Д.Болдбаатар: Авто спортын түүхэн дэх анхны гавьяат тамирчин болсондоо баярладаг

оруулсан Алсын Хараа
Гавьяат тамирчин  Д.Болдбаатарыг “Төрийн хишигтэн” буландаа урьж, ярилцлаа.  Тэрбээр Монгол Улсад 1955 оноос хөгжиж эхэлсэн авто спортын түүхэн дэх анхны гавьяат тамирчин билээ.
-Таны аавыг энэ спорттой их ойрхон хүн гэж мэднэ.  Ер нь таныг ааваасаа үлгэр дуурайлал авч, ааваараа дамжиж энэ спортод хөл тавьсан гэж ярьдаг?
-Тийм ээ.  Миний аав Д.Дамдинхорлоо гэж хүн бий.  Автомашиныг оношлох, засах, чадвар эзэмшсэн, олон жилийн туршлага хуримтлуулсан инженер хүн. Манай автомашин сонирхогчид бүгд  л мэднэ дээ.  Тэр ч утгаараа миний бага нас автомашин, мотоцикль дунд, техниктэй ойр, тийм нэг сонин содон ертөнцөд  өнгөрсөн.
Миний анхны унаа гэвэл тэр үеийн 190-ийн дугуй байлаа. Тэр дугуйтайгаа ноцолдоно. Уулын уруу давхиж унаж бэртэнэ. Тэр бүхэн өнөөдрийн Д.Болдбаатарын эхлэл болж байжээ. Мөн манай ах  маань олон жилийн өмнө мотоцикль их сайхан унаж, уралддаг байсан. Аав, ах хоёроо харсаар байгаад техникт хоббитой болж, 16 нас хүрээд анхны тэмцээндээ уралдаж байсан.
Тэгээд 18 нас хүрээд жолооны үнэмлэхээ аваад “Бат хүлэг” тэмцээнд уралдаж, шагналт байрт орж байсан. Тэр шагнал минь тухайн үед их шуугиан тарьж байжээ. Тэр үеийн сонин, хэвлэлээр “Анх удаа уралдсан хэрнээ гуравдугаар байранд орсон” гээд нийтлэгдэж байлаа. Үүнээс хойш л уралдаж байна.
Анх 1997 онд  Япон Монголын хамтарсан ралли тэмцээнд орж байсан. Тэр тэмцээн маань энэ жил 23 дахь жилдээ болох гэж байна. Тэр тэмцээнд миний бие есөн удаа түрүүлсэн байна.
Олон ч удаа улсын аварга боллоо. Ер нь өөрийн амжилтыг дүгнээд харахад их бага хэмжээний 80 орчим тэмцээнд түрүүлжээ. 37 мөнгө медаль, 10 хүрэл медаль хүртсэн байна.  Мөн дэлхийн автоспортын олимп хэмээн яригддаг  Дакар ралли тэмцээнд Монголын тамирчдаас анх удаагаа эх орноо төлөөлөн оролцож байлаа. 2013, 2014, 2015 онд гурван жил дараалан дакарт уралдаж, Монголынхоо Төрийн далбааг Өмнөд америкийн тэнгэрт  мандуулсандаа баяртай байдаг.
-Та “Дакар ралли”-д өрсөлдсөнийхөө дараа “Саран дээр буусан юм шиг мэдрэмж төрсөн” гэж хэлж байсан. Яагаад ингэж зүйрлэсэн юм бол?
-Би саран дээр бууж үзээгүй л дээ /инээв/ Энд тэндхийн нэвтрүүлэг сарны байдлыг ажиж байхад Дакарын зам дөхөж ойртох юм шиг санагдаж байсан. Ер нь өвс ургамал байхгүй. Тэр чигээрээ цөл. Саран дээр амьдралтай дөхөхөөр байсан санагддаг.
-Та мөн авто спортын түүхэн дэх анхны гавьяат тамирчин болсон.  Тухайн үеийн сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Өнгөрсөн хугацаанд хөрөнгө, мөнгө, хүч, чадал бүх зүйлээ л авто спортод зориуллаа. Энэ бүхэн Монголд авто спортыг хөгжүүлэхийн төлөө гэж би хувьдаа ойлгодог.
Энэ хөдөлмөрийг минь төр үнэлж, Монголын авто спортын анхны гавьяат тамирчин хэмээх цолоор шагнасанд баярласан. Үнэндээ би шагнал урамшуулалд төдийлөн дуртай биш. Хойноос нь хөөцөлдөөд байдаггүй. Харин анхны гэх тодотголд сэтгэл их хөдөлгөсөн дөө.
Мөн аав, ээж минь намайг маш сайн дэмжиж, авто спортыг маш сайн ойлгодог. Тиймээс хоёр буурайгаа баярлуулсандаа их сэтгэл хангалуун яваа.  Ер нь авто спорт  гэдэг авьяас их шаарддаг, техникийн спорт.  Авто спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж яваа  гол зорилго минь заавал уралдаан, тэмцээнд оролцдог мундаг тамирчин бэлдэх биш юм.  Хүн техниктэй харилцаад сурчихвал замын хөдөлгөөнд соёлтой оролцдог болно. Авхаалж, самбаа, аливаа зүйлээс хурдан мултарч чадна гээд энэ спортод олон сайн, сайхан зүйл бий. Цаашлаад Улаанбаатар хотын авто замын түгжрэл ч жолооч нарын ур чадвартай холбоотой байна.
Гэрлэн дохион дээр гэхэд уулзвар нэвтрэх хурд гэдэг зүйл олон улсад бий.  Харин манайд тийм  хурд гэж юу байдаг юм гээд загнаад байдаг. Тэгээд дохио асахаар таван машин гардаг, өндөр хөгжилтэй орнуудад 20-30 машин гараад явчихаж байна.
Энэ мэтчилэн соёлд сурах хэрэгтэй. Манай спортоор хичээллэснээр энэ чиглэлд илүү соёлтой болно.  Түүнчлэн хүмүүсийн сонирхдог олон нийтлэг спорт дундаас авто спорт нэлээд өргөн хүрээг хамардаг. Нэг тэмцээн зохиолоо гэхэд 10-15 мянган хүн хамардаг байсан үе бий.  Гэтэл энэ спортыг нэг талдаа орхигдуулсан үе бий. Дандаа нийтлэг спортын тамирчид шагнал урамшуулал авдаг үе ч байлаа.
-Та авто болон мото спортоор зэрэг уралддаг.  Аль нь танаас илүү мэдрэмж, ур чадвар шаарддаг вэ?
-Энэ тухай олон хүн асуудаг л даа. Ур чадвар, мэдрэмжийн хувьд адилхан.  Гэхдээ  би мото спортдоо илүү хайртай.  Мотоциклиор уралдах нь надад илүү их кайф өгдөг.  Гэхдээ насны  онцлогтой спорт юм даа. /инээв/ 12-35 насны хооронд ид уралддаг.  40-өөс дээш насных болоод ирэхлээр бартаат ралли чиглэлд илүү хүч сорих боломж бол бий.
-Өнөөдрийг хүртэл оролцсон олон тэмцээнийхээ түрүүг авчээ.  Хамгийн эрсдэлтэй, хүнд уралдаан хэзээ болж байсан бэ?
-Тийм ээ. Авто спорт аз сорьсон, хүнд спорт л доо. Ганц хүнээс шалтгаалахгүй, техникийн бүрэн бүтэн байдал гээд олон зүйл нөлөөлнө. Гэхдээ уралдааны машин хамгаалалтын карказ төмөртэй, тамирчид хамгаалалтын дуулга, бүс, суудал зэргийг зориулалтын дагуу хэрэглэдэг болохоор унах юм уу, осол гарахад бэртэл, гэмтэл авах нь бага байдаг.
Миний хамгийн  хүнд уралдаан гэвэл мотоциклын уралдаан хүнд байдаг.
Авто спортын олимп гэж нэрлэгддэг Дакар Раллид уралдаж байхад хүнд нөхцөл байдалтай таарсан. Өдөрт мянган километр шороон зам туулж, 14 хоногт 10 мянган километр шороон зам туулсан. Тэр хугацаанд их юм тохиолдоно шүү дээ.
Нэг тэмцээнд таван мянган метр өндөр нурууг мотоциклтой давж байсан. Мөн Өмнөд Америкийн нэг тэмцээнд оролцож байхдаа өргөстэй мод, сул элс, хатуу чулуу гээд хүний нутагт тулгарч болох бүх л саад бэрхшээлийг мотоцикльдоо найдаад давж л байлаа.
Мөн тамирчин хүнд сэтгэл зүй хамгийн чухал нь. Яг уралдаанд гарахын өмнө их догдолдог. Олон машинтай уралдахаар зэрэгцэж зогсох мөч хамгийн сайхан. Нэг уралдаанд дунджаар 200 тамирчин оролцоно шүү дээ. Энэ олон машин дундаас түрүүлэхийн тулд нэлээд авхаалж, самбаа, бэлтгэл хэрэгтэй дээ.
-Та энэ спорттой 16 настайгаасаа холбогдож, нэгэн үеийн түүхийг нь бичиж яваа хүн.  Хөгжлийн үечлэлийг хэрхэн хардаг вэ?
-Мото спорт маань энэ цаг үед их сайхан хөгжиж байна. Олон ч спортын холбоотой боллоо. Жилдээ 11 тэмцээн зохион байгуулагдаж байна.  Формула шиг оноо цуглуулж уралдаж, оны төгсгөлд аваргаа тодруулдаг. Автомастеруудын холбоо нь хамгийн томд тооцогддог.  Яахав зарим салбарт олон холбоо байгуулагдсанаар эв түнжингүй байх асуудал байдаг.  Харин манай Автомастеруудын холбоо бол бүх холбоотойгоо хамтран ажиллахад бэлэн. Миний бие удирдах зөвлөлд ажиллаж байна.
Б.ӨЛЗИЙ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих