ХӨСҮТ-ийн нэг сувилагчаас коронавирус илэрлээ

оруулсан Алсын Хараа

COVID-19 халдварын нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг өнөөдөр /2020.12.12/ болов."Өчигдөр 17,529 хүнд PCR шинжилгээ хийлээ. ХӨСҮТ-ийн нэг сувилагчаас коронавирус илэрсэн байна" хэмээн хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа. Тэрбээр “Арванхоёрдугаар сарын 11-ний өдөр ХӨСҮТ-ийн гурав, Зоонозын өвчин судлалын  үндэсний төвийн хоёр, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид 17,529 хүнд PCR шинжилгээ хийсэн. Уг шинжилгээнээс нэг хүнээс коронавирус илэрсэн нь ХӨСҮТ-ийн нэг сувилагчийн шинжилгээ юм. Ингэснээр эрүүл мэндийн ажилтнуудын дунд тархсан халдвар 20 болж байна.

Эрүүл мэндийн ажилтнуудын дунд гарсан халдварын тоо 20: /2020.12.12-ны байдлаар/

  • ХӨСҮТ-ийн Халдвартын клиникт - 17
  • Цэргийн төв эмнэлэгт - 3

Улаанбаатар хот, Дархан-Уул, Сэлэнгэ Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдээгүй.

Дотоодод голомтлон гарч буй халдварын тоо 454: /2020.12.12-ны байдлаар/

  • Улаанбаатар хотод 138
  • Сэлэнгэ аймагт 208
  • Дархан-Уул аймагт 45
  • Дорноговьд 31
  • Орхон аймагт 25
  • Говьсүмбэр аймагт 4
  • Архангай аймагт 3 тохиолдол бүртгэгдээд байна.

Улсын хэмжээнд голомтлон гарч байгаа нийт тохиолдол 454 байна. Монгол Улсын хэмжээнд коронавирусийн батлагдсан тохиолдол 906 боллоо. Үүнээс эдгэрсэн 384, ажиглалтад 30, гэрийн ажиглалтад 32, ажиглалт тандалтын хугацаа дууссан 322 хүн байна. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, ХУД-ийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгийн нэгдсэн эмнэлэгт нийт 513 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна. Үүнээс биеийн байдал маш хүнд нэг, хүнд тав, хүндэвтэр 77, хөнгөн 430 хүн эмчлэгдэж байна.

ХӨСҮТ-ийн халдвартын клиникт хүнд хүн байхгүй. Хүндэвтэр 25, хөнгөн 137 нийт 162 хүн эмчлэгдэж байна.

Цэргийн төв эмнэлэгт 213 хүн эмчлэгдэж байна. Маш хүнд нэг иргэн байгаа бөгөөд 81 настай. Хүнд тав иргэн байгаа бөгөөд 50, 51, 78, 80, 86 настай иргэн байна. Хүндэвтэр 51, хөнгөн 156 хүн эмчлэгдэж байна.

ХУД-ийн 300 ортой эмнэлэгт хөнгөн 125 хүн эмчлэгдэж байна.

Илэрч байгаа эмнэл зүйн шинж тэмдэг нь хуурай ханиалгах, хамар битүүрэх хоолой хүндүүрлэх толгой өвдөх, халуурах бие арзайх, булчин өвдөх, нусгайрах зэрэг амьсгалын замын шинж тэмдэгтэй адил илэрч  байна. Насны хувьд 30-49 насны хүмүүс 37.6 хувь нь байгаа. 0-15 насны хүүхдүүд 23 хувь байна. 65-аас дээш насны хүмүүс 5.1 хувь байна. Үүн дотор 80, 81, 91, 96 настай хүмүүс коронавируст халдвараар эмчлэгдэж байна. Одоогоор 353 ойрын хавьтал тусгаарлагдаж байна. Улаанбаатар хотод нийт ойрын хавьтал 1,186 хүнийг хяналтад байлгасан. Үүнээс 833 хүний 14 хоногийн хугацаа дуусаж, гурваас дөрвөн удаа PCR шинжилгээ сөрөг гарсан учир гэрийн ажиглалтад гарсан. Одоогоор 353 ойрын хавьтал тусгаарлагдаж байна” гэв.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл,

"Даваа гаргааас зарим байгууллагын ажил орох гэж байна. Иймд тухайн байгууллагын үйл ажиллагаанаас шалтгаалж ээлжээр ажиллуулах, ажилчдын гуравны хоёрыг гэрээсээ цахимаар ажиллуулах нөхцөл бололцоогоор хангах хэрэгтэй.

Ямар нэг хэмжээгээр гадны хүмүүс оруулахгүй, бүх уулзалтыг цахим болон утсаар хийж, албан хаагчдыг богиносгосон цагаар ээлжээр ажиллуулах шаардлагатай. Яагаад гэвэл олон өөр орчинд байсан хүмүүс нэг дор ирэхдээ амьсгалын замын болон агаар дуслын замын өвчнийг нэгэндээ тараах эрсдэлтэй” гэлээ.

Сэтгэгдэл бичих