- 2023 оны татварын орлого 1.7 их наяд төгрөгөөр давж бүрдээд байна -
Монгол Улсын төсвийн орлогын 86 хувийг татварын орлого бүрдүүлдэг. 2023 онд 7.3 их наяд төгрөгийн татварын орлого бүрдүүлэх ёстой байсан бол 1.7 их наяд төгрөгөөр орлого давж, 8.6 их наяд төгрөгийн орлого бүрдээд байгаа нь татварын цахимжилт болон томоохон аж ахуйн нэгжүүдийн үүргээ сайн гүйцэтгэсний үр дүн гэдгийг Татварын Ерөнхий Газрын дарга Б.Заяабал том компаниудын төлөөлөлтэй татварын шинэчлэлийн асуудлаар уулзах үеэрээ онцоллоо.
Түүнчлэн ирэх оноос хуульд шинэчлэл орж, үйл ажиллагаа эрхэлж орлого ордог иргэдийн хувьд татвар төлөлтийг илүү хялбаршуулж байгааг хэлсэн.
Татварын Ерөнхий Газрын дарга Б.Заяабалтай татварын шинэчлэлийн талаар ярилцлаа.
- Татварын байгууллага цахим системд шилжсэнээр маш олон давуу тал бий болсон талаар та хэлсэн. Ялангуяа авч чаддаггүй байсан татвараа цуглуулах боломж бүрдсэн тухай онцолж байна. Тухайлбал ямар өөрчлөлт гараад байна вэ?
- Тийм ээ, татварын албан цахимжилтыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэнтэй холбоотойгоор өмнө нь огт хурааж авч чаддаггүй байсан татваруудаа хурааж авч эхэлж байгаа. Хурааж авч чаддаггүйдээ биш, хурааж авах төрийн зардал нь өндөр байсан. Жишээлбэл хашааны газраа өмчилсөн гэр хорооллын иргэдээс газрын өмчийн татвар болох 2-3 мянган төгрөг хурааж авахын тулд байцаагчдыг ажиллуулдаг байсан. Гэтэл ингэж хурааж авах зардал нь авах татвараасаа өндөр, зарим байцаагч нохойд хазуулсан тохиолдол хүртэл гарч байсан.
Гутал, хувцсаар хангах шаардлага, хүсэлт ч гардаг байсан. Тэгвэл одоо жижиг татваруудыг цахимаар хураах, ялангуяа НӨАТ-ын буцаан олголтоосоо арилжааны банкны ямар нэгэн шимтгэлгүйгээр төлөх боломжийг бүрдүүлснээр энэ төрлийн татварын орлого нэмэгдэж, орон нутгийн төсөвт нэлээд эерэг үр дүн гарч байгаа.
- Татвар төлөлтийн хэдэн хувь нь цахимаар төлөгдөж байна вэ?
- Үндсэндээ 100% цахимаар төлөгдөж байна. Татварын албаны хураах ёстой дүн хэмжээг системд хүлээн авснаар автоматаар бодогдоод татварын нэхэмжлэхийг үүсгэж, тухайн татвар төлөгч рүү хүргүүлж буй. Тухайлбал авто машины талаарх мэдээллийг бид Авто тээврийн үндэсний төвөөс аваад тухайн иргэн хэчнээн цилиндрийн багтаамжтай, ямар машинтай болохыг хараад татварын ногдлыг бодоод нэхэмжлэхийг тухайн татвар төлөгч рүү шууд илгээж байгаа.
Бууны мэдээллийг цагдаагийн байгууллагаас аваад тухайн бууны голчоос нь хамаараад машин өөрөө автоматаар бодоод татварын нэхэмжлэхийг хүргүүлдэг байх жишээтэй. ААНОАТ, НӨАТ гэх мэт бусад томоохон төрлийн татвар дээр тайланг нь хүлээж авч баталгаажуулсан дээрээ үндэслээд татварын ногдлыг нь тухайн ААН-үүд рүү нэхэмжлэхээр хүргүүлдэг. Ингээд QR кодтой нэхэмжлэх тухайн татвар төлөгч хүлээж аваад Монголбанкнаас хүлээн зөвшөөрсөн бүх төлбөрийн механизмаар төлөх боломжийг бүрүүлсэн. Ингэснээр татвар төлөх хугацаа богиносож, ялангуяа түгжрэлийг бууруулахад дорвитой хувь нэмэр оруулж буй гэж үзэж байгаа.
- Өмнө нь татварын байцаагч хүрэлцээгүй талаар яригддаг байсан. Татвар хураалт 100% цахимаар явагдаж чадаж байгаа бол хүний нөөцийн тал дээр ямар боломжууд гарч байгаа вэ? Үр ашиг яаж нэмэгдсэн бэ?
