О.Номинчимэг: Төрийн өмчийг хувийн “түрийвч” болгосон хэсэгт энэ хууль саад болно

оруулсан Алсын Хараа

- МАНАЙ ПАРЛАМЕНТ "ГЭНЭН ХҮҮХЭД" ШИГ БАЙНА -

УИХ-ын гишүүн, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэгтэй ярилцлаа.


-Энэ олон хулгай луйвар явагддаг гол үүр нь Төрийн өмчит компани, энэ систем. Таны хувьд энэ асуудлыг сууриар нь шинэчлэх, өөрчлөх ёстой гэдэг. Яг эрх зүйн хувьд ямар өөрчлөлт хэрэгтэй байна вэ?

-Сүүлийн 30 жил төрийн болон нийтийн өмчийг тойрсон системийн авлига, шамшигдуулалт практикт нүүрлэснийг бид бүгд харж байна. Тиймээс миний ахалж ажиллаж байгаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай (Нийтийн өмчийн тухай) хуулийн төслийн ерөнхий үзэл санаа нь ерөөсөө л "нийтийн өмчийг шамшигдуулалтаас хамгаалах" тухай юм. Нийтийн өмч гэдэг бол та бидний татварын мөнгөөр боссон сургууль, цэцэрлэг, эмнэлэг, цахилгаан дулааны станцууд, цаашлаад газар, байгалийн баялаг зэрэг нийтэд үйлчилгээ үзүүлдэг болон ард иргэд өгөөж хүртдэг өмч хөрөнгүүд хамаарна. Өмнө нь энэ бүхнийг хэн нэгэн дарга гарын үсэг зураад л хэнд ч мэдэгдэхгүй хувьдаа авчихдаг байсан бол, одоо энэ процесс бүгд шилэн болно. Иргэн бүр хяналт тавих боломжтой болж байгаа нь таны халааснаас гарч буй татварын мөнгө үр ашигтай зарцуулагдах болно гэж ойлгож болно. Үүн рүү л зорьж энэ өөрчлөлтийг хийж байна. Бидний хийх хамгийн эхний суурь шинэчлэл бол бүртгэл. Хэмжиж чадахгүй бол удирдаж чадахгүй, бүртгэж чадахгүй бол хянаж чадахгүй гэдэг зарчим бий. Бүртгэл нь нээлттэй, үнэлгээ нь бодитой болсон цагт иргэн бүр гар утсаараа ороод аль газар, аль байшин хэний мэдэлд байгааг хардаг болно. Иргэдийн хяналт ороод ирэхээр дарга нар хууль бус шийдвэр гаргаж зүрхлэхгүй. Хэрэв тийм асуудал гарвал хариуцлага хүлээдэг, төр алдагдлаа зах зээлийн зарчмаар нөхөж төлүүлдэг хатуу тогтолцоо руу шилжинэ гэж ойлгож болно.

-Төрийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн төсөл одоо ямар шатандаа явна вэ?

-Бид өнгөрсөн хугацаанд төрийн өмчийн ангилал, удирдлага, өмч хувьчлал болон орон нутгийн өмч гэсэн гурван үндсэн сэдвээр нээлттэй хэлэлцүүлгүүдийг хийлээ. Салбарын мэргэжилтнүүд, судлаачид, иргэний нийгмийн байгууллагуудын саналыг тусгаж, хуулийн төслөө улам чамбайруулах, саналын томьёоллуудаа нарийвчлан гаргаж ажиллаж байна. Түүнчлэн эдгээр ажлыг одоо хариуцан ажиллаж байгаа хүмүүсийн санал, тулгамддаг асуудал, бэрхшээлийг сонсож байгаа. Ингэснээр илүү бодит нөхцөл, амьдралд ойр хууль боловсруулагдана гэж найдаж байна. Ирэх зургадугаар сард багтаан УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа. Хуулийн хэрэгжилтийн үр дүнд нийтийн өмчийн ашиглалт илүү ил тод, хяналттай болно. Өөрөөр хэлбэл, төрийн өмчийн ашиглалт илүү үр ашигтай болно, хариуцлага хяналт сайжирснаар үргүй зардал буурна, иргэдийн мэдээлэл авах, оролцох боломж нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, жинхэнэ утгаар "Эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашдаг" болно. Урт хугацаандаа энэ нь төсвийн хэмнэлт, нийтийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжрах нөхцөлийг бүрдүүлэх юм.

-Шинэчлэлттэй холбоотойгоор янз бүрийн бүлэглэл, фракцуудын эрх ашиг хөндөгдөж таарна байх. Тэдний нөлөөллийг давж, энэ хуулийн шинэчлэл УИХ-аар хэлэлцэгдээд батлагдана гэсэн итгэл бүрэн байна уу?

-Энэ хуулийн төслийг шууд эсэргүүцэхээс илүүтэй өөрсдийн ашиг сонирхлыг шургуулах гэсэн оролдлого гарахыг үгүйсгэхгүй. Энд хоёр өөр өнцөгтэй, хоёр өөр зорилготой бүлэг бий. Төрийн өмчийг хувийн “түрийвч” болгосон нэг хэсэг болон төрийг өмчгүй болгох замаар өөрсдөө эзэмших сонирхолтой бүлэглэлүүд энэ хуулийн шинэчлэл дээр огтлолцож байгаа. Эхнийх нь төрийн өмчийг өөрийнхөө юм шиг ашиглаад сурчихсан хүмүүс.Төрийн байранд үнэгүй шахуу сууж бизнес хийдэг, төрийн өмчит компанийн мөнгөөр тансагладаг тэр хэсэгт энэ хууль маш их саад болно. Хоёр дахь нь төр бол хамгийн муу менежер гэсэн давлагааг зориуд үүсгэгчид. Тэд бүх зүйлийг төрөөс ангид байлгах замаар нийтийн өмчийг үнэгүйдүүлж авах сонирхолтой хүчнүүд байх шиг байна. Миний хувьд хувийн хэвшлийг дэмждэг, төр бизнес хийж хувийн салбараа боомилох ёсгүйг шүүмжилдэг хүний нэг. Тийм ч учраас төрийн өмчит компаниудын тоог хязгаарлах ёстой. Гэхдээ төр стратегийн өмч болон нийтэд хүртээмжтэй байх ёстой сургууль, эмнэлэг зэрэг өмчөө заавал эзэмшиж, чанарыг нь хангах үүрэгтэй. Тиймээс "бүх зүйлийг үнэгүйдүүлж хувьчил" гэдэг байр суурьтай би санал нийлдэггүй. Өчнөөн жил хүлээгдэж буй энэ шинэчлэлийг хийх цаг нь болсон гэдэг дээр олон гишүүд надтай санал нэг байгаа гэдэгт итгэлтэй байна. Хэрхэн батлагдахыг хэлэлцүүлгийн шатанд илүү анхааръя. Иргэд болоод хэвлэл мэдээллийн салбарынхан та бүгд ч энэ асуудал дээр анхаарал хандуулж, дуу хоолойгоо тод илэрхийлж байгаасай гэж хүсэж байна.

-Та мөн Тамхины хууль дээр нэлээн тод дуугарч байгаа гишүүдийн нэг. Энэ хуулийн төсөл ямар шатандаа явж байгаа бол?

