Төв Ази дахь түншээ тэлье

оруулсан Алсын Хараа

Базарбямбын НЯМСҮРЭН

Төв Азийн тэгш өндөрлөг дэх “стан” таван улс болох Казахстан, Киргизстан, Тажикстан, Туркменистан, Узбекстаныг НҮБ-аас албан ёсоор Төв Азийн улс орнууд хэмээн нэрлэдэг. Харин ЮНЕСКО-гийн тодорхойлолт үүнээс олон улс, өргөн газар нутгийг хамардаг бөгөөд энэ ойлголтоор Монгол Улс газар зүй, нутаг дэвсгэрийн хувьд Төв Азийн улс орны нэгд тооцогдох нь бий. Дэлхийн соёлын өвийг хамгаалдаг, дэлхийд дансалдаг тус байгууллагын хувьд ч манай улсыг Төв Азийн улс орнуудад хамаатуулах шалтгаантай.

Ази тивийн төв хэсэгт нүүдэллэн амьдарсаар олон зууныг угтаж, үдсэн бидний хувьд угсаа гарвал, үүх түүх, соёл уламжлалын ижил төстэй зүйлс олон бий. ЗХУ-ын үед Монгол Улс Төв Азийн тусгаар тогтносон цор ганц улс хэмээн нэрлэгдэж байсан нь ч түүхийн шарлаж амжаагүй хуудаснаа тод бичигдэн үлджээ.

Ардчилал гарч нийгэм солигдохтой зэрэгцэн гадаад бодлогод гарсан томоохон өөрчлөлтийн нэг бол манай улс Зүүн Азийн бүс нутагт хамаарч, энэ бүсийн улс орнуудтай харилцаагаа зузаатгаж ирсэн нь сүүлийн 30 гаруй жилийн олон талт хамтын ажиллагаанаас харагдана. Мэдээж энэ бол гадаад бодлогын тэнцвэрийг хадгалах, түнш орнуудтай эдийн засагт суурилсан олон талт харилцааг хөгжүүлэх, тусгаар тогтнолын аюулгүй байдлаа баталгаажуулах гээд олон ач холбогдолтой. Ийн Зүүн Азийн улс орнуудтай харилцаагаа илүү идэвхжүүлсэн нь манай улс Төв Азийн улс орнуудаас холдсон гэсэн үг биш юм.

Харин ч ЗХУ-аас их бага хэмжээгээр хамаарч, үзэл суртлын дор зэрэгцэн оршиж байсан тэдгээр улс орнуудаас ардчиллын замд эргэлтгүй орж, чөлөөт зах зээлийн хаалгыг анхлан татсан нь Монгол. Тиймдээ ч өнөөдөр тэнцвэрийг хадгалсан, олон тулгуурт гадаад бодлого, ардчиллын үлгэр жишээ зэрэг олон сайны жишгээр бүс нутагтаа төдийгүй дэлхийд үнэлэгдсээр байгаагийн тод томруун жишээ болж байна.

Өнгөрсөн жил манай улсад зочилсон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш “Монгол бол энх тайвны бэлгэ тэмдэг юм” хэмээн Монгол Улс дэлхийн хаахна явааг тод томруун илэрхийлсэн. Мөн 800 жилийн өмнөх урилгыг сануулан наймдугаар сард Монгол Улсад анх удаа морилсон Ромын пап, Гэгээн ширээт улсын тэргүүн Францис “Тэнгэр шиг бай” шүлгийг эшлэн үг хэлэхдээ ч “Оюун санаа, сүсэг бишрэлийн торгон мэдрэмж танай соёлын эд эс бүхэнд гүн гүнзгий шингэсэн учир Монгол Улс шашин шүтлэгийн эрх чөлөөний бэлгэ тэмдэг байх нь аргагүй юм” хэмээн онцолсныг бид гүн талархалтайгаар хүлээн авахын зэрэгцээ тэрүүхэндээ омогшиж байлаа.

Дэлхийд данстай эдгээр эрхмүүд Монгол Улсад ирэхдээ зүгээр л монголчуудад таалагдахаар гоё үгс бэлтгэж хэлэхгүй нь ойлгомжтой. Энэ бол өргөн утгаар нь үзэхэд дэлхий дахинаа сонордуулсан Монголын гадаад бодлогыг үнэлсэн үнэлэмж мөнөөсөө мөн юм. Хэдийгээр бид дотооддоо замын түгжрэл, өвлийн утаа, ногоон автобус, “авлига” хороолол гээд олон асуудалтай ч гадаад орчин дахь нэгдмэл байр суурь, олон тулгуурт гадаад бодлого баримталж чадаж буй нь төрийн тамгыг атгалцаж байгаа эрх баригчдыг ганц ч болов бүлээн үгээр магтах, нэг шалтгаан гэж хэлж болох. Өөрөөр хэлбэл, бид дотооддоо ямар ч асуудалтай байсан гадагш нэгдмэл байр суурьтай, гадаад бодлогоо ганхуулахгүй авч явж буй яалт ч үгүй оновчтой төрийн бодлогын нэг гэж бахархалтайгаар хэлэх нөхцөл юм.

Манай улсын гадаад харилцааны ухаалаг бодлогын талаар бусад улс орнууд суралцах, туршлага судлах хүсэлтээ ч илэн далангүй илэрхийлдэг болж. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн сарын сүүлчээр Киргизстаны нийслэл Бишкек хотноо болсон ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын зөвлөлдөх уулзалтын үеэр ч Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзаж танилцах хүсэлтэй удирдагчид олон байсныг өөрийн нүдээр харж байлаа. Тэд Монголын далайд гарцгүй ч оюун санааны хувьд хязгаарлагдаагүй гуравдагч хөршийн бодлогыг сонирхон, жишиг замнал болгох боломжтой тухайгаа ч илэн илэрхийлж байна. Эндээс харахад бидэнд түр холдсон Төв Азитай харилцаагаа улам гүнзгийрүүлэх, ардчиллын замд анхлан орсных “ах”-ын ёсоор ардчилсан, тэнцвэрт, олон талт гадаад бодлогоо “экспортлох”, амжилтаа ололтоо хуваалцах олон боломж байгаа нь ч харагдаж байсныг нуух юун.

ШХАБ-ын хурал бол жил бүр болдог, ээлжит нэгэн хуралдаан. Мэдээж энэ хуралд Монгол Улсын байр суурийг илэрхийлэн, ажиглагчийн хувиар оролцох нь манай улсын үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын уламжлал. Харин түүнээс илүүтэйгээр олон талт харилцаагаа зузаатгах, эдийн засгийн шинэ гарц эрэлхийлэх, хөршүүдтэйгээ дотночлон ярилцах завшааныг ШХАБ бидэнд олгодог юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ШХАБ-ын Засгийн газрын тэргүүнүүдийн хуралдааны дараа БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян, ОХУ-ын Засгийн газрын тэргүүн М.В.Мишустин нартай уулзаж стратегийн томоохон асуудлуудаа хэлэлцэж, тодорхой шийдэлд хүрч амжсан. Мөн Узбекистаны Ерөнхий сайд Абдулла Ариповтой уулзалт хийж  “Монгол, Узбекистаны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх хамтарсан хөтөлбөр”-ийг ойрын хугацаанд байгуулах, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор хоёр улсын худалдаа, аж үйлдвэрийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсон юм.

Олон улсын удирдагчид, Засгийн газрын тэргүүн нарын хамгийн их сонирхон, туршлага судлах сонирхолтой сэдэв нь манай улсын олон тулгуурт гадаад бодлого, ардчиллын үлгэр жишээ байдал болон эдийн засгийн өсөлт байлаа. Манай улс энэ оны байдлаар 5.8 хувийн эдийн засгийн өсөлттэй байгаа нь бүс нутагтаа дээгүүр бичигдэж буй өндөр үзүүлэлт болоод байгаа.

