Өнгөрөгч долоо хоногт хуульчидтай уулзаж жаал ярилцлаа. Улс төрийн хавийнхантай ч бас. Нэг юман дээр л их санаа сэтгэл зовцгоож байна. Монголд улс төр, засаг төрийн хямрал нүүрлээд баларч байсан нь шүүх рүү халдлаа гэж. Энэ тухайд: Жишээ баримттай ярьдаг болсон байна.
Алив улс орны Ардчиллыг илэрхийлдэг хэдхээн баталгаа байдаг. Нэг нь шүүх засаглал. Монгол Улс Ардчилсан нийгэмтэй гэдэг. Тэрний улмаас: Ардчилсан нийгэмд амьдрах баталгаа бол шударга шүүх гээд бүгд найддаг. Гэвчиг: Шүүх засаглал Ардчиллын баталгаа болж байгаа үгүйг хэлэхэд хэцүүдэж. Сүүлийн үесд улам бүр, улайм цайм улс төрийн маягтай шийдвэрүүдийг гаргадаг боллоо. Сүүлдээ доод шатны шүүхүүдийн гарах шийдвэрийг Дээд шүүх дээр хуралдаж байгаад үүрэг чиглэл өгч, лүндэн тушаал буулгаж зааж өгдөг болж. Өнгөрөгч долоо хоногийн дундуур Дээд шүүх дээр бүх шатны Эрүүгийн хэргийн шүүгч нар хурал хийжээ. Дээд шүүхийн хяналтын шат, Нийслэлийн шүүхийн давж заалдах шат, дүүргийн анхан шатны эрүүгийн танхимын шүүгч нар хуралдсан байна. Тэрэн дээр: Дээд шүүхийн өгсөн чиглэлийг анхан шатны шүүх биелүүлэхгүй байна гэх шүүмж өрнөжээ. Тэр нь Хөгжлийн банкны хэрэгтэй холбоотой, тэрэн дундаа Н.Алтанхуягтай холбоотой яригдаж. Анхан шатны шүүгчийг: Чи Үндсэн хууль зөрчиж цагаатгаад байна гэж шүүмжилцгээж. Үндсэн хуулийн 48.1-т: Шүүхийн үндсэн тогтолцоо Дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд шүүхийг тойргийн зарчмаар байгуулж болно. Шүүхийг Эрүү, Иргэн, Захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж болно. Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно гэж зааж. Гэлээ гэхдээ: Шүүхийн үйл ажиллагаа гэдэг нь Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хууль болон бусад хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу шүүгч, шүүх бүрэлдэхүүн иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхтэй холбогдсон эрх зүйн цогц үйл ажиллагааг хэлдэг.
Энэ нь Шүүгчийн шийдвэр гаргах үйл ажиллагаанаас гадуур. Үндсэн хуулийн 49.1-т: Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана гэж заасан. Цаашаагаа: 2-т нь: Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй, 3-т нь: Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор ШЕЗ ажиллана, 4-т нь: ШЕЗ шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ гэсэн байна. Гээд харах нь ээ: Шүүх засаглал дотор маш муухай үйл явдлууд болж байгаа нь харагдана. Уул нь: Улс төрийн шийдвэр шүүхийн шийдвэр болж гарах ёсгүй.
Өмнөхөнтэй нэг хэргийг шүүх шийдсэн. З.Энхболд, Б.Энх-Амгалан хоёрт холбогдох хэрэг. Шулуухандаа: З.Энхболдын хэрэгт хуулийн үндэслэл огт алга. Энийг хэдхээн юмаар тайлбарлаж болох юм байна.
1-т: Хэргийн зүйлчлэл буруу. Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд: Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэлх хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан. Энд заасан нийтийн албан тушаалтан нь З.Энхболд биш. Мөнхүү: Энэ хуульд заасан албан тушаалын байдал гэдэгт албаны эрх нөлөө хамаарна. Урвуулан ашиглах гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно. Гэтэл нь: З.Энхболдыг буруутгаад байгаа Эрүүгийн хуулийн заалтыг нэг бүрчлэн задлаад харах нь ээ хуульд заасан шаардлага хангагдаагүй, энэ нөхцөлүүд бүрэн тогтоогдоогүй. Тиймийн учраас: Гэмт хэрэг юм байна аа гэж үзэхгүй. Гэмт хэрэг гэж үзэхгүй учраас шүүхэд шилжүүлэх ёсгүй байна.
Харин: Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр З.Энхболд нийтийн албан тушаалтан байх шаардлага тавигдана. З.Энхболд тэр нь биш. Б.Энх-Амгалан ч сайд байхдаа хийх ёстой ажлаа л хийсэн харагдаж байгаа. Харин ч Б.Энх-Амгалангийн хувийн компанид зам эзэмшүүлсэн шийдвэрийн ачаар тэр замыг хувийн компани өөрийнхөө хөрөнгөөр засаад, тэр зассан замаар нь Тавантолгойн ордоос Чойр чиглэлд нүүрсний экспортын тээвэрлэлт явсан. Ковидын үед автоматаар хил нэвтрэх бүх боомт хаагдсан байсан. Чухамхүү тэр үед энэ замаар экспортын тээвэрлэлт хийгдэж Монгол Улсад үлэмж хэмжээний орлого оруулж байсан гэсэн тоо, баримтуудыг өмгөөлөгч нар нь шүүх дээр ярьж. Цаашаагаа: Давуу байдал олж авсан гээд байгаа "Их дэлгэмэл ингүүн" ХХК нь давуу байдал олж аваагүй, харин ч хохирч. Яамнаас замыг бэлэн байлгах үүрэг авсан, замд 8 тэрбум төгрөг зарцуулсан, энэ замаар зөвхөн тэр компанийн машин яваад тээвэрлэлт хийгээд ашиг олоод, давуу байдал олж авсан гэж прокурорууд яриад байдаг. Гэтэл нь: Маш удаан хугацаанд хэдэн 100 компанийн хэдэн 1000 машин яваад тээвэрлэлт хийгээд, ковидын үед улс, орны эдийн засагт их хэмжээний орлого оруулах тээвэрлэлт хийгдэж. Энийг Б.Энх-Амгалангийн өмгөөлөгч Батсүх хэлээд холбогдох баримтуудаа гаргаж өгч гээд байхад л: Давуу байдал олгосон, давуу байдал олж авсан гэж. Гэтэл нь: Давуу байдал гэж эдийн болон эдийн бус давуу байдал олж авахыг ойлгоно. Тэр нөхцөл энэ хэрэгт цугларсан баримтуудад байхгүй. Тэгэхлээр энэ гэмт хэргийн бас нэг шинж үгүйсгэгдэнэ.
2-т: Прокурорууд З.Энхболдыг хэрэг үйлдэхэд хатгагчаар оролцсон, өөрийн хамаарал бүхий хүмүүст ашигтай шийдвэр гаргуулахад Энх-Амгаланд нөлөөлсөн, улс төрд нөлөө бүхий байдлаа ашигласан буюу улс төрд нөлөө бүхий этгээд гэж үзээд яллагдагч болгож. Прокурорууд Улс төрд нөлөө бүхий этгээд гэж хэн бэ гэдгийг хуульд зааснаар биш, өөрсдийнхөөрөө хуулийг
буруу тайлбарлажээ. Улс төрд нөлөө бүхий этгээд гэж хэн бэ. Эрүүгийн хуулийн тайлбарт: Улс төрд нөлөө бүхий этгээд гэж Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, дэд сайд, Цэцийн гишүүн, Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Дээд шүүхийн шүүгч, Улсын ерөнхий прокурор, УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн даргыг ойлгоно гэж. Энд нэрлэн заасан албан тушаалууд дотор ЕТГ-ын гэдэг албан тушаал байхгүй. Прокурорууд хуулийн энэхүү заалтыг зөрчиж.
Басхүү: Хатгагч гэж хэн бэ. Эрүүгийн хуулийн 3.4.1-т: Бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хүнийг гэмт хэргийн хатгагч гэнэ. Бусдыг гэмт хэрэгт бусдаар дамжуулан хатгасан хүнийг гэмт хэргийн хатгагчид тооцно гэж. З.Энхболдыг Б.Энх-амгаланг сайд байх үед утсаар ярьж өөрийн хамааралтай хүмүүст ашигтай шийдвэр гаргуулахад зориуд хүргэсэн гэж прокурорууд ялладаг. З.Энхболдыг Б.Энх-Амгалантай ярьсан гэж ЗТЯ-ны газрын дарга байсан Д.Доржханд, Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд хоёр мөрдөн байцаалтад мэдүүлж. Энэнд үндэслээд хатгагч гэжээ. Гэтэл нь: З.Энхболд, Б.Энх-Амгалан хоёр хоорондоо утсаар ярьсныг нотлоогүй. Энийг нотлоход үүрэн оператор компаниас лавлагаа аваад л болно. Тэр нь байхгүй. Нэмээд: Гэрч болсон Д.Доржханд, С.Батболд хоёр шүүхийн шатанд удаа дараа мэдүүлэг өгөхдөө байнга эргэж буцдаг. Тэр хоёр: Би мөрдөн байцаалтын шатанд тэгж яриагүй, өөрийнхөө бодлыг л ярьсан, сошиалаар тэгж байсаныг л хэлсэн гэсэн байна.
Гэрч гэж хэн бэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6.1-т: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ гэж. Гэтэл нь: Д.Доржханд, С.Батболд 2 хуульд заасан шаардлага хангасан гэрч нар биш, сошиалаас авсан ховыг дамжуулсан, өөрийнхөө бодлыг л ярьсан хүмүүс.
3-т: Прокурорууд хамаарал бүхий этгээд гэдгийг буруу тодорхойлсон. З.Энхболдын дүү З.Хишигтогтох "Страто" ХХК-д ТУЗ-ийн гишүүнээр ажилладаг. Хөдөлмөрийн гэрээгээр цалин авч ажилдаг ажилтан. З.Энхболдын эхнэрийн төрсөн дүү Батдэлгэр нь Страто ХХК-д нягтлан бодогч. Ахиад л л хөдөлмөрийн гэрээгээр ажилдаг ажилтан. Тэрүүгээр нь харах нь ээ: "Страто" ХХК нь энэ хэрэгт хамаарал бүхий харагдахгүй. Нэмээд: З.Энхболд өөрөө энэ компанитай холбоотой ямар ч шийдвэр гаргаагүй, тийм шийдвэр гаргуулахаар Б.Энх-Амгаланд нөлөөлөөгүй байхад гэрч гэгдэх хүмүүсийн бодолд үндэслээд: Нөлөөлсөн гэж үзэх боломжгүй.
Ерөөс Үндсэн хуулийн 16.4-т: Монгол Улсын иргэн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй гэж заасан. Монголын бүх л нийтийн албан тушаалтанууд гэр бүлтэй, аав ээж, эхнэр нөхөртэй, ах, дүү хамаатан садантай. Тэд нар нь тус тусын амьдралтай. Өөр өөрийнхөөрөө ажиллаж амьдарна. Тиймийн учраас: З.Энхболдод тохиолдсон энэ юм цаашаагаа нийтийн албан тушаалтныг энэ мэтээр буруутгаж гэмт хэрэгтэн болгож болохоор буруу жишиг.
Базах нь ээ: З.Энхболдын гэх хэрэгт Улс төрд нөлөө бүхий этгээд хэн бэ, Албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэж юу вэ, Бусдад давуу байдал олгосон нөхцөлийг хэрхэн хуульчилсан бэ, Бусдад давуу байдал олгогдсон байна уу, үгүй юу. Хэрэв давуу байдал олгогдсон байна аа гэж үзвэл ямар давуу байдал олгогдож вэ, Хатгагч гэж хэн бэ. Гэрч гэж хэн бэ, цаашаагаа Нотлох баримт гэж юу вэ гэх зэргээг наад захын юмнуудыг нягтлан шалгаж, үнэн зөвийг тогтоогоогүй. Тиймийн учраас хуулийн хүрээнд шийдвэр гаргаж чадаагүй. Тэгсэн байтлаа энэ хоёр хүнд ял оноосон. Өөрлөх нь ээ: Хуульд заасан гэмт хэрэг гэж үзэх шаардлага хангагдаагүй байхад гэрч гэх хүмүүсийн сошиалаас авсан мэдээлэл, хувийн бодол, хардлагад үндэслээд гэмт хэрэг үйлдэнэ гэж дүгнээд ял оноож. Энэ нь манай улсын шүүх улс төрийн захиа даалгаврыг сайн биелүүлдэг болсны л хангалттай нотолгоо. Ийнхүү: Улс төрийн захиалгаар хэнийг ч хэрэг зохиогоод хэрэгтэн болгож болдгийн жишээ нь З.Энхболд болж. Гэвчиг: Энэ хүнд зориулж зохиосон хэрэг нь хуулийн үндэслэл огтоос алга. Уул нь: Шүүх зөвхөн Үндсэн хууль бусад хуульд л захирагдах ёстой билээ л...
Ө.БАТБИЛЭГ
"Өдрийн сонин"
/2026.04.27/