-УИХ-ын 77 гишүүнтэй хамт Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг миний бие ахлан боловсруулж өргөн барьсан. Энэ хуулийг би шинэ парламент өөрчлөлтийн хүлээлтэд хүрэх эсэх, парламентчдын мөс чанарыг шалгах хууль гэж хардаг. Үеийн үед архи, тамхины бизнесээс ашиг олдог бүлэг хүмүүсийн хүчтэй лоббиноос болж нийтийн эрүүл мэндийг хамгаалах хуулиуд гацдаг, эсвэл шүдгүй арслан шиг болж батлагддаг байсан. Одоо энэ 126 гишүүнтэй парламент ашиг сонирхлын нөлөөллийг давж, хүүхдүүдээ хамгаалж чадах уу гэдгийг нийгэм харж байна. Нөгөө талаас, бид зөвхөн хууль батлахыг хүлээж суух эрхгүй. Соён гэгээрлийн ажил маш чухал. Олон улсын байгууллагууд ч Монголыг энэ тал дээр хойрго байна гэж дүгнэдэг. Тиймээс би хувь гишүүнийхээ хувиар ЕБС-ийн сурагчидтай хамтран "Toxic Trend" аяныг эхлүүлсэн. Томчууд дээрээс нь зааж сургахаас илүү хүүхдүүд өөрсдөө хор хөнөөлийг нь судалж, нэгэндээ эерэгээр нөлөөлөх нь хавьгүй илүү үр дүнтэй байгаа нь ажиглагдаж байна.

-Тамхины хууль, Төрийн өмчийн хууль гээд том ашиг сонирхлын эсрэг "шүгэл үлээж" байгаа тантай адил байр суурьтай гишүүд энэ парламентад олон байна уу?

-Манай парламент "гэнэн хүүхэд" шиг байна /инээв/. Гуравны хоёр нь анх удаа сонгогдсон учраас өмнөх "бүлэглэлийн" арга барилд баригдахгүй, зөв гэж бодсоноо хийх чин эрмэлзэлтэй байна. Гэхдээ нөгөө талдаа туршлага дутаж балчирдах, хүсэл эрмэлзэл нь бодит ажил хэрэг болох шатанд зарим нэг заль мэхэнд унах тохиолдол гарах нь бий.

-Хууль хэрэгждэггүй, Монголын хууль гурав хоног гэдэг хэлцүүд үнэндээ судалгаа тооцоолол багатай, амьдралаас хол хууль баталсантай холбоотой гэж ойлгодог. Энэ асуудал дээр хуульч хүний хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Миний хамгийн их шүүмжилдэг зүйл бол амьдралгүй, судалгаагүй хууль. Популизм хийж хууль батлуулсан гэдэг нэр зүүх нь чухал биш, тэр хууль хэрэгжиж үр дүн гарах нь чухал. Хууль хэрэгждэггүй хэд хэдэн бодит шалтгаан бий. Тухайлбал, улс төрийн оноо авах гэсэн богино хугацааны зорилгоор хэт яаравчлан, амьдралгүй хууль баталж байна. Дахиад цаашилбал хууль нь өөрөө гоё тунхаг байвч дагалдан гарах журам нь хүнд суртал, нугалаа үүсгэдэг системчлэл алдагдсан асуудал байна. Зарим улстөрчид хууль батлуулахыг л амжилт гэж хардаг болохоос хэрэгжилт дээр нь анхаардаггүй том дутагдал бас байна. Үүнийг засахын тулд миний ахалж батлуулсан Хууль тогтоомжийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хэд хэдэн суурь зохицуулалт хийсэн. Одоо УИХ зөвхөн хууль батлаад орхих биш, хэрэгжилтийг нь хэмждэг, тайланг нь шаарддаг бодит хяналтын тогтолцоонд шилжсэн.

