Танхимд өлгөсөн зураг бүхэн давтагдашгүй өгүүлэмжийг тусгаж, хүмүүсийг гайхшралд хөтөлнө. Харандаа, цаас, зураачийн уран сэтгэмж нэг цогц болон нийгмийн өнгийг зурагт буулгана гэдэг ямар гайхалтай вэ. Яг ийм л бодролыг би танхим дахь олон хүний нүднээс олж харсан юм. Энэ бол Монголын шог зургийн нэрт мастер Ц.Байды гуайн “Байды юу өгүүлэв” шог зургийн үзэсгэлэн байлаа.
Үнэхээр энэ хүмүүний уран бүтээлийн өгүүлэмжийн дотоод мөн чанар, уран сэтгэмж нь тухайн цаг үеийн хүмүүсийн олж хараагүй өнцгийг тусгадгаараа онцлог. Үүгээрээ ч тэр бусдаас ялгарч чаддаг шог зургийн нэрт мастер. Мөн энэ замналд хөл тавьж буй уран бүтээлчдэд тод жим мөр гаргасан гавьяатай нэгэн.
Түүний хөдөлмөр, авьяасыг үнэлж Монголын Урчуудын эвлэлийн нэрэмжит шагнал, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон, Урлагийн гавьяат зүтгэлтэн гээд олон шагнал хөвөрнө. Харин тэрбээр сар шинийн босгон дээр уран зургийн салбарт нэгэн шинэ түүхийг бичиж Монголын шог зургийн анхны Ардын зураач хэмээх эрхэм алдрыг хүртсэн билээ. Ийм нэгэн уран бүтээлийн арвин их сантай эрхмийг “Зууны мэдээ” сонин “Амьдралын тойрог” буландаа урьсан юм.
Сонины булангийн цаасанд буусан анхны зураг "Тоншуул" сэтгүүлийн хоёр. Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Ц.Доржготовын хамт.
Нийтлэлийн баатрынхаа амьдрал хэмээх номны хуудсыг сөхье. 1940-өөд он. Цаг үе тогтворгүй, Солонгост дайн болж байсан үе. Энэ цаг хугацаанд тэрбээр Н.Цэвэг хэмээх айлд удам залгах хүү нь болон мэндэлжээ.Түүний хүн болж, хүй цөглөсөн нутаг нь Дундговь аймгийн Хулд сум. Дэвид довын тал.
Алсын алсад цэнхэрлэж харагдах Хулдын нуруу гээд байгалийн үзэсгэлэн цогцолсон газраас түүний хүүхэд насны дурсамжийн салхи сэвэлзэх аж. Хулдын нуруу хангайн уулсын дэргэд жижигхэн харагдах ч нутгийн иргэдэд дэлхийн хамгийн том уул шиг санагддаг хэмээн тэрбээр өгүүлсэн юм.
Байгалийн үзэсгэлэн цогцолсон төрсөн нутаг, ус нь зураач хүүгийнхээ уран бүтээлийн дээжсийн хойморт залагдаж ирсэн нь гарцаагүй биз. Аав Н.Цэвэг нь монгол бичиг, түвд хэл мэддэг номын эрдэмд шамдсанаас гадна дархан хүн байжээ. Түүнийг мэдээ орсон үед аав нь нутгийнхаа Тээхийн буудлын даргаар томилогдсон байна. Тухайн үед “Үнэн” сонин захиалгаар ирдэг байж. Нутгийнх нь иргэд морь, тэмээгээ унаад эсвэл явганаар тэднийд ирж сонинд юу нийтлэгдсэнийг аав Н.Цэвэгээр нь уншуулж сонсдог байсан гэнэ.
Хүмүүс Солонгосын дайн юу болж байгааг сонирхож асуудаг байжээ. Ялангуяа өвлийн шөнө олон дэн асаагаад л аав нь хүмүүст уншиж өгдөг байсан нь түүний хүүхэд насны тод дурсамжийн нэг аж. Энэ үеэс тэрбээр харандаа цаастай нөхөрлөж эхэлжээ.
