Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр дөрөвдүгээр сарын 26-нд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд “Постмоденизм, утга зохиол ба Хорхе Луис Борхес” сэдвээр лекц уншсан юм. Тус лекцийг бүрэн эхээр нь хүргэе.
ХОРХЕ ЛУИС БОРХЕСИЙН ӨГҮҮЛЛЭГҮҮД СУДАЛГААНЫ СЭДЭВ БОЛОХ БОЛОМЖТОЙ
Намайг урьсан Хэл зохиолын хүрээлэн, ШУА-ийн эрдэмтдэд талархлаа илэрхийлж, энэхүү уулзалтад оролцож буй хүмүүсийн амар амгаланг эрж, халуун мэндчилгээ дэвшүүлж байна.
Би 1975-1980 онд Москва хотын Утга зохиолын дээд сургуульд сурч төгссөн. Манай ангид С.Пүрэв, Д.Давааням нар байсан бол доод ангид Г.Нямаа, О.Дашбалбар, Ц.Энхбат гээд утга зохиол, соёл урлагийн салбарт өөрийн орон зайг эзэлсэн хүмүүс сурч байлаа.
Тэр үед Габриель Гарсиа Маркес гэсэн Колумбын зохиолч “Зуун жилийн ганцаардал” ном бичиж, түүнийг нь монгол, орост хүмүүс амтархан уншиж эхэлсэн үе байв. Харин Хорхе Луис Борхес бол Габриель Гарсиа Маркес зохиолчийн өмнөх “ер бусын реализм” гэсэн урсгал, утга зохиолын арга хэлбэрийг анх гаргаж ирсэн хүний нэг юм. Бид тухайн үед зохиолыг нь олж уншиж чаддаггүй байснаас уншигчдын дунд Маркестай адил нэр хүндтэй болж чадаагүй юм билээ.
Би 1980 онд Москвагаас сургуулиа төгсөж ирээд Монголын зохиолчдын хороонд ажиллаж байсан үе. Тэр үед бид ажлаа тараад, эсвэл зав гарвал цайны цагаараа явдаг тогтсон замтай байсан нь Сүхбаатарын талбайн хажуу дахь номын дэлгүүр. Одоо бол кофе шоп болсон харагдсан. Бид Монгол шуудангаар орж ном сонин үзээд, цаашаа Их дэлгүүрийн хажуу дахь номын дэлгүүрээр ороод буцдаг байлаа.
Нэг өдөр О.Дашбалбар бид хоёр тэр замаар явсаар Сүхбаатарын талбайн дэргэдэх номын дэлгүүр ороход Хорхе Луис Борхесийн 1984 оны орос хэлээр гарсан өгүүллэгүүдийн эмхэтгэл байж таарсан. О.Дашбалбарыг яруу найрагч учраас энэ номыг нь санал болгоход зохиолчийн талаар төдийлөн мэддэггүй байсан. Энэ үеэс би уг зохиолчийг илүү гүнзгий сонирхож, зохиолуудыг нь үе үе уншдаг болсон юм. Зохиолчийн онцлог нь том хэлбэрийн зохиол биш, богинохон өгүүллэгүүд бичдэг. Өгүүллэгүүд нь хэдэн роман болж задрахаар утга санаа, агуулгатай байдаг. “Салаалсан замтай цэцэрлэг”, “Вавилоны номын сан” зэрэг алдартай өгүүллэгүүд нь бий. Өгүүллэг бүр нь хэд хэдэн судалгааны сэдэв болох боломжтой.
Мөн Хорхе Луис Борхесийг постмодернизмыг эхлүүлсэн сэхээтнүүдийн нэг гэж үздэг. Тиймээс би уламжлалт сэдэв эсвэл Монголын утга зохиолтой холбоотой Д.Нацагдоржийн “Харанхуй хад” зэрэг сэдвүүдийг ярихаас илүү Монгол Улс дэлхийд өөрийн орон зайг эзлэх гэж буй орны хувьд “Постмодернизм ба Хорхе Луис Борхесийн уран бүтээл” гэсэн сэдвийг яривал сонирхолтой байх болов уу гээд энэ сэдвийг сонголоо. Пост гэсэн үг нь хоёр утгыг илэрхийлнэ. Ямарваа нэг зүйлийн дараа гэсэн утгатай. Энэ нь модернизмын дараа гэсэн үг юм. Эсвэл тухайн юмны эсрэг гэсэн утгыг илэрхийлэх нь бий. Тэгэхээр модернизмын дараа, модернизмын эсрэг гэсэн үгийг илэрхийлж болно. Дараагийнх нь түрүүчээ үгүйсгэж гарч ирдэг учраас үүнийг модернизмын эсрэг ч гэж үзэж болох юм.
Тэгэхээр модернизм гэж юу вэ, постмодернизм яагаад модернизмыг эсэргүүцсэн, постмодернизмын дараа өөр зүйл бий юу, үүний дараах үеийг юу гэж нэрлэх вэ зэрэг олон асуулт тавихаас өөр аргагүй. Ингэж цогцоор нь харж байж гол утгыг ойлгож, төсөөлөл авах нь зөв юм.
Постмодернизм бол төвөгтэй сэдэв.Тиймээс зөвхөн энэ лекцэнд ярьснаар ойлгож болохгүй. Тиймээс хүн бүр өөрийнхөөрөө ойлгох нь чухал. Харин өнөөдөр би постмодернизм гэсэн XX зууныг тодорхойлсон урсгалыг сонирхох, судлах хүслийг өдөөж өгч байгаа хэрэг. Та бүхэн постмодернизмын урсгалыг төлөөлсөн Хорхе Луис Борхес болон бусад зохиолчийн бүтээлийг уншаарай гэж хүсэж байна.Постмодернизм гэж ямар нэг юмны дараа болсон эсвэл ямар нэгэн зүйлийг эсэргүүцэж гарч ирсэн үзэгдлийг ойлгохын тулд үүний өмнө ч модернизмын үе байсан гэдгийг мэдэх хэрэгтэй. Модернизмын өмнө, модернизмын өмнөх үе гэж байсан юм шүү дээ. Ингэж хүн төрөлхтний түүх соёлыг цогцоор нь харж сурвал, аливаа зохиолыг уншаад, хэний тухай юу ярьж байгаа, цаг хугацаа нь аль үед хамаарч байгаа гэдгээр нь төсөөлж уншвал ойлгоход амархан.
Модернизмын өмнөх үе бол XVIII зуун хүртэл үргэлжилнэ. XVIII зуунд Модернизм эхэлсэн гэж үздэг. Үүн дээр нэг зүйлийг онцолж хэлмээр санагдлаа. Бид постмодернизмын үед амьдарч байгаа гэж хэлж болох ч оюун ухаан, сэтгэл санаа, хөгжлийн түвшин, олон хүчин зүйлээс шалтгаалаад нэг хүн, нэг орон, нэг ард түмэн бүхий л цаг үед нэгэн зэрэг амьдарч байна.
Бидний дунд модернизмын өмнөх үе, модернизмын үе, постмодернизм, постмодернизмын дараагийн үе рүү шилжсэн хүн ч амьдарч байна. Тиймээс энэ лекцэд постмодернизмын тухай ярьснаар өнөөдрийн нийгмийг тодорхойлж чадахгүй. Энэ бүх үеүд зэрэг оршиж байгаа учраас бид үүнийг ямар нэгэн байдлаар мэдэж, таньж байж, цаг үеэ мэдрэх хэрэгтэй болов уу. Зохиолчдыг мэдэж, зохиолуудыг нь уншиж, уран бүтээлийг нь ойлговол энэ цаг үеүдийг ухаарахад дөхөм байх боловуу гэж бодож байна.
Модернизмын өмнөх үед хүний амьдрал ойлгомжтой байсан. Бурхан тэнгэр, библи судар бүхнийг зааж, чиглүүлж байна гэж ойлгодог тийм цаг үе байсан. Англичууд God гэдэг. Харин бид орчуулахдаа буддын шашны нэр томьёогоор бурхан тэнгэр гэж орчуулсныг христийн шашинд шүүмжилдэг. Мөн ертөнцийн эзэн зэргээр олон янзаар орчуулах нь бий. Үүн дээр орчуулгын маргаан хийх гэсэнгүй. Зөвхөн бурхан тэнгэр гэсэн нэршлээр нь л хэрэглээд явъя. Гэхдээ та бүхэн үүнийг харьцангуй орчуулсан орчуулга гэж ойлгохыг хүсье. Энэ үеийн нийгмийн харилцаа, хүмүүсийн хоорондын харилцаа, утга зохиол, соёл, эрдэм шинжилгээ, шашны бүх зүйлийн төвд бурхан тэнгэр байсан. Үнэн гэвэл бурхан тэнгэрээс үүдэлтэй гэж үздэг байжээ. Тийм ч учраас бүх юм ойлгомжтой. Буян гэж юу юм, нүгэл гэж юу вэ. Энэ бүгд бас л ойлгомжтой байсан байна. Хар юм гэж юу вэ, цагаан юм гэж юу вэ гэдэг хүртэл ойлгомжтой. Нэг талаасаа их амархан, ойлгомжтой цаг үе байсан байна. Хүний амьдралын утга учир ч гэсэн их ойлгомжтой байжээ. Христэд итгэх, түүнийг хайрлах, түүнд өөрийгөө тушаавал аврагдана гэсэн зарчим үйлчилж байсан цаг үе.
Бурхан тэнгэр өө сэвгүй байсан. Том эрх мэдэл, улс орны төр засгийн эрх мэдэл бурхан тэнгэрээс үүдэлтэй, бурхныг өгсөн гэж ойлгодог байжээ. Тэр их эрх мэдлийг бурхан тэнгэр өөрөө тусгай хүнийг сонгож аваад өгсөн гэж хардаг байсан байна. XVIII зууны үед бурхан тэнгэр алдаа дутагдалгүй гэж бүгдээрээ үздэг байсан. Бурхан тэнгэрийн элч болсон, төр засгийн эрх мэдлийг бурхан тэнгэрээс авсан хаан бол бас алдаа дутагдалгүй гэж үздэг байжээ. Францын алдартай XIV Людовик хаан айлдахдаа “Төр засаг бол би. Би бол төр засаг мөн” гэсэн байдаг. Тэр бол үнэмлэхүй хаант засаглалын толгойд байсан хүн. Тэгэхээр бурхан тэнгэр ч алдаа дутагдалгүй, хаан ч алдаа дутагдалгүй байна гэсэн үг юм. Бурхан тэнгэр бүх юмны төвд байсан, буян нүгэл хоёрыг бурхан тэнгэр, түүний элч хааны айлдсанаар, Библи сударт бичсэнээр ойлгоно. Хар, цагааныг ялгахад их амархан. Төөрч будилах зүйлгүй.
РЕНЕ ДЕКАРТ “БИ БОДОЖ БАЙГАА УЧРААС ОРШИЖ БАЙНА” ГЭСЭН ДҮГНЭЛТ ХИЙСНЭЭР...
Энэ бол эдийн засгийн хувьд аж үйлдвэржүүлэлт эхлэхээс өмнөх цаг үе мөн. Шинжлэх ухааныг Христийн шашин орлож байсан цаг. Христийн шашны номлол өөрөө шинжлэх ухаан байсан байна. Энэ үед нар дэлхийг тойрдог, дэлхий хавтгай, яст мэлхий дээр тогтсон зэрэг ойлголтууд байжээ. Тухайн үед Галилео зэрэг хүмүүс өөрөөр үзэж эхлэх үед заримыг нь шатааж, шинжлэх ухаанч хүний хувьд олсон ололт, нээлтийг нь хүчээр тулган буцаалгаж байсан үе.
Гэтэл хаан шүүмжлэгдэж, шинжлэх ухаан хөгжиж эхэлсэн. Ойлгомжтой байсан ертөнц их ойлгомжгүй болсон. Ингээд XVIII зууны дундаас дэлхийн I, II дайны дунд үе хүртэл ноёлсон модернизмын цаг үе ирсэн. Энэ үед бурхан тэнгэрт итгэх итгэл ганхсан. Шекспирийн алдартай “Гамлет” зохиолын баатар Гамлет “орших уу эс орших уу” гэсэн асуулт тавьсан. Үүний өмнө ийм асуулт тавьдаггүй байсан. Учир нь өмнө нь орших, оршихдоо хэрхэн орших зэрэг бүх зүйл тодорхой байсан юм. Ингээд хүний амьдрал, Христийн шашин өөрөө орших, эс оршихын асуудалтай тулгарсан.
Энэ үед итгэл, сүжиг бишрэлээс илүү оюун ухааныг дээдэлдэг цаг үе ирсэн. Өмнө нь “би итгэж, сүсэглэж байгаа учраас оршиж байна” гэж боддог байсан бол Францын алдартай философич Рене Декарт “Би бодож байгаа учраас оршиж байна” гэсэн дүгнэлт хийснээр хүн төрөлхтний гайхамшигтай түүхийн нэг том үе эхэлсэн билээ.
Мөн XVIII зууны дунд үеэс шинжлэх ухаан хөгжиж, хүмүүс “би бодож, би эргэлзэж байгаа учраас оршин тогтнож байна” гэсэн ойлголтууд бий болж, эдгээр ойлголт, оюун ухааны эрэл хайгуул хүн төрөлхтний ухааныг задалсан. Тэр үед алдарт Дарвины эволюцийн онолыг гаргаж ирсэн. Бурхан хүнийг бүтээсэн гэдэг онолд эргэлзэж, сармагчнаас үүсч, шалгарлын замаар хөгжсөөр өнөөгийн хүн болсон гайхамшигт түүх эхэлсэнтэй адил XVIII зууны дунд үеэс шинжлэх ухаан хөгжиж хүн төрөлхтний оюун ухааныг задалсан. Аж үйлдвэрийн хувьсгал гарч, гараар урладаг байсан зүйлийг машинаар үйлдвэрлэж эхэлсэн. Ийнхүү хүчтэй тэсрэлтүүд болжээ. Сүсэг бишрэл, үлгэр домог гэхээс илүү цэгцтэй мэдлэг, боловсрол хэрэгтэй болж эхэлсэн. Францад мэдлэгийг цэгцэлж эрэмбэлэх ёстой юм байна гэж үзэх болсон.
Энэ цаг үед хувьсгал мандаж эхэлсэн байдаг. Оюун ухаан задарч, хөгжөөд ирэхээр хүн “Би яагаад зарагдах ёстой юм бэ, би эрх чөлөөтэй байж болох уу” гээд бодож эхэлсэн.
1789 онд Францын алдартай хувьсгал мандаж, тэр үед “Эрх чөлөө, Шударга ёс, Ижил тэгш байдал” гэсэн лоозон дэвшүүлсэн байна. Энэ үед “Би өөгүй хаан, бурхан тэнгэрээс энэ эрх мэдлийг надад өгсөн, би алдаа гаргадаггүй” гэсэн XIV Людовик хааны онол хүчингүй болсон. Харин “Хүн, хаан хоёр адилхан. Төрөхдөө адилхан төрсөн. Яагаад хүн угсаа залгамжлаад хаан ширээн дээр залраад байгаа юм бэ. Хаан муу ажиллавал түүнийг сольж болно” гэсэн үзэл бий болсон. Түүнээс өмнө англичууд 1215 онд тавьсан том эрх чөлөөний бичиг баримтыг баталж хаанаараа зөвшөөрүүлсэн. Хаан муу ажиллавал өөрчилж болно гэдэг зарчим 1215 онд гарсан. Хүний эрхийн асуудал энэ үеэс яригдаж эхэлсэн байна. Хаант засаглалаас Бүгд найрамдах улсын засаглалын үе рүү шилжсэн. Бүгд найрамдах гэдэг нь бүгдээрээ ард түмнийхээ сонголтоор төр засгаа эмхлэн байгуулаад, олонх цөөнхийн харилцааг зохицуулаад олонх нь амласан зүйлээ хэрэгжүүлнэ, цөөнх нь эрхээ хамгаалуулж хамтран амьдрана гэсэн онол бүхий төр засгийн хэлбэр рүү шилжиж эхэлсэн гэсэн үг.
Улс төрийн хувьд зүүн ба баруун гэх үзэл гарсан. Энэ үзэл модернизмын үеэс гарч эхэлсэн. Хүн төрөлхтөн ийнхүү хөгжиж улс төрийн үзэл баримтлалаар хоорондоо хуваагдаж өрсөлдөж амьдарч байна. Бүгд найрамдах улсын тогтолцооны дагуу төр засгаа эмхлэн байгуулаад амьдарч байна. Хамгийн гол нь хүн өөрөө хөгжлийг бий болгож чадна. Үүнийг дагаад эрдэм боловсрол хэрэгтэй гэдэг ойлголт бий болсон. Эрдэм боловсролыг шүтдэг, эрдэм мэдлэгтэй хүнийг хүндэлдэг болсон байна. Оросын хатан хаан, агуу Екатерина нь Францын алдарт сэргэн мандалтын үеийн төлөөлөгч Вольтертай захиа бичилцэж байсан. Вольтер хаанд багшилж байсан. Үүнээс өмнө хаанд хэн ч багшилж байсан түүх байхгүй. Хоёрдугаар Екатерина үнэмлэхүй хүчтэй, эрх мэдэлтэй байсан боловч Вольтерийн соён гэгээрүүлэх чиг хандлагыг хүндэтгэж захиагаар харилцаж байсан нь энэ.
МОДЕРНИЗМЫН ҮЕД ШИНЖЛЭХ УХААН ЭРЧИМТЭЙ ХӨГЖСӨН
Модернизмын үед хүн өөрөө хөгжиж чадна гэсэн үзэл байсан. Гегелийн хөгжил дэвшил заавал урагшилна гэсэн онол бий. Хүн төрөлхтөн үе шаттайгаар заавал хөгжинө. Тэр үед ирээдүй заавал байна, заавал хөгжинө гэсэн итгэл, цаг үе модернизмд байсан байна. Шинжлэх ухаан эрчимтэй хөгжсөн байна. Гэхдээ энэ нөхцөл байдал их сониноор эргэсэн. Хүн гэдэг бодгаль хөгжөөд ирэхээр Фридрих Ницшегийн онол гарч ирсэн. Бурхны тогтоосон нүгэл, буян супер хүнд хамаагүй. Супер хүн өөрөө нүгэл буян, зөв бурууг тогтооно. Хүнийг шүтэх, мэдлэг боловсролыг хүндэтгэх гэсэн ойлголт явсаар байгаад “Супер хүн”-ий онол болж хувирсан. Улмаар “Супер үндэстэн” бий болж бусад үндэстнүүдийг хагас хүн, хагас зэрлэг амьтад гэж хардаг болсон. Супер хүн бол жинхэнэ хүн гэж үздэг болсон. Тэгээд энэ онол туйлширч супер хүний биеийн пропорцыг гаргасан. Тэгээд тэр хэмжээнд таарахгүй нь супер хүн болоогүй, супер үндэстэнд харьяалагдахгүй хүмүүс болж хувирсан. Ингэж еврейчүүд таарч тохирохгүй хүмүүс болцгоосон юм. Еврей хүн бөгтөр нуруу, монхор хамар, том чихтэй, толгойных нь хэлбэр нарийн учраас чөтгөрийн илэрхийлэл гэж үзэж еврейчүүдийг устгах зам руу хальтарсан.
Германы цэргийн офицерууд өдөр бүр хэдэн сая, мянга, зуун еврейг халуун зууханд хийж шатаадаг байжээ. Тэгсэн мөртлөө орой гэртээ очоод хүүхдүүдээ эрхлүүлээд Бетховений хөгжмийг тоглодог байж. Үүнийг эрүүл ухаантай хэн ч ойлгохгүй. Ямар ч ухаантай хүн энэ гаж үзэгдлийг тайлбарлаж чадахгүй байдалд орсон.
Яагаад хүн гэдэг бодгаль өөртэйгөө адилхан бодгалийг хэдэн арваар нь алчихаад “би сайхан амьдарч байна” гэж боддог юм бэ гэдгийг хэн ч ойлгоогүй. Ингээд модернизмын тухайн үедээ дэвшилттэй байсан ойлголтууд явсаар байгаад завхарч, мухардалд орсон. Францын хувьсгалаас дараачийн хувьсгалууд гарсан. Түүний дотор Октябрийн хувьсгал, манай 1921 оны Ардын хувьсгал бол Францын 1789 оны хувьсгалаас нөлөө авч үсэрсэн оч гэж нэрлэж болно.
Мөн модернизмын үед ЗХУ-д “зөвлөлтийн хүн” гэдэг ойлголт бий болсон. “Зөвлөлтийн хүн” бол сансар нисдэг, өөрийн нормыг хэд дахин биелүүлдэг хүмүүс гарч ирсэн. Тухайн үед оюутнуудыг хойно сургахаар явуулахдаа зөвлөлтийн хүнтэй эвтэйхан харьцаарай, агуу коммунизм, социализмыг бүтээн байгуулагч хүн Москвад байгаа учраас Зөвлөлтийн хүнээс сайн суралцаарай гэж захидаг байж. Гэнэн Монголчууд тэр үед зөвлөлтийн хүнийг шүтдэг байсан. Гэвч энэ нь явсаар байгаад дээрэлхүү зан ааштай, бусдын хоцрогдлыг гайхдаг, бүдүүлэг хүн болж эхэлсэн.
Модернизмын үед үнэн гэж байна гэсэн ойлголт тогтсон. Гэхдээ тэр үнэнийг бурхан тэнгэр биш хүн тогтооно. Шинжлэх ухаанд нэг л үнэн байдаг. Хоёр үнэн гэж байхгүй. Хүн хөгжиж чадна, хүн аугаа гэсэн ойлголтууд явсаар байгаад нэг үнэн гэсэн ойлголт дарангуйллыг бий болгосон.
Тэгээд Сталин, Гитлерийн дарангуйлал аль аль нь нэг үнэн гэсэн үзлээс урган гарсан. Бурхан тэнгэр биш, хүн ёс суртахууныг тогтооно. Шинжлэх ухаан бүхнийг шийднэ, шинжлэх ухаанд үнэнч байвал бүх зүйл шийдэгдэнэ гэсэн ойлголт явсаар байгаад дарангуйлал бий болсон. Үр дүнд нь дэлхийн I, II дайн болж, дэлхийн II дайн 60-80 саяар тогтохгүй олон хүний амиар тоглож, хэдэн 100 сая хүний эрх, эрх чөлөөг хөсөр хааж, модернизм гэсэн үзэгдэл мухардалд орсон. Дэлхийн II дайны дараа хүн төрөлхтөн асар их оюун ухааны хямралд орсон. Олон германчууд нэрээ, иргэншлээ сольж, герман гэж өөрийгөө хэлэхээс ичдэг болсон. “Дэлхий биднийг үзэн ядаж байхад яаж тэсэж үлдэх вэ” гэж бодож эхэлсэн. “Хэн нэгнийг буруутгаж тэсэж үлдэх үү, эсвэл өөрсдийгөө засаж тэсэж үлдэх үү” гэдэг сонголтын өмнө очсон. Ингээд германчууд өөрсдийгөө засаж, буруу үзэл бодлоосоо татгалзаж чадсан.
Энэ үеэс дэлхийн хүн төрөлхтөн “модернизм” гэсэн ойлголт учир дутагдалтай юм байна хэмээн ухаарч, түүнийг шүүмжилж, “постмодернизм” гэдэг үзэл гарч ирсэн.
Хугацааны хувьд олон янзаар тайлбарладаг ч дэлхийн I, II дайны дундах үеэс эхлээд 2001 оны есдүгээр сарын 11 хүртэл постмодернизм байсан гэж судлаачид үздэг. Гэхдээ одоо ч модернизм, модернизмын өмнөх үе, постмодернизм зэрэг оршсоор байгаа. Хүн төрөлхтөн, түүний ой санамж бүх ачаагаа үүрч байдаг учраас энэ бүхнийг чирээд л явж байгаа гэсэн үг. Постмодернизм модернизмээс ялгаатай нь нэг үнэн гэж байхгүй, олон үнэн оршиж байгаа. Үнэн болгон харьцангуй гэж үздэгт оршино. Тухайн нөхцөл байдлаас шалтгаалаад үнэн байна уу, үгүй юу гэдгийг тогтооно. Өнөөдөр үнэн юм маргааш худал болно. Үнэн бол өөрөө асуудал мөн.
