Газар хөдлөлтөд тэсвэргүй, шаардлага хангахгүй барилга орон нутагт 16.6, Улаанбаатар хотод 2.1 хувь байна

оруулсан Алсын Хараа

Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр Хөвсгөл аймагт 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн тухай болон түүнтэй холбоотой дүгнэлтийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ойрын хугацаанд ижил хэмжээний хүчээр газар хөдлөх магадлалтай эсэхийг тодрууллаа.

Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл "Газар хөдлөлт гэдэг нь газрын хэвлий буюу чулуулаг мандалд их хэмжээний энерги хуримтлагдаж, тэрхүү энерги ямар нэгэн аргаар чөлөөлөгдсөнөөр газрын хэвлийгээр тархах үзэгдэл юм.

Тэр хэмжээний энерги яг тэр газартаа дахин хуримтлагдахад тодорхой хугацаа хэрэгтэй. Түүнчлэн энерги суллагдсанаар эвдрэл гарсан орчин эргэн тайван байдалдаа шилжих хүртэл дахин дахин жижиг хөдлөлт үүсгэдэг. Тоон үзүүлэлтээс харахад хүчтэй газар хөдөлсний дараа давтан хөдлөлтүүд болсоор аажимдаа буурдаг. Тухайн газарт дахин хүчтэй газар хөдлөлт болох уу гэдгийг нэмэлт судалгаагаар гаргана.

Хүчтэй газар хөдлөлт болсон газарт тренчийн судалгаа хийж, өмнө нь хэзээ хөдөлж байсан уу, хэрэв газар хүчтэй хөдөлсөн бол хэдэн жилийн зайтайгаар хөдөлж байна вэ гэдгийг судалдаг.

Жишээлбэл, 1957 онд Говь-Алтай аймагт 8.1 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Үүний давтан хөдлөлт 2500 жилд болно гэсэн тооцооллыг эрдэмтэн, судлаачид хийсэн. Манай улс эх газрын гүнд оршдог тул хүчтэй газар хөдлөлтийн голомтод энерги дахин хуримтлагдах хугацаа удаан байдаг" гэлээ.

Хүчтэй газар хөдлөлтийг богино хугацаанд  сануулах боломж хэр байсан талаар ШУА-ийн одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл тайлбарлалаа. 

Хүчтэй газар хөдлөлтийг урьдчилж, богино хугацаанд таамаглах нь дэлхийн эрдэмтэн судлаачдын анхаарлын төвд байдаг асуудал. Өнөөдөр дэлхийн ямар ч эрдэмтэн судлаач, ямар ч эрдэм шинжилгээний байгууллага хүчтэй газар хөдлөлтийг урьдчилж таамаглаад хэлэх түвшинд хүрээгүй. Харин болчихсон хүчтэй газар хөдлөлтийн аюулыг амжиж анхааруулах олон улсын технологийг зөвшөөрсөн арга бий гэдгийг тэрбээр онцлов.

Мөн "Улаанбаатар хотод хүчтэй газар хөдлөлтийг амжиж анхааруулах систем байгуулсан ба тэр нь ажиллаж байгаа. Хэрэв Улаанбаатар хотод аюул болох хэмжээний газар хөдлөлт болохоор бол хотын ойролцоо оршдог гурван голомтоос систем автоматаар ажиллан дуут дохио өгдөг. Тодруулбал,

  • Дундговь аймгийн Дэрэн, Дэлгэрцогтын зааг дээр оршдог Дэрэнгийн газар хөдлөлтийн идэвхтэй хагарал
  • Булган аймгийн Могод сумын газар хөдлөлтийн идэвхтэй хагарал
  • Сэлэнгийн Бүтээлийн нурууны газар хөдлөлтийн голомт

Дуут дохиоллын системийг бид газар хөдлөлтийн аюулын эрсдэлийг бууруулах сургалтын үеэр ашигласан. 2020 онд амжиж анхааруулах систем хэр зөв ажиллаж байгааг Одон орон геофизикийн хүрээлэнгийн судлаачид ОБЕГ-тай хамтран шалгасан. Өөрөөр хэлбэл систем хэвийн ажиллаж байгаа.

