Монголчууд хэзээнээс л олон арван саяулаа байсангүй. Их гүрний үед, Мэргэд, Хэрээд, Найманыг нийлүүлээд үсрээд л Ганц сая орчим байв.
Одоогоос зуун жилийн өмнө 1919 оны тооллогоор 550 мянга, гэхдээ түүний 100 мянган нь хятад буюу таван хүн тутмын нэг нь хятад байв. Үлдсэн 50 мянга нь орос болон бусад.
Саяхнаас л буюу 1963 онд нэг сая хүрч, түүнээс 16 жилийн дараа 1989 онд 2 сая, дахиад 16 жилийн дараа буюу 2015 онд 3 сая хүрсэн.
Монгол Улс хөгжиж дэвшихийн тулд хүн амаа эрчимтэй өсгөх шаардлагатай байв. Ингээд 1960-1970-аад онд идэвхтэй бодлого барив.. Тэр үед 4 хүүхэдтэй айл цөөхөн хүүхэдтэйд тооцогддог байлаа. Ихэнхдээ түүнээс дээш, 7 хүүхэдтэй нь ердийн.
Хүүхдийн мөнгө ч сайн өгдөг байв. Бас хот хөдөөгүй цэцэрлэг ясли барьсан. Олон хүүхэд гаргасан эхэд "Алдарт эх"-ийн I, II зэргийн одон өгдөг, одонгийн мөнгө ч өгдөг. Үр дүн гарч 1960-1970 онуудад огцом өссөн.
Харин 1990 оноос хойшхи хямралд хэсэг саарсан. Одоо эргээд өсөж байна.
Ер нь улсын ийм бодлогоос гадна бид угаасаа л хөл хүндтэй хүнийг хүндэлдэг, өмнүүр нь гардаггүй ёстой. Тэнд чинь хоёр хүн яваад байна. Хөл хүнд бүсгүйд таагүй хандах, цочоохоос цээрлэдэг, урагт нь сөрөг сүүдэр тусчихаас болгоомжилдог. Ерөөс бие давхар болон нялх биетэй бүсгүйн намба төрх, ааш ааль ч өөр байдаг, эрхгүй хайр, хүндлэл төрүүлэм байдаг.
Олон хүүхдийг өсгөж хүмүүжүүлнэ гэдэг амаргүй, зүтгэл хөдөлмөр сэтгэл их. Сүүний үнэр энгэрээс нь ханхалсан ээж шиг сайхан хүн хаана билээ.
Монголчуудын ардын дуунд Ээжийн тухай дуу онцгой байр эзэлж, жин дардаг. Газар дэлхийгээ хүртэл ээжийтэйгээ адилтгадаг.
"Хүн нэмэгдэхээр хүнс нэмэгддэг" гэж үздэг, "Монголын үрс маш олон болтугай" гэж ерөөдөг ард түмэн.
Энэ бүхнийг зөвхөн биологийн утгаар нь буюу Хээлтүүлэг төдийгөөр харах боломжгүй л дээ. Монголоо алдсан хэрэг болно.
Б.Номинчимэд