Хуучин бид үнэн гэдгийг эргэлзэлгүй хүлээж авдаг байсан бол одоо үнэн өөрөө асуудал болчихсон. Мэдлэгтэй, боловсролтой болох гэдэг асуудал харьцангуй болсон. Зарим постмодернизмын үеийн философичид “мэдлэгтэй болно гэдэг зүгээр л үгсийн сангаа солих асуудал юм” гэж дүгнэсэн байдаг.
Тиймээс энэ цаг үед мэдлэг мэдээллээр солигдож байна. Мэдлэг заавал хэрэггүй. Мөн постмодернизмын үед “үнэн бол сэтгэлийн хөдөлгөөн мөн” гэсэн ойлголт бий болсон. Буруу байсан ч чамд таалагдаж байвал чиний хувьд үнэн. Таалагдахгүй бол үнэн ч байсан худал. Эмоци үнэн болсон. Модернизмын үед эмоци биш оюун ухааныг чухалчилж үздэг байсан бол таалагдах эс таалагдах гол асуудал болсон. Үнэнийг эмоци, сэтгэлийн хөдөлгөөнөөр тодохойлж эхэлсэн. Модернизмын үед техник технологи хөгжил дэвшлийг авчирна гэж үзэж байсан. Харин постмодернизмын үед техник технологийн дэвшил хүнийг дарангуйлж байна, хүнийг шахаж байна, хүнийг хэн ч биш болгож байна гэж үзэж шүүмжилж эхэлсэн.
ПОСТМОДЕРНИЗМЫН ХҮҮХДҮҮД ГАНЦХАН ӨӨРТӨӨ ХАЙРТАЙ
Постмодернизмын үеийн хүн өөртөө маш их хайртай нацист хүн. Өөртөө таалагдсан зүйлийг үнэн, таалагдаагүй бол худал гэж боддог. Өөр хэнийг ч хүлээн зөвшөөрдөггүй, бүх зүйлийг үгүйсгэдэг. Бүгдээрээ бие биенийгээ үгүйсгэж байгаа учраас тодорхой нэр хүндтэй бизнес эрхлэгч, улс төрч хүн гэж байхаа больсон. Модернизмын үед эрдэмтэд тэргүүн эгнээнд байсан бол постмодернизмд уран бүтээлч хүн тэргүүлж эхэлсэн. Учир нь уран бүтээлч хүний оюун ухаан шинжлэх ухааны хайрцаганд баригдддаггүй, уран бүтээлч хүн аливаа хүн гагцхүү өөртөө хайртайг харж чадна гэж үзсэн, тэр битгий хэл хүнгүй уран бүтээл туурвиж болно гэж үзсэн. Постмодернизмын хүүхдүүд бол ганцхан өөртөө хайртай. Хүн өөрөө цул биш болсон. Модернизмын үед өөрөө цул байсан бол би хөгжинө, боловсорно, цаашдын зорилготой постмодернизмын хүн бол тийм биш. Төрсөн нь үнэн үү, худал уу гээд дуртай зүйлдээ хүртэл эргэлздэг болсон. Францын алдарт зураач Пикассогийн кубизмын аргаар зурсан зургуудыг харахад хүнийг задалсан байдаг. Постмодернизмын үед уран бүтээлчид нэр хүндтэй болсон.
Оросын алдарт зураач Малевичийн “хар квадрат” гэсэн тас хар өнгөтэй дөрвөлжин зураг бий. Модернизмын үед энэ зураг гарах боломжгүй байсан. Учир нь тэр үед заавал зохиомж, баатар, алслал, хөгжил хэрэгтэй байсан. Харин постмодернизмын үед үнэн байхгүй гэдгийг мэдсэн үед хүн цул чанараа алдан өөрөө өөртэйгээ зөрчилдөж олон хэсэг болж задарч байгаа учраас байнга хувиран өөрчлөгдөж байна.
Одоо нэг сургууль төгсөөд, нэг мэргэжлээр амьдардаг тэр цаг өнгөрсөн. Хэд хэдэн сургууль төгсөх хэрэгтэй. Тэдгээрт зэрэг сурах хэрэгтэй, гэрээсээ, онлайн сурах хэрэгтэй болсон. Ингэснээр постмодернизмын үед амжилтад хүрнэ.
Амжилт гэж юу юм бэ. Өнөөдөр хуучин модернизмын үед бий болсон боловсролын тогтолцоо хямралд орж байна. Заавал танхимд сууж сурдаг, заавал дүн тавьдаг, шалгалт өгдөг ийм тогтолцоо хоцрогдсон байна. Түүнчлэн цалингаа сар болгон авдаг гэсэн ойлголтууд утгагүй болж байна. Цалин өдрийн, цагийнх болж хувьсан өөрчлөгдсөөр байна. Хүн өөрөө байнга өөрчлөгдөж байх ёстой болжээ. Хүн өөрчлөгдөж байгаа учраас явсаар байгаад одоо бүр хүйсээ хүртэл сольж байна. Хүн задраад итгэл үнэмшилгүй болоод ирэхээр өөртөө таалагдахгүй бол өөрийгөө өөрчилж болдог цаг үе болсон. Францын хувьсгал нь модернизмын үед хаан, жирийн хүн хоёр ижил тэгш гэсэн философийн ойлголт, зарчимд тулгуурлаж гарч ялсан. Яагаад хаан надаас илүү байх ёстой юм бэ. Яагаад төрөхдөө надаас илүү болчихдог юм бэ, Үгүй ээ, бид хоёр яг адилхан төрсөн гэсэн үзэл бий болсон. Харин өнөөдөр постмодернизмын үед ижил тэгшийн зарчим өөрөөр үйлчилж эхэлсэн. Бид ялгаатай байгаагаараа ижил тэгш гэж өөрчлөгдсөн.