Гэрт нь байх “Үнэн” сонины булангийн цагаан цаасыг хайчилж аваад, ааваараа харандаагаа үзүүрлүүлээд эргэн тойрон дахь зүйлсээ сониучирхаж зурдаг байж. Нэг удаа гэртээ байсан бурхныг зураад аавдаа загнуулж байсан гэнэ. Тухайн үед түвд ном, бичгийг шатааж, шашныг бүрмөсөн устгах үзэл бүхий цаг үе байжээ. Түүнийг долоон настайд нь бурхан болсон учраас ээжийнхээ тухай, дүр төрхийг санадаггүй аж.
Зураач удмын түүх
Нийтлэлийн баатрыг маань зурагт дурлуулж, энэ замналд хөтөлсөн хүний нэг бол түүний өвгөн ах Н.Лувсандорж. Ахынх нь тухай бичихийн тулд энэ удмын үр үндэс болсон өвөг дээдсийнх нь тухай түүхэн замналыг сөхье.
Түүний өвөг дээдэс Номон гэж нутагтаа цуутай баян хүмүүс байжээ. Номон удам залгах хүү төрөөгүй учраас нутгийнхаа Олдохын хийдийн хамба Аранжанба Гавж гэдэг хүн дээр очиж учир байдлаа хэлсэн байна. Тэгэхэд Аранжанба Гавж “Чиний 60 насан дээр охиноос чинь хүү төрөх юм байна” гэж хэлсэн гэдэг.
Ийнхүү хэлснээр нь 60 насанд охиноос нь удам залгах хүү төрсөн нь Ц.Байдыгийн өвгөн ах н.Лувсандорж. Мөн 5-6 жилийн дараа нэг охиноос дахин хүү төрсөн нь нийтлэлийн баатрын маань аав Н.Цэвэг аж. Номон гэх хүн ач хүү нараа багад нь Аранжанба Гавжид шавь оруулахаар болж, нутаг даяар найр наадам болсон байна.
Эхлээд ах Н.Лувсандорж нь Аранжанба Гавжид хүндэтгэл үзүүлж шавь оржээ. Дараа нь “Цэвэг хаана байна” гэтэл алга болсон байж. Тэгээд бөөнөөрөө хайж, эрэл сурал болжээ. Удаан хайсны эцэст нутгийн өндөр Ядам гэж хүн дэрс дунд байхыг нь олж харжээ. Тэгээд очтол монгол гутал урдаа тавьчихсан, савар мөрөндөө тулгачихаад зээр буудаж байна гэж тоглож байсан гэдэг.
Үүнийг харсан өндөр Ядам бүсэн дэх сураа аваад ороолгох гэтэл Аранжанба Гавж “Ах нь номын мөр хөөгөөд яваг. Дүү нь төрийн хар хүн болохоор хүн байна. Цаг үе өөр болж байна” гэж хэлжээ. Ийн нийтлэлийн баатрын маань өвгөн ах номын мөр хөөж, багш нь Түвдэд номын их хүнд шавь оруулахаар авч явжээ. Долоон жил номын ухаанд шамдан суралцаж нутагтаа ирсэн байна. Ц.Байды гуай энэ тухай “Би долоон нас хүртлээ мах иддэггүй хүүхэд байлаа. Ах Лувсандорж маань намайг бурхны мөр хөөж гэгээнтэн болно гэж хэлдэг байсан юм. Надад их сайн ханддаг байлаа. Манайд ирэх бүртээ цаас, харандаа авчирч өгнө. Өөрөө хэчнээн сайхан зурдаг гэж санана. Надад зураг зурж үзүүлнэ. Тэгэхдээ харандааныхаа үзүүрийг цааснаасаа салгахгүйгээр гайхалтай зурдаг байсан.
Би ах шиг зурж сурах гэж их оролдоно. Энэ үеэс би зурагт илүү дурлаж, амтанд нь орж эхэлсэн” гэлээ. Ийм л эгэл боргил хөдөөгийн амьдрал, цаг үед түүний хүүхэд насны дурсамж хөврөн өнгөрчээ.
Ер нь Ц.Байды гуайн зураг зурах авьяас багаас байхаас нь улбаатай аж. Учир нь түүнийг 1995 онд зургийн үзэсгэлэнгээ гаргахад түүний эгч Батмөнх “Хэлд ч сайн ороогүй, зургаан настайгаасаа зураг зурж эхэлсэн. Тээхийн буудлын хар гэр, машиныг зураад л суудаг хүүхэд байсан” хэмээн дурссан удаатай аж. Ингэхээр Ц.Байды гуайн амьдралаас уран зургийг ялгаж салгахын аргагүй орон зай ажээ.
