Засгийн газар 2023 онд Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлж, нэг их наяд төгрөг хэмнэнэ

оруулсан Алсын Хараа

Улсын Их Хурлаас зохион байгуулсан “Төсөв-2023” олон нийтийн хэлэлцүүлэг Төрийн ордонд болж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Сангийн сайд Б.Жавхлан нар оролцлоо. Анх удаа болж байгаа уг хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, гадаадын зочид, төсвийн ерөнхийлөн захирагч, эдийн засагч, судлаач зэрэг 400 гаруй хүн танхимаар, орон нутгийн удирдлагууд, гадаад улс оронд суугаа Элчин сайд нар зэрэг 300 гаруй төлөөлөгч цахимаар оролцсон юм. Ирэх оны төсвийн хэлэлцүүлгийн явцад иргэдийн саналыг “Е parliament” болон “D parliament”  цахим системээр авч, 68 мянга гаруй иргэнээс 800 орчим санал ирүүлснээс олонх нь төсвийн зардлыг танах, алдагдлыг бууруулахад илүү анхаарах ёстой гэжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газар 2023 оны төсвийн төслийг боловсруулахдаа баримталсан бодлого, үзэл баримтлал, 2022 оны төсвийн жилийн онцлог, нийгэм, эдийн засагт тулгарсан гадаад дотоод хүчин зүйлс, цаашид эдийн засгийн хямралыг сөрсөн ямар арга хэмжээ авах талаар дэлгэрэнгүй танилцууллаа.


2022 оны төсвийг боловсруулахад цар тахлын хямралыг даван туулах эдийн засгаа сэргээхэд төсвийн бодлогыг чиглүүлж, Засгийн газар үйл ажиллагаагаа бүхэлд нь зориулсан. Харин энэ удаагийн төсвөөр олон жил ярьсан төсвийн шинэчлэлийг хийх гэж буй нь хамгийн том давуу тал гээд  цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх, дэлхий дахинд энэ оны эхээр бий болсон шинэ сорилт буюу Орос, Украины дайнаас хамааралтай геополитикийн тодорхойгүй үед 2023 оны төсвийг хэлэлцэж байгааг тэмдэглэв. Мөн Засгийн газраас бодлогын дөрвөн томоохон үр дүн гаргахад анхаарсан. Нэн түрүүнд эдийн засгийн макро тэнцвэрийг хангаж, эдийн засгийн өсөлтийг 5-6 хувьд тогтвортой барих нь Монгол Улсын хувьд ойрын жилүүдэд хамгийн чухал юм. Үүнийг гаднын хөрөнгө оруулагчид таатай үзүүлэлт гэж үздэг. Өнөөдөр 15 хувьд хүрээд байгаа инфляцийг нэг оронтой тоонд оруулах, үнийн өсөлтийг хязгаарлахад Засгийн газар онцгой анхаарсан. Төсвийн алдагдал өр үүсгэж байсныг өөрчлөх, үргүй зардлыг бууруулах, халамжийг шат дараатай хумих, төлбөрийн баланс буюу орж, гарч байгаа валютын урсгалын тэнцвэрийг хангахыг чухалчилсан. Ялангуяа, бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, валютын нөөц, төгрөгийн ханшийн уналтын эсрэг бодлогын арга хэмжээ авахаар ирэх оны төсвийг боловсруулсан. Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг эрчимжүүлэх талаар дэлгэрэнгүй танилцуулав. Мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй боомт, аж үйлдвэржилт, эрчим хүч, хот хөдөөгийн сэргэлт, хотын түгжрэлийг бууруулахаар төлөвлөсөн томоохон төслүүдийн ач холбогдлын талаар байр сууриа илэрхийллээ.


ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар “Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, 2023 оны төсөөлөл, бодлогын чиглэл” сэдвийн хүрээнд цар тахлаас өмнөх ба одоогийн эдийн засгийн харьцуулалт болон валютын ханшийн өсөлт, нөөц буурахад нөлөөлсөн хүчин зүйлүүд, мөнгөний нийлүүлэлт, зээлийн гарц буурч байгаа шалтгаан, болзошгүй эрсдэлийн талаар оролцогчдод мэдээлэл өгсөн юм. Эдийн засгийн өсөлт саарч, инфляц өсөж, ажил эрхлэлт буурснаар өнөөдөр стагфляц үүсэх нөхцөл бүрдсэн байгаа, ирэх онд ч инфляц зорилтот түвшнээс өндөр байх төлөвтэй байгаа аж.  Тиймээс ирэх онд Засгийн газраас  эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэхийн тулд макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, экспорт болон хувийн хэвшлээ  дэмжих бодлогыг хэрэгжүүлж ДНБ-ийн өсөлтийг 2019 оны үзүүлэлт буюу таван хувьд хүргэх боломжтой гэсэн юм.


Сангийн сайд Б.Жавхлан 2023 онд эдийн засагт нөлөөлөх гадаад хүчин зүйлс, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн үр дүн, татварын ямар бодлогын дэмжлэг үзүүлэх гэж байгаа, “үр дүнд суурилсан” цалингийн системийг хэрхэн нэвтрүүлэх, хүүхдийн мөнгийг ямар хувилбараар олгох, Засгийн газрын гадаад өрийг хуваарийн дагуу төлөхөд ямар нэгэн хүндрэл үүсэхгүй зэрэг асуудлаар байр сууриа илэрхийллээ. 2023 онд Засгийн газар Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлж нэг их наяд төгрөг хэмнэхээр төлөвлөсөн, шинэ хөрөнгө оруулалт хийхгүй, харин шилжих хөрөнгө оруулалтын 86 хувийг дуусгах, төсвийн алдагдлыг 5.1-ээс 2.8 хувь хүргэж бууруулна. Макро эдийн засгийн хувьд чанартай экспортыг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг таван хувь, жилийн эцэст инфляцийг инфляцийг 10-аас доош түвшинд хүргэж, зээлжих зэрэглэлээ хадгалахаар зорьж байгааг дэлгэрэнