Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга В.Энхбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Хөрөнгө оруулалт, худалдааны газар энэ оны эхэнд байгуулагдсан. Энэ хугацаанд ямар ажлуудыг амжуулав гэдгээс ярилцлагаа эхэлье?
-Эдийн засгийг тэлэхэд хөрөнгө оруулалт чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс бид хөрөнгө оруулалтыг дэмжих, татах, өөрийн оронд нутагшуулах бүхий л боломжийг эрэлхийлэн ажиллаж байна. Манай байгууллага энэ оны эхэнд сэргээн байгуулагдсан бөгөөд өнгөрсөн хагас жилийн хугацаанд цаашид хэрхэн ажиллах зураглалаа гаргалаа. Тухайлбал, хөрөнгө оруулалт, худалдааг дэмжих байгууллага учраас худалдааг дэмжих, хөнгөвчлөх ажлыг эрчимжүүлэхэд анхаарал хандуулахын сацуу хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэхээр шат дараатай ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Төрийн бодлогыг хэрэгжүүлэгч газрын хувьд худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, үүндээ экспортыг сайжруулах ажлыг эрчимжүүлнэ.
Өөрөөр хэлбэл, эдийн засгийг тэлэх, худалдаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх Эдийн засаг, хөгжлийн яамны баримталж буй бодлогын хүрээнд, Хөрөнгө оруулалт, худалдааны газар хэрэгжүүлэх ажлыг нь идэвхижүүлэх юм. Ингэхдээ уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг дэмжих, үндэсний брэнд бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гарахад нь мэргэжлийн туслалцаа, дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ экспортод гаргах боломжийг бүрдүүлэхэд дэмжиж ажиллана.
Гадаадын хөрөнгө оруулалт татна гэдэг санааны зоргоор бүтэх хялбар ажил биш л дээ. Хөрөнгө оруулагчдад ээлтэй таатай орчин бүрдүүлэх, ажилд нь хүнд суртал, чирэгдэл учруулахгүй байхаас эхлээд хуулийн хүрээнд эрх ашгийг нь хамгаалах шаардлага ч гардаг.
Тэгэхээр хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэхээс эхлээд Монгол Улсын хууль эрх зүй, бизнесийн орчныг сурталчлах ажлыг хийж байна.
Хөрөнгө оруулагчдад зориулсан нэг цэгийн үйлчилгээгээр төрийн үйлчилгээг чирэгдэлгүй шуурхай хүргэж байна. Цаашид цахим үндэстэн болох том зорилтын хүрээнд цаг хугацаа, орон зайнаас хамаарахгүйгээр үйлчилгээг нэг цонхоор үзүүлэх боломжийг технологийн шийдлээр бүрдүүлэхээр ажиллаж байна.
Нөгөөтэйгүүр худалдааг дэмжих зорилгын хүрээнд дотоодын үйлдвэрлэгчдэд гадаад зах зээлд бүтээгдэхүүн экспортлох гарц гаргах, тэдний экспортын өрсөлдөх чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр дэмжлэг үзүүлэх, мэдээллээр хангах зэрэг ажлуудыг бид хийж байна.
-Хөрөнгө оруулалтад хууль эрх зүйн орчин голлох нөлөөг үзүүлдэг. Тиймээс цаг хугацааны хамаарлаас үүдсэн шинэчлэл хийх зайлшгүй шаардлага тулгарч байгаа талаар ярьж байна л даа?
-Хөрөнгө оруулалтын тухай хууль 2013 онд батлагдсан байдаг. 10 жил энэ хуулиар хөрөнгө оруулалтын орчныг зохицуулж ирсэн. Харин одоо цаг хугацааны өөрчлөлтийг дагаад хуулийг шинэчлэх зайлшгүй шаардлага тулгарсан гэж ойлгож байгаа. Тиймээс хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсан бөгөөд энэ чуулганаар хэлэлцэх болов уу гэсэн хүлээлттэй байна.