Төв Азийн улс орнуудын харилцаанд анхаарал татах, цаашид эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагаа өргөжүүлэх боломж байгааг батлах олон жишээ бий. ШХАБ-ыг энэ жил зохион байгуулсан орон болох Киргизстаны хувьд ч парламентын засаглал, ардчиллыг сонгосон бөгөөд нээлттэй нийгэм, улс төрийн намын тогтолцоо сонгуулийн систем, иргэний шинэчилсэн бүртгэл зэргээрээ Монгол Улсаас туршлага судалж ирсэн нь хоёр орны харилцааны хувьд томоохон байр суурь эзэлдэг. Мөн манай улс  тус улсад хөдөө аж ахуйн зарим төрлийн бүтээгдэхүүн, бэлэн хувцас, оёмол сүлжмэл бүтээгдэхүүн голлон экспортолдог бол хүнсний зарим төрлийн ногоо, шоколад зэргийг бид худалдан авдаг. Тоогоор илэрхийлбэл, Киргизстантай гэхэд худалдааны эргэлт өнгөрсөн оны байдлаар 5.12 сая ам.долларт эргэлдэж байна. Харин Узбекистаны хувьд гадаад худалдааны хэмжээ өнгөрсөн жил түүхэн дээд хэмжээнд хүрч, 50 тэрбум ам.долларт хүрчээ. Экспорт ч 2022 онд дээд амжилт тогтоон 19 тэрбум ам.доллар давжээ. Тэгвэл энэ худалдааны эргэлтийг Монгол тийш татах, шинэ урсгал бий болгох нь бидний Төв Ази тийш түншээ тэлэх нэг шалтгаан юм. Бүс нутагтаа томоохон тоглогч гэгддэг, сүүлийн жилүүдэд эдийн засгийн асар хурдтай өсөлт үзүүлж, хөгжиж байгаа Казахстантай ч худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх боломж олон байгааг Монгол Улсаас тус улсад суугаа Элчин сайд Д.Баярхүү манай сонинд өгсөн ярилцлагынхаа үеэр онцлон тэмдэглэж байсан. “Казахстантай газар зүйн хувьд ойрхон боловч хоёр орны худалдааны эргэлт харьцангуй бага буюу ойролцоогоор 20 орчим сая ам.долларт эргэлдэж байна. Хоёр улсын хооронд шууд нислэг нээгдсэнтэй холбоотойгоор бизнес эрхлэгчид олноороо ирж шинэ боломжийг хайснаар худалдааны эргэлт нэмэгдэх бүрэн боломжтой гэж үзэж байгаа” хэмээн тэрбээр өнгөрсөн жилийн өдийд ярилцлага өгч байсан юм.

Үүнээс харахад, худалдаа эдийн засгийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлснээр аль аль талдаа ашигтай харилцааг эхлүүлэх бодит боломж бэлхнээ харагдаж байна. Цаашлаад зөвхөн Төв Азийн орнууд гэлтгүй Иран, Арабын орнуудтай харилцаа зузаатгах, түншээ тэлэх ч боломж бүрдэнэ.

Өөрөөр хэлбэл, Төв Азийн улс орнуудаас хамгийн ардчилсан, чөлөөт зах зээл рүү зоригтой алхаж, орсноороо өнөөдөр ардчиллын үнэлэмжээр ч, Ази тивийн үлгэр жишээ улс гэгдэж сайны жишээ болон тооцогдох болсон бидэнд “гадаад бодлогоо экспортлох”, Төв Ази тийш хараа бэлчээх шалтгаан олон байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 7. МЯГМАР ГАРАГ. № 222 (7207)

Сэтгэгдэл бичих