Засгийн газраас дэвшүүлээд буй “Шинэ сэргэлтийн бодлого”-д Монгол Улсын Хөгжлийн банкны үүрэг өндөр ач холбогдолтой байгааг Сангийн яамнаас дээрх бодлогыг эдийн засгийн сэтгүүлчдэд танилцуулах үеэр онцолж байв. Учир нь уул уурхай, ХАА, мэдээллийн технологи тэргүүтэй хөгжлийн голлох салбарт төвлөрөн хэрэгжих санхүүгийн ихэнх төслийг экспорт-импортын баримжаатай байдлаар шийднэ.
Үүнд буюу экспортыг дэмжих санхүүгийн үйлчилгээг Хөгжлийн банк хариуцан гацаа үүсэх хэсэгт хүрч ажиллах юм. Хөгжлийн банк улс орны хөгжлийн тэргүүлэх төслүүдийн ТЭЗҮ-г батлахаас эхлэн тогтвортой үйл ажиллагаа явуулах хүртэл нь төсөл хэрэгжүүлэгч нартай хамтран ажиллах аж. Төслийн санхүүжилтийг жинхэнэ загвараар явуулж тухайн тухайн төсөлд хувийн хэвшлийнхнийг дайчилж, нөгөө талаар янз бүрийн баталгаа, батлан даалтын хэлбэрээр оролцох нь илүү үр дүнтэй юм гэдгийг Хөгжлийн банкны удирдлага онцолж байна.
"Шинэ сэргэлтийн бодлого"-ыг цааш нь танилцуулахад манай улс ирэх 10 жилд эрчим хүчний эх үүсвэрийг 2.5 дахин нэмэгдүүлэхийг зорьж байна. Энэ талаар “Шинэ эргэлтийн бодлого”-д, манай улс Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээнд холбогдож, хоёр хөршийг холбосон өндөр хүчдлийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж байгуулах зорилтыг тусгажээ. Мөн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт усан цахилгаан станц барих ажлыг нэн тэргүүний зорилт болгож, Эрдэнбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалтыг дуусгах, Эгийн голын станцын бүтээн байгуулалтыг эхлүүлэх ажлыг эрчимжүүлнэ. Ингэснээр эрчим хүчний эх үүсвэрийг 2.5 дахин нэмэгдүүлэх боломжтой болно гэж байна. “Шинэ саргэлтийн бодлого”-ыг эдийн засгийн сэтгүүлч нарт танилцуулах үеэр дээрх зорилтуудыг тодотгож байв.
Танилцуулгад дурдсанаар коронавирусний халдварын нөхцөл байдлаас дэлхийд үзүүлсэн нэг нөлөө нь олон улсад ачаа барааны тээвэрлэх хугацаа 8-10 дахин удааширч иржээ. Дэлхийн эдийн засаг 3.6 хувиар буурч, 33 сая хүн ажилгүй болжээ. Манай улсад Ковид-19-ын цар тахлаас өмнө дэвшүүлсэн дунд хугацааны зорилтод хүрэхэд эдийн засгийг дэмжих бодлого зайлшгүй шаардлагатай болж ирснийг онцолж, “Шинэ сэргэлтийн бодлого” нь цар тахлын дараах эдийн засгийг сэргээж, 2025 оны хөгжлийг зорилтыг хангахад чиглэж буйг онцлов.
Тодруулбал, Засгийн газраас дэвшүүлээд буй “Шинэ сэргэлтийн бодлого” нь коронавируст халдварын цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг цаг алдалгүй шийдвэрлэж, эдийн засгийн суурийг тэлэх, “Алсын хараа-2050”урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх зорилготой аж. Үүнд боомтын, эрчим хүчний салбарын, аж үйлдвэрийн, хот, хөдөөгийн сэргэлт, мөн ногоон хөгжлийн болон төрийн бүтээмжийн сэргэлт багтаж байна. Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжсэнээр:
- дундаж давхаргыг хүн амын 80 хувьд хүргэнэ.
- 2025 онд нэг хүнд ногдох ДНБ ойролцоогоор 6020 ам.доллар болон өснө,
- экспортын хэмжээ 14 тэрбум ам.долларт хүрнэ.
- Энэ хэрээр эдийн засаг тэлж, 300 мянган ажлын байр шинээр бий болно хэмээн төлөвлөж байна.
Боомтын сэргэлтэд боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, төмөр болон автозамаар холбох, агаарын тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хуурай боомтыг хөгжүүлэх зэрэг зорилт бүхий үйл ажиллагааг тусгажээ.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын танилцуулгад Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх Э.Болормаа, Сангийн яам, ХЗДХЯ, ҮСХ, Монгол Улсын Хөгжлийн банк, бусад газрын удирдлагууд оролцсон юм.