-УИХ-аар Төсвийн хүрээний мэдэгдэл, ирэх оны төсвийн төсөөлөл, хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэж байна. Хувь гишүүнийхээ хувьд Засгийн газраас оруулж ирж байгаа энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Хөгжлийн төлөвлөгөө орж ирэхээр мөрөөдлийн жагсаалт шиг юм орж ирдэг. Харин биелэлтийг нь харахаар 50 хувьтай л байдаг. Биелэлт муу байгаа нь “судалгаа, тооцоололгүй төлөвлөлт” гэж өөрсдөө ч зөв оношоо тавьдаг атал алдаагаа ер засахгүй байна. Төлөвлөгөө гэдэг бол хүсэл мөрөөдлийн жагсаалт биш, хариуцлагын гэрээ байх ёстой. Юуг зорьж, юу хийж тухайн үр дүнд хүрэх нь маш тодорхой байж үүний дагуу төсөвлөдөг, хэрэгждэг байх тогтолцоо руу шилжинэ. Миний хувьд хөгжлийн төлөвлөгөөг нэгдүгээрт хүндээ хөрөнгө оруулах, хоёрдугаарт гажуудсан системээ засах, гуравдугаарт эдийн засгийн өсөлтөө хангахад төвлөрөх ёстой гэж боддог. Монгол Улсын хүн амын өсөлт саарч байна, төрөлт багасч байна гэсэн саар тоо, мэдээ гарч байхад бид одооноос ажиллах хүчнээ хэрхэн бэлдэх вэ, ур чадвартай ажиллах хүчин бэлдэхэд юу анхаарах вэ, боловсролтой эрүүл монгол хүнийг бүтээх ямар арга хэмжээ хийх вэ гэдэг нэн чухал. Иргэдийн зүгээс ихээхэн бухимдаж буй асуудал бол төрийн бүтээмж, шударга бус байдал. Иймд авлига хээл хахуулийг бууруулах, хууль хүчний байгууллагын үйл ажиллагааны ил тод байдал, бие даасан байдлыг хангах гээд олон системийн гажуудлыг засах ёстой. Энэ бүгд рүү чиглэсэн дорвитой үйл ажиллагаа, шинэчлэл 2027 оны төлөвлөгөөний төсөлд тусах ёстой.

-Өргөдлийн байнгын хорооны даргын хувьд танай хороонд иргэдээс ирэх өргөдөл, санал шүүмжлэл хэр их ирж байна. Санал гомдлын ихэнх нь ямар асуудлыг хөндөж байна. Ер нь иргэнээс ирсэн гомдол саналт болгоныг хүлээн авч, хэлэлцэх ёстой юу?

-Иргэдээс ирж буй гомдлын ихэнх нь шударга бус байдал, төрийн хүнд суртал болон өмчийн маргаантай холбоотой байдаг. Мэдээж иргэн бүрийн асуудлыг хүлээж авч, сонсох нь бидний үүрэг. Зөвхөн нэг гомдлыг шийдээд орхих нэг асуудал, хамгийн чухал нь тухайн асуудлыг үүсгээд байгаа системийн гажуудлыг олж харж, хууль эрх зүйн түвшинд өөрчлөхөд анхаарах нь илүү ач холбогдолтой. Иргэд маань өөрсдөө идэвхтэй байж, шүгэл үлээж, хяналт тавьдаг болох тусам төр илүү хариуцлагатай, шилэн болно. Цөөнгүй өргөдөл, гомдол ирдэг, шаардлагатай асуудал дээр холбогдох байгууллга, албан тушаалтныг оролцуулсан хэлэлцүүлгийг ч зохион байгуулдаг.

-Хаврын чуулган дундаа орлоо. Танай байнгын хороо болон таны хувь гишүүнийхээ хувьд энэ хаврын чуулганы хугацаанд зорьж байгаа гол зүйл юу вэ?

-Энэ хаврын чуулганаар хоёр том хууль дээр төвлөрч ажиллаж байна. Эхнийх нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай буюу Нийтийн өмчийн тухай хуулиа батлуулж, өмчийн засаглалд реформ хийх, удаахь нь Тамхины хяналтын тухай хуулиа батлуулж, хүүхэд залуусынхаа эрүүл мэндэд бодит хамгаалалт бий болгох. Мөн намрын чуулганаар хэлэлцүүлэх зорилготой зарим асуудал дээрээ анхаарал хандуулж байна. Хувийн хэвшлийг тэлэх, бизнесийн орчныг сайжруулахад чиглэсэн Төлбөрийн чадваргүйдлийн тухай хууль болон шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг боловсронгуй болгох суурь судалгаа, бэлтгэл ажилд анхаарлаа хандуулж байна. Хийх ажил их байна, хамгийн гол нь барьж авсан шинэчлэлүүдээ эцсийг нь үзэж, бодит үр дүн гаргахын төлөө ажиллана.

Э.МӨНХТҮВШИН

"Өдрийн сонин"

/2026.05.11/

Сэтгэгдэл бичих