Монголын парламентат ёс бол олон нийтийн итгэл дээр тогтдог, ард түмний төлөөллийн дээд институци. Гэвч сүүлийн өдрүүдэд Төрийн ордонд өрнөж буй дүр зураг энэ ойлголтыг улам бүдгэрүүлж, бүр эсрэг утгатай болтол нь гажуудуулж эхэллээ. Хууль хэлэлцэх ёстой танхимд хууль ярьж байгаа албан тушаалтнууд биш, харин эрх мэдлийн ойрын хүрээнийхэн буюу ордны “тайганууд” төрийн түшээдийг зандарч, загнаж, зааварчилж суугаа дүр зураг ил тод харагдах болов. Ард түмний хамгийн их хүсэж байгаа зүйл бол төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох. Уг санаагаар Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотойгоор УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилсан. Харамсалтай нь уг хуулийн төсөл ард түмний хүлээлтээс өөр байгааг олон нийт шүүмжлэн ярих боллоо.
Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг ард түмэн, гишүүд хүлээж авахгүй, шүүмжилж байгаа гол асуудал парламентыг хэн нэгний дохиураар хөдлөгдөг болгох санаархал юм. Дээрээс нь хуулийн төслийн танилцуулга хийж байгаа ажлын хэсгийн гишүүдийн ёс зүйгүй авирлаж байгаа асуудал бас нөлөөлж байна. Уг хуулийн төслийг УИХ хэлэлцэх үү, эс хэлэлцэх үү гэдгээ шийдэх гэж байгаа. Өөрөөр хэлбэл, УИХ хүлээж авч хэлэлцэх үү, үгүй юу гэдгээ хэлэлцэж байгаа гэсэн үг. Харамсалтай нь уг хуулийн төслийг ажлын хэсгийнхний хэт субьектив байдлаар хууль тогтоогчдын асуултад хариулах, УИХ-ын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандах гэж Үндсэн хуулиар заасан парламентын эрхийг уландаа гишгэн харилцаж байгаа нь гишүүдэд болоод олон нийтэд таалагдсангүй. Нөгөөтэйгүүр санаачлагчийн буюу ард түмнээсээ сонгогдсон Ерөнхийлөгчийн өргөн барьсан уг хуулийн төсөл зарчмын хувьд парламентын дархлааг байхгүй болгож байгаа нь илт байна. Дээрээс нь ажлын хэсгийнхний өөрсдөдөө хэт эрдсэн хандлага, хуулийн төслийг оромдон хийсэн байдал, гишүүдийн асуултад улстөржсөн, хувь хүн рүү нь дайрсан хандлагаар хариулж байгааг хэн хүнгүй шүүмжилж байна.
Зөвхөн хуулийн төсөл нь орж ирэхэд ийм омогтой байгаа юм чинь хууль батлагдвал яах нь ойлгомжтой гэдгийг дээрх албатууд нотолж байна. Монгол Улс бол парламентын засаглалтай орон. Энэхүү парламентын засаглалаа 2019 болон 2021 онд оруулсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр улам төгөлдөржүүлчихсэн. Улмаар 2024 оны сонгуулиар анхны 126 гишүүнтэй, таван намын төлөөлөл орж ирсэн, парламентыг бүрдүүлсэн. Тиймээс хуучин 76 гишүүнтэй парламент шиг хэн нэгэн улстөрч битгий хэл аль нэг институцийн эрх ашигт үйлчлээд явдаг байдал ямар ч түвшиндээ хумигдсан гэж хэлж болно. Нэг талдаа энэ хууль яриад байгаа ордны “тайган”-ууд парламентыг хуучин 76 гишүүнтэй байх үеэр нь төсөөлөөд байх шиг.
Нөгөө талдаа парламентын гишүүдийн тоог 126 болгон нэмэгдүүлсэн учраас дур зоргоороо хууль ярьж байгаа, хуулийн төслөө дээрэнгүй тайлбарлан, гишүүдийн асуултад улстөржиж хариулж байгаа “том даргын” албадуудыг байх байранд нь тавьсан хэлэлцүүлэг УИХ-ын чуулганаар өрнөж байна. Гэхдээ л ордны “тайган”-ууд УИХ-ын гишүүдийг нохой хуцаж байгаа чинээ тоохгүй байгаа нь тэд Монгол Улс парламентын засаглалтай орон гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагийн нэг хэлбэр гэж ярих хүмүүс их байна. Ордны “тайган”-уудаас ийм дээрэнгүй хандлага одоо болтол гарч байгаа нь нөгөө эрх мэдлийн тэнцвэртэй байдал аль нэг талдаа хэт их буюу Ерөнхийлөгчийн институцийн эрх мэдэл, нөлөөлөл, намчирхал их байгаагийн л шинж юм...