"Тогтвортой хөгжлийн зорилго" дээд түвшний чуулга уулзалт Төрийн ордонд өнөөдөр болж байна. Тус чуулга уулзалтыг УИХ-ын Тамгын газар, Засгийн газар, НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар хамтран зохион байгуулж буй юм. Уулзалтын зорилго нь цар тахлаас үүдсэн сөрөг нөлөөг даван туулах, эдийн засгийн сэргэлтийг хурдасгах болон 2030 он гэхэд хүрэх Тогтвортой хөгжлийн зорилгын "10 жилийн үйл ажиллагаа"-ны хэрэгжилтийг эрчимжүүлэхэд олон талын оролцоог хангаж, санал солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оршиж байгаа юм. “Тогтвортой хөгжлийн зорилго" дээд түвшний чуулга уулзалт Монгол Улсад анх удаа болж байгаагаараа онцлогтой бөгөөд УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишра нар оролцож, чуулганыг нээж үг хэлэв.
Уулзалтыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ, НҮБ-д Монгол Улс 1961 онд гишүүнээр элссэн бөгөөд харилцан үр ашигтай түншлэлийн харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож буйг тэмдэглэв. Тус байгууллагад бүрэн эрхт гишүүнээр элссэнээр Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд бэхжиж, тусгаар тогтнол баталгаажсаныг тодотгов. Ингэснээр, дэлхийн 192 улстай дипломат харилцаа тогтоож, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэг зэрэг олон талт хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байна. НҮБ болон гишүүн улс орнуудаас Монгол Улсад мэргэжил арга зүй, санхүү, техник технологийн асар их дэмжлэг олгож байгаа нь манай улсын нийгэм, эдийн засагт ихээхэн хувь нэмэр болж буйг онцлон тэмдэглэлээ. Тэрбээр, "НҮБ-ын Ерөнхий ассамблейн 70 дугаар чуулганаар 2015 онд "Мянганы хөгжлийн зорилт"-ын залгамж болгон "Тогтвортой хөгжил-2030" хөтөлбөрийг тунхаглан баталсан. Тус хөтөлбөрийн хүрээнд дэвшүүлсэн 17 зорилго, 169 зорилт, 244 шалгуур үзүүлэлтэд хэнийг ч орхигдуулахгүй, гадуурхалтын бүх хэлбэрийг устгах, тэгш бус байдлыг халах, байгаль орчноо хамгаалах, хүний тайван амгалан амьдрах эрхийг хангах зэрэг дэлхий нийтийн хөгжлийн тулгуур асуудлыг тусгасан. Эдгээр зорилт бол дэлхийн улс орнуудын нийтлэг эрх ашгийг хангасан, эх дэлхийгээ хайрлаж, энх амар, эрх тэгш зэрэгцэн хөгжин дэвших алсын хараа юм" хэмээв.
Дэлхийн улс орнууд Тогтвортой хөгжлийн зорилгыг улс орныхоо хөгжлийн онцлогт нийцүүлэн хэрэгжүүлж байгааг дурдаад, Монгол Улс ч энэ хүрээнд институцын шаталсан бүтэц байгуулж, хууль тогтоомжид өөрчлөлт оруулан ажиллаж буйг тодруулав. Тухайлбал, Тогтвортой хөгжлийн зорилгыг хариуцсан дээд түвшний бүтэц нь УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо юм. Мөн Засгийн газрын түвшинд Ерөнхий сайдаар ахлуулсан Тогтвортой хөгжлийн зорилгын үндэсний хороо ажиллаж буйг тэмдэглэв. Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсонгуй болгох үндсэн чиглэлд, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгын үндсэн түвшин, шалгуур үзүүлэлт батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг Алсын хараа-2050 урт хугацааны хөгжлийн бодлоготой нийцүүлэн боловсруулсан бөгөөд энэ намрын чуулганаар хэлэлцэн батлахаар төлөвлөөд буйг УИХ-ын дарга Г.Занданшатар онцоллоо.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хүн төрөлхтөн цар тахлын амаргүй нөхцөлд амьдарч байгааг тодотгоод, Монгол Улсын нийт хүн амын 65.5 хувь нь вакцины бүрэн тунд хамрагдсан, 300 гаруй мянган хүн гуравдугаар тунд хамрагдаад буйг онцоллоо. Хэдийгээр манай улс вакцин үйлдвэрлэгч орон биш ч хангалттай нөөц бүрдүүлэхэд тусалсан ОХУ, БНХАУ, БНЭУ, АНУ, Япон улсын Засгийн газар, НҮБ-ын харьяа байгууллагуудад талархал илэрхийлэв. Тэрбээр, “Тогтвортой хөгжлийн зорилгын үндэсний зорилтот түвшин, шалгуур үзүүлэлт”-ийг төслийг боловсруулж, УИХ-ын энэ намрын чуулганд өргөн мэдүүлэхээр төлөвлөөд байгааг дурдав. Мөн тогтвортой хөгжлийн зорилгыг хангахад 2022-2024 онд Засгийн газраас хэрэгжүүлэх зарим бодлогыг танилцууллаа.
Тэрбээр, "Манай Засгийн газар Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогод үндэслэн цар тахлыг богино хугацаанд эрсдэл багатай даван туулах, эдийн засгаа сэргээх, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлж, дундаж давхаргыг дэмжих үндэсний шинэ тогтолцоо бий болгох, шударга ёс, цахим засаглалыг бэхжүүлэх зорилтыг дэвшүүлэн, шинэ сэргэлтийн бодлого тодорхойлон ажиллаж байна. Засгийн газар Монгол Улсын 2022 оны төсвийн төслийг өнгөрсөн долоо хоногт УИХ-д өргөн барьсан, тогтвортой хөгжлийн зорилгод нийцсэн шинэчлэлийг ирэх жилийн төсөвт тусгасан. Жишээлбэл, ядуурлыг устгах, өлсгөлөнг зогсоох зорилтуудыг хэрэгжүүлэх үндэс бол дундаж давхаргыг дэмжих үндэсний тогтолцоо бүрдүүлнэ. Тиймээс хадгаламжтай ирээдүйн иргэдийг бий болгох тогтолцоог бүрдүүлэх үүднээс байгалийн баялгийн үр өгөөжийг бэлэн мөнгөөр халамж хэлбэрээр тараахаас татгалзаж, 0-18 насны иргэдийн нэрийн дансанд бодитоор, мөнгөн хэлбэрээр байршуулах тогтолцооны шинэчлэлд шилжин орох болно.
Хүн амын эрүүл мэндийг дэмжих зорилтыг хангах хүрээнд иргэн бүхэн жилд нэг удаа урьдчилсан оношилгоонд хамрагддаг байх тогтолцооны шинэчлэлийг мөн ирэх жил эхлүүлнэ. Чанартай боловсролыг хангах хүрээнд боловсролын салбарын шинэчлэлийн багц хуулийг УИХ-д өргөн барьсан. Үүнд цахим боловсрол болон үр дүнд, гүйцэтгэлд суурилсан шинэчлэлийг тусгасан. Мөн энэ хичээлийн жилээс Засгийн газар “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болголоо. Нэг хүүхдийн авах илчлэгийн хэмжээ нэмэгдэж, цаашдаа боловсролын чанарт ахиц гарна гэж үзэж байгаа. Инновац болон дэд бүтцийг нэмэгдүүлэх, ээлтэй хот, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилтуудын хүрээнд хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад ч бас онцгойлон анхаарч ажиллаж байна. Эдгээр бодлогын зорилго, зорилт, арга хэмжээ бүр манай улсын хөгжил, дэвшилд чухал ач холбогдолтой бөгөөд Тогтвортой хөгжлийн зорилгын төлөөх үйл хэрэг" хэмээв.
Тогтвортой хөгжлийн зорилгын мэдлэг, хариуцлагыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа иргэний нийгэм, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын оролцоог Монгол Улсын Ерөнхий сайд онцлов.
“Манай үндэсний томоохон компаниуд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаандаа тогтвортой хөгжлийн зорилгоос тусгаж, байгаль орчин, нийгмийн хариуцлагын талаар зөв хандлага тогтоон, байгальд ээлтэй, ногоон төсөл, хөтөлбөрт анхаарах хандлага эрчимжиж байна.
Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх сэдвээр төр хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын цуврал уулзалтыг амжилттай зохион байгуулсаар байна. Эдгээр уулзалтын хүрээнд цар тахлын үед төр хувийн хэвшил, иргэний нийгэм, хөрөнгө оруулагчид хамтдаа эдийн засгийн эрчимжүүлэх гарцыг эрэлхийлж, шинэ сэргэлтийн бодлогыг хамтдаа боловсруулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилж буй “Нэг тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Засгийн газраас талархан дэмжиж, Тогтвортой хөгжлийн зорилгуудыг урагшлуулахад чухал ач холбогдолтой гэж үзэж байгааг тэрбээр төгсгөлд нь онцоллоо.
Тухайн улс орон тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллаж байгаа үзүүлэлт нь гадаадын хөрөнгө оруулалтыг эх орондоо татах суурь нөхцөлийн нэг болдог хандлага руу дэлхий нийтээрээ шилжиж байна. Монгол Улс өнгөрсөн хугацаанд олж авсан ололт амжилтаа ирээдүйд улам ахиулахын тулд хичээл, зүтгэл гарган ажиллах болно. Тогтвортой хөгжлийн төлөө хүн бүрийн оролцоо, хүчин зүтгэл чухал гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ.
Чуулга уулзалтад УИХ-ын гишүүд, төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, шинжлэх ухаан, эрдэм шинжилгээ, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл цахим болон танхим хосолсон хэлбэрээр оролцож байна.