Э.Болормаа: Алтайн уулс минь намайг дуудаж, харж, түшиж явдаг юм болов уу гэж боддог

оруулсан Алсын Хараа

Төмөрбаатарын БАТСАЙХАН

Удирдсан хамт олныхоо жаргал, зовлонг зүрх сэтгэлээрээ мэдэрч, урагшлах өөдлөхийн хувь заяаг үүрч явдаг хүн байдаг. Тэр хүн бол манай сониноос оноож өгсөн нэрээр “Нэгдүгээр хүн” юм. Улс орны бодлого, аливаа салбарын тулгарч буй асуудлыг бүрнээ мэдэж байх учиртай тэр эрхэм зүгээр нэг тамга атгаад суух биш санаа оноогоо дэвшүүлж түүнийгээ ажил хэрэг болгохын төлөө уйгагүй тэмцдэг байх учиртай. “Зууны мэдээ” сонин “Нэгдүгээр хүн” булангийнхаа ээлжит зочноор Ховд аймгийн Засаг дарга Э.Болормааг урьж, ярилцлаа.

 

“Мал аж ахуйн салбараа цогц бодлогоор дэмжиж, том зургаар нь харах ёстой”

-Сайхан хаваржиж байна уу.  Анх утсаар ярихад ингэж мэндлэх тань их содон байлаа.  Танай нутгаар өвөлжилт, хаваржилт ямар байв.  Хавартаа өнтэй золгов уу?

-Сайхан хаваржиж байна. Манай Ховд нутагт өвөлжилт, хаваржилт өнтэй сайхан байлаа. Улс орны хэмжээнд хүндхэн нөхцөл байдлыг туулж, зургаа орчим сая тоо толгой мал хорогдсон мэдээтэй байна. Одоогоор малчны хотонд мал төлөлт ид явагдаж байна.  Ер нь байгалийн нөхцөл байдлыг ажиглахад, энэ жил Монгол алтайн нуруу дамнуулаад Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд аймгийн нутагт харьцангуй өнтэй өвөлжлөө. Малчид маань ч өвөлжилтийн бэлтгэлээ сайн базаасан, аймаг орон нутгийн зүгээс өвч тэжээлийн нөөцөө сайн бэлтгэхээс гадна малынхаа тоог цөөлж, онд орохгүй малаа эдийн засгийн эргэлтэд оруулах нь их чухал гэдгийг олж харж хэрэгжүүлсэн.

Өнгөрсөн өвөл бид аймгийн хэмжээнд мах махан бүтээгдэхүүн боловсруулдаг аж ахуй нэгжүүддээ нэг тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл олгосон.  Ингэхдээ зүгээр нэг төрийн албан хаагч гэрээ зурах биш банк санхүүгийн байгууллагаар нь дамжуулан олгосон.  Энэ дэмжлэгийг ерөнхийдөө бид хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байгаа бөгөөд эхний жилийн зээлийн эргэн төлөлт 100 хувь хийгдсэн байна.  Энэ жил ч эргэн төлөлт амжилттай хийгдэнэ гэсэн хүлээлт бий.  Хөтөлбөрийн үр дүнд махны компаниуд малчдаас их хэмжээний худалдан авалт хийж, малын түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулж байна. Манай аймаг 2022 оны эцсийн тооллогоор  3.5 сая тоо толгой малтай байсан бол 2023 онд 3.2 сая болж буурсан.   Энэ нь малын хорогдол биш эдийн засгийн эргэлтийг харуулж байгаа үзүүлэлт юм.  Тэгэхээр энэхүү бодлого маань цаашлаад өвөлжилт хаваржилтыг өнтэй туулах нэг  хөшүүрэг болов уу гэж дүгнэж байна.  Мөн өвөлжилт, хаваржилтыг даван туулна гэдэг нь зөвхөн мал аж ахуйн асуудал биш малчин түмэндээ төрийн үйлчилгээг  хүргэж үйлчлэх, эрүүл мэндийн тусламж дэмжлэгийг түргэн шуурхай үзүүлэх, зам харгуй гаргах гээд Ховдчууд бид бүгдээрээ хамтын хүчээр өвөл, хаврыг өнтэй сайхан даван тууллаа даа.

-Ер нь Ховдчуудыг хэзээнээсээ л их хөдөлмөрч, хичээнгүй ард түмэн гэдэг.  Магадгүй энэ нь мал аж ахуйн соёлдоо ч нэвт шингэсэн байдаг байх?

-Тэгэлгүй яахав.  Ер нь энэ жил өвөлжилт, хаваржилт өнтэй байсан гэдэг нь нэг талаараа байгаль цаг уурын, нөгөө талаараа малчдын минь хөдөлмөрч, зан чанартай салшгүй холбоотой. Ховд нутаг олон угсаатан, ястны өлгий. Ажилсаг, хөдөлмөрчөөрөө ч алдартай шүү дээ.  Мөн малыг чанаржуулах асуудал дээр манай малчид манлайлал үзүүлж байгаа.  Ер нь зуд турхан, ган гачиг, байгалийн аюулт үзэгдэл жилээс жилд нэмэгдэж байна. Энэ нь дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой.

Өмнө нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх олон улсын байгууллагад ажиллаж байсан.  Мөн дэлхийн банкинд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг багт багтаж ажилласан.  Тэгэхээр энэ асуудалд нэлээд мэдээлэлтэй, мэргэшсэн гэж хэлж болно.   Бид уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг юу хийж чадах вэ.  Мэдээж нэгдүгээрт, хүлэмжийн хийн ялгарлыг багасгах.  Нөгөө талдаа байгаль цаг уурын энэхүү өөрчлөлтүүдэд дасан зохицох шаардлага бий.  Ялангуяа манай уламжлалт мал ахуй яаж өөрчлөгдөх юм. Үүнийг малчид маань нэг үеэ бодоход их сайн ойлгож, хүлээж авдаг болжээ.  Ямар ч малчинтай очоод л ярихад малын тоо толгой, бэлчээрийн доройтлын тухай ярьдаг болсон.

Цөөн малаар өндөр ашиг шим авдаг тийм систем буюу эрчимжсэн мал аж ахуй руу шилжмээр байна гэж ярьж байна.  Тэгэхээр бид цаашид  мал аж ахуйн салбарт энэ төрлийн бодлогыг цогцоор нь хэрэгжүүлэх шаардлагатай. Тэгэхгүй бол зуд болохоор л хамаг малаа алдаад, халаглаад суудаг, амьжиргаагаа алддаг.  Малчдын маань амь нас, эрүүл мэнд ч эрсдэлд орж байдаг. Үнэн худал нь мэдэгдэхгүй хандивын аян зохион байгуулдаг байж болохгүй.

Бид бэлтгэлтэй, бэлэн байдалд байх шаардлагатай байна. Хотынхон ч “Хувийнхаа малыг маллаж байгаа хүмүүст тусаллаа” гэж шүүмжилж байхыг сая харлаа л даа.  Магадгүй Ховд аймгийн Засаг даргаар томилогдоод орон нутгийг зориогүй байсан бол тэдгээр хүмүүстэй санал нийлэхийг үгүйсгэхгүй.  Харин аймгийн Засаг дарга Э.Болормаагийн санал бодол огт өөр байна.  Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын маш чухал хэсгийг малчин түмэн маань авч явж байна. Тэд уламжлалт мал аж ахуйн  өв соёлыг тээж явна.  Малчдын мал үхээд, хот нь хоосон боллоо гэхэд зүгээр тэр хүний хувийн өмч алга болж байгаа асуудал огт биш. Тэр хүн амьжиргаанаасаа салж, ажилгүй болж байна.  Бидний өв соёл бүдгэрч байна.  Тэгэхээр хотод суугаад гар утасны цаанаас шүүмжлээд суух асуудал огт биш.

 

“Монгол Улсын хөгжлийн загварыг монголчууд тодорхойлно гэдэгт илүү итгэл үнэмшил, дүүрэн болсон”

 

-“Магадгүй, Ховд аймгийн Засаг даргаар томилогдоод орон нутгийг зориогүй бол өнөөдөр цахим орчинд малчдыг “муулж” суугаа хүмүүстэй санал нийлэхийг үгүйсгэхгүй.  Гэхдээ асуудал өөр байсан шүү” гэдгийг та хэллээ.  Яг үүн шиг Ховдод очиж ажиллахад таны хандлагыг өөрчилж, нүдийг нээсэн зүйл олон уу?

-Маш олон.  Монгол Улсын хэмжээнд анхны эмэгтэй аймгийн Засаг дарга яаж ажиллахыг  хүмүүс харж байсан. Надад өмнөх эмэгтэй аймгийн даргаас үлгэрлэх, дуурайх, харж ажиллах гэсэн ойлголт  байсангүй. Анхны эмэгтэй даргын ажиллах зарчим, зам мөр, жимийг тодорхой хэмжээнд гаргаж ажиллахыг хичээсэн. Засаг даргын ажлыг аваад хүмүүст шагнал гардуулахаас эхлээд мэдэхгүй, чадахгүй, шинэ зүйл олон байсан. Өнгөрсөн хугацаанд Ховдчуудаасаа сурч, суралцсаар л ирлээ.

Нөгөө талаар, би хөгжлийн бодлогын мэргэжилтэй, энэ чиглэлээр мэргэшсэн хүний хувьд хэлэхэд, Монгол Улс аль нэг улсын хөгжлийн загвараар явахгүй.  Мэдээж цаг хугацааг дөтлөхийн тулд аливаа улс орны бодлогод авах гээхийн ухаанаар хандаж болно. Гэвч  Монгол Улсын хөгжлийн загварыг Монголчууд бид л тодорхойлно гэдэгт илүү итгэл үнэмшил, дүүрэн болсон. Өнөөдөр манай нийгэмд бухимдалтай асуудал олон байна. Энэ нь 1990 оны шилжилт хөдөлгөөн одоо ч тодорхой хэмжээнд явагдаад байна уу гэдгийг харуулж байх шиг. Тэс өөр хоёр нийгмийг үзсэн хүмүүс нийгмийн харилцаанд нэн идэвхтэй байгаа учраас энэ шилжилт дуусаагүй, хүмүүс бухимдалтай байна. Цаашид бид нийгмийн олон асуудалд ойлголцох, зөвшилцөлд хүрэх ёстой.  Үүний нэг нь эдийн засгийн асуудал.  Бид хамтдаа чөлөөт зах зээл гэдэг зүйлийг туулж байна. Үүнд төрийн оролцоо хэр байх юм. Хөдөө орон нутагт малын гаралтай түүхий эдээ яаж эдийн засгийн эдийн засгийн эргэлтэд оруулах юм. Энэ бүхэн маш тодорхой байх ёстой гэдгийг улам бүр мэдэрсэн он жил байлаа. Түүнчлэн ахуй, өв уламжлал талаасаа Монголчууд бид хаанаас ирсэн юм гэдгээ ойлгож байж, хаашаа явахаа зөв тодорхойлно. Монголчууд дэлхийд юугаараа ондооших юм бэ гэдгээ ч сайн бодох хэрэгтэй.

Монгол Улсад системийн шинж чанартай гажуудал, доголдлууд хаанаас яаж үүссэн юм, яагаад үүнийг арилгах ёстой юм, яаж арилгах уу гээд аливааг илүү цогц байдлаар харах ёстой юм байна. Улаанбаатарт байхад нүдэнд харагдахгүй чихэнд сонсогдохгүй, юу ч болж байсан хамаагүй юм шиг хандлагатай байжээ. Хөдөөд маш олон асуудал байгаа хэдий ч түүнийг дагаад боломж, бололцоо ч их байна.

