Монголчууд гурван саяулаа, дундаж наслалт нь 65. Дэлхийн долоон тэрбум хүнээс бид ген, цус, удам угсаагаараа ялгардаг. Тэгвэл бидний амьд явах эрх, эрүүл мэндэд хамгийн ойроос заналхийлж байгаа нэг том хүчин зүйл нь эмийн зохисгүй хэрэглээ болоод чанаргүй эм юм. Энэ тухай “Зууны мэдээ” сонин “Асуудал-Шийдэл: Эрүүл мэнд” буландаа цувралаар хөндөж байгаа билээ. Бид өмнөх дугаартаа эмийн үйлчлэл зургаан сарын настай бөгөөд манай улс эмийн чанар, хугацаа, хадгалалтдаа хэрхэн анхаардаг тухай сурвалжилсан. Харин энэ удаад манай улсад орж ирж буй эм ихэвчлэн ямар улсаас орж ирж байгаа тухай хөндөхөөр бэлтгэлээ.
ЭНЭТХЭГ УЛСААС 423 ТӨРЛИЙН ЭМ ИМПОРТООР АВДАГ
Сонгинохайрхан дүүргийн эмнэлзүйн лаборант Б.Хандсүрэн “Манай улсад импортоор ирж буй эмийн 70 хувь нь Европоос ирдэг гэсэн судалгаа бий. Ялангуяа Энэтхэг, Солонгос улсаас ирдэг. Эмийн чанарыг тодорхойлсон нарийн судалгаа манай улсад ховор. Мөн импортоор орж ирж буй эмийг МХЕГ хариуцаж, хараа хяналт тавьдаг байсан. Одоо энэ тогтолцоо алга. Тиймээс ард иргэд эмийн чанарт эргэлзэх нь аргагүй.
Бидний хувьд бүх эмэнд шинжилгээ хийгээд байх боломжгүй. Ихэвчлэн түүврийн аргаар шинжилгээ, судалгааг хийдэг” гэсэн юм. Манай улсын зах зээл дээр эргэлдэж буй эмийн 80 хувь нь гаднаас импортоор орж ирдэг ажээ. Ингэхдээ хамгийн их буюу 423 төрлийн эм бэлдмэлийг Энэтхэг улсаас импортолдог байна. Харин Германаас 369, БНСУ-аас 261 төрлийн эм худалдаж авдаг юм.
Мөн 2018 онд хийсэн судалгаагаар эдгээр эмийн 15 хувь нь бүртгэлгүй гэсэн судалгааны дүн гарсан байна. Харин 2019 онд хийсэн судалгаагаар энэ тоо 11 хувь болж буурсан байдаг. Гэтэл өнгөрсөн жил Төрийн аудитын байгууллага төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтэд гүйцэтгэлийн аудит хийсэн. Үүгээр 14 хувь нь стандартын бус, 19 хувийг бүртгэлгүй эм эзэлж байгааг тогтоосон байна. Тэгвэл бидний эмийнхээ ихэнх хувийг авдаг Энэтхэг улсад үйлдвэрлэсэн эм хэр чанартай бол. ДЭМБ-аас Монголд сүрьеэгийн эсрэг эм нийлүүлдэг Энэтхэгийн “Svizera” үйлдвэрийн эм бэлдмэлийг баталгаагүй гэж тодорхойлсон. Гэвч бид уг үйлдвэрийн баталгаагүй эм, бэлдмэлийг өнөөдрийг хүртэл хэрэглэсээр байгаа юм. Тодруулбал, монголчуудын нас баралтын гол шалтгаануудын эхний зургадугаарт тооцогдож буй сүрьеэ өвчнөөр жилд 4000 гаруй хүн оношлогдож байгаа юм. Тэгвэл энэ өвчнөөр өвдсөн өвчтөн ихэвчлэн Энэтхэгийн “Svizera” үйлдвэрт үйлдвэрлэсэн эмийг түгээмэл хэрэглэдэг ажээ. Ялангуяа манай улсад сүрьеэ өвчний эрчимтэй эмчилгээнд өргөн хэрэглэдэг Рифампицин 150мг+Изониазид 75 мг+Этамбутол 275 мг+Пиразинамид 400 мг хавсарсан эм нь шаардлага хангахгүй нь тогтоогджээ.
“ЦАХИМААР ЗАРЖ БУЙ ИХЭНХ ЭМ НЬ БҮРТГЭЛГҮЙ”
Бид өнөөдөр өвдөх эрхгүй мэт амьдарч байна. Хэрэв өвдлөө гэхэд юунд итгэх вэ. Эрүүл мэндийнхээ төлөө мөнгө хайрлалгүй авч хэрэглэсэн ч тэр нь шаардлага хангахгүй, чанаргүй байхаар яах вэ. Эрүүл мэнд цаашлаад амь насаараа тоглуулсаар байх уу.
ЭЭХХЗГ-ын эм шинжлэх лабораторийн дарга эм зүйн ухааны доктор Э.Сарнайзул “Лабораторид эмийн түүхий эд болоод биологийн идэвхит бүтээгдэхүүнийг шинжилдэг. Бидний хувьд дэлхий дахинд ашигладаг багажаар дотоодын болон импортоос орж ирж байгаа эмийн чанарын хяналтын шинжилгээг хийдэг. Шинжилгээний хувьд лабораторид ирж буй эмийн үйлчлэгч бодис нь байгаа эсэх, агууламж нь олон улсын баримт бичиг стандартын дагуу байна уу гэдгийг шинжилдэг. Эм шинжлэх лаборатори 2022 онд нийт 1957 дээж 20242 үзүүлэлтээр шинжилгээ хийж гүйцэтгэсэн” гэжээ.
Харин биобэлдмэлын хяналтын улсын байцаагч Х.Солонго “Иргэд эм болон биологийн идэвхт бүтээгдэхүүн худалдан авсан тохиолдолд http://licemed.mohs.mn/ цахим санд хандаж тухайн эмийн мэдээлэл хүчинтэй хугацаа, хэрэглэх заавартай танилцах боломжтой. Мөн сүүлийн үед иргэд цахимаар эм болон биологийн идэвхт бүтээгдэхүүн худалдан авах нь ихэссэн. Тэгвэл онлайнаар борлуулж буй дийлэнх эм нь улсын бүртгэлд бүртгэлгүй байдаг. Энэ нь тухайн бүтээгдэхүүнд чанарын баталгаа хийгдээгүй байна гэсэн үг” гэсэн юм. Мөн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас өгсөн мэдээллээр “Импортын болон дотоодод үйлдвэрлэгдсэн эмийг эхний ээлжинд зохистой орчинд үйлдвэрлэгдсэн эсэхийг хянадаг. Үүний дараагаар найрлага, тун, идэвхийг нягталж тогтвортой эсэхийг тогтооно. Мөн хөндлөнгийн итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээ хийлгэсэн эсэхийг шалгаж, ДЭМБ-аас сэрэмжлүүлсэн жагсаалтад орсон эсэх, үйлдвэрлэгч улсын эмийн жагсаалтад орсон үгүйг шалгадаг. Ийнхүү нэг эмэнд дунджаар 7-8 үзүүлэлтээр шалгалт хийдэг" гэв.
ЭНЭТХЭГ, БНХАУ-ЫН ЭМИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН 40 ГАРУЙ ХУВЬ НЬ ХУУРАМЧ
ДЭМБ-аас ОХУ, Энэтхэг, БНХАУ-ын эмийн үйлдвэрлэлийн 40 гаруй хувь нь хуурамч, тухайн улсдаа хэрэглэдэггүй, хөгжингүй, буурай орнууд руу бизнесийн шугамаар шахах зориулалтаар үйлдвэрлэдэг хэмээн зарласан билээ.
Узбекистан улсын эрүүл мэндийн яам Энэтхэгийн компанийн үйлдвэрлэсэн ханиадны сиропыг хэрэглэсэн 18 хүүхэд амиа алдсан тухай мэдээлсэн. Тус эмийг үйлдвэрлэсэн "Marion Biotech" компанийн үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож, шалгалтын ажлыг эхлүүлснээ Энэтхэгийн эмийн хэрэглээг зохицуулах газар мэдэгджээ.
Тэгвэл Энэтхэгээс манай улсад нийлүүлж буй ханиадны сиропон эмийн чанарт анхаарч, хяналт тавьж буй эсэх талаар Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар мэдээлэл хийсэн юм. "Монгол Улсын хэмжээнд 2022 оны байдлаар хөвмөл, сироп хэлбэрийн 225 нэр төрлийн эм бүртгэгдсэн байна. Үүнээс 25 нэрийн эм буюу 11.1 хувь нь Энэтхэг улсаас бүртгэгдсэн сироп эм эзэлж байгаа юм. Энэ оны байдлаар 31 аж ахуйн нэгж байгууллагын 86 худалдааны нэршлээр, 21 улсаас 45 үйлдвэрлэгчийн 15.873 флакон сиропон эмэнд 292 импортын лиценз олгогдсон байгаа. Харин Энэтхэг улсын зургаан үйлдвэрлэгчийн 16 худалдааны нэршилтэй 591.877 флакон сироп эмийг импортлох хүсэлт гаргасан долоон эм ханган нийлүүлэх байгууллагад 23 удаагийн импортын лиценз олгосон" гэлээ. Тэгэхээр 18 хүүхдийн амийг авч одсон үхлийн эм манай улсад худалдаалагдсаар байна гэсэн үг. “Улмаар 693 байгууллагад 9.543 заалт бүхий улсын байцаагчийн зөвлөмж хүргүүлж, биелэлтийг хангуулан ажилласан. Зөвлөн туслах үйлчилгээний явцад БНЭУ-д үйлдвэрлэгдсэн сироп эмтэй холбоотой зөрчил илрээгүй" гэж харьяа байгууллагаас нэмэлт тайлбар хийсэн ч үүнд 100 хувь итгэх нь зөв үү. Бидний ирээдүй болсон хүүхэд багачууд чанаргүй эмийн золиос болох учиргүй.
НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ЛАБОРАТОРИ ШААРДЛАГАТАЙ
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрынхантай уулзаж, үйл ажиллагаатай нь танилцаж, тулгамдаж буй асуудлуудынх нь талаар ярилцлаа. Энэхүү газар нь эрдэнэт хүний амь, эрүүл мэнд цаашлаад монгол хүний удмын сан, үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах эмийн чанарт хяналт тавьж, зохицуулалт хийх үүрэгтэй. Гэвч одоогоор өөрийн байргүй, эмийн чанарын хяналтыг хийх лавлагаа лабораторийн тоног төхөөрөмж дутагдалтай, эмийн чанар, аюулгүй байдлын тандалт хийх төсөв санхүү хангалтгүйгээс гадна эмийн хяналт, зохицуулалтад нэгдсэн байдлаар цахим тогтолцоо бүрдээгүй зэрэг тулгамдсан асуудал байгааг тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч н.Зэндмаа онцолж байсан юм. Монгол Улсад энэ оны хоёрдугаар сарын 1-ний байдлаар 4196 нэрийн эм бүртгэлтэй байгаагийн 80 хувь нь импортоор орж ирдэг.
Сүүлийн жилүүдэд хатуу зохицуулалттай улс орноос оруулж ирэх эмийн хэмжээ буурч байгаа гэсэн мэдээллийг тус газрынхан өгч байв. Харин Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эмийн чанартай холбоотой асуудалд онцгой анхаарч, хяналт тавих чиг үүрэг бүхий нэгжийг чадавхижуулж олон улсын жишигт нийцсэн лабораторитой болгох ёстой гэсэн байр суурьтай байгаагаа онцолсон.
Мөн “Олон улсад эмийн чанарын хяналтыг найман үзүүлэлтээр гаргадаг бол манайд ердөө гурвыг нь л хийж байгаа. Энэ байдлыг сайжруулахад таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо гаргасан. Энэ асуудлыг улсын төсвөөс гадна ДЭМБ болон олон улсын бусад байгууллагын дэмжлэгээр шийдвэрлэх арга замыг судалж шийдвэрлэх боломжийг хайж байна” гэж хэллээ. Үнэхээр эмийн чанарын асуудал яригдаж буй энэ үед импортоор орж ирж буй эмийг үнэн бодитоор шинжлэх лаборатори нэн чухал байгааг энэ удаагийн нийтлэлээрээ бид хөндлөө.
Чойжилсүрэнгийн Гантулга
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин