Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар ОХУ болон Украин улсад өрнөж буй үйл явдал Монгол Улсын эдийн засагт хэрхэн нөлөөлж буй талаар хэлэлцсэн байна.
ОХУ, Украины зэвсэгт мөргөлдөөний улмаас Монгол Улсын эдийн засагт учирч болох сөрөг нөлөөг бууруулах ажлын багийг Гадаад харилцааны сайд ахалж буй юм. Монгол Улс ОХУ-аас их хэмжээний импортоор авдаг бөгөөд экпорт бага байдаг. ОХУ-аас авч буй бүтээгдэхүүний 75 хувь нь шатахуун гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.
Тэрбээр, “Дэлхийн томоохон улс орнууд ОХУ-ын эсрэг эдийн засгийн арга хэмжээ авч буй нь Монгол Улсын эдийн засагт шууд болон дам байдлаар нөлөөлж байна. Гэхдээ импортын шатахуун болон төлбөрт ямар нэгэн асуудал гараагүй. ОХУ-ын талаас нийлүүлэлтэд өөрчлөлт оруулахгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд манай талаас төлбөрөө цаг тухайд нь хийж байгаа. Тухайлбал, зэвсэгт мөргөлдөөн эхэлсэн үеэс хойш ОХУ руу шатахууны төлбөр болох 180 сая ам.долларын төлбөрийг ямар ч саадгүй хийсэн байна. Мөн Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Азийн хөрөнгө оруулалт, дэд бүтцийн банканд Монгол Улсын Засгийн газар олон талт хамтын ажиллагааны түнш хэлбэрээр хамтарч ажилладаг. Эдгээр банкуудаас зарим нэг банк ОХУ-ын эсрэг авч хэрэгжүүлж байгаа бодлоготой нэгдэнэ гэдгээ илэрхийлж, хувь нийлүүлэгчийн хувьд Монгол Улс ямар байр суурьтай байгааг биднээс асуусан. Монгол Улс энэ асуудалд гадаад бодлогын нэг цонхны бодлогоор хандах бөгөөд НҮБ-д бид түдгэлзсэн байр суурьтай байгаа. Мөн бид ойрын хугацаанд Төвбанкны валютын нөөцөө хамгаалах, экспортоо дэмжих бодлого явуулах ёстой. Бидний гол экспортын бүтээгдэхүүнийг хязгаарлагдмал авч байгаа учраас АМНАТ бага байна. Тиймээс Эрдэнэс Таван толгой компанийн олборлолт, ачилт, уртын тээврийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр өнөөдөр шийдвэрлэсэн. Цагаан хад боомтоос 20 км-ын зайтай газар коронавирус тархах үед 12 сая тонн нүүрс овоорсон байсныг өнгөрсөн оны 7 дугаар сараас хойш бага хэмжээгээр гаргасаар 5.4 сая тонн үлдсэн байна. Тиймээс БНХАУ-аас худалдаад авчихсан байгаа нүүрсийг бид эхэлж гаргаж өгөх ёстой гэж хүндэтгэлтэй хандаж ирсэн. Тиймээс уртын тээврээ эхлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд БНХАУ-ын талд энэ мэдээллээ хүргэж, зөвшилцөнө” гэлээ. Тэрбээр мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Олон улсад Монгол Улсын гол экспортын бүтээгдэхүүний үнэ ямар байна вэ?
-Зэс, алт зэрэг гол түүхий эдийн үнэ олон улсад өндөр байгаа ч бид хүссэн хэмжээгээр экспортолж чадахгүй байна. Үүний улмаас Монгол Улс их боломж алдаж байна. Алтны хувьд хил давуулж худалдах, экспортлоход техникийн хүндрэл гардаггүй. Сүүлийн жилүүдэд Засгийн газар, Төвбанк хамтран алтны салбарыг либералчлах бодлого баримталсан нь үр дүнгээ өгч, Төвбанк багадаа 20 тонн алт авч байгаа. Нэгэнт олборлочихсон алтыг Төвбанк ямар ч саадгүй авдаг. Тиймээс олборлохдоо гол анхаарлаа хандуулах хэрэгтэй. Гэхдээ сүүлийн жилүүдэд хайгуулын ажил үндсэндээ зогссон. Тиймээс УУХҮЯ-наас алт олборлолтоо сайжруулах боломжтой уурхайг судалж байна. Богино хугацаанд олборлолт, үйлдвэрлэлээ сайжруулах боломжтой уурхай байвал Засгийн газар онцгой анхаарал өгч, дэмжинэ.
-Эдийн засгийн хөгжлийн сайдыг хэзээ томилох вэ?
-ЭЗХЯ энэ оны нэг сарын 1-нээс ажлаа эхэлсэн. Одоогоор сайдыг томилоогүй байгаа бөгөөд миний бие давхар хариуцаж байгаа. Энэ хугацаанд төлөвлөгөөт бүх ажлаа цаг тухайд хийж, Засгийн газарт танилцуулах ажлаа цаг тухайд нь хийгээд явж байна.
-Засгийн газар үнийн өсөлтийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Инфляцийн түвшин, төгрөгийн ханшийг Төвбанк зарладаг. Засгийн газраас төгрөгийн ханшийг тогтвортой байлгах, инфляцийг бууруулахад оролцох боломжийн талаар Төвбанктай хамтран ажиллаж байгаа. Төвбанк гадаад валютын нөөцөө хамгаалах, экспортоо дэмжих бодлогыг Засгийн газар дэмжинэ. Өөрөөр хэлбэл, ам.долларын хувьд хөөсөрсөн эрэлт үүсгэхгүй байх талаар Төвбанкны бодлогыг Засгийг газар зөв гэж харж байгаа. Стратегийн хувьд нэн шаардлагатай шатахуун, бордоо, уул уурхайн тэсэлгээний материал зэргийн төлбөрт ямар ч саадгүй байна. Тансаг хэрэглээний импортыг хязгаарлах саналыг би зөв гэж харж байгаа бөгөөд тооцооллыг нь харах хэрэгтэй. Тухайлбал, Ланд-300 маркийн автомашин худалдан авахад Монгол Улс 500 гаруй сая ам.доллар гадагшилсан байна. Тэгэхээр бид цаашдаа нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөх нь мэдэгдэхгүй хүнд үед стратегийн гол бүтээгдэхүүндээ л онцгой анхаарах хэрэгтэй. Зарим нэг тэвчиж болох үйл дээр бид эх оронч байх ёстой. Зарим банк нэг иргэнд 3000-5000 ам.доллароос илүү олгохгүй байх хязгаарлалт хийсэн байна билээ. Гэхдээ ихэвчлэн иргэд төгрөгөө ам.доллароор солих эрэлт үүсгэсэн байгаа юм. Үүнийг хязгаарлахгүй бол экспорт бага байгаа энэ үед нөхцөл байдал улам хүндэрнэ. Шатахуун хувьд би импортлогч нартаа анхаарал хандуулж ажиллаж байгаа. Одоо бидний хэрэглэж буй шатахуун бол өнгөрсөн оны 12 сард Төвбанк эс үүсвэрийг нь гаргаж, шатахуун импортлогч нарт хөнгөлөлттэй зээл олгож бүрдүүлсэн нөөц байгаа юм. Энэ нөөцийг бүрдүүлж байхад шатахууны үнэ бага байсан. Цаашдаа 150 ам.доллароос хэтрээд эхэлбэл импортлогч нар нөөцөө татах мөнгөгүй бол эхэлнэ. Үүнийг урьдчилж тооцоолоод импортлогч компаниудыг төлбөр шилжүүлэхэд нь туслах, шаардлагатай бол Засгийн газрын баталгаа гаргах шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, нийлүүлэлт, төлбөр тооцоо хэвийн явж байгаа. Харин бидний нөлөөлж чадахгүй ганц зүйл бол олон улсын зах зээл дэх шатахууны үнэ. Та бүхэн харж байгаа байх. Долоо хоногийн дотор шатахууны ханш 30 ам.доллароор савж байна. ОХУ, Украины хэлэлцээр амжилттай боллоо гэвэл буудаг, амжилтгүй гэвэл өсдөг. Тиймээс бид хамгийн эрсдэлтэй нөхцлөөр тооцоолж, бэлэнн байх хэрэгтэй.
-Хилийн боомтоор автомашин нэвтрэх боломжийг нэмэх ямар ажил хэрэгжүүлж байна вэ?
-Бээжингийн өвлийн олимпоос өмнө бид Гашуун сухайт боомтоор 130 автомашин гаргаж байсан бол өнөөдөр 240 болгож нэмсэн. Ойрын хугацаанд 500, цаашлаад 100 хүргэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
-ОХУ-ын иргэд Монголоос ам.доллар авч байгаа тухай мэдээлэл бий?
-Бид шатахуун болон бусад бүтээгдэхүү төлбөрийг ам.доллароор өгдөг. Тиймээс бид ОХУ руу нэг ам.доллар ч гаргахгүй гэдэг шаардлага тавихгүй. Харин богино хугацаанд ашиг олох үүднээс зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэт өндөр бэлэн мөнгөний арилжаа хийхийг зөвшөөрөхгүй. Энэ талаар Засгийн газраас тагнуул, гаалийн байнууллагад өнөөдөр тодорхой өгсөн. Ер нь бол 10 мянган ам.доллароос их хэмжээгээр авч гарах бол бол гаалийн байгууллагад мэдэгдэх ёстой. Түүнээс бага бол мэдэгдэхгүй. Энэ бол 20 гаруй жил явж ирсэн зохицуулалт. Харин хил дамнаж орж ирж, бэлэн мөнгөөр ам.доллар худалдан авах асуудал огтоос байж болохгүй бөгөөд ийм асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоох ёстой. Манай зах зээл жижиг учраас ийм зүйл байвал маш амархан илэрнэ.