-Та өмнө нь Монгол Улсын хөгжлийн загварыг тодорхойлох Ерөнхий сайдын  багт орж ажилласан.  Ховдыг хөгжүүлэх ямар төлөвлөгөө байна гэж та харав?

-Монгол Улс 2019 онд “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн хөтөлбөрөө баталсан.  Өмнө нь манай улсын хөгжлийн бодлогууд хоорондоо давхацсан, уялдаа холбоогүй байсан бол Монгол Улсын хөгжлийн бодлого, түүний төлөвлөлтийн тухай хуулийг баталж, бид нэг л урт хугацааны хөгжлийн бодлоготой байна гэдгээ хууль эрх зүйн хүрээнд баталгаажуулсан. Тухайн үед ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан Л.Оюун-Эрдэнэ сайд энэхүү хөгжлийн хөтөлбөрийг ахалж боловсруулсан. Түүний дараа дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр буюу Шинэ сэргэлтийн бодлогоо баталсан. Би Ерөнхий сайдын Ажлын албаны даргаар ажиллаж байхдаа энэхүү хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийг ахалж байлаа. Дээрх хөгжлийн хөтөлбөрүүд манай улсын нөхцөл байдалд “бай”-гаа оносон хөтөлбөрүүд болсон гэж боддог. Одоо энэхүү хөтөлбөрүүд дээрээ үндэслээд Монгол Улсын Засгийн газар 2024 оныг бүсчилсэн хөгжлийн жил болгон зарлалаа.  Энэ бол маш том алхам.  Бүсчилсэн хөгжлөөр бид ирээдүйгээ хардаг боллоо. Ер нь ажиллах хүчнээс эдийн засгийн хөгжил шууд хамааралтай байдаг.   Манай аймгууд дунджаар 80-90 мянган хүнтэй байгаа.   Ховд аймаг гэхэд 90 мянга гаруй хүн амтай. Баян-Өлгий 100 гаруй мянга байна. Энэ бол зах зээл, чөлөөт эдийн засаг хөгжихөд хангалттай тоо биш.  Тэгэхээр бид цаашид бүсчлэн хөгжлөөр хамтдаа урагшилдаг байх хэрэгтэй.

Монгол Улсын хүн амын тэн хагас нь нийт газар нутгийн 0.3 хувь дээр нь амьдарч байна.  Нэг хувь ч хүрэхгүй. Тэгтлээ бид Улаанбаатар хотдоо төвлөрөн амьдарч байна. Хөдөө орон нутагтаа нийт хүн амын тал нь тархан амьдарч байна.  Тэгэхээр зах зээл талаас нь харсан ч хөгжлийн үзүүлэлтэд энэ нөхцөл байдал хангалтгүй үр дүн үзүүлнэ.

Бүсчилсэн хөгжлийн бодлого гэдэг зүйл анх удаа яригдаагүй, олон жил яригдаж ирсэн бодлого. Энэ Засгийн газар, энэ парламент улс төрийн зориг гаргаж бүсчилсэн хөгжлийн бодлогоо амилуулж чадлаа. Ховд аймгийн хөгжлийн загвар өөрөө Монгол Улсын хөгжлийн бодлогын нэг л хэсэг. Тэр дундаа Хот хөдөөгийн сэргэлтийн бодлогод багтаж байна. Энэ бодлогын хүрээнд,  суманд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын цалинг 40 хувь, аймгийн төвд ажиллаж байгаа бол 20 хувиар нэмэгдүүлсэн. Хүн байгаа газар хөгжил байдаг. Тэгэхээр Хөдөөгийн сэргэлт хөтөлбөр маань эхний ээлжид шилжилт хөдөлгөөн дээр анхаарсан.  Хөдөөг ингэж хөгжүүлнэ гэхээс илүү хөдөөд хүн байх ёстой шүү гэсэн бодлогоор эхний алхмуудыг хийж, өнөөдөр бид хугарлын цэг дээрээ ирлээ. Дандаа хот руу явдаг байсан хөдөлгөөн хөдөө рүү тэмүүлж байна.

