Монгол бөхөнгийн тоо толгой өсөж 8500 орчим болжээ

оруулсан Алсын Хараа

Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, “Бөхөн хамгаалах сүлжээ” багийнхны өнгөрсөн сард хийсэн тооллогоор монгол бөхөнгийн тоо толгой 8500 орчим болж өсжээ.

Зөвхөн Монголд байдаг монгол бөхөн сүүлийн жилүүдэд идэш тэжээлийн хомсдол, хүйтрэл, халдварт өвчний улмаас  хорогдож 2018 оны 12 дугаар сарын тооллогоор 3800 орчим, өнгөрсөн нэгдүгээр сарын тооллогоор 5070 тоо толгой байв.

Судалгааг олон улсад хүлээн зөвшөөрсөн шугаман замналын аргаар бөхөнгийн тархац нутаг Шаргын говь, Хүйсийн говь, Дөргөний хүрэн тал, Ховдын Манхан, Увсын Завхан сум, Завханы Дөрвөлжин сумын нутагт хийжээ.

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын зүйлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Гантулга “Бөхөнгийн тархац нутагт энэ зун зуншлага сайн байсан нь бөхөнд эергээр нөлөөллөө. Гэхдээ ийм байдал жил болгон тохиогоод байхгүй тул бөхөн хамгаалахад анхаарлаа сулруулахгүй байх шаардлагатай. Ялангуяа энэ өвөл цас их унаж, өвөлжилт хүндэрч магадгүй байгаа тул онцгой анхаарах хэрэгтэй” гэсэн юм.

Дэлхий дээр монгол бөхөн, соргог бөхөн гэсэн хоёр зүйлийн бөхөн байдаг. Монгол бөхөн цөлөрхөг хээрийн эрүүл байдлыг илтгэдэг.

Монгол бөхөн оршсоор байгаа нь говь, цөлийн экологийн тэнцвэрт байдал алдагдаагүйн нотолгоо болдог. Эдүгээ зөвхөн Их нууруудын хотгорын Шаргын говь, Хүйсийн говь, Дөргөний хүрэн талд голчлон байршиж байна.

Монгол бөхөн ямар ч амьтнаас хурдан давхин зайлж, 80 км цаг хүртэл хурдалж чаддаг.

Хамрын хөндий нь бусад туруутан амьтадтай харьцуулахад илүү том. Энэ нь хүйтний улиралд удаан хугацаагаар гүйх боломж олгодог байгалийн зохилдлогоо юм. Гүйх явцад их хэмжээний хүйтэн агаар хамрын хөндий дэх олон тооны хялгасан судас бүхий ханын ачаар түргэн зуур бүлээцэж, уушгийг дулаан агаараар хангадаг аж.

Сэтгэгдэл бичих