Үнэн ба худал харьцангуй болсон учраас фейк ньюс гарч ирсэн. Нэг хүний хэлсэн, бичсэн нэг үг дотор эсрэг, тэсрэг утгатай өгүүлбэрүүд байх нь ердийн үзэгдэл болсон. Сэтгэлгээ нь ийм болсон хэрнээ өөрсдөө анзаардаггүй. Яагаад гэвэл постмодернизмын үед үнэн хамаагүй, хамгийн гол нь хэн нэгэнд таалагдах ёстой гэсэн зарчим илүү чухал болсон.
Харизмтай гэсэн ойлголт байдаг. Энэ нь “нүүрний буян” гэж хэлж болох юм. Хоёр хүн зогсож байхад нэг нь арай сэтгэлд дулаан байдаг. Тэр нь илүү харизматай хүн. Постмодернизмын үед ялангуяа фейк ньюс хөгжсөн, үнэн худал ялгарахаа байсан цаг үед харизмтай хүн нөлөөтэй болж эхэлж байгаа.
Мөн постмодернизмын үед зохиолч, уран бүтээлчид энэ нь ямар сонин цаг үе вэ гэдгийг бүтээлдээ илэрхийлж байна. Хорхе Луис Борхес “Борхес ба би” гэсэн зохиол бичсэн. Ингээд харахаар Борхес өөрөө хоёр хуваагдчихсан. Хуучин модернизмын үед ийм зүйл зохиолчийн толгойд орж ирэхгүй. Тэд би л бичнэ, би мэднэ, би баатраа удирдана гэсэн өгүүлэмжтэй зохиол бүтээл туурвина. Харин Борхесийн зохиол бол баатар нь өөрөө үйл явдлыг удирддаг болно, постмодернизын үед зохиогч өөрөө байхгүй болчихсон. Уншигч зохиогчтойгоо адилхан хүчтэй болсон. Уншигч байж сая зохиолчтой адилхан тэр зохиолыг бүтээнэ, тэр зохиол амилна. Тиймээс зохиолч баатрыгаа удирдах боломжгүй. Баатар нь өөрийнхөө амьдралаар амьдарна.
Модернизмын үед бол зохиолч баатраа яахаа мэддэг, их чухал үүрэгтэй байсан. Харин Борхес зохиолч орчин үед зохиогч ба уншигч хоёр адилхан болсон. Тиймээс зохиолыг хэд ч дахин “бичиж болно” гэж үзсэн. Унших болгондоо зохиолыг шинээр бичиж байна гэж үзэж болно гэсэн үг.
Намайг утга зохиолын дээд сургуульд сурч байхад багш нар “Хүн төрөлхтөн нэг л ном бичиж байгаа. Энэ ном хүн байгаа цагт хэзээ ч дуусахгүй үргэлжилнэ” гэж хэлдэг байсан. Одоо постмодернизмын үед энэ сэдэв их гарч ирж байна.Тухайлбал, Борхесын бүтээлд Пьер Менар гэж франц хүн Дон Кихот гэдэг зохиолыг бичихээр шийдсэн тухай гардаг. Үүний тулд Пьер Менар дундад зууны үед байсан испани хэл сурч, Дон Кихоттой адил биеэ авч явна. Тэгээд үүнийг бичнэ гэсэн зорилго тавьсан. Гэтэл ингэх нь дэндүү амархан байсан учраас энэ зорилгоосоо татгалзсан гэсэн байдаг. Тэгээд хамгийн хэцүү зорилгыг сонгосон. Энэ нь Дон Кихотын текстийг цэг, таслалгүй хуулж бичих. 200, 300 жилийн дараа би Дон Кихотыг яг түүнтэй адилхан бичих нь тэс ондоо зохиол бичиж байгаатай адил. Учир нь энэ олон жилийн дараах уншигч тэр үеийн уншигчаас ихээхэн ялгаатай учраас Дон Кихотыг хуулж бичнэ гэдэг хамгийн хэцүү ажил гэж үзсэн. Пьер Менарын Дон Кихот нь харахад хэлбэрийн хувьд Сервантесын Дон Кихоттой адилхан боловч хоёр өөр зохиол гэж Борхес хэлсэн байгаа юм. Энэ нь постмодернизмын үед бололцоотой. Постмодернизмын үед шинжлэх ухаан нэр хүндээ алдчихсан, соёл урлаг, таалагдах ба таалагдахгүй сэтгэлийн хөдөлгөөн илүү чухал болчихсон. Тиймээс “Дон Кихот” зохиолыг унших болгонд шинэ “Дон Кихот” төрж байна гэсэн үг.
НОМЫН САН БОЛ ДИВААЖИН ЮМ
Борхес номын сан эцэс төгсгөлгүй гэж үздэг байсан. Мөн номын сан бол диваажин юм гэж үздэг байжээ. Дашрамд дурдахад Борхес өөрөө номын сангийн даргаар олон жил ажилласан. Диваажингийн даргаар ажилласан гэж хэлж болно. Тэрээр постмодернизмын үед зохиогч өөрөө ач холбогдолгүй болж уншигч илүү чухал болсон тухай сонин санал гарсан. Энэ талаар нэгэн сонин таамаглал байдгийг хэлье. Сармагчингуудад 25 үсэг, мөнхийн цаг хугацаа өгнө. Бичиг үсэг мэддэггүй сармагчингууд ухамсараараа биш харин санамсаргүй байдлаар үсгүүдийг өрж тоглож байгаад хэзээ нэгэн цагт “Дон Кихот”-ыг бичиж чадна гэсэн таамаглал.
Постмодернизмын үед тоглоом маш чухал болсон. Аливаа юм тоглоом мөн. Зохиолч үг, дүрээр дураараа тоглох ёстой. Дараа нь тэр дүр, тэр баатар нь өөрөөр нь тоглоно. Тэгэхээр постмодернизын үед утга зохиол тоглоом болсон. Борхесийн өгүүллэгүүд оюун ухаан, таалагдах таалагдахгүйн, худал үнэн, цаг хугацаа, дүрүүд, өнгүүдийн тоглоомууд гэж хэлж болно. Постмодернизмын үед бүх юм тоглоом, үнэн ба зорилго аль нь ч байхгүй, эмоци буюу сэтгэл хөдлөл, өөртөө хайртай, өөртөө дурлачихсан хүмүүс оршиж байгаа учраас яаж амьдрах юм бэ гэсэн асуудал гарч ирсэн.