- Өмнө нь татварын тухай хууль тогтоомж байцаагч дээр очиж хэрэгждэг байсан. Байцаагч өөрөө татварын хууль тогтоомжийг тайлбарладаг, хууль тогтоомжийг өөрийнхөө ойлгосон хэмжээгээр тайлбарладаг байсан бол одоо татварын байцаагчийн бүх үйл ажиллагааг дотоод талдаа цахим болгосон. Гадаад талдаа тухайн татвар төлөгчийн мэдээлэл дээр үндэслээд татварын албанаас тодорхой мэдээлэл өгөх, тухайлбал тайланг нь бэлтгэж хүргүүлдэг болсон. Үүний үр дүнд татварын хууль тогтоомж нэг мөр хэрэгжих болом бүрдэж эхэлсэн.
Татварын үүргээ биелүүлснээр төрөөс авах хөнгөлөлт, урамшууллын боломж нэмэгдэж байгаа нь тоон дүнгээр илэрч байгаа
Байцаагчаас хамааралгүйгээр татварын хууль тогтоомж хэрэгжиж эхэлснээр иргэдэд өөрт нь хууль тогтоомжтой холбоотой татварын албан дээр үүсэж байгаа асуудлуудыг урьдчилж мэдүүлдэг болсон. Ингэснээр иргэдийн сайн дураар татварт хамрагдалт нэлээд нэмэгдсэн. Татварын бааз суурь нэмэгдсэн. Татварын орлого нэмэгдсэн. Нөгөө талд татвар 100% цахимжсанаар, татварын байцаагч таньдаг байх шаардлагагүй болсон.
- Татвар төлөлт дээр иргэд, аж ахуйн нэгжийн зүгээс нэг зүйл дээр шүүмжлэлтэй ханддаг. Зарим нь төлөөд яваад байхад зарим нь төлөхгүй байгаа нь шударга бус байна гэдэг. Тэгвэл далд, татвар төлөхгүй байгаа тэр хэсгийг үүргээ биелүүлдэг болгох чиглэлээр татварын байгууллага хэрхэн ажиллаж байгаа вэ?
- Нэгдүгээрт татварын хууль тогтоомжийг сурталчлан таниулах нь хамгийн чухал гэж үзэж байгаа. Ямар татварын харилцаанд иргэн, ААН орж байгааг таниулан ойлгуулж, цахим сургалтад хамруулах нь чухал байгаа. Хоёрдугаарт, татвар төлөлт, тайлагналтай холбоотойгоор татварын албатай харилцдаг харилцааг нь хялбаршуулах нь маш чухал. Үүнтэй холбоотойгоор татварын алба цахимжсаны үр дүнд тухайн иргэн, ААН-ийн мэдээллийг хүлээж аваад бүх төрийн байгууллага, зарим нөхцөлд арилжааны банкуудаас тодорхой мэдээллүүдийг авч байгаа. И-баримтын системээс борлуулалт, зарлагын мэдээллүүдийг авч байгаа. Ингээд Татварын албанд цугласан мэдээлэлд үндэслээд тухайн татвар төлөгчийг татварын харилцаанд орох тухайн тайланг нь бэлтгэж, хүргүүлэх чиглэлд онцгой анхаарч байгаа. Ингэснээрээ өмнө нь зайлшгүй мэргэжлийн нягтлан авч байж гаргадаг үйлчилгээнүүдийг татварын алба өөрөө, ямар нэгэн нягтлан авах шаардлагагүйгээр бэлтгэж хүргүүлдэг болсон. Үүнтэй холбоотой татварын хамрагдалт нэлээд нэмэгдэж байгаа.
Тухайлбал хялбаршуулсан тайлангаар 2019 онд 76,837 иргэн орлогоо мэдүүлсэн бол 2022 онд энэ тоо 293,963 болж нэмэгдсэн. Ийнхүү татварын үүргээ биелүүлснээр төрөөс авах хөнгөлөлт, урамшууллын боломж нэмэгдэж байгаа нь тоон дүнгээр илэрч байгаа. 2019 онд татварын хөнгөлөлтөд 36 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2022 онд 64.3 тэрбум төгрөг зарцуулсан үр дүнтэй байна.
Цаашид энэ хамрагдалт улам нэмэгдэнэ гэж харж байгаа.
- Малчдыг яаж татварын системд оруулах талаар та байр сууриа хэлэхгүй юу?
- Энэ талаар хуулийн хэрэгжилт хангалтгүй байсан. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас 2024 оны Төсвийн тухай хуулийг дагуулж өөрчлөлтүүд оруулсан. Малчин өрхийн татварын хууль тогтоомжийг сайжруулах хүрээнд НӨАТ-ын тухай хууль дээр малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн зарвал тухайн малчин зайлшгүй и-баримт олгох ёстой гэж тусгасан. Татварын байгууллагаас тэрийг нь онлайн болон офлайн горимд и-баримт бүртгүүлэх боломжийг нээж өгсөн.
Малчдын ингэж борлуулсан бүтээгдэхүүн 50 сая төгрөгөөс дээш болчихвол НӨАТ-ын тухай хуулиар суутган төлөгчийн үүрэгтэй буюу 10 хувийн татварын харилцаанд ороод ирдэг. Үүнээс төвөгшөөгөөд малын гаралтай бүтээгдэхүүн дээр и-баримт өгдөггүй, энэ нь эргээд үндэсний ААН-үүдэд хүндрэл үүсгэдэг. Нөгөө талаар Үндэсний ААН-үүд малчдаас түүхий эдээ худалдаж авчхаад зардал талдаа бүртгэх гэхээр и-баримтын шаардлага хангасан байх ёстой болдог.
Үүнээсээ болоод үндэсний ААН-үүдийн хувьд ч гэсэн хүндрэл учирдаг байсан бол 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс малчин өрхүүдийг НӨАТ-аас чөлөөлж байгаа. Мөн малчин өрхүүд 10%-ийн орлогын албан татвар төлдөг байсныг 1% болгон бууруулсан. Хуулийн эдгээр өөрчлөлт 2024 оноос хэрэгжсэнээр малчдын татварт хамрагдалт нэлээд нэмэгдэнэ гэж харж байгаа.
- Хувиараа орлого олоод татвар төлдөггүй хэсэг бас байдаг. Ялангуяа, урлаг соёлынхныг ингэж шүүмжилдэг. Энэ чиглэлээр ямар нэгэн өөрчлөлт хийж байгаа юу?
- Нийслэлийн Татварын газарт урлагийн үйл ажиллагаа явуулдаг 288 иргэнийг тусгайлан ялгаж, татварт хамрагдалттай холбоотой мэдээллээр ханган ажиллаж байгаа. 2023 онд иргэд өөрсдөө тайлангаа гаргах хуучин хууль хэрэгжиж байна. 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд энэ хэмжээ 1% болно. Өөрөө өөрийнхөө авьяас чадвараар үйл ажиллагаа явуулаад орлого олж байгаа бол ямар нэгэн зардлын баримт шаардахгүйгээр орлогоосоо 1%-аар тооцож татвар төлөх хялбар систем зэрэгцүүлээд явж байгаа.
Ийнхүү татварын хувь хэмжээг 2024 оноос бууруулснаар иргэдийн татварын хамрагдалт нэмэгдэнэ гэж бодож байна.
Уулзалтад ирсэн бизнес эрхлэгчдийн төлөөллөөс гарсан зарим санал нь:
- Зөрчлийн тухай хуулийн 11.19.8 буюу Бараа, ажил, үйлчилгээ борлуулж байгаа хүн, хуулийн этгээд
8.1.төлбөрийн баримт олгоогүй бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувь;
8.2.төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн заалт логикийн алдаатай байгааг хэллээ.
- Мөн алслагдмал аймаг сумдад үйл ажиллагаа явуулж байгаа татварын дэмжлэгийн бодлогод сүлжээ дэлгүүрүүд архи, тамхи борлуулж байгаагаас болоод хамрагдаж чаддаггүй. Гэвч бусад 80 гаруй хувийг эзлэх бүтээгдэхүүн нь шаардлага хангаж байгаа тул хувь тэнцүүлэн татварын хөнгөлөлтөд хамруулах саналыг тавьсан юм.
Э.Тамир: Өөрийгөө найдвартай, баталгаатай хүн гэдгийг гадаад зах зээлд үгээрээ биш үйлдлээрээ илэрхийлэх боломж нь татвар төлөлт
Татварын мөнгийг үр ашиггүй зарцуулж байгаатай холбоотой татвар төлөх иргэдийн сонирхол буурч байгаа тал бий. Тэгвэл татварын ач холбогдлыг ойлгочихвол хүмүүс төлөх сонирхол нэмэгдэх талаар тус уулзалтад хүрэлцэн ирсэн Econte компанийн ерөнхий продюсер Э.Тамир дурдлаа.
Тэрбээр “Татвараа төлөх нь нэгдүгээрт шууд утгаараа нийгэмдээ хувь нэмрээ оруулж байгаа хэрэг. Хоёрдугаарт өөрийгөө найдвартай, баталгаатай сайн хүн гэдгээ үгээрээ биш үйлдлээрээ илэрхийлэх боломж нь юм. Энэ боломж эргээд бизнес эрхлээд ажиллахад, олон улсаас хөрөнгө оруулалт босгоход хамгийн гол баталгаа нь болж байдаг. Тухайн хүнийг найдвартай эсэхийг яаж мэдэх вэ гэхээр татвар, нийгмийн даатгал төлөлтөөс нь харах боломжтой. Тэр утгаараа иргэдэд татварын боловсрол олгох нь чухал ажил юм.