Өнөөдрийн тохиолдолд дуут дохиоллын систем дуугарах түвшиндээ хүрээгүй учраас дуугараагүй.

Ногоон, шар, улаан түвшинтэй. Улаан нь барилга байгууламж нурах хэмжээнд хүрвэл анхааруулах систем ажилладаг. Урьдчилан таамаглах чиглэлээр бид олон улсын эрдэмтэдтэй хамтраад хийх гэж оролдож байгаа. Газар хөдлөлтийг хэзээ нэгэн цагт эрдэмтэн судлаачид хэлж чаддаг болно. Одоохондоо тийм түвшинд хүрээгүй байна” гэлээ.

Хөвсгөл аймагт 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас барилга, байгууламжид эвдрэл гэмтэл гарсан эсэх талаар болон улсын хэмжээнд ашиглагдаж буй барилгуудыг газар хөдлөлтөд хэр тэсвэртэй талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Д.Жаргал дараах тайлбарыг өглөө.

"Монгол Улсын хэмжээнд 130 мянга гаруй барилга ашиглагдаж байна. Жилд 1,000-1,500 барилга шинээр ашиглалтад ордог.

1970 оноос өмнө буюу газар хөдлөлийн бат бэхийн норм норматив гараагүй байхад баригдсан барилгууд бий. Улаанбаатар хотод буй барилгуудын 8.7 хувь, орон нутагт 17.6 хувь нь газар хөдлөлийн бат бэхийн норм батлагдаагүй байх үед баригдсан. Газар хөдлөлтийн эрсдэл өндөртэй, тэсвэржилтийн шаардлага хангахгүй барилга орон нутагт их буюу 16.6 хувь, Улаанбаатар хотод 2.1 хувь байна.

2016-2020 онд мэргэжлийн хяналтын байгууллага газар хөдлөлтийн тэсвэргүй 3,820 барилгад иж бүрэн шалгалт хийсэн. Буулгах, дахин төлөвлөлтөд оруулах дүгнэлтээ гаргаж, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн.

Өнөөдрийн газар хөдлөлттэй холбоотойгоор Хөвсгөл аймаг болон зэргэлдээх аймгуудад ажлын хэсэг гарч, үзлэг шалгалт хийж байна. Хөвсгөл аймгийн Ханх суманд сургууль болон Засаг даргын Тамгын газрын байрны хана цуурсан, шавар, замаск унасан тухай зураг, мэдээлэл ирсэн. Мөн аймгийн төвд долоон орон сууц болон жижиг барилгуудад дээрх гэмтэл үүссэн. Бусад аймагт барилгад эвдрэл гэмтэл гарсан тухай мэдээлэл ирээгүй. Гэхдээ үзлэг шалгалт үргэлжилж байна. Улаанбаатар хотод мөн ажлын хэсэг гарч, үзлэг хийж байгаа" гэлээ.

Түүнчлэн шинээр ашиглалтад орж буй барилгуудад газар хөдлөлийн тэсвэржилтийг хэрхэн шалгадаг талаар тодруулахад МХЕГ-ын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Д.Жаргал "Манай улсад барилга байгууламж барих, ашиглахтай холбоотой төлөвлөлтийн хоёр норм дүрэм бий. Ашиглагдаж буй барилга байгууламжийн газар хөдлөлийн бат бэхийг шалгах дөрвөн аргачлал бий. Тухайн барилга газар хөдлөлийн хэдэн баллын бүсэд баригдаж байгаагаас шалтгаалан зураг төслийг боловсруулдаг. Мэргэжлийн хяналтаас шалгахдаа зураг төсөл нь норм дүрмийн дагуу хийгдэж үү, барилга зургийн дагуу баригдаж байна уу гэдгийг л шалгадаг" гэв.

Сэтгэгдэл бичих