үйлээ үзэн ажиллаж байна. Хэрэв мэтгэлцэх гэж байгаа бол мөрийн хөтөлбөрөөр, хэрэв мэтгэлцэх гэж байгаа шийдлээр, хэрэв мэтгэлцэх гэж бол үүссэн нөхцөл байдлаас яаж гарах талаар улс төр хийгээч. Тэгэхээр сөрөг хүчний нөхөд дээрээ суудлаа олмоор байна. Бас улс орны нөхцөл байдлаа хүндэтгэж хараасай гэж хүсэж байна.
-Таны хэлсэн зөвлөмж хэзээ ил болох вэ?
-Ирэх долоо хоногийн Засгийн газрын хурлаар орно. Тэгэхээр асуудал тодорхой болно.