УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлын талаар танилцууллаа.
Засгийн газраас “Улсын нөөцөөс өвс, тэжээл гаргах тухай” тогтоол баталж, өвөлжилт хүндэрсэн болон хүндрэх төлөвтэй байгаа Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Говьсүмбэр, Өмнөговь, Өвөрхангай, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Ховд аймагт улсын нөөцийн салбар, цэгүүдэд хадгалагдаж байсан нийт 2.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий 3800 тонн өвсийг үнэгүй, 1900 тонн малын тэжээлийн үнийг 50 хувь хямдруулан малчдад олгожээ.
Түүнчлэн Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн 5 сая ам.доллароор Говь-Алтай, Өмнөговь, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймгийн малчин өрхөд 300 мянган төгрөгийн малын хүчит тэжээлийн тусламж олгохоор шийдвэрлэсэн бөгөөд одоогоор 70 хувийн гүйцэтгэлтэй байна. УИХ-аас өнгөрсөн оны 12 дугаар сард Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, НӨАТ-аас чөлөөлөх тухай хууль баталсан. Ингэснээр энэ оны 7 дугаар сарын 1 хүртэл мал, амьтны бүх төрлийн тэжээл, өвсийг импортын гаалийн болон НӨАТ-аас чөлөөлсөн байна. Улмаар мал, амьтны бүх төрлийн тэжээл импортлох чиглэлээр 65 аж ахуйн нэгж, байгууллагатай бодлогын гэрээ байгуулж, 120 орчим мянган тонн тэжээл авах боломжийг бүрдүүлсэн байна. Энэ хүрээнд өнгөрсөн сарын байдлаар 30 мянган тонн тэжээл импортлоод байгааг ХХААХҮ-ийн сайд мэдээллийнхээ эхэнд онцлов.
Тэрбээр, “2020 оны 12 дугаар сард хийсэн үнийн судалгаагаар 25 кг савлагаатай улаанбуудайн хивэгний дундаж үнэ 19465 төгрөг байсан бол тэжээл импортолсноор 17965 төгрөг болж, 8 орчим хувиар буурсан. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймагт 1200 тонн, Дорнод аймагт 200 тонн, нийслэлд 300 тонн өвсний нөөцтэй байна. Засгийн газар Баян-Өлгий аймгийн Цагааннуур, Увс аймгийн Боршоо хилийн боомтоор малын тэжээл импортлох шийдвэр гаргасан. Үүний үр дүнд Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан аймгийн малын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх, хаваржилтын эрсдэлийг бууруулах боломж бүрдсэн. Энэ сарын 12-ны байдлаар улсын хэмжээнд нийт 674.6 мянган толгой мал хорогдоод байна. Үүнээс Архангай аймагт 34 мянга, Баянхонгор аймагт 344.9 мянга, Говь-Алтай аймагт 43.8 мянга, Өвөрхангай аймагт 62 мянга, Төв аймагт 37.2 мянга, Өмнөговь аймагт 29.2 мянга буюу 476 мянган мал хорогдсон. Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь аймгийн зургаан сумын 23 өрхийн бүх мал хоргодсон байна. Мөн 15 сумын 238 өрхийн малын 50-аас илүү хувь нь хоргоджээ. Энэ сарын 13-15-нд ихэнх нутгаар салхи 16-24 метр секунд, зарим үед 40 метр секунд хүрсэн. Үүний улмаас 12 аймгийн 51 сумын 706 хүн төөрч, сураггүй болсноос 696 хүнийг эсэн мэнд олсон. Архангай аймагт нэг хүүхэд, Дундговь аймагт 10 хүн нас барлаа. ОХУ-аас баруун бүсийн аймгуудыг цахилгаанаар хангадаг шугам сүлжээ унаж, цахилгаан тасарсныг Дөргөний УЦС-аас түр холболт хийж, аюулгүй байдлыг бүрдүүлээд байна” гэлээ.
Монгол Улс энэ онд 389.3 мянган га талбайд үр тариа, 17.9 мянган га талбайд төмс, 9.6 мянган га талбайд хүнсний ногоо, 66.5 мянган га талбайд малын тэжээл, 40 мянган га талбайд тосны ургамал, 7 мянган га талбайд жимс, жимсгэнэ тариалахаар төлөвлөсөн байна. Ингэснээр 471.5 мянган тонн улаанбуудай, 222.4 мянган тонн төмс, 116.1 мянган тонн хүнсний ногоо, 170.1 мянган тонн малын тэжээл, 26.4 мянган тонн тосны ургамал, 3 мянган тонн жимс, жимсгэнэ хураан авч, 360.2 мянган га талбайд уринш боловсруулж бэлтгэх зорилт дэвшүүлжээ.
Монгол Улсын Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд хөдөө аж ахуйн салбарын хаврын тариалалтад 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргасан байна. Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газрын 10.2 сая еврогийн санхүүжилтээр “Хүнсний ногооны үйлдвэрлэлд нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх” төслийг эхлүүлж, 8.5 мянган тоннын багтаамжтай төмс, хүнсний ногооны агуулах байгуулах, 50-80 морины хүчтэй трактор 100 ширхэг, дагалдах 600 гаруй төрлийн техник, тоног төхөөрөмжийн хамт нийлүүлэх ажлыг зохион байгуулж байгаа аж.
Мөн ОХУ-аас үр тарианы зориулалттай өндөр хүчин чадлын техник, Беларусь улсаас малын тэжээл бэлтгэх, төмс, хүнсний ногооны зориулалттай техник, тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг эхлүүлэхээр ажиллаж байгаа аж. Түүнчлэн БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг дэмжих” төслийн хүрээнд үр тариа, тэжээлийн таримал тариалагчдад 54-125 га талбайг услах хүчин чадалтой бороожуулагч, төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд 1 га талбайг услах хүчин чадал бүхий бага оврын 78 ширхэг бороожуулагчийг 6 жилийн хугацаатай, жилийн 6 хувийн хүүтэй зээлээр олгох ажлыг зохион байгуулж байгаа аж. Жимс, жимсгэнийн тариалан эрхлэгчдэд 1-3 га талбайг услах хүчин чадал бүхий 90 ширхэг дуслын усалгааны системийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр зээлээр олгох юм.
Мэдээллийн дараа УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа хэлж байна.