Цаг хугацаа өнгөрөх хэрээр нийгмийн байдал, бизнесийн орчин, бизнес эрхлэгчдийн хандлага ч өөрчлөгдөж байна. Тэгэхээр Монгол Улс хөрөнгө оруулагчидтай “тоглох” тоглоомын дүрмээ тодорхой, ойлгомжтой болгох, хөрөнгө оруулалтын орчноо ээлтэй таатай болгох бодлого баримталж, тэдний хууль ёсны эрх ашгийг нь тууштай хамгаална гэдгээ нээлттэй илэрхийлж байгаа.
Нэгэнт төр засгийн зүгээс хууль ёсны ашиг сонирхлыг нь хамгаалахаа илэрхийлсэн учраас хөрөнгө оруулагчдын гомдол, маргааныг шийдвэрлэх тогтолцоо механизм байх нь зүйтэй. Ийм тогтолцоо өмнө байсан хэдий ч төрийн байгууллагын бүтцийн өөрчлөлт, шилжилтийн үед тогтвортой ажиллаагүй. Үүнийг сэргээж, манай байгууллага ажлын албаны үүрэгтэй ажиллаж хөрөнгө оруулагчдын гомдол, саналыг хүлээн авч шийдвэрлүүлэхэд төрийн байгууллага, хувийн хэвшлийн харилцааг хангаж ажиллана. Хөрөнгө оруулалтын хуулийн төсөлд ийм маргаан шийдвэрлэх зөвлөл байхаар тусгагдсан байгаа. Тиймээс хөрөнгө оруулагчдын гомдол, маргаан шүүх, арбитрын шатанд хүрэхээс өмнө энэ зөвлөл асуудлыг шийдвэрлэх зорилготой. Мэдээж шүүх, арбитрын асуудал нь цаг хугацаа болон санхүүгийн эрсдлийг дагуулдаг учраас хөрөнгө оруулагчдыг үүнээс тойруулах боломжийг олгож байгаа юм. Эцсийн дүндээ бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдад учрах эрсдэлээс хамгаалах нь гол юм.
-Тэгвэл хууль эрх зүйн орчин шинэчлэгдсэнээр хөрөнгө оруулалтад ямар нөлөө үзүүлэх вэ?
-Аливаа зүйл цаг хугацаа өнгөрөх хэрээр өөрчлөгдөж байна. Тиймээс хөрөнгө оруулалтын салбарт хууль эрх зүйн орчныг шинэчилснээр илүү таатай орчныг бий болгоно гэж харж байгаа, үр дүнд нь мэдээж хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэсэн төсөөлөл байна. Үүнээс гадна, Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд боомтын сэргэлтийн бодлогоор дамжуулан хөрөнгө оруулалт, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх гарцыг нээж, тээвэр ложистикийн нөхцөл байдлаа сайжруулж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс хөрөнгө оруулалт, худалдааны таатай нөхцөлтэй улс гэдгээ харуулах алхмуудыг хийж байна. “Монголд тавтай морил” гэдэг нь хоосон лоозон биш гэдгийг үйлдлээрээ харуулахаар өнгөрсөн хугацаанд ажиллалаа шүү дээ. Энгийнээр тайлбарлавал, хөрөнгө оруулагч эрх ашгаа хуулийн хүрээнд хамгаалуулахаас гадна хоорондын уялдаа холбоогүй байдлаас үүдсэн цаг хугацаа, хөрөнгө санхүүгийн шууд болон шууд бус эрсдэлээс зайлсхийх бүрэн боломж бүрдэнэ. Ингэснээр монголчууд хөрөнгө оруулагчдад таатай орчин бүрдүүлж байгаа улс гэдгээ харуулж байгаа хэрэг. Мэдээж энэ бүхэн олон улсын гэрээ, конвенц хийгээд Монгол Улсын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр мөрдөгдөх хуулийн хүрээнд хамаарах юм.
-Тэгэхээр Монгол Улс хөрөнгө оруулагчдад таатай орчныг бүрдүүлжээ. Тэгвэл хөрөнгө оруулалт, худалдааны газар ямар үүрэг, оролцоотой вэ?
