Хөрөнгө оруулна гэх хуурамч мэдээлэлд залилуулахгүй байхыг анхааруулав

оруулсан Алсын Хараа

Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгжүүдэд гадаадын хувь хүн, хуулийн этгээдээс “Их хэмжээний хөрөнгө оруулна” гэх агуулгатай хуурамч мэдээлэл ирүүлж залилах тохиолдол сүүлийн үед их гарч байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулав.

Энэ төрлийн залилан нь хөрөнгө оруулагч талын харилцдаг банкнаас хүлээн авсан гүйлгээний баримт гэж харагдахуйц хуурамч (гадаад төлбөр тооцоонд ашиглагддаг “СВИФТ” системийн мессежийн стандартад нийцэхгүй) бичиг, баримт хавсарган иргэд, олон нийтийн итгэлийг олж, хохирогчдоос их хэмжээний мөнгөн шилжүүлэг авах замаар үйлдэгддэг байна.

Иймд иргэд, аж ахуйн нэгжүүд энэ төрлийн залилах гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж, өмнө нь уулзаж, харилцаж байгаагүй, цахим орчинд холбоо тогтоосон этгээдэд банкны данс, гэрийн хаяг зэрэг хувийн мэдээллээ илгээхгүй, мөнгө шилжүүлэхээс зайлсхийх хэрэгтэй юм. Түүнчлэн гадаад улсад байгаа этгээдтэй бизнесийн харилцаа үүсгэж буй тохиолдолд мэргэжлийн хуульч, санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч, тухайн улсын ЭСЯ, ДТГ-аас мэдээллийн үнэн зөв байдлыг тодруулж, баталгаатай эсэхийг нягтлахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Сэтгэгдэл бичих