Монгол Улсын 3.2 сая хүн амын тал нь Улаанбаатар хотод, нийслэлийн иргэдийн тал нь гэр хороололд оршин сууж байна. Дэлхийн 17 дахь том газар нутагтай манай улсын нийслэлд хүн нь, зам дээр машин нь багтахаа больж, хот маань агаар, хөрс, орчны бохирдолдоо живсээр удаж байна.
Энэ бүх асуудлыг шийдэх зангилаа нь хотын бүсчлэл, төлөвлөлт, орон сууц гэж ярьсаар байгаа ч, үр дүн бага байна. Энэ өвөл сайжруулсан түлшээр агаарын бохирдлыг бага зэрэг бууруулсан ч, хөрс, орчны бохирдол, цэвэр усны асуудлаа шийдэж чадахгүй байна. Хамгийн гол, урт хугацааны шийдэл бол гэр хорооллыг орон сууцжуулах гэдэгтэй хүн бүр санал нийлж, олон төсөл хэрэгжүүлж ирсэн ч гэсэн, гэр хороолол улам тэлсээр.
Гэр хороололд амьдарч буй 840 мянган иргэдийн 250 мянга нь орон сууцны зээлд хамрагдах хүсэлт гаргасан ч, тэдний 15 хувь нь зээлийн шаардлага хангахгүй байна. Нийлүүлэлт талаас нь харвал 2020 оны 1-р сарын байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 20 мянган айлын орон сууц борлогдоогүй, эзэнгүй хонож байна.
Зураг 1: Улаанбаатар хотод шинээр ашиглалтанд орсон орон сууцны тоо
Орон сууцны нийлүүлэлт (Зураг 1) өссөн ч, иргэдийн худалдан авах чадвар муу байна. Нөгөө талаас орон сууцны нийлүүлэлт өсөөд байхад, үнэ нь буурахгүй (Зураг 2) байгаа нь анхаарал татаж байна.
Зураг 2: Улаанбаатар хотын шинэ орон сууцны 1 м2 талбайн дундаж үнэ
(1.350.000 төгрөг)
Өрхийн орон сууц худалдан авах чадварыг сарын орлогынхоо 30 хувийг орон сууцны зардалд зарцуулах боломжтой эсэхээр тооцдог. Хүн амын 45 хувь нь тийм чадваргүй (Зураг 3) болох нь харагдаж байна.
Зураг 3: МУ-ын өрхийн орлогын бүлэг, сараар
Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо, 2019
Харин орон сууцны үнэ буурахгүй байгаа шалтгаанд зээлийн хүү өндөр, төгрөгийн ханшны уналт, банкууд өөрсдөө орон сууц олноор эзэмших болсон, барилгын өртөг нэмэгдсэн, газрын болон бусад зөвшөөрөлтэй холбоотой авлига буурахгүй байгаа зэрэг олон хүчин зүйл орж байна.
Сингапурын шийдэл
Жаран жилийн туршид хэрэгжүүлсэн ухаалаг бодлогын үр дүнд Сингапур улс иргэдийнхээ орон сууцны асуудлыг аль хэдийн бүрэн шийджээ. Өнөөдөр Сингапурын иргэдийн 80 хувь нь нийтийн орон сууцанд амьдарч, тэдний 90 хувь нь орон сууцаа өмчилж авсан ажээ. Орон сууц хөгжлийн зөвлөл (HDB) жаран жилийн өмнөөс нийтийн орон сууц барьж эхэлжээ. Тэдний орон сууц нь хувийн хэвшлийнхээс 20-30 хувиар хямд болдог. Айл өрхүүд өөрийн орлого, хэрэгцээндээ нийцсэн орон сууцыг төрөл бүрийн хөтөлбөрөөр дамжуулан авдаг. Жишээ нь тэтгэврийн сангаас өөрийн нэрийн дансаараа зээл авч, урьдчилгаа төлбөргүйгээр орон сууцанд орж болно. Иргэд тэтгэврийн сандаа цалингаасаа сар бүр 20 хувийг, ажил олгогч нь 17 хувийг хуримтлуулна. Анх удаа, шинэ орон сууцанд орж буй өрхөд орлогоос нь хамаараад 80,000 хүртэл ам.доллар, хуучин орон сууцанд бол 120,000 хүртэлх ам.долларын тэтгэмж олгоно. Тодорхой хугацааны дараа тэр орон сууцаа өмчилж авч болно. Харин гэрлээгүй бол 35 нас хүртлээ өмчлөх эрхгүй, зөвхөн түрээсээр амьдарч болно.
Нийтийн орон сууцыг хувийн өмчлөлд авсан бол эхний таван жил зарах эрхгүй. Өндөр орлоготой өрх бага талбайтай орон сууц худалдан авах боломжгүй. Хэт өндөр орлоготой бол төрөөс барьдаг, нийтийн орон сууц авах ч эрхгүй, хувийн хөрөнгөөр баригдсан, өндөр үнэтэй орон сууц худалдаж авахаас өөр сонголтгүй ажээ.
Монголын шийдэл
Нийслэлийн орон сууцны корпораци буюу НОСК-аас орлогод нийцсэн (affordable) орон сууцны хөтөлбөр эхлүүлжээ. Баянхошуу, Шархад гэх мэт гэр хорооллуудад газрыг чөлөөлөх байдлаар, мөн орон нутагт Морингийн даваа зэрэг хотоос гаднах долоон байршилд шинэ газар авчээ. Эдгээр байршилд энэ хавраас НОСК-ийн санхүүжилтээр дэд бүтэц барих бөгөөд аж ахуй нэгжүүдэд дээр нь орон сууц барих саналыг тавьж сонгон шалгаруулах ажээ. Сонгохдоо тухайн компани дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг үнэлээд нийт орон сууцны хэдийг үнэ төлбөргүй, хэдийг хямдралтай үнээр НОСК-д өгөх зэрэг шалгуур тавих гэнэ. Харин НОСК авсан байрнуудаа зах зээлийн үнээс хямдаар түрээслүүлэх, түрээслээд өмчлөх хэлбэрээр орлого багатай иргэдэд орон сууцанд орох боломж олгох гэнэ. Энэ маягаар нийт 10 мянган айлыг орлогод нь нийцсэн, ногоон орон сууцтай болгох аж. Үүнээс 1500 нь түрээсийн, 3000-5000 нь түрээслээд өмчлөх орон сууц, үлдсэнийг нь барьсан компаниуд өөрсдөө борлуулна. Энэ төслийг таван жилийн дотор хэрэгжүүлнэ гэж НОСК-ийн Гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар мэдэгдсэн.
Улаанбаатар хотод орлогод нийцсэн орон сууц барихдаа нийлүүлэлт дээр бол сонголтыг нэмэгдүүлэх; санхүүжилт дээр тогтвортой санхүүжилтийн механизмыг бий болгох; хэрэгжүүлэхдээ хууль эрх зүйн орчин, инстүүцийг бий болгох зэрэг гурван урт хугацааны зорилго тавьжээ. Энэ стратегийг хэрэгжүүлэхдээ төр, хувийн хэвшил, түрээслэгчид, орон нутгийн байгууллагууд зэрэг холбогдох бүх талуудын оролцоог бүрэн хангах гэнэ. Шаардлагатай санхүүжилтийг олон улсын байгууллагуудаас хөнгөлөлттэй, нэн хөнгөлөлттэй урт хугацааны зээлээр хийх юм байна. Жишээ нь, Азийн Хөгжлийн Банкнаас 80 сая, Ногоон хөгжлийн сангаас 145 сая ам.доллар аваад эхлэж байна. НОСК хямд үнэтэй бүх байрны төлбөрийг шууд төлж, мөн 70 хувиас дээш гүйцэтгэлтэй бол тухайн барилгын компанид зээлийн баталгаа гаргаж өгөх ажээ.
НОСК-ийн төслүүд үнэхээр хэрэгжих үү?
Өмнө нь хотын удирдлагууд ил далд авч байсан бүх төлбөр хураамжийг зогсоож, орон сууц барих бүх ажлыг бүх шатанд нь ил тод болгосон учир НОСК-ийн энэ удаагийн төсөл нь Улаанбаатарчуудын орон сууцны асуудлыг шийдэх боломжтой. Гэхдээ хэрэгжих эсэх нь бол асуудалтай. Учир нь 2020 он бол сонгуулийн жил. Сонгуулиар гарч ирсэн Засгийн газар нь өмнөх засгийнхаа ажлыг яаж зогсоож, үгүй хийдгийг иргэд зөндөө харсан. Тэгэхээр энэ төслийг улс төрөөс хамааруулахгүй хэрэгжүүлэхийн тулд одооноос бүх иргэдийн ойлголт, итгэл шаардлагатай. Түүний тулд төслийн үйл ажиллагааг нээлттэй байлгаж, холбогдох иргэдийг бүрэн оролцуулах нь чухал. Эс бөгөөс бас нэгэн мөрөөдөл цаасан дээр үлдэж, цаг хугацаанд замхарна.
Эх сурвалж: http://www.jargaldefacto.com/article/oron-suutsnii-ontsgoi-negen-shiidel
2020.02.19