Иргэд, аж ахуйн нэгжүүд том жижиг хамаагүй татвараа сайн төлөхгүй, нэг хэсэг нь төлөөд, нөгөө хэсэг нь төлөхгүй байхаар төлж байгаа нь хохироод байдаг. Тиймээс бүгд татвараа шударгаар төлчихвөл мөнгө цэвэр урсах, далд эдийн засгаас сэргийлэх олон талын ач холбогдолтой гэж харж байна" гэлээ.
Мөн татварын дарамтын тухайд “Компаниуд, иргэд анхнаасаа бүх зардлаа татваргүйгээр бодчихдог. Дараа нь тэр нь тооцогдоод, дуслыг хураавал далай гэдэг шиг хуримтлагдаад ирэхээр тэрэндээ алуулаад байдаг юм байна. Хүн шүдээ угаахгүй яваад байвал шүд нь өвдөх цагт маш өндөр зардалтай болчихдог. Уг нь шүдээ угаагаад байвал хямд тусах гээд байгаатай л адил. Машинаа дор дор нь засуулаад байвал осол аваар гарахгүйтэй зарчмын хувьд ижил. Тиймээс ажил үйлчилгээ, бизнес хийхдээ анхнаасаа л татвараа тооцчих юм бол өөрийгөө ч хүндрүүлэхгүй, улс орондоо хувь нэмэр болоод явах боломжтой юм байна. Харин төрийн зүгээс зарцуулалт дээрээ анхаарах шаардлагатай болов уу” хэмээн байр сууриа илэрхийлэв.
"Татварын байгууллага хянадаг, шалгадаг биш, үйлчилдэг, зөвлөдөг байгууллага болох суурь нь бүрджээ"
Татвар төлөгчдийн төлөөлөлтэй хийсэн уулзалтад Татварын Ерөнхий Газрын дарга асан Т.Батмагнай ирсэн байв. Тэрбээр өнөөдөр татвар төлөгчийн хувиар буюу "Өсөх зоос" компанийн гүйцэтгэх захирлын хувиар оролцож байгаа аж.
2012-2014 онд Татварын Ерөнхий Газрын даргаар ажиллаж байхад нь далд эдийн засаг өндөр, татварын байгууллага цахимжиж эхэлж байсан тул төсвийн орлогыг татварын хяналтын байцаагчдын үйл ажиллагааны үр нөлөөгөөр бүрдүүлж байсныг ярив. Түүнчлэн тухайн үед ЖДҮ эрхлэгчид 10%-ийн орлогын албан татвар төлж байсан нь өндөр байсан тул зайлсхийх хандлага их байжээ.
"Нэг талдаа 10%-ийн орлогын албан татвараас зугтах, нөгөө талдаа тэрийг нь илрүүлэх гээд татварын хяналт шалгалтын процесс ач холбогдолтой, хувь хүнээс хамаарсан буюу улсын байцаагч, хувь хүн, компани гэсэн харилцаа өндөр байсан. Аливаа үйл ажиллагаа хувь хүн хоорондын харилцаа ихтэй байхаар тухайн хүмүүсийн ухамсар, ур чадвар, мэдлэгээс хамаараад хуулийн процесс гажуудах, ухамсраас хамаараад авлигын нөлөөнд орох, татвараас зугтсан хүмүүсийн татварыг багасгаад өөртөө шагнал авах гэх мэт хяналтгүй харилцаа бодитой байсан. Тэгвэл татварын байгууллага өнөөдөр цахимжилтаараа төрийн байгууллагуудаасаа нэлээн урд байна. Нөгөө талдаа хувь хүн хоорондын харилцааг бараг 70 хувь бууруулсан байна. Удахгүй 90 хувьд хүргэх боломжтой болчхож.
Тухайн үед татвар төлөгчдийг цуглуулаад уулзахад өнөөдрийнх шиг агуулга ярьж чаддаггүй байсан. Өнөөдөр бол татварын байгууллага өөрөө тайланг нь гаргаад өгчихдөг болж. Мөд удахгүй компаниудын нягтлан байгууллагынх нь тайланг зөв гаргаж уу гэдгийг л нягталдаг болох юм байна. Мөн татварын байгууллагуудын цуглуулаад ярьж байгаа сэдэв өөр, улс орныхоо татварын боловсролыг сайжруулах, хүнс, эмийн аюулгүй байдлыг хангахад хүртэл татварын тогтолцоог ашиглах боломжтой болж. Татварын байгууллага хянадаг, шалгадаг биш, үйлчилдэг, зөвлөдөг байгууллага болох суурь нь бүрджээ гэж харж байна” хэмээн тэрбээр ярилаа.