-Бид өнгөрсөн хугацаанд гадаад болон дотоодын хөрөнгө оруулагч, бизнесийнхэнд манай улсад үйл ажиллагаа явуулахад ямар боломж байгаа талаарх мэдээллийг өгөхөөс гадна энэ салбарт тулгамдсан асуудлыг бодлогын болон хэрэгжилтийн түвшинд хэрхэн шийдвэрлэх боломжтой вэ гэдэгт анхаарал хандуулж ажилласан. Төр гадаадын хөрөнгө оруулагчдад ямар боломж, орчин бий болгож байгаагаа зарласан учраас төрийн бодлогыг цалгардуулахгүйгээр хамаарах чиг үүргийнхээ хүрээнд хөрөнгө оруулагчдад дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ бизнесийн гүүр болж ажиллах юм.
Нөгөөтэйгүүр дотоодын хөрөнгө оруулагч, бизнесийнхэнтэйгээ хамтран ажиллаж байна. Бид тэднийг олон улсын зах зээлд гарах бүхий л боломжийг судалж мэдээллээр ханган, зөвлөгөө өгөхийн зэрэгцээ шаардлагатай тохиолдолд төслийн танилцуулга хийх, гадаадын хөрөнгө оруулагчидтай холбоо тогтоохоос эхлэн мэргэжлийн түвшинд туслалцаа, дэмжлэг үзүүлнэ. Өөрөөр хэлбэл, төр, хувийн хэвшил харилцан ашигтай хамтран ажилладаг жишгийг нутагшуулахыг зорьж байна. Энэ бүхэн эцэстээ Монгол Улсын эдийн засгийн тэлэлт болоод нийгмийн амьдралд эерэг нөлөө үзүүлэх хөшүүрэг болно.
-Тэгэхээр худалдааны эргэлтийг сайжруулахын тулд юу хийх ёстой вэ?
-Худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газар хэд хэдэн ажлыг санаачлан хийж байгаа шүү дээ. Тухайлбал, өмнө дурдсан Боомтын сэргэлтийн бодлогыг хэлж болно. Худалдааны боомтын тоо, хил гаалийн нэвтрэх хүчин чадлаа нэмэгдүүлэх нь худалдааны эргэлтийг одоо байгаагаас өсгөх нөхцөл болно. Мөн боомтууд хотуудыг холбосон зам харгуйгаа сайжруулж ачаа тээврийн нөхцлөө сайжруулах дэд бүтцийн төслүүдийг хөрөнгө оруулагчдад танилцуулж байгаа, үр дүнд нь мэдээж худалдааны эргэлт нэмэгдэнэ. Дээр нь нэмж хэлэхэд, үндэсний брэнд бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд сурталчлан таниулахад бодлогоор дэмжлэг үзүүлнэ. Энэ нь экспортыг нэмэгдүүлэхэд нөлөөлнө.
-Хөрөнгө оруулалт, худалдаа гэдэг зам тээвэр, хөдөө аж ахуй болон аялал жуулчлалын салбарт хамаатай асуудал. Тэгэхээр та бүхэн аж ахуйн нэгж болоод төрийн байгууллага хоорондын гүүр болж ажиллах нь ээ?
-Манайх хэрэгжүүлэгч агентлаг. Хөрөнгө оруулалт, худалдааны салбарт тулгарч байгаа асуудлыг хэрхэх вэ гэдгийг Эдийн засаг, хөгжлийн яам эрхлэх асуудлынхаа хүрээнд бодлогын түвшинд шийдвэрлэнэ. Харин бид хөрөнгө оруулагч болоод бизнесийнхний гүүр болох үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, Хөрөнгө оруулалт, худалдааны газар нь бизнесийн ертөнцөд “холбон тоглогч” гэж ойлгож болно. Мэдээж хуулийн хүрээнд хэн нэгний эрх ашгийг хөндөхгүй, хохироохгүйгээр ажиллах боломжийг бүрдүүлэх, тулгамдсан асуудлыг нь харъяалах яамандаа танилцуулах зарчмаар ажиллаж байна.
Эцэст нь хэлэхэд, Монгол Улс өнгөрсөн жилүүдийн туршлагадаа тулгуурлан бизнесийн харилцааны хандлагаа өөрчилж “харилцан ашигтай хамтран ажиллах зарчим”-ыг хөрөнгө оруулагчдад санал болгож байгаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Доржийн ОЮУНЧИМЭГ
2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 6. ЛХАГВА ГАРАГ. № 243 (7228)