Цэргийн шог зураач
Нийтлэлийн баатар маань 12 настайдаа Дэлгэрхангай сумынхаа сургуулийн босгыг алхаж, эрдмийн мөр хөөсөн байна. Тэрбээр сургуулийнхаа онц сурлагатан, сайн зураач байжээ. Долдугаар ангиасаа эхлээд хөрөг зураг зурдаг болсон байна. 10 жилээ Чойр, нийслэлийн 5-р сургууль, Увс аймгийн Баруунтурууны арван жилийг дамжин суралцаж төгссөн байна. Тэрбээр “15 нас хүртлээ зураг зурахыг мэргэжил гэж боддоггүй байсан. Би тавдугаар ангиа нийслэлийн тавдугаар арван жил төгссөн юм.
Нэг удаа Хятадын элчингийн гадуур явж байтал самбар дээрх зураг дээр “Хятадын уран зургийн дээд сургуулийн оюутан” гэж бичсэн байсан. Үүнийг хараад зургийн дээд сургууль гэж байдаг юм байна гэдгийг анх мэдэж байлаа. Тэгээд энэ тухайгаа хүүхдүүдээс лавлахад “Урчуудын хороо гэж том газар бий. Гадаадад сургууль төгссөн мундаг зураачид байдаг гэж хэлж байсан” гэсэн юм.
Ингэж л тэрбээр уран зураг гэдэг хязгааргүй том ертөнц гэдгийг ойлгожээ. Ийнхүү арван жилээ төгсөөд цэрэгт их бууны тусгай дивизийн клубын зураач томилогдсон байна. Цэрэгт түүний гүйцэтгэх ажлын нэг бол ханын сонин хийх. Тэрбээр сониндоо цэргүүдийн дотор болж байгаа үйл явдлыг шог байдлаар зурна. Дандаа шоглож зурахгүйгээр ангийнхаа зарим онц сурлагатай цэргүүдийн зургийг ч зурдаг байж. Ханын сонины бичгийг дөрвөлжин дармал үсгээр бичдэг байжээ. Мөн нийтлэлийн баатрын маань бас нэгэн ертөнц бол шүлэг, найраглал бичих.
Тэрбээр цэрэгт байхдаа “Улаан од” сонинд бичсэн зүйлсээ нийтлүүлдэг байж. Энэ тухайгаа “Цэргүүд сонин уншиж байхад нь миний бичсэнийг сонирхож байна уу гэж харна. Гэтэл байдаггүй шүү. Огт сонирхож байгаа хүн алга. Зарим нь уншсан хэрнээ огт тоодоггүй байлаа” гэсэн юм.
Харин нэг удаа түүний зурсан шог зурагтай сонин клубын хананд өлгөөтэй байхыг “Улаан од” сонины сурвалжлагч хараад "Энийг хэн зурсан юм бэ" гэж асуужээ. Тэгээд энэ зургийг сонинд нийтлэмээр байна. Дахиад зураад өгөөч гэж хүсжээ. Тэгэхээр нь зургаа хайчлаад өгчихөж. Ингэж түүний зурсан шог зургууд “Улаан од” сонинд нийтлэгдэж, олонд түгжээ. Энэ үед Дархан хотыг байгуулж байсан үе учраас төмөр зам тавихаар ангийн цэргүүд нь явсан байж. Цэргүүдээс “Чиний зураг сонин дээр гарсан байна. Ямар мундаг авьяастай юм бэ” гэсэн захиа хөвөрч энэ үеэс хошин зураг зурах үндэс тавигдсан байна.
“Би амьдралынхаа турш найрсаг шог зураг зурсан” Ц.Байды шог зураачдынхаа дунд.
Ийнхүү тэрбээр цэргээс халагдаад Дундговь аймгийнхаа Урчуудын хорооны гишүүн болжээ. Энэ үед илгээлтийн эздийн тухай "Их замын эхэн" нэртэй анхныхаа монгол зургийг зурсан байна. Мөн шог зураг зурж, сонинуудад нийтлүүлдэг байж. Ингэхдээ голдуу наргиа шог зураг байсан гэнэ. Энэ тухай “Би амьдралынхаа турш наргиа шог зураг зурсан. Наргиа шог зураг шүлэг хоёр ижилхэн. Хүний сэтгэлд буухдаа хөнгөн мэдрэмжийг төрүүлдэг мөртлөө цаана шүүмжлэлийг тусгасан байдаг” хэмээн уран бүтээлийнхээ тухай өгүүлсэн юм.
Түүний амьдралд нэгэн шинэ ертөнц нээгдсэн нь ОХУ-д Строгановт сурсан явдал. Тэрбээр цэргээс халагдаад Орос руу сургуульд явах хүсэлтэй байсан ч зургийн дунд сургуульд төгсөөгүй гээд хоёр удаа татгалзсан байна. Тэгээд хэд хэд шалгалт өгч тэнцэж зорилгодоо хүрчээ.
Ийнхүү тэрбээр зураасан зургийн ангид зургаан жил сурсан байна. Энэ хугацаандаа дэлхийн нэрт зураачдын үзэсгэлэнг байнга үздэг байсан түүний нь уран бүтээлийн цар хүрээг тэлсэн, суралцсан цаг хугацаа байв. Ц.Байды гуай бол Монголын уран зургийн салбарт олон жимийг татсан нэгэн. Тэрбээр Монголдоо анх удаа шог зургийн үзэсгэлэнг гаргаж, уран зураг сонирхогчдыг өөр ертөнцөд хөтөлж чадсан юм. ОХУ-д сурч байхдаа үзэсгэлэн гаргахаар төлөвлөж найрсаг шог зургийн төрлөөр зургууд зурж байжээ. Тэрбээр “Шог зураг зурахад цаг хугацаа их шаардагддаг. Зургийнхаа уран санааг олсон ч шог санаандаа тохирсон зураасаар зурах хэрэгтэй. н.Цогоо, н.Чимэддорж бид нар энэ салбарт тууштай зүтгэсний шанд шог зураач гэсэн нэр зүүх эрхтэй болсон. Залуу үеийнхэн маань хамгийн найрсаг хийгээд утга агуулга бүхий шог зургийг бүтээхийн төлөө хичээж, ард түмнээ баясгаасай гэж боддог байсан. Би гадаадын олон үзэсгэлэнд өөрийнхөө болон бусад зураачдынхаа шог зургийг авч явдаг. Монголын зураачид өвөрмөц шог зурагтай юм байна гэж хэлвэл бидний хувьд хамгийн том шагнал. Би энэ шагналаа авч чадсан. Учир нь бусад оронд манай улсын зураачдыг өвөрмөц ертөнцтэй шог зурагтай гэж дүгнэдэг” гэлээ.
Аавынхаа авьяасын үргэлжлэл гурван зураач
Тэрбээр олон гайхалтай өгүүлэмж, өнцөг бүхий үзэсгэлэнг уран зураг сонирхогчдод толилуулсан. Үзэсгэлэн бүртээ өөр мэдрэмж, шинэ өнцгийг тусгахыг хичээдэг гэдгийг нийтлэлийн баатар маань хэлж байлаа. Тэрбээр амьдралынхаа 60 гаруй жилийг энэ салбарт зориулж, арвин их бүтээлийг өлгийдсөн юм. Түүний байгалийн зургаас тод өнгийг илүү олж хардаг. Мөн Ц.Байды зураачийн говийн тухай дүрслэн зурсан зургууд нь хэчнээн тансаг гэж санана.
Тэрбээр “Би өөрийнхөө бүх л зурсан зургийг хүүхэд шигээ хайрладаг. Миний залуу нас хийгээд амьдралын минь бүхий л цаг үеийн хичээл зүтгэл хөдөлмөрөө гаргаж хийсэн бүтээлүүд учраас надад үнэ цэнтэй санагддаг. Харин өөр хүн бол шүүмжилж болно. Хожим хойно миний зурсан зурагтай нэр минь хамт үлдэх учраас хичээх ёстой гэж боддог” хэмээн уран бүтээлийнхээ замналын талаар хуваалцсан юм.
Тэрбээр уран бүтээл нь ид оргилж явах үедээ амьдралынхаа ханьтай танилцжээ. Дундговь аймагт техникийн байцаагч гээд хүн очжээ. Түүний охин Г.Наранцэцэг бол манай нийтлэлийн баатрын амьдралын хань. Нэг өдөр урчуудын салбарт байхад нь “Та миний туфлийг цагаанаар будаад өгөөч” гэж ирснээр тэд анх танилцсан байна. Ийнхүү тэрбээр 27 настайдаа өрх тусгаарлаж, дөрвөн хүүхдийн ээж аав болжээ. Эхнэр нь эх баригч мэргэжилтэй аж. Харин гурван хүүхэд нь аавынхаа мэргэжлийг өвлөж зураач болжээ.
“Уран бүтээлч өөрийгөө үргэлж тордож өнгөлөх хэрэгтэй”
Ц.Байды гуай бол шог зурагт тод жим мөр татаж, олон шавийг хөтөлсөн багш. Тэрбээр шавь нартаа шог зураг зурахын тулд сэтгэх хэрэгтэй гэж хэлдэг аж. Аливаа зүйлийг хүний хараагүй талаас, өөр өнцгийг харж зурах хэрэгтэй гэдгийг онцолж байлаа. Нийтлэлийн баатар маань уран сэтгэмж, дүрслэлийн голыг нь олоод зурчихдаг нэгэн. Тиймээс түүний зургуудаас дутуу гэсэн зүйл харагддаггүй болов уу. Уран бүтээлчдэд санаагаа олсон, бүтээлээ туурвисан агшин сэтгэлд үргэлж тод байдаг байх. Тэгвэл түүний нэгэн бүтээл төрсөн, амьдралынх нь нэгэн үнэт мөчөөр аялъя. Тэрбээр “Би “Тоншуул” сэтгүүлд уран сайхны редактороор ажилладаг байлаа. Бусад зураачдынхаа зургийг редактарлаж сэтгүүлдээ хэвлэнэ. Тухайн үед зураачид сард хоёр зураг зурах даалгавартай байв. Амралт болоод тэр үед нутгийнхан маань урьсан юм. Намайг "Сүм хөх бүрд"-ийн амралтад амрах эрх өглөө. Тэр үед “Зураг зурахгүй сайхан амаръя” гэж бодоод харандаа цаасаа орхиод явлаа. Аймаг, сумдын сайн малчидтай хамт амарсан юм.
Амралт дуусаад ажилдаа ирэхэд дарга маань “Хоёр зургаа зурна шүү” гэж байна. Тэгээд зургаа зурах гэсэн санаанд юу ч буудаггүй. Долоо хоног боллоо. Сэтгүүл гарах цаг дөхөөд байдаг. Нэг өдөр явж байтал музейн урд талд байрлах арслан надад нохой шиг харагдсан юм. Тэр үед залуучууд үсээ урт ургуулаад л их өвөрмөц хувцасладаг байлаа.
Тэгээд миний санаанд хөрөнгөтний хувцас өмссөн залуугийн хойноос музейн урд талын хоёр арслан үсэрч буугаад урах гэж буйгаар зургийн уран дүрслэл орж ирсэн юм. Ер нь уран бүтээлч өөрийгөө үргэлж тордож өнгөлж байхгүй бол зэвэрдэг. Түүнээс хойш нэг өдөр ч цаас харандаанаас салаагүй, зурахгүй юмаа гэхэд бичдэг болсон. Бас өглөө бүр зураг зурна. Зургийн санаа буухаар шөнө босоод ч хамаагүй зурна. Би их олон тэмдэглэлийн дэвтэртэй. Уран бүтээлч хүн санаагаа байнга тэмдэглэж байх хэрэгтэй.
Мөн нэг уран санаа олоод түүнийгээ зураад орхичихдог. Сар, эсвэл жилийн дараа түүнийгээ хараад улам сайжруулна, засна гээд өөрчлөх тохиолдол байна. Энэ дадал нь аливаа зүйлийн цаад өнцгийг хардаг болох чадварыг суулгадаг” хэмээсэн юм.
Шог зураг өнгөгүйгээр гайхалтай тод дүрсэлж харуулж чаддаг өвөрмөц төрөл. Хар, цагаан өнгө бол сонгодог өнгө юм гэдгийг Ц.Байды гуай зургуудаараа харуулж чаддаг. Цаашдаа ч түүний зурсан зургууд цаг хугацаанд үнэ цэнээ алдалгүй түүчээ болон хэдэн зууны турш хадгалагдана. Тийм ээ, Ц.Байды хэмээх эрхэм бол Монголын уран зургийн салбарт гайхалтай ертөнцийг бүтээж, цогцлоож яваа яах аргагүй Ардын зураач юм.
Пүрэвдашийн АМГАЛАНБАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин