УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээс тодрууллаа.
-Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ямар зохицуулалт тусаж байна вэ?
-УИХ-ын ээлжит бус чуулганаар өмнө бид Эрүүл мэндийн даатгал буюу санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн. Одоо дараагийн том асуудал нь эмийн хэрэглээ юм. Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүн ойролцоогоор 500 орчим тэрбум төгрөг шаардлагатай, том зах зээл. Эм үйлдвэрлэгч нарын гол зорилго бол үнэтэй их хэмжээний эмийг иргэдэд зарах байдаг. Үүнд зайлшгүй төрийн зохицуулалт орохгүй бол хэд дахин үнэтэй эмийг иргэд худалдан авч байна. Судалгаанаас үзэхэд, иргэдийг санхүүгийн хямралд оруулж байгаа зүйл бол эмийн худалдан авалт байгаа юм. Тиймээс үүнийг зохицуулахаар хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байна. Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар төслийг дэмжсэн.
Цаашид төслийг хэлэлцүүлгийн явцад улам сайжруулж эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүн нь үндэсний аюулгүй байдлын том асуудал мөн гээд Монгол Улсад нэгдсэн бодлого бүхий хууль батлагдана. Ингэснээр, 2021 онд багтан эмийн агентлаг байгуулахаар болж байгаа. Тус агентлаг нь эмийн үнийг зохицуулж, стандарт, чанарыг хангахад хяналт тавьж ажиллахаар тусгасан. Ерөнхийдөө эмийн асуудлыг цогцоор нь шийдэх хууль гэж үзэж байгаа, засах залруулах ч олон зохицуулалт байна.
-Ямар байдлаар эмийн үнийг зохицуулах юм бэ?
-Хуулийн төсөлд маш олон агуулга байгаа учраас зөвхөн эмийн үнийн сэдвийг ярья. Монгол Улс цөөн хүн амтай, том эмийн компаниудын хувьд жижиг зах зээл. Монгол Улсад хямд үнээр эм зарах сонирхол маш бага. Одоогоор эмийн компани, бөөний төвүүд чанартай бүтээгдэхүүнийг Монголд асар үнэтэй оруулж ирж байна. Тиймээс Монгол Улс зөвхөн албан ёсны борлуулагчаас биш, үйлдвэртэй нь гэрээ байгуулж нэгдсэн худалдаа хийхийг зорих юм. Үүнтэй ижилхэн сайн жишээ манай улсад бий. Тухайлбал, элэгний “С” вирусний эсрэг эмийг үйлдвэрлэгчээс нь 99 хувийн хөнгөлөлттэй худалдан аваад, ЭМДС-гаас нэг хувийг нь дааж иргэддээ санхүүгийн дарамтгүй олгож чадсан шүү дээ.
Энэ сайн туршлагаа улам өргөжүүлж нэн шаардлагатай байгаа эмүүдийг иргэдэд санхүүгийн дарамтгүй олгох нь энэ ажлын зорилго юм. Энэ хууль нь нэг хүнд эсвэл бүлэгт ашиглах боломжтой цоорхой хууль байж болохгүй. Бүгдэд эрх тэгш байх ёстой.
-Хяналтгүй маш олон төрлийн эм орж ирээд байгаа. Тиймээс эмийг нэгдсэн худалдан авалтад оруулснаар эмийн хяналт ч сайжрах байх. Гэхдээ нөгөө талаас чөлөөт зах зээлийг алдагдуулахгүй юу?
-Зөвхөн даралтны эм гэхэд л нэг эмийн санд химийн найрлага нь ижилхэн 10 төрлийнх байх жишээтэй. Бүгд өөр өөр үйлдвэрлэгчтэй, янз янзын үнэтэй. Хүмүүс үнэтэй нь чанартай гэж бодно. Гэвч хямд байж болох ч чанар муутай эм Монголын зах зээлд байж хэрхэвч болохгүй. Тиймээс үүнийг зохицуулж, Монгол Улсад нэг эм хэчнээн төрөл байхыг зохицуулах шаардлагатай. Хүмүүс чөлөөт зах зээлийг боомиллоо гэж ярьж байна. Тэдэнд үгүй, эмийн бодлого дээр чөлөөт зах зээлээс илүү ард иргэдээ бодсон нэгдсэн бодлого байх ёстой гэж хэлнэ.