Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал "Өдрийн сонин"-ы 2022.05.03-ны Мягмар гарагийн №083(6956) дугаарт сэтгүүлч Ц.Баасансүрэнд ярилцлага өгчээ.
Түүний ярилцлагаас онцлох эшлэлийг хүргэж байна.
- Орос, Украины үйл явдлаас болоод дэлхий нийтээрээ цоо шинэ хүндрэл рүү орчихлоо.
- Чиний буруу миний буруу, хямрал хэр удаан үргэлжлэх вэ мэт шүүмжлэл таамгуудаа цэгцлээд цаашаа яаж явах вэ гэсэн сонголтын өмнө ирчихлээ л дээ, улсаараа
- Ер нь зөвхөн уул уурхайгаас хамааралтай Монгол шиг жижиг эдийн засгийн хувьд сорилт байнга тулгардаг. Биднээс хамаарахгүй ирэх шок нэмэгддэг, буурдаг үе гэж бий.
- Ийм хэцүү сонголт, үргэлжилсэн урт хугацааны сорил дэлхийн түүхэнд байнга тохиолдоод байдаггүй.
- Бидний хувьд сүүлд тохиосон сорилт гэвэл 2013-2015 оны хямрал. Нүүрс 30 ам.доллар болоход ийм нөхцөл байдалд орж байсан. Валют олохгүй байгаа шалтгаан нь өөр ч эдийн засагт үзүүлэх нөлөө нь тэр үетэй их төстэй.
- Нүүрс 30 ам.доллар руу уруудах үед тээвэрлэж аваачаад ч ашиг хийхгүй нөхцөл үүсчихсэн байсан. Өөрөөр орлого олохгүй нөхцөлтэй улсаараа нүүр тулчихсан. Гэтэл өнөөдөр нүүрсний үнэ 200 ам.доллар давчихсан яваа. Үнэ нь ийм өндөр учраас эхний улирлын экспортоо гурав, дөрөв дахин эрчимжүүлэхэд нөхцөл байдал шууд эргэчихээр байгаа.
- Арван жилийн өмнө 30 сая тонн нүүрс экспортолно гэдэг үлгэрийн тоо сонсогддог байсныг та бид мэднэ. Одоо 30 сая тонн бол хэвийн, гаргаж болохоор л хэмжээ.
- Ипотекийн зээлийн төлөлтийг сэргээхээр сард 40 тэрбум төгрөгийн эрэлт алга болно. Тэр хэмжээгээр инфляц буурна.
- Бид зохицуулалттай хөвөгч ханштай улс. Тэгэхээр валютын ханшийг зах зээлийнх нь жамаар аливаа хиймэл хязгаарлалтгүйгээр зохицуулж явах нь зөв гэж бодож байна. Валютын хяналт, хязгаарлалт ер нь буруу.
- Экспорт жигдэрчихвэл инфляц, төсөв, импорт, ханш, бизнес орчин, зээл гэх мэт макро, микро олон асуудал эрс багасах нь тодорхой.
- Орос, Украины асуудлаас болоод дэлхийн худалдааны төлбөр тооцоонд төв банкууд хоорондын үндэсний валютын своп хэлцлүүд эрчимтэй хэрэглэгдэх шинжтэй байна.
- Засгийн газар төрийн өмчит компаниудынхаа тодорхой хувийг олон нийтэд арилжаална гээд шийдчихлээ. Улсын үйлдвэрийнхээ тодорхой хэсгийг олон нийтэд зарчихаар гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх эерэг нөлөөтэйгөөс гадна эрэлтийн гаралтай инфляц, улсын төсвийн алдагдал буурах учиртай.
- Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт оны эцэс гэхэд бодитойгоор гурав, дөрвөн тэрбум ам.доллар болчих байх. Төв банкны ерөнхийлөгч доллар олох өөр боломжууд ч бий гэж дуугарсан. Ойрын хоёр сард багагүй мөнгө орж ирнэ гээд байгаа. Валютын орох урсгал нэмэгдчихээр ханш, инфляцын нөлөө буурч л таараа. Нэг үгээр хэлбэл, дээр хэлсэн бүхэн ажил болбол эдийн засаг ОУВС-ийн таамагласан 2, төв банкны тооцож буй 2.5 хувиас давах бүрэн боломжтой.
- Экспортоос олох валютаа найм, есөн тэрбум ам.доллар гээд яваандаа ахиулах потенциал ч бидэнд байна.
- Алтны ханш сүүлийн 15 жилийн дотор гурав дахин нэмэгдлээ. Олон улсын геополитикоос харвал цаашид ч өсөх магадлалтай байна.
- Өрийн хэмжээгээ бууруулъя гэвэл эдийн засгаа тэлэх хэрэгтэй.
- Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хоёрыг хөндлөнгөөс харахад ажлаа аваад шууд КОВИД-той золгосон хүмүүс. Тэднийг ажлаа эхлэх үед КОВИД-ыг хэн ч ийм удаан үргэлжилнэ гэж мэдээгүй, КОВИД-оос болоод дэлхийн эдийн засаг, худалдаа тэр чигээрээ хоёр жил гацна гэсэн төсөөлөл ч байгаагүй. Амаргүй цаг үед амаргүй шийдвэр гаргаж явсаар өнөөг хүрсэн хүмүүс гэж хардаг.
- Жишээ нь, 10 их наядын хөтөлбөрийг зөв, буруу гэж олон янзаар ярьдаг. Хөтөлбөрийн гурван их наяд орчим нь 2021 онд зарцуулагдсан байх. Хэрэв энэ хөтөлбөрийг цаг алдалгүй батлаагүй бол эдийн засаг 2021 онд хасах дүнтэй гарах байсан. Хасах дүнтэй гарсан бол олон аж ахуйн нэгж, нийт санхүүгийн салбар, олон мянган ажлын байранд маш сөрөг нөлөө үзүүлэх байсныг урьдчилан сэргийлж чадсан. Ингэж чадсан учраас ДНБ 1.4 хувийн өсөлттэй гарсан шүү дээ. Давтаад хэлэхэд, эдийн засгийг зөөллөсөн гурван их наяд байгаагүй бол манай эдийн засаг одоогийнхоос илүү хүнд сорилттой тулах байсан.
- Дэлхийн олон орны тухайд төв банк нь Засгийн газартаа харьяалагдаж ажилладаг. Наад захын жишээ гэхэд л Япон байна. Харин манайх бол тийм биш. Гэхдээ нэг л эдийн засгийн тухай ярьж байгаа болохоор өөр хоорондоо хэлэлцэж алхаа гишгээгээ тааруулж явах нь зөв.
- Ипотекийн талаарх Засгийн газрын шийдэл орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх бодлого болж хувирч байгаа бол зөв. Тэгвэл том утгаараа эдийн засгийн том асуудлыг шийдчихэж байгаа юм. Эдийн засгийн төвлөрлийг бууруулж, орон нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих нь манай эдийн засгийн сүүлийн 30 жил шийдэж чадахгүй яваа том асуудал.
- Юуны өмнө нэг зүйлийг онцолмоор байна. 2012 оны Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн тухайд Засгийн газар, УИХ-аар хэлэлцээд гаргасан шийдвэр. УИХ-аас гаргасан 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үүрэг нь төв банканд ирсэн. Тэр үед үнэ тогтворжуул гээд тогтоол гаргаж өгч байсан бол одоо хууль батлаад үүрэг өгч байна.
- Үнэ тогтоох, үнэ тогтворжуулах хоёр чинь тэс өөр ойлголт. Үнэ тогтоох нь эдийн засгийн маш хатуу нэр томьёо. Харин үнэ тогтворжуулахын тухайд өөр хэрэг. Үнэ огцом өссөн үе буюу зах зээл дээр эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр алдагдсан үед үнэ тогтворжуулах зайлшгүй шаардлага үүсдэг. Үнэ тогтоох нь price fixing, үнэ тогтворжуулах нь price stabilization. Үнэ тогтворжуулахын тухайд дэлхийн бүх төв банкны хуулиар хүлээсэн үүрэг, мандатад байдаг зүйл.
- Нийлүүлэлтийн асуудал байвал нийлүүлэлтийг нэмж байж л асуудлыг шийддэг. Ингэж байж эрэлт, нийлүүлэлтийн хууль үйлчилж тэнцвэр бий болдог юм. Эрэлтийг хумиад тэнцвэржүүлэх арга бий ч эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлж, улмаар ажилгүйдлийг нэмдэг. Тэр утгаараа ажилгүйдлийн түвшин маш бага тохиолдолд л хэрэглэж болох арга хэрэгсэл гэж үздэг.
- Өнөөгийн нөхцөлд гадаад шок үүсэж, импортын үнэ эрс нэмэгдэж, нийлүүлэлт гацах эрсдэлтэй тулгарч байна. Ийм учраас нийлүүлэлтийг тогтворжуулах, хангалттай нөөц бүрдүүлэх, дотоод үнийн тухайд аажмаар нэмэгдэх боломжийг бий болгох зорилгоор үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх гэж яваа нь Засгийн газрын хувьд шийдэл зөв.
- Инфляцыг бага байлгаснаар л бид дундаж давхаргынхаа орлогыг хамгаалж чадна. Инфляц бууж байгаа тохиолдолд бид ипотекээ нэмж болно, бизнесийн хөрөнгө оруулалт, зээлээ өсгөх боломж нээгдэнэ. Засгийн газар үнэ тогтворжуулах замаар инфляцаа буулгана гэж байгаа нь цаанаа ийм ач тустай нь ойлгомжтой.
- Төрийн өмчит компанийн тодорхой хувийг олон нийтэд санал болгож нийтийн мөнгийг татах нь төв банкны өнцгөөс харвал инфляцад эерэг нөлөө үзүүлнэ. Эерэг нөлөө нь ингээд ч зогсохгүй. Бизнесийн хувьд үйл ажиллагаа нь ил тод болох хэрээр авлига, үргүй зардлууд хэмнэгдэнэ. Энэ мэт эерэг нөлөөнүүдийг эдийн засагт авчирна. Улсын үйлдвэрүүдийнхээ хувийг олон нийтэд санал болгоно гэдэг либералчлалын маш том алхам гэж олон улсад үздэг.
- Төр өмчийнхөө тодорхой хувийг хувийн хэвшил рүү шилжүүлж, ачаагаа хуваалцах нь дэлхийн улсуудын хүндрэлээс гарсан шийдлүүдийн нэг.
- Эдийн засаг сайн, муу ямар ч үед Монгол улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд зайлшгүй хийх ёстой ажлуудыг Шинэ сэргэлтийн бодлогод тусгажээ гэж харж байна.
- Ковид бидэнд олон сургамж өглөө л дөө. Наад зах нь гэхэд эрчим хүчний гэх мэт том төслүүдээ цаг алдалгүйгээр хувийн хэвшилтэйгээ хамтарч хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн сургамжийг өгчихлөө.
- Засгийн газрын түвшинд хэмнэлт гэж дуугарсан нь эдийн засгийг улс төрийн шууд хамаарлаас ангижруулах гэдэг утгаараа маш чухал алхам гэж харж байна.
- Засгийн газрыг хэмнэлтийн саналаа ирэх жил ахиад тавина гэж найдаж байна. Тэр үед өнөөдрийнхөөс өөр өнгө төрхтэй хэлэлцүүлэг өрнөх нь ойлгомжтой. Олон нийт ч тэр, Засгийн газар, УИХ ч тэр хэмнэлт хийх ёстой гэж хараад эхэлсэн нь сайн хэрэг. Ингэж дуугарсан нь эдийн засгийн хамгийн гол гажуудлыг засаж залруулах тал руу өөрчлөлт шинэчлэл хийгдэх нь гэсэн найдвар төрүүлж байна.
- Алдагдал болгон Засгийн газрын өр. Гадаад өрөө бууруулъя, өрийн дарамтаа шийдье гэвэл ашигтай төсөвтэй байх хэрэгтэй.
- Шийдвэр болгон тухайн цаг үедээ урагшаа харсан байдаг. Эцсийн дүндээ 14 байсан инфляц хоёр хувь болсон нь өөрөө үр дүн. Ипотекийн хөтөлбөр хэрэгжүүлсэн, хотын барилгажилтын гуравны нэг нь шинээр баригдсан, 110 мянган өрх орон сууцанд орж, олон залуус ажил амьдралтай залгасан, ипотекийн зээлээ төлөхийн тулд ажлын байртай орлоготой байхын төлөө тэмцдэг хичээдэг болсон.
- КОВИД-оос үүдэлтэй өчнөөн асуудал бий. Дэлхий нийтээрээ нийлүүлэлт гацаж, тээврийн үнэ өсөж, Засгийн газруудын өр өссөн. Гэтэл ковидоос улбаатай хямралыг бүрэн давж амжаагүй байхад дараагийн асуудалтай тулгарчихлаа.
- Өнөөгийн энэ сорилт манай эдийн засгийн өрсөлдөх чадварыг улам сайжруулж чадвал Монголын эдийн засаг цаашдаа хэр баргийн гадаад шокийн нөлөөг зөөллөх чадвартай болно гэж харж байна.