Сүүлийн үед Хятадад, тэр дундаа халдварын голомт болох Хубэй мужид коронавирусийн тархалт буурч, нөхцөл байдал сайжирч байгаа сайн мэдээ байна.
Тиймээс БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод түр эмнэлгийн хувиар ашиглаж байсан 14 газрын 11-ийг нь хаалаа гэж тус улсын төв телевизээр мэдээлэв. “Халдвар тархсаны дараа Ухань хотын хэд хэдэн цэнгэлдэх хүрээлэн, үзэсгэлэнгийн төвийг түр эмнэлэг болгон өөрчилсөн. Өвчтөнүүд олноороо эдгэрч гарсантай зэрэгцэн тус хотын 14 түр эмнэлгийн 11 нь "амралтын горимд" шилжлээ” гэж Хятадын төв телевизийн мэдээлэлд дурьджээ.
Үлдсэн өвчтөнүүдийг коронавирусний халдвар авсан хүмүүсийг хүлээн авч буй нарийн мэргэжлийн эмнэлгүүдэд шилжүүлсэн байна. Хамгийн сүүлийн албан ёсны мэдээллээр, Хубэй мужид сүүлийн 24 цагийн хугацаанд 36 шинэ тохиолдол /бүгд Ухань хотод/ илэрч, 1422 хүн /Уханьд 1163/ эмнэлгээс гарсан бол 21 хүн /Уханьд 18/ нас баржээ. Тус мужид халдвар дэгдсэнээс хойш 67 743 хүн халдвар авч, /Ухань хотод 49 948/, 43 433 өвчтөн эдгэрсэн бөгөөд 3007 хүн /Уханьд 2388/ нас барсан байна.