Гүний уурхайн “Үндсэн бутлуур-2”-ын бүтээн байгуулалт эхэлжээ

оруулсан Алсын Хараа

Ц.МЯГМАРБАЯР

“Оюу толгой”-н далд уурхай руу 1256 метр гүнд орж 56 метрийн өндөртэй, харьцуулбал 7-8 давхар барилгатай тэнцэх том малтлага буюу “Үндсэн бутлуур 2”-ын суурийг цутгах ажлыг дэргэдээс нь харах боломж бидний хэдэн сэтгүүлчдэд олдсон юм.  Энд  далд уурхайгаас гол түүхий эдийг бутлан дээш үйлдвэрлэлийн шатанд хүргэх хамгийн чухал процесс явагдана. Гүнийн уурхайг өргөтгөх, олборлолтоо нэмэгдүүлэхэд гол тулгуур болсон хэсэг юм. “Оюу толгой”компани өнгөрсөн онд ил, далд уурхайгаас нийт 168 мянган тонн зэс үйлдвэрлэсэн. 2028-2036 оны хооронд жилд олборлох зэсийн хэмжээг ойролцоогоор 500 мянган тоннд хүргэх зорилттой. Энэ зорилгод хүрэхэд одоо ашиглаж буй  үндсэн бутлуур нэгдүгээр хэсгээс гадна үндсэн бутлуурын хоёрдугаар  хэсгийг ашиглалтад оруулах шаардлагатай. “Оюутолгой”-н гүнийн уурхайн бүтээн байгуулалтаас үйлдвэрлэлийн үе шатанд шилжүүлэхийн тулд хэд, хэдэн чухал байгууламжуудыг  бэлэн болгохын зэрэгцээ үүний дотроос чулуулгийг туузан дамжуургаар гадарга руу зөөвөрлөх бутлагч цэг буюу том хэмжээний малтлага чухал үүрэгтэй. Нэг үгээр хэлбэл, далд уурхайгаас гарсан түүхий эдийг газрын гадарга дээр гаргаж ирэхэд гол үүрэгтэй малтлага юм.

Гүний уурхайд үндсэн бутлуурын малтлагын хэсэг бол хамгийн чухал талбар. “Үндсэн бутлуур 1”-ийг зургаан жилийн өмнө  ашиглалтад оруулж байсан бол өнөөдөр “Үндсэн бутлуур-2”-ын XII,XIII үеийн хөндлөн нэвтрэлтийн тэсэлгээ, малтлага дуусаж барилгын суурийг цутгах ажил ид өрнөж байхтай тааралдсан энэ юм. Бутлуурын хөндлөн нэвтрэлтийн ажил дуусаж сүүлийн тэсэлгээгээ хийснээр  барилгын ажил эхэлжээ. Малтлага буюу хөндлөн нэвтрэлтийн ажил ирэх дөрөвдүгээр сард дуусах төлөвлөгөөтэй бол барилга, бутлуурын бүтээн байгуулалт хоёр жил үргэлжилж бүрэн ашиглалтад орно. Ингэснээр анхдагч баялаг болох хүдрийн жижиглэж буталсныг туузан дамжуургаар босоо болон налуу амаар сэлгэж дамжуулан   газрын гадарга руу гаргаснаар зэсийн үйлдвэрлэл нэмэгдэх юм. Анхны бутлуурыг гадаад инженерүүд хийж монголчууд суралцаж байсан бол хоёр дахь бутлуурын ажлыг монгол инженерүүд бие дааж хийж байгаагаар онцлог юм.

Бутлуурын бүтээн байгуулалтыг 3-4 компанийн 800 гаруй инженер, техникийн ажилчид гүйцэтгэж байна. Нүргэлсэн их дуу чимээтэй ажлын хажуугаар Далд уурхайн инженер Б.Болорзаяагаас зарим зүйлийг сонирхож тодруулсан юм. Тэрбээр  “Малтлагын бэхэлгээ маш сайн байх ёстой тул бэхэлгээний зарим элементүүд нь тусгай зориулалтын загвар шийдэлтэй. Тодруулбал, хэвийн бэхлэлтээс гадна нуман хэлбэр үүсгэж тогтворжилтыг сайжруулах зорилгоор нэмэлт 22 мм-ийн диаметртэй бүдүүн кабель боолтыг газар руу 14 метр гүнтэй суулгаж тогтоосон. Энгийн кабель боолтууд нь 8,12,14,16,18 метрийн урттай байдаг бол рок боолт нь 2.4 3.0 метрийн урттай байгаа. Бэхэлгээний хоорондох зай, уртын хэмжээг геотехникийн багаас боловсруулж өгсөн зургаар бэхэлдэг. Бэхэлгээнээс эхлээд маш нарийн ажиллагаатай, хүч хөдөлмөр шаардсан, тэр дундаа аюулгүй ажиллагааны горим нарийн мөрдөх шаардлагууд тулгардаг. Гэхдээ олон газар ажиллаж туршлага хуримтлуулсан инженерүүд нэг дор ажиллаж байгаа учраас бэрхшээл бага” гэсэн юм. Дэлхийн хэмжээний уурхай ийнхүү Монголд бий болж буйд бахархах сэтгэгдэл төрж байв.

 

Гүний уурхай 750 метр тутамд хорогдох байртай

 

“Рио Тинто” группийн хэмжээнд аюулгүй ажиллагааг сайн хангадаг “Оюу толгой” уурхай 2023 онд гэмтэл, бэртлийн давтамжийн үзүүлэлт 200 мянган хүн  цаг тутамд 0.20 ногдож байсан нь 0.23-аас бага байлгах зорилгоо хангасан. Энэхүү сайн жишиг гүний уурхайд мөн л хамаарч байна. Гүний уурхай Улаанбаатараас Дархан орох хэмжээний 200 км орчим талбайг хамарч байна. Стандартаар 750 метр тутамд онцгой аюултай байдал үүссэн үед хорогдох байрыг бий болгожээ. Нэг хорогдох байранд 100 орчим хүн орох боломжтой. Цахилгааны болон агаарын ямар нэгэн доголдол үүсээгүй тохиолдолд хэдэн ч цагаар байх боломжтой юм байна. Ямар нэгэн байдлаар агаар бохирдох хорт утаа орж ирсэн тохиолдолд нөөцөлсөн хүчилтөрөгчийг нээж, шүүх төхөөрөмжөөр агаарыг цэвэршүүлснээр  36 цаг байх боломжийг бас бүрдүүлжээ. Уг хорогдох байр гаднаас халах, усны үеэр, хорт утаа, галын аюул зэрэг онцгой аюул үүссэн үед гамшигт өртөхөөс сэргийлсэн битүүмжлэл сайтай, газрын гадарга дээр байрлах хяналтын өрөөнөөс хянах боломжтой аж.

Мөн 10,20 хүний багтаамжтай зөөврийн хорогдох байруудыг бас бий болгосон байна. Түүнчлэн уурхайн малтлагын  үед мухар мөргөцөгт гацсан ажилтнуудад бага оврын зургаан хүний зөөврийн хорогдох байрыг ч бас бэлэн байдалд байлгадаг аж. Хорогдох байрнуудын LOCATION MAP  буюу газрын зургийг тухайн хүний өмссөн аюулгүй ажиллагааны малгай дотор байх жишээтэй. Эдний нийт ажилчдын 18 орчим хувийг эмэгтэй ажилчид бүрдүүлдэг. Гүний уурхайд ч ялгаагүй эмэгтэйчүүд олноор ажилладаг. Тиймээс ариун цэврийн өрөөнүүд нь эмэгтэй, эрэгтэй бүгд кодтой. Эмэгтэй 00 өрөөний кодыг эрэгтэй ажилчид мэдэх ёсгүй байдаг аж. Мөн хорогдох байранд эмэгтэй ажилчдын суух хэсгийг тусгаарлаж өгсөн байх жишээтэй.

Гүний уурхайд харсан бас нэг сонирхолтой  техник бол 56 дугуйтай чиргүүлт өөрөө ачигч операторыг гүний уурхайн олборлолтод ашиглаж байна. Энэ машин нь тус уурхайн хамгийн том оператор юм. Тухайн машиныг “замын галт” тэрэг гэж нэрлэдэг байна. 160 тонн-ын даацтай. Одоогоор ийм машин дөрвөн ширхэг байгаа аж. Нэг удаагийн явалт хийхэд 15 минут зарцуулж 2-4 минутад ачилт хийдэг ажээ. Энэхүү чиргүүлт өрөө ачигч нь хажуугаараа буулгаж, асгадаг онцлогтой. Гүний уурхайгаас олборлож байгаа хүдрийн биетийг олборлолтоос тээвэрлэлт рүү ачиж байгаа энэ операторыг цаашид уурхай бүрэн хүчин чадлаар ажиллаж эхлэх үед  10 болгохоор зорьж байгаа гэв.

 

“Ухаалаг малгай”-н системийг бүрдүүлжээ

 

2012 оноос эхэлсэн “Оюу толгой”-н ил уурхай  5,6,7 дахь үе дээрээ олборлолтоо явуулж байна. 2040 он хүртэл 10 үе шатаар олборлолт явуулах тус уурхай өдөрт 120 мянган тонн уулын цулыг олборлож байна. Нийт 580 орчим ажилтан 24 цагаар тасралтгүй ажиллаж байна. Ил уурхайн гүн хэсгээс 30 орчим машин тээвэрлэлт хийдэг. Нэг удаагийн ачилт хийхэд 10 орчим км зам туулж 40-45 минут зарцуулдаг байна. Энэ үед осол аваар гарахгүй гэх баталгаагүй учраас “ухаалаг малгай”-н системийг нэвтрүүлсэн аж. Өөрөөр хэлбэл, операторуудын алжаал  ядаргааг хянадаг систем. Жолооч нар  зүүрмэглэх, ядрах шинж тэмдэг илэрвэл аюулгүй ажиллагааны малгайд суулгасан ухаалаг систем удирдлагын төвд мэдээлэл дамжуулснаар ямар нэгэн эрсдэл үүсэхээс сэргийлдэг байна.

Түүнчлэн мөргөлдөхөөс хамгаалах системийг суурилуулсан аж. Энэ нь хөдөлгөөнд оролцож байгаа тоног төхөөрөмжүүд бие биеэ мэдэрч зогсолт хийснээр осол аваар гарах  аюултай нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлдэг гэнэ. Мөн операторуудыг унтах, нүдээ аних, зүүрмэглэх төдийд суудал нь дохио сигнал өгдөг системийг удахгүй нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа тухай Ил уурхайн ээлжийн ахлах ажилтан Х.Сэргэлэн ярьсан юм. Уурхайн үйл ажиллагаанд аюулгүй ажиллагааг энэ тэргүүнд тавьдаг “Оюу толгой” ажлын бүтээмжийг дээшлүүлэх, аюулгүй ажиллагааг сайжруулах зорилгоор ийнхүү шинэ техник, технологийг нэвтрүүлжээ.

 

Баяжуулах үйлдвэрийн усны дахин ашиглалт 85.7 хувьтай байна

 

Одоогоор ил уурхайгаас гарсан хүдрийн биетийг 3.0 км орчим урт үргэлжлэх  конвейрээр дамжуулан баяжуулах үйлдвэр рүү  тээвэрлэдэг. 11 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа тус үйлдвэр өнгөрсөн онд 39 сая тонн хүдэр баяжуулсан байна. Үйлдвэр өдөрт 110 орчим тонн хүдэр боловсруулж байна. Үйлдвэрийг өргөтгөж автоматжуулснаар операторуудын хяналтад явагддаг байсан үйлдвэрлэлийн явц өмнөхөөс хөнгөвчлөгдөж  бүх үйл ажиллагааны явцыг хянах автоматаар явагдах боломж бүрдсэн байна. Ингэснээр үйлдвэр тасралтгүй тогтвортой үйл ажиллагаа явуулах боломж бүрджээ. Түүнчлэн тоног төхөөрөмжийн шинэчлэл хийснээр усны дахин ашиглалтыг нэмэгдүүлжээ. Ингэснээр нэг тонн хүдэр боловсруулах усны хэмжээ өнгөрсөн оны сүүлээр 85.7 хувьтай гарсан нь зорилтод түвшин 80 хувь байсныг давуулжээ.

2022 оноос эхэлсэн баяжуулах үйлдвэрийн өргөтгөлийн ажил үргэлжилж хүдрийн биетийг гүнийн уурхайгаас газрын гадарга руу тээвэрлэх туузан дамжуургын ажлыг энэ оны II улиралд ашиглалтад оруулахаар зорьж байна гэж Үйлдвэрийн үйл ажиллагааны бэлэн байдлыг хариуцсан ахлах ажилтан Д.Бат-Орших ярьсан юм. 2023 оны IV улиралд баяжуулах үйлдвэрт хийсэн энэхүү  засвар шинэчлэлийн үр дүн мөн  хүдрийн дундаж агуулга 0.53 хувийн өндөр байсан зэргээс хамаарч энэ улиралд олборлосон зэсийн хэмжээ 2022 оны II улиралтай харьцуулахад 26 хувиар өсжээ. Тодруулбал, 1.59 хувийн зэсийн дандаж агуулгатай  0.9 сая тонн хүдрийг гүний уурхайгаас, ил уурхайгаас 0.42 хувийн дундаж агуулгатай 8.7 сая тонн хүдрийг олборлон боловсруулжээ. Мөн өнгөрсөн онд уурхайн амын босоо нэвтрэлтийг ахиулж  оны эцсээр агааржуулалтын нэвтрэлтийг 1.013 метрт хүргэжээ. 2024 оны II хагаст дээрх босоо амыг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 29. ПҮРЭВ ГАРАГ. № 40 (7284)

Сэтгэгдэл бичих