ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМ 2022: Нийслэлийг зөв төлөвлөлт, дижитал шинэчлэлээр хөгжүүлнэ

оруулсан Алсын Хараа

Хот, хөдөөгийн сэргэлтэд хууль эрх зүй, тогтолцооноос үүдэлтэй хүндрэл учирч байна. Тиймээс асуудлыг эрх зүй, үндэс сууриар нь харж шийдэх хэрэгтэй байгааг Нийслэлийн Засаг Д.Сумъяабазар “Монголын Эдийн засгийн форум-2022”-аар өнөөдөр болсон “Хот, хөдөөгийн сэргэлт” салбар хуралдаан дээр онцлов.

Тэрээр, нийслэл хотын асуудал бол 1.6 сая иргэний нягтаршил, эдийн засаг юм. Өнгөрсөн онд нийслэлийн төсөв 29 тэрбум төгрөг байсныг 900 тэрбум болгон нэмэгдүүлж чадсан. Тиймээс хотын хөгжлийн үндэс нь бие даасан эдийн засаг юм. Одоо бид зөв төлөвлөлт, хот байгуулалт, дижитал шинэчлэлээр хотоо хөгжүүлнэ. Судалгаа, тооцоо, ТЭЗҮ-г гаргаад явж байна. Нөгөөтээгүүр бид хязгаар нутаг, хөдөөгийн хөгжлийг давхар ярих хэрэгтэй. Хөдөөгийн хөгжил хоцрогдож байна. Бүсчлэлээ зөв тавьж чадахгүй байна. Тиймээс системийн хувьд нь өөрчлөлт хийгээсэй гэж хүлээж байгаа. 21 аймагтай хотыг дүйх ямар ч боломжгүй. Улаанбаатар хотын эдийн засаг 28 их наядад хүрч, ДНБ-ийн 74 хувийг үйлдвэрлэж байна, 150 мянган ААН байна, их, дээд сургуулийн 96 хувь, мөнгөний эргэлтийн 86 хувь хотод ногдож байгаа. Тиймээс зоригтой бөгөөд дорвитой шийдэл рүү ормоор байна. Шийдэл бол эрх зүйн чадамжийг нэмэгдүүлж, системийг зөв болгоно гэсэн юм.

Хэлэлцүүлэгт оролцсон Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтыг хариуцсан захиргааны дарга Д.Оюунхорол хэлэхдээ, “Чингис хаан” олон улсын нисэх буудлаа түшиглэн Хөшигийн хөндий орчимд 31 мянган га газрыг Засгийн газар улсын тусгай хэрэгцээний газар болгож авсан. Өчигдөрхөн 1000 га газрыг эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тогтоол гарлаа. Ингэснээр хувийн хэвшлийнхэн татварын хөнгөлөлт чөлөөлөлт эдлэх боломж бүрдэнэ. Хөшигийн хөндийд 150 мянган хүн ажиллаж амьдрах суурьшлын бүс байгуулна. Энэ нь хотын статустай байгаасай гэж хүмүүс хүсэх байх. Өмнө нь бид Дархан, Эрдэнэт хотоо аймаг болгон өөрчилсөн нь бүс нутгийн хөгжилд ухралт болсон.

Залуус соёл, хөгжлийг дагаж амьдрах хүсэлтэй байгаа. Монголчуудын үнэт зүйл маш их өөрчлөгдсөн. Тиймээс бүс нутгуудын хөгжилд бодлогын чанартай шинэчлэл хийх хэрэгтэй байна. Төр бол дэд бүтцийг шийднэ. Бусдыг хувийн хэвшлийнхэн гүйцэтгэх юм. Дэлхийн олон улс орнууд нисэх онгоцны буудлаа түшиглэсэн хотуудыг бий болгож, аялал жуулчлал, худалдаа үйлчилгээ, тээвэр ложистикийн төв байгуулсан. 2010 оноос хойш 83 орон нисэх буудлаа түшиглэн хот байгуулсан байдаг. Эдгээр сайн загвараас санаа авч ажиллах нь зүйтэй болов уу гэв.

Улаанбаатар хотын Худалдааны танхимын ерөнхийлөгч А.Ганхуяг хэлэхдээ, “Хотын төвлөрөлийг буруутгах талаас нь их ярьдаг. Төвлөрөл бол хоёр талтай зүйл. Өнөөдөр Улаанбаатар хотод 1.6 сая хүн аж төрж байгаа нь манай Худалдааны танхимын харж байгаагаар боломж юм. Дэлхийн аль ч улсад хот, муждаа олон хүн авчрахын төлөө өрсөлдөж байдаг. Тэгэж байж тэр хот, бүс нутаг хөгждөг. Гэхдээ муу үр дагавар бий. Муу үр дагаврыг зөв байлгахын төлөө удирдагч болгон зүтгэдэг болов уу. Тиймээс хотоос хүнээ явуулах гэхээсээ илүү хүн амын төвлөрлөө хэрхэн боломж болгож хөгжих вэ гэдэг бодлогыг хэрэгжүүлэх нь чухал. Учир нь хүн амаа дагаад эдийн засаг хөгжиж байна. Магадгүй алсдаа орон нутагт дэд бүтэц сайжирмагц хүмүүс хөдөөг зорьж амьдрах байх. Дэд бүтэц Улаанбаатарт байхад хүмүүс наашаа л зүтгэнэ.

Мөн хэлэлцүүлэгт оролцсон Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, дагуул хотыг байгуулахдаа хөдөөг хөгжүүлэх бодлоготойгоо уялдуулах шаардлагатайг онцолж байв. Тэрээр, “Манай улс цөөн хүн амтай, өргөн уудам нутагтай, хүн амын дийлэнх олонх нь залуучууд. Орчин цагийн хөгжил хаана байна, Улаанбаатар хотод. Тэгэхээр залуучууд хөгжлийг дагадаг. Үүнээс болоод залуус хотод суурьшиж байна. Сум орон нутагт очоод харахаар төрийн алба дагасан цөөн хүн аж төрж байдаг. Тиймээс бүсчилсэн хөгжилтэй уялдуулаад Замын-Үүд, Цагааннуур, Алтанбулаг, Хөшигийн хөндийн чөлөөт бүсэд хөгжлийг бүтээж чадвал төвлөрөл саарна. Үүнийг дагалдаад эдийн засаг хөгжиж, ажлын байр нэмэгдэнэ. Жишээ нь, Дорноговь аймгийн Алтанширээ суманд нефть боловсруулах үйлдвэр барихад 500-1000 ажлын байр бий болно. Улаанбаатарын дагуул хотыг байгуулахдаа хөдөөг хөгжүүлэх бодлоготойгоо уялдуулах шаардлагатай юм гэдгийг хэлэв.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, “Сүүлийн 30 жилд бид дэлхий нийтийн хэв маяг, стандартын хаана явна вэ гэдгээ эргэж харах хэргтэй байгаа юм. Хот, хөдөөгийн сэргэлтийн асуудалд нэгдсэн бодлого алга. Тэр байтугай нэг бодлого, баримт бичиг нь нөгөөгөө хааж, боогдуулсан байх жишээтэй. ЭЗХЯ-нд Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Бүсийн хөгжлийн зорилтот хөтөлбөр, БХБЯ-нд хүн амын нутагшил, суурьшлын ерөнхий төсөл, нийслэлд болохоор Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө байна. Эдгээр 4 баримт бичиг нь 4 янзын хуулиар зохицуулагддаг. Дөрвөн яам, дөрвөн байгууллага нь өөр өөрсдийнхөө оролцоо, нөлөөллийг дөвийлгөж явсаар байгаад бие биеэ чөдөрлөчихсөн. Тиймээс энэ бүхнийг нэг стандартад оруулж, уялдуулах шаардлагатай. Тэгж байж цааш явна гэсэн юм.

"Хот, хөдөөгийн сэргэлт" салбар хуралдаанд иргэдийн төлөөлөл оролцож, нийслэл хотын хаягжилт, томоохон зах, худалдааны төв, их, дээд сургуулийг нүүлгэх, орон нутаг руу шилжиж буй иргэдийн урамшуулал зэрэг асуудлыг хөндөн асууж байлаа.

Сэтгэгдэл бичих