/The Diplomat/. Монгол Улсад “COVID-19”-тэй тэмцэх чиглэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг эсэргүүцсэн жагсаал өрнөсөнтэй холбогдуулан тус улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт огцров. Ийнхүү 2021 оны нэгдүгээр сарын 27-нд шинэ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ парламентын гишүүдийн 87.9 хувийн саналаар томилогдлоо.
У.Хүрэлсүхийн Засгийн газрын бодлогыг үргэлжлүүлнэ гэдгээ шинэ Ерөнхий сайд мэдэгдээд, эн тэргүүнд эдийн засагт асар их нөлөө үзүүлэх “COVID-19”-ийн вакцинжуулалтыг түргэвчлэхэд анхаарч ажиллана гэдгээ онцлон тэмдэглэжээ. Мөн Ерөнхий сайд Оюу толгойн төслийн асуудлаар Монгол, “Rio Tinto” компани дахин хэлэлцээ хийх байр суурийг дэмждэг нь олны анхаарлыг татаж байна. Үүнээс гадна халдварын нөхцөл байдал намжих үед түүний Засгийн газар Дижитал хөгжлийн яам байгуулахаар төлөвлөжээ.
У.Хүрэлсүх албан тушаалаасаа огцорсон нь залуу үеийн удирдагчид боломж бололцоог нээж өгсөн байж болох юм. Түүний халааг Л.Оюун-Эрдэнэ авснаар Монгол Улс 1990 оны ардчилсан хувьсгалд оролцож байгаагүй, улс төрөөс илүүтэйгээр бодлогыг хөгжүүлэхэд түлхүү анхаарах чиглэлээр боловсрол эзэмшсэн 40 настай Ерөнхий сайдтай боллоо. Хөдөө нутагт өссөн Л.Оюун-Эрдэнэ Харвардын их сургуульд Төрийн удирдлагын магистрын зэргийг хамгаалжээ.
Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллах хугацаандаа “Алсын хараа-2050” хэмээх Монгол Улсын урт хугацааны хөгжлийн стратегийг ахлан боловсруулжээ. “Алсын хараа-2050” нь Монгол Улсын нөөц бололцоог бэхжүүлэх сайн засаглал, иргэнд төвтэй төрийн үйлчилгээ, эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх зорилтууд бүхий шийдэлд тулгуурласан нэгдсэн стратеги юм. Мөн энэхүү төлөвлөгөөнд эдийн засгийн интеграцид нэгдэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, тогтвортой хөгжлийг хангах талаар тусгажээ. “Алсын хараа-2050”-д Сингапур, Эстони зэрэг амжилттай хөгжсөн орнуудын олон улсын туршлага, бодлогын жишээнүүдээс тусгасан” гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал хэлжээ.
Энэхүү төлөвлөгөөний хэрэгжилтийн амжилттай жишээг дурдвал, Монгол Улс “COVID-19” цар тахал дэгдсэн үед цахим засаглалын хөтөлбөрийг хэрэгжүүлсэн явдал юм. “Өдөрт 8000 орчим хүн “E-Mongolia” системийг ашиглаж байгаа бөгөөд системийн хэрэглээ хөл хорио тогтоосноос хойш гурав дахин өссөн” гэж Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ “The Diplomat” сэтгүүлд мэдээлжээ.
Л.Оюун-Эрдэнэ Монголын болон гадаадын санхүүжилттэй олон төлөвлөгөөнд хэрэгжиж чадаагүй байгаа бодлогуудын хэрэгжилтийг “Алсын хараа-2050”-д тусгахад ихээхэн анхаарсан нь онцгой содон үйл явдал юм. Энэхүү бодлогын чиглэл нь Монголын улс төрийн соёл дахь томоохон өөрчлөлтийг илтгэж байна. Тус улс Зөвлөлт Холбоот Улс болон тус улсын залгамж орнуудад голчлон боловсрол эзэмшсэн, мөн намын карьер хөөсөн юм уу 1990 оны хувьсгалын "баатрууд" байсан хүмүүсээс өөр улс төрийн удирдагчидтай болж байна. Ийнхүү цаашид тулгарах эдийн засгийн сорилтыг залуу үеийн удирдагчид зохицуулах шаардлага бий болж байна.
У.Хүрэлсүх огцорсон нь гэнэтийн явдал байсан боловч ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх алхам байж болох юм. Парламент-ерөнхийлөгчийн хосолсон засаглалтай гэж үзэж болох Монгол Улсад шинэ Ерөнхийлөгчийг энэ оны зургаадугаар сард сонгох бөгөөд Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаагаар нэг удаа сонгодог болсон юм. У.Хүрэлсүхийн хувьд Монгол ардын намаас /МАН/ ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг эрмэлзэж байж магадгүй байна.
Өнгөрсөн зун болсон парламентын сонгуулиар У.Хүрэлсүх МАН-ыг даргалах эрхээ бэхжүүлсэн юм. Л.Оюун-Эрдэнэ У.Хүрэлсүхтэй нягт харилцаа холбоотой тул түүний халааг авсан гэж олон хүн үзэж байна. Улсын Их Хурлын гишүүнээр улиран сонгогдсон Л.Оюун-Эрдэнэ нь У.Хүрэлсүхийн Засгийн газрын аль алинд хэрэг эрхлэх газрын даргаар ажиллажээ. Тэрбээр Ерөнхий сайд парламентын дөрвөн гишүүнийг Засгийн газартаа томилох эрхтэй байхад өнгөрсөн долоодугаар сард дахин томилогджээ.
Өнгөрсөн оны парламентын сонгуулийн үеэр Ардчилсан нам залуу үеийн төлөөллөөр өөрчлөлт хийх дотоодын шаардлагыг эсэргүүцсэн бол Л.Оюун-Эрдэнийн нэгэн адил Өрнөдөд боловсрол эзэмшсэн, залуу мэргэжилтнүүдээр манлайлуулсан Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/ парламентад шинээр суудал авсан юм.
Л.Оюун-Эрдэнийн үеийнхний олонх нь хуучин намуудад элсэхийн оронд ХҮН-ыг байгуулж, өөрчлөлт хийхийг эрмэлзжээ. Хэдийгээр тэд парламентад ганцхан суудал авсан боловч залуу үеийн өөрчлөлтөд онцгойлон анхаарсан хэвээр байна. Л.Оюун-Эрдэнэ, ХҮН-ын аль аль нь ахиц дэвшил рүү тэмүүлэх прагматик шинжтэй хүсэл зоригоос гадна улс төрийн бат бөх байр сууриараа ижил төстэй юм.
Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилсон явдал Монголын улс төрд залуу үеийн шинэчлэлийн эхлэл тавигдаж байж болохыг илтгэж байна. Шинээр томилогдсон Ерөнхий сайд нь хилийн чанадад боловсрол эзэмшсэн, ардчилсан зарчим, нийгэм, бодлогуудыг дэмждэг залуу үеийн удирдагчдын төлөөлөл юм. Хэдийгээр энэ нь шинэлэг санагдаж байж болох ч МАН-ын бодлогын зорилгууд хэрэгжихгүй гэсэн үг биш юм. Энэхүү нам хуучин намуудын нэг хэвээр байх бөгөөд одооноос харин улам хариуцлагатай болж магадгүй юм. Түүнчлэн олон нийтийн сайн мэддэгчлэн их эрх мэдэл илүү их авилгад дагуулж ч болзошгүй. Нөгөөтэйгүүр, саяхан өрнөсөн жагсаал Монголын ардчилсан хүмүүжил, Монголын улс төрийн орчинд залуу үеийн өөр давлагаа гарч ирж буйг бидэнд санууллаа.
Энэхүү нийтлэлийг АНУ-ын Сан-Францискогийн их сургуулийн Ази-Номхон далай судлалын магистр Л.Болор, Канадын Бритиш Колумбиагийн их сургуулийн Төрийн удирдлага, гадаад хэрэг судлалын багш Жулиан Диркес нар бичжээ.