 

“Төрийн албаны тухай хууль асар доголдолтой байна”

 

-Нэг талаараа хөдөөгийн сэргэлтэд манлайлал болж, Ховдыг зорьсон хүн бол та.  Орон нутагт ер нь амьдрал ямар байна вэ?

-Би гэдэг хувь хүн хөдөөг зорьсон.  Түүнээс биш намайг дагаж олон залуус очсон гэж бодохгүй байна. Гэхдээ орчин үеийн илгээлтийн эзэн, энэ асуудлыг түүчээлээд явах ёстой гэж бодсон.  Тухайн үед олон шүүмжлэлт зүйл гарч байлаа.  Дээрээс шууд томилогдлоо гээд л дайралт их байсан.  Энэ бол маш харамсалтай ойлголт юм л даа.  Залуучууд орон нутгаа  хөгжүүлье гээд очиж байхад яагаад ингэж хүлээж авч байгаа юм бол гэж гайхсан.

Миний томилгоо бүрэн хуулийн дагуу явагдсан. Аймгийн иргэдийн хурлын бүлгээс миний нэрийг дэвшүүлж, олонхын санал авч,  Ерөнхий сайд батламжилсан. Ийм л энгийн процесс болсон. Ер нь энэ бол дэлхийн хаана ч байдаг эрүүл үзэгдэл.  Тухайлбал, Дэлхийн банк хэзээ ч тухайн орны хүнийг нь тухайн орны суурин төлөөлөгчөөр томилдоггүй. Яагаад гэхээр нэг талдаа авлигад өртөх магадлал өндөр гэсэн хүний нөөцийн бодлого нь. Олон жил нэг албан тушаал дээр байлгадаггүй, сэлгэж томилдог. Үүнийг хүмүүс улстөржиж харахаасаа илүү сэлгэн томилох бодлого барих ёстой гэж боддог. Монгол улсын хэмжээнд дунд шатны мафи гэдэг асуудал байгаа. Надад  тулгарч байгаа энэ эсэргүүцэл зөвхөн Болормаад биш хөдөөг хөгжүүлэхээр зорих залуус болгон дээр ирэх асуудал юм байна гэдгийг мэдрээд зогсохгүй одоо ч орон нутагт байгаа асуудал юм.

-Сэлгэж томилдог асуудал үр дүнтэй байж болохыг таны томилгоо харууллаа. Та  Засаг дарга болоод томилгооны асуудал дээр энэ схемээ туршиж үзэв уу?

-Аймагтаа цэцэрлэгийн буюу сургуулийн өмнөх боловсролын байгууллагынхаа эрхлэгч нарыг хуулийн хүрээнд сэлгэн томилсон. Саяхан цэцэрлэгүүдээр явж танилцахад бодит үр дүн гарсан байна. Эхэндээ асар их эсэргүүцэлтэй тулгарсан. Нэг цэцэрлэгийг 10 жил удирдчихсан хүмүүс чинь аргагүй шүү дээ. Гэтэл өнөөдөр тэд маань бид маш их зүйл сурлаа, хийлээ, хэтэрхий хайрцаглагдсан байж гэж ярьж байна.  Энэ бол нөгөө бидний яриад байгаа инновац байхгүй юу. Мэдээж надад хийж чадаагүй зүйл ч байна.

Ер нь манай Төрийн албаны тухай хууль асар доголдолтой юм байна гэдэг мэдрэмж төрсөн. Товчхондоо, төрийн албанд чадвартай хүнийг оруулдаггүй, чадваргүй хүний гаргадаггүй тийм чагтлагдсан юм шиг санагддаг. Гэхдээ би төрийн албан хаагчдаа хэлээгүй, бүтэн системийг нь хэлж байгаа юм.

Өнөөдөр олон улсын байгууллагад 10 жил ажилласан, гадаадад боловсрол эзэмшсэн, чадвартай боловсон хүчин Төрийн албанд бараг мэргэжилтнээр ч орж чадахгүй дээ. Ийм л нөхцөл байдалтай байна. Төрийн албаны чадавх сул байна гэдэг нь төр өөрөө сул байна л гэсэн үг. Төрийг хэдэн улстөрчөөр дүгнэх биш төрийн албан хаагчдаар нь, системээр нь дүгнэх ёстой. Би дийлэнх цагаа төрийн албаны  зарим хүмүүсийнхээ чадавхийг сайжруулах дээр анхаарч өнгөрүүлсэн.  Ажилчидтайгаа хамт байх, ажиллах дээр их цаг хугацаагаа их өнгөрүүлдэг. Яагаад гэхээр Болормаа өнөөдөр ганцаараа ойлгоод, чадаад байх огт сонин биш. Бүх албан хаагчид хаашаа, яаж явахаа мэдэж байж, хамт зөвшилцөж байж, ажил явна шүү дээ. Түүнээс биш би хичнээн сайн байгаад  итгэл үнэмшилгүй, санал нийлэхгүй, ойлгохгүй бол ямар ч ажил нурна. Ер нь аливаа байгууллагыг удирдана гэдэг хүний учрыг олох, хаашаа явах гэж байгаагаа маш тод зурж, түүндээ манлайлах нь л чухал юм билээ.

 

“Хүмүүс илүү тэгш, шударга нийгмийг л хүсэж байна”

-Та “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг гараанаас гаргалцсан хүн.  Олон салаа замаар, янз бүрийн зам туулж, үр дүнд хүрэхийг тэмүүлж байна.  Нийтдээ зургаан бодлого байгаа. Үүнээс алийг нь илүү онцолж, үр дүнг нь мэдрэхийг хүсч байна вэ?

-Төрийн бүтээмжийн сэргэлтийг нэрлэмээр байна. Яагаад төрийн бүтээмж сэргэх ёстой юм бэ, Шинэ сэргэлтийн бодлогод багтах ёстой юу гэж олон хүн асуудаг.  Шинэ сэргэлтийн бодлогын ажлын хэсгийнхэн бүгд санал нийлж, төрийн бүтээмж сэргэх ёстой гэж үзсэн. Төрийн бүтээмж бол бүхний суурь нь юм. Төр бүтээмжтэй байж чадахгүй бол бид ямар ч зөв бодлого гаргаад үр дүнд хүрэхгүй, хэрэгжихгүй бол яах юм. Төрийн алба нь чадвартай, авлига, нугалаа байхгүй, цахимжсан, бүтээмжтэй байж Монгол Улс хөгжинө.

Ер нь Шинэ сэргэлтийн бодлогыг боловсруулахдаа нэлээд зүйл судалсан. Ажлын хэсэг байгуулж, залуучуудаасаа “Монгол Улсын хөгжлийг хязгаарлаад байгаа зүйл нь юу вэ, түүнийг бид эдийн засгийн оролцоотойгоор байхгүй болгож, сэргээх ёстой гэж үзсэн.  Гэхдээ үүний цаана нэлээд их системийн гажуудлууд байна.  Төр бизнесийнхний хөшигний ар дахь хуйвалдаан, нэг намаас давсан эрх мэдэлтэй хэсэг бүлэглэл ч байна.  Энэ бол бүхлээрээ системийн гажуудал шүү дээ.

-Та Ховдод Засаг даргаар очоод энэ гажуудлын арай жижигсгэсэн хувилбартай нүүр тулсан. Гэхдээ үзэлцсээр байгаад, дууссан. Энэ тэмцэл амаргүй байсан уу?

-Зориг гаргаад хөдөө очоорой гэж залуучууддаа уриалмаар байна. Өөрчлөлтийг өөрөөсөө л эхлэх хэрэгтэй юм байна. Яриад байдаг ёс зүйн хэмжээндээ хүрдэг байх, шаардлага тавих хэмжээнд ажилладаг байх хэрэгтэй. Түүнээс биш хэн нэгний барьцаанд орчхоод нөгөө талдаа хариуцлага тавиад байж болохгүй. Хөдөө орон нутагт ийм асуудал их байна. Бүгд  нэг нэгнээсээ хамааралтай, тэгээд чагтлагдсан. Тэгэхээр хэн хэндээ хариуцлага, шаардлага тавьж чадахгүй. Тэр дунд хэн нэгэн өөр хүн очиж байж л тэр чагталсан байдал тайлагдана. Яг л ийм үйл явц өнгөрсөн хоёр жил Ховдод өрнөсөн.

Тендер авдаг, авлига өгдөг, авдаг байсан хэсэг бүлэг хүмүүс орилж, чарласан, бачуурсан, дайрсан. Ингээд би ямар нэгэн улс төрийн барьцаатай байсан бол өнөөдөр дууссан. Гэтэл тэд хамгийн муудаа л намайг “Түүхий тарвас” гэж хэлж байна. Эхлээд энэ дайралтуудад эмзэглэж байсан. Харин одоо улам хурцлагдаж байна. Яагаад гэхээр энэ Болормаа гэдэг хувь хүний асуудал биш. Монгол Улсын ирээдүйн асуудал шүү. Би хийхгүй юм бол хэн хийх вэ, бид биш бол хэн гэж. Би юуны тулд энэ боловсрол мэргэжлийг нь эзэмшээд олон улсын томоохон байгууллагуудад ажиллаж туршлагажсан юм. Ховд бол миний өвөг дээдсийн нутаг. Магадгүй Алтайн уул ус минь намайг дуудаж, харж, түшиж явдаг юм болов уу гэж боддог.   Эмэгтэйчүүд, залуучуудаа бас боддог.  Өнөөдөр Болормаа нугарч муу ажиллавал магадгүй залуучууд, эмэгтэйчүүд чадахгүй бүтэхгүй гэдэг зүйл ярих учраас хичээдэг, тэр хэрээрээ ч хурцлагддаг.

-Засгийн газраас Баялгийн сангийн тухай хуулийг өргөн барьж, парламент хэлэлцэж эхлээд байна.  Ховд бол уул уурхайн олон ордтой. Зөв ашиглагдаж ирсэн гэдэг нь мэдээж эргэлзээтэй. Энэ асуудалд та байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Аймгийн Засаг даргын хэмжээнд хүч хүрэхгүй хэдхэн асуудал байгаагийн нэг нь уул уурхай, түүнийг дагасан баялгийн зарцуулалт. Ялангуяа Хөшөөтийн уурхайн асуудлыг Засгийн газрын түвшинд авч үзэх байх. Үндэсний баялгийн сангийн тухай хууль бол маш чухал асуудал. Бид байгалийн баялгаа яаж ашиглах уу. Монгол хүн бүрийн өмч гэдэг атлаа энэ хуулийн заалт хэрэгжиж чадахгүй байсаар ирлээ.  Магадгүй өнгөрсөн 30 жилийн алдаа замхралтай шууд холбоотой. Хэн хэн ямар лицензийг яаж авав, яагаад стратегийн ордууд хувь хүмүүст оччихов. Тодорхой тооны хүмүүс ашиг хүртээд, яагаад ард иргэдэд багахан будаа шидээд байгаа юм.  Энэ бүхнийг бодож дүгнэлт хийх хэрэгтэй. Уул уурхай хөгжиж болохгүй гэдэг зүйлийг огтоосоо яриагүй. Хүмүүс илүү тэгш, шударга нийгмийг л хүсэж байна.  Чөлөөт зах зээлийн нийгэмд  илүү хөдөлмөрлөсөн нь илүү мөнгө олох боломжтой.  Гэтэл нэгэн цаг үед мэдээлэлд илүү ойр байсан хүмүүс нь баахан лиценз аваад баяжаад байдаг, түүнийгээ чөлөөт зах зээл гэж эндүүрдэг. Тэгээд мөнгөө эрх мэдлээ хамгаалахын төлөө цутгадаг. Ард иргэдийн өмчийг ингэж буруу ашиглаж болохгүй.

-Ховд аймагт өнгөрсөн хугацаанд баялгийн багахан хуваарилалтыг хийсэн гэж сонссон.  Энэ нь ямар учиртай юм бэ?

-Манай аймагт уул уурхайн нөлөөллийн бүс гэсэн арван сумдад хөнгөлөлттэй нүүрс олгож байсан.  Түүнийг нь уурхайтай ойр байх эсэхээс үл хамаарч бүх Ховдчууд баялгаас хүртэх ёстой гэж үзэж, бүгдэд нь өгөх шийдвэр гаргасан. Дараа нь мөн тэгш хүртээмжтэй байх ёстой гэж үзээд хоёр тонн гэсэн нэгдсэн дүн гаргаж, шийдвэрлэсэн. Ингээд Ховдчууд жилд нэг удаа тодорхой хэмжээнд байгалийн баялгаа хүртэж байгаа. Засаг даргын хэмжээнд ямартай ч ийм шийдвэр гаргаж хэрэгжүүлж чадсан. Түүнээс цааш миний шаардлага тавьж ажилласан зүйлүүд маань биелээгүй. Уул уурхай тойрсон цэгцлэх ёстой асуудал их байгаа.

-Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлыг гацаанаас гаргаж, урагшлуулах бол танд өгсөн нэг даалгавар байсан.  Ямар үр дүн үзүүлж ажиллав?

-Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц бол олон жилийн өмнөөс судалгаа нь эхэлсэн, Монгол улсын хувьд стратегийн чухал ач холбогдолтой ийм бүтээн байгуулалт.  Мөн Эрчим хүчний сэргэлтийн нэгээхэн хэсэг байсан. Засаг даргаар томилогдох үед орон нутгийн иргэдийн эсэргүүцэл бухимдал ихтэй, буруу ойлголтоос болж гацсан зүйлүүд бий. Иргэдтэй хэд хэдэн удаагийн уулзалт хийж, зөв мэдээлэл өгч, ач холбогдол, үр өгөөжийг нь тайлбарлаж, нөлөөллийн талаар ярилцсан.

Яг нь үнэндээ бүтээн байгуулалтыг эсэргүүцсэн хүн нэг ч байгаагүй, зөв мэдээллээр хангаагүй жаахан сэтгэл дутсан л асуудал байсан. Одоо нөлөөллийн бүсэд байгаа бүх айлуудтай гэрээгээ хийж, Засгийн газрын нөөц хөрөнгөөс нөхөн төлбөрийг асуудлыг шийдэж чадсан.  Ерөнхийдөө Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц маань гацаанаасаа гарч, хоёр орны Засгийн газар хоорондын гэрээнүүд зурагдаж, бүтээн байгуулалтын бэлтгэл ажил эхлээд хугацаандаа, амжилттай явагдаж байгаа. Энэ усан цахилгаан станц өөрөө 90 мегаваттын хүчин чадалтай. Одоогоор барууны бүсийн эрчим хүчний сүлжээнийхээ 70 хувиа гаднаас авч байна.  Энэ бүтээн  байгуулалт ашиглалтад орсноор баруун бүс дотоодоосоо эрчим хүчээ бүрэн авч эхэлнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 15. ДАВАА ГАРАГ. № 74 (7318)

Сэтгэгдэл бичих