Нэг зохиолчийн тухай сайн ойлгохын тулд бусад зохиолчийн тухай ярьвал ойлгоход илүү дөхөм болно. Францын алдартай зохиолч байна. Тэрбээр экзистенциализм буюу “Оршихуйн тухай” философи утга зохиол, урлагт хүчтэй нөлөөлж байсан үеийн томоохон төлөөлөгч мөн билээ. Энэ урсгал XX зуунд гарч ирсэн, ялангуяа Францад хүчтэй дэлгэрсэн. Энэ урсгалыг урлаг, утга зохиолд Сартр, Камю нарын зохиолч, философчид уран бүтээлдээ тодорхой гаргасан. Камюгийн “Сизифийн домог” гэсэн зохиолд зохиолчийн үзлээр постмодернизмын үед хүн яаж амьдрах талаар бичсэн байдаг. Жишээлбэл, Сизиф бол эртний грекийн домогт баатар. Үхлийг хүртэл хуурсан зальтай хүн. Тэгснээсээ болж бурхдын хараалд өртсөн хүн, үүрд мөнх том бул хар чулууг уулын орой руу түрж гаргах хараалд өртсөн. Энэ эртний домогт баатрыг Камю зохиолч сонгож постмодернизмийн үеийн хүн утгагүй амьдралаа нэр төртэй амьдарч өнгөрөөх ёстой гэсэн үзлийг илэрхийлсэн байна.
Борхесийн бүтээлүүдийн бас нэгэн сэдэв нь Лабиринт буюу Төөрдөг байшин юм. Энэ лабиринт эртний Грекээс гаралтай. Энэ төөрдөг байшинд үхэр толгойтой Минотавр гэж амьтан нутгийн сайхан хүүхнүүдийг барьж иддэг байсан. Жил бүр сайхан хүүхний өргөл барьц шаарддаг тухай домогт өгүүлдэг. Харин нэгэн Ариадна хэмээх эмэгтэй тэр төөрдөг байшин руу Тесей баатарт ороосон утас авч орохыг зөвлөж тэр баатар төөрдөг байшинд ороод төөрөхгүйгээр Минотаврыг устгадаг. Энэ домгийг Борхес постмодернизмын үед хөгжүүлээд лабиринт буюу төөрдөг байшинг номтой холбосон. Хэдийгээр лабиринтыг төөрдөг байшин гэж орчуулж болох ч энэ нь төөрдөг хувь заяа, хувь тавилан гэсэн олон давхар утга санааг илэрхийлж байна.
Борхес “Салаалсан замтай цэцэрлэг” гэсэн зохиол бичсэн. Постмодернизмын зохиол хамгийн гол нь сонирхолтой, эмоци хөдөлгөсөн байх ёстой, түүнчлэн энд тэндээс олон иш татсан байна. “Салаалсан замтай цэцэрлэг” зохиол олон давхар бичвэрүүдийн цогц юм.
Энэ зохиолын өгүүлэмжийг товч өгүүлье. Дэлхийн II дайны үед Германы талд ажилладаг хятад хүн англи хүний амийг хөнөөхөөр явж байгаа. Учир нь англичууд Алберт хотод байсан учраас тэндээсээ Германы цэрэг рүү дайрах төлөвлөгөөтэй байсан. Хятад тагнуул германчуудад мэдээ дамжуулахын тулд тэр хоттой адилхан нэртэй хүний амийг хөнөөж, дуулиан шуугиан тарих юм бол тэр нь мэдээ болж германчууд Альберт гэж хүн алагдсан байна, тэгвэл тэр Альберт гэдэг газар Английн цэргүүд байгаа юм байна, тэнд сөрөг цохилт хийж өөрсөд рүү гээ дайрах дайралтыг хойшлуулж, цаг хугацааны хувьд хожъё, ямар нэгэн аргаар дайралтыг нь саатуулъя гэсэн гаргалгаа гаргана хэмээн өгүүлж байгаа нь энэхүү зохиолын хамгийн эхний үе, давхарга.
Тэр хятад хүн Германд үйлчилж байгаа тагнуул мөртлөө германчуудыг үзэн ядна. “Энэ муу германчууд шар арьстай намайг тоодоггүй, дорд үздэг. Энэ бүдүүлэг германчуудыг үзэн ядаж байна” гэж дотроо боддог. Гэхдээ тэдний даалгаврыг биелүлдэг. Яагаад? Яагаад гэвэл шар арьстай ч гэсэн бид нар ийм юм хийж чадна гэдгийг үзүүлнэ гэж боддог. Шар арьстан цагаан арьстнаас юугаараа ч дутахгүй гэдгээ үзүүлэхийг хүссэн хүний дүр. Харин тэр англи хүн нь эсрэгээрээ хятад судлаач. Тэгээд хятад хүн өөрийг нь зорьж хүрч ирэхээр нь дээр үеийн нэг хятадын мундаг ноёны тухай ярина. Тэр ноён албан тушаалаасаа татгалзаж хоёр зүйл хийнэ гэж зориод 13 жилийн турш асарт бүгсэн байдаг. Нэгдүгээрт, сайн зохиол бичих. Хоёрдугаарт, төөрдөг байшин хийнэ гэсэн зорилго тавьжээ. Гэвч 13 жилийн дараа нас барсан. Тэгээд нас барсных нь дараа асарт орж харахад тэнд зохиолчийн учир нь олдохгүй цааснууд байсан. Гэр бүлийнхэн нь зохиолоо бичих гэж байгаад чадаагүй юм байлгүй гэж бодоод тэрийг нь шатаах гэсэн чинь нэг даяанч лам үүнийг нь хадгалж байгаад хэвлэе гэсэн байдаг. Нөгөө Германы тагнуул хятад хүн тэр зохиол бичиж байсан хятадын ноёны үр сад болж таардаг. Тэгээд өвөг дээдсийнхээ тэр номыг уншсан байгаа юм. Гэтэл тэр зохиолд эхнийхээ бүлэгт үхчихсэн хүн, дараагийнхаа бүлэгт амьд явж байдаг. Үүнийг уншаад утгагүй ном бичсэн байна гэж дүгнэсэн байдаг. Харин англи хүн тэр номыг судлаад тэр ноён 13 жил ажиллаад хийхийг зорьсон зүйлдээ хүрчээ гэж дүгнэсэн. Бичсэн зохиол нь өөрөө төөрдөг байшин юм байна гэж үзсэн. Хятадын зохиолч модернизмын үед хүнд нэг боломж, нэг сонголт байдаг бол постмодернизмын үед бүх зүйл, бүх боломж, бүх сонголт нээлттэй гэж үзсэн. Тиймээс зохиолынхоо баатартаа бүх сонголтын дагуу амьдрах бололцоог нь өгсөн байна. Манай орчин үеийн зохиолчид ганцхан замаар баатраа явуулдаг. Тэр англи эрдэмтэн хятад зохиолчийн бүтээлийг судлаад, энэ бол жинхэнэ лабиринт буюу төөрдөг байшин юм байна. Бүх цаг хугацаа, бүх боломж, бүх сонголтыг баатартаа олгосон сайн зохиол болжээ гэж дүгнэсэн байдаг. Нэг талаараа Борхесийн оюун ухааны тоглоом юм. Борхес уншигчдад бодох, төсөөлөх боломж олгосон. Борхес өөрөө номын сангийн даргаар олон жил ажилласан. Номын сан бол диваажин гэдэг байсан. Тэгэхээр Борхес өөрөө диваажинд амьдардаг байсан.
ТӨГСГӨЛД НЬ...
Цаг хэмнээд лекцийн төгсгөлд хоёр зүйл хэлэхийг хүсэж байна.
Нэгдүгээрт, постмодернизм өөрөө хямралд орсон. Бүх юмыг тоглоом гэж хүлээн авах, зөвхөн өөртөө хайртай байх, бүх юм үнэн ч биш, худал ч биш, үнэн худал эсэх нь тэр мэдээ, тэр үйлдэл тухайн хүний эмоци төрүүлж байгаа эсэхээс шалтгаална, эерэг эмоци төрүүлж байгаа бол худлаа байсан ч үнэн, эмоци төрүүлэхгүй байгаа бол үнэн байсан ч худлаа гэсэн ойлгомжгүй цаг үе бол постмодернизмын цаг үе юм. Ийм ойлгомжгүй цаг үед бодит амьдрал, хүн өөрөө үгүйсгэгдэнэ. Үүнээс салах хэрэгтэй гэж үзэж байгаа.
Энэ бол мухардал. Энэ мухардлаас гарах хэрэгтэй болсон. 2010 онд Голланд, Норвегийн хоёр эрдэмтэн судлаач өгүүлэл бичиж Метамодернизмын цаг үе эхэллээ гэж мэдэгдсэн. Зарим хүн метамодернизм 2010 онд биш, 2001 оны есдүгээр сарын 11-нд онгоц хоёр өндөр байшин руу мөргөж, олон мянган хүний амь насыг авсан тэр үйл явдлаас эхэлсэн гэж үздэг. Яагаад гэвэл постмодернизмын цаг үе бол үнэн худал нь хоорондоо ялгагдахаасаа байсан, хүмүүс тус тусдаа өөр өөрийн үнэнтэй болсон, нэг нэгийгээ хүлээн зөвшөөрдөггүй, зөвхөн өөрсөддөө хайртай тийм цаг үе учир нэг нэгийнхээ амь насанд халдахыг нүгэл гэж хүлээж авахгүй, харин өөрийн зөв үйлдэл хэмээн үздэг болсон, ийм учир мухардалд орсон цаг үе, онгоцоор хоёр байшинг мөргөсөн нь энэ мухардлын илэрхийлэл мөн гэж үзсэн.
Энэ мухардлаас гарахын тулд метамодернизмын цаг эхэлснийг зарлах, энэ цаг үе рүү шилжин орох хэрэгтэй гэж үзсэн. “Мета” гэдэг нь аливаа хоёр юмны дундах, хоорондох гэсэн үг. Тэгэхээр метамодернизм гэдэг нь модернизм ба постмодернизм хоёрын дундах гэж үзэж болно. Бид ухаарсан шүү дээ. Модернизм, постмодернизм хоёр мухардалд орсныг харлаа. Үүнээс гарахын тулд энэ хоёр урсгалын дундах метамодернизмын цаг үеийг эхлүүлэх шаардлага гарсан байна.
Дахин давтан хэлэхэд постмодернизмын үед үнэн ба худал, эхлэл ба төгсгөл, зорилго байхгүй, бодит амьдрал, тодорхой баримт, шинжлэх ухаан бүгд үгүйсгэгдсэн цаг үе мөн. Зөвхөн өөрийгөө хайрласан, хэт хайрласан, бүр өөртөө дурласан хүн амьдарч байгаа цаг үе.Харин метамодернизмын цаг үе энэ чиг хандлагаас зайлсхийн зугтсан байна. Постмодернизмийн үед алдагдсан аливаа юманд чин сэтгэлээсээ хандахаа больсон, аливааг дандаа тоглоом гэж хардаг байдлаас зайлсхийхийг хичээсэн байна.
Хоёрт, модернизмын үед чин сэтгэлийн хандлага байсан. Тиймээс метамодернизмын хамгийн гол шинжийн нэг нь бол шинэ чин сэтгэлийн хандлага гэж үзэж байгаа юм. Чин сэтгэлийн хандлагыг сэргээе. Хүн чин сэтгэлээ алдах л юм бол бүх юм утгагүй болно гэж үзэж байна. Аливаад хандахдаа тоглоом гэж үзэхээ болье гэж метамодернизмууд үзэж байгаа. Постмодернизмд хөгжил байхгүй, бүх юм харьцангуй гэж үзэж байсан бол метамодернизм хөгжил байна аа, ирээдүй байна аа гэж үзэж байна. Тийм учраас метамодернизм эхэлсэн байна. Зарим хүмүүсийн хэлж байгаагаар 2001 оны есдүгээр сарын 11-нд эхэлсэн гэж үзэж байгаа. Голланд, Норвегийн хоёр эрдэмтдийн бичсэнээр метамодернизмыг 2010 онд эхэлсэн гэж үздэг.
Ийм баяртай мэдээг та нарт дуулгаж энэ лекцийг өндөрлөе.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин