Их Монгол гүрний удирдагч Чингис хаан 1206 онд дэлхий дахиныг эзлэх их аян дайн өрнүүлж эхэлсэн билээ. Түүний өршөөлгүй хэрцгий тактик, үнэнч албат нар нь Ази тивийг байлдан дагуулсан юм. Хятадын зүүн эрэг хүртэл сунаж тэлсэн Их Монгол Улсын их хүчний өмнө улс орнууд ар араасаа өвдөг сөхөрч байсан билээ. Унгар болон Польшид хэд хэдэн удаа амжилттай давшилт хийсэн нь Европ тивийг хүртэл эзлэх боломжтойг харуулжээ.
Гэвч Европ тивд хүрсэн энэ ялалтад гэнэт төгсгөл ирсэн байна. Австрийг эзлэхээр онилоод байсан монголчууд гэнэт Ази руугаа буцлаа. Монгол цэргийн жанжнууд тухайн үед ямар бодолтой байсныг илтгэн харуулах баримт ховор учир энэ талаар түүхчид өнөөг хүртэл зөвхөн таамаг дэвшүүлж ирсэн юм. Харин саяхан “Шинжлэх ухааны тайлан” сэтгүүлд гарсан шинэ судалгаанд монголчууд Төв Европоос гэнэт буцах болсон нууцыг тайлах өөр нэгэн баримт болох модны жилийн цагиргийг судалжээ. Олон жилийн турш цаг агаарын байдал хүйтэн, чийглэг байсны улмаас бэлчээр муудаж, нүүдэл хийх газар хомсдож, Монголын морин цэргийн байлдах чадвар сулрахад хүргэсэн болохыг он цагийн бичээс гэгддэг модны цагираг харуулж байна.
Монголчууд хэрхэн хүчирхэгжиж байсан болон цаг агаарын байдал тэдний явуулж байсан дайн тулаанд хэрхэн нөлөөлж байсан талаар дурдъя.
Унгар руу давшихын өмнө
1227 онд Чингис хаан өөд болохдоо хүү Өгөдэй хаанд Хятадын зүүн хойд нутгаас одоогийн Ираны хойд нутаг буюу Каспийн тэнгис хүртэлх газар орныг өвлүүлэн үлдээсэн байна. Энэ газар нутаг нь нийтдээ 17 сая хав.дөр.км талбайг хамарч байлаа. Чингис хаанд ялагдаж байсан хүмүүсийн нийт тоо эсвэл түүний өөртөө нэгтгэсэн улс орнуудынх тоо эсвэл нийт эзэлсэн газар нутгийг түүхэн дэх бусад томоохон удирдагчдын эзэлсэн газар нутаг, нэгтгэсэн орнуудын тоотой харьцуулахад хоёр гаруй дахин их байна гэж зохиолч Жэк Уэтэрфорд “Чингис хаан ба Орчин үеийн ертөнц” номдоо бичжээ.
Чингис хааныг өөд болсны дараа түүний үйл хэргийг хүү Өгөдэй үргэлжлүүлсэн юм. Ханлиг улс газар нутгаа өрнөд, дорно руу тэлж, Хятадын баруун хойд нутгийн үлдсэн хэсгийг эзэлж, Орос руу түрэн орж иржээ. Энэ их үйл хэрэгт Монголын армийн олон мянган морьд Азийн хамгийн том цөл болох Говийг гатлах боломжийг олгосон чийглэг уур амьсгалын нөлөө их юм. 1240 он гэхэд монголчууд Киев хотыг тонож, өрнөдийг чиглэн эрчимтэй давшиж байлаа. Тэдний морьд болон бүслэлтийн тактикт дийлдсэн Европын хотууд өвдөг сөхөрч байсан бөгөөд монголчууд хятад дарь хэрэглэж байсан нь нөлөөлсөн байж магадгүй.
Энэхүү гайхалтай ялалтуудын ачаар 1241 оны гуравдугаар сар гэхэд Монголын цэрэг Унгарт хүрлээ. IV Бела хаан Пест /одоогийн Будапест/ хот дахь ордноосоо зугтаж, Өгөдэй хааны арми Унгарын цэрэг, номлогч, язгууртнууд, баатрууд болон тариачид гээд нэг сая орчим хүнийг хороосон байна. Энэ нь Дундад зууны үед байгуулсан хамгийн их цус урсгасан ялалтуудын нэг байсан юм.
1241 оны 12 дугаар сард Өгөдэй хаан гэнэт насан эцэслэсэн байна. Тухайн үед өрнөдийг чиглэсэн дайныг удирдаж байсан, Өгөдэйгийн ач хүү Бат цэргээ Монголын нийслэл Хархорум хот руу буцаан татсан бөгөөд нутагтаа ирээд Монголын шинэ хаанаар өргөмжлөгдсөн гэж зарим түүхчид үздэг. Гэвч Бат Монголд хэзээ ч буцаж ирээгүй бөгөөд тэрбээр Алтан Ордыг захирахын тулд Оросын өмнөд нутаг руу давшсан байна. Энэ хооронд Өгөдэй хааны гэргий Дөргэнэ Их хатны суудалд заларч, төрийн эрхийг барьж байжээ.
Гэнэтийн төгсгөл
Дараа жил нь бүх зүйл өөрчлөгджээ. Монголчууд гэнэт өмнө зүгийг чиглэн одоогийн Сербийн нутгаар дамжин Оросын зүг буцсан байна. Энэ үед хааны цэргүүд Европын хотууд руу үе үе давшиж байсан боловч байлдааны гол гол ажиллагаанууд дууссан байв. Тэд яагаад өрнөдийг чиглэсэн дайнаа дуусгасан тухай хэд хэдэн таамаг байдаг хэдий ч эрдэмтэд эдгээр судалгаа нь монголчууд яагаад байлдааны чиглэлээ өөрчилснийг тайлбарлахад хангалтгүй гэж үздэг.
Монголчууд өргөн уудам газар нутаг эзлэх үед цаг уурын байдал ямар байсныг тогтоохоор Евразийн таван бүс нутгаас модны дээж авсан байна. Мод нь уур амьсгалын багахан өөрчлөлтөд ихэд мэдрэг байдаг бөгөөд чийглэг жилүүдэд модны жилийн цагираг зузаан байдаг бол гантай хуурай жилүүдэд модны жилийн цагираг нимгэн байдаг аж. Энэ нь мод усаар дутагдсантай холбоотой байдаг байна.
Судлаачдын олж тогтоосноор 1238-1241 он хүртэлх гурван жилд Унгар болон ойролцоох газар оронд буй цаг агаарын байдал ер бусын хүйтэн, чийглэг байжээ. Чийг ихтэй, хавар эрт болсон учраас Унгарын нутаг дэвсгэр намаг, шавар ихтэй болсон учраас монгол морьд явах боломжгүй болж Монголын армийн шилжилт хөдөлгөөн, байлдах чадвар суларсан байна.
Европыг чиглэсэн дайны хамгийн сүүлчийн жил буюу 1242 он онцгой их чийглэг жил байсныг судлаачид онцолжээ. Үүний улмаас үр тарианы чанар муудаж, цаашлаад Монголын цэрэг хоол хүнсээр дутагдаж эхэлсэн байна. Эцэст нь өлсгөлөн нүүрлэснээр олон мянган цэрэг энэ нутагт амиа алджээ. Ийм шалтгаанаар Өгөдэй хааны цэргийн жанжнууд өмнө зүгийн хуурай газрыг зорих болсон байх гэж судлаачид үзэж байна.
Өгөдэй хааныг өөд болсны дараа Чингис хааны хүүхдүүд, ач зээ нарын хооронд төрийн эрхийн төлөөх тэмцэл дэгдэж, Их Монгол Улс задран бутарснаас хойш дахин нэгдээгүй юм. Чингис хааны үр удам Энэтхэг, Хятад, Перс, Сибириэс олдсоор байгаа билээ. Үүний зэрэгцээ монгол хүмүүс БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах орон болон орчин үеийн Монгол Улсад амьдарсаар байна. Чингис хааны хөрөг зургийг монгол архины шил, тамхины хайрцгаас харж болох бөгөөд үүгээр ч зогсохгүй олон улсын нисэх онгоцны буудлаа Чингис хаан хэмээн нэрлэжээ.
Эрдэмтэд цаг уурын байдлыг сайтар судалж чадах болсноор уур амьсгал нь түүхийг хэрхэн өөрчилсөн талаарх илүү сонирхолтой мэдээллийг толилуулах болно гэж судлаачид ярьж байна. Монголчууд Унгараас цэргээ татах болсон шалтгааны талаарх энэ судалгаа нь уур амьсгалын багахан хэлбэлзэл нь түүхэн үйл явдал болж хувирч болдгийг харуулж байна гэж тэд онцоллоо. Энэ судалгаа агаарын температурын хэдхэн хэмийн өөрчлөлт нь хүн төрөлхтний түүхэн замналыг өөрчлөх боломжтойг харуулж, бидний ирээдүйд сургамж болох юм.
СИДНЕЙ. /businessinsider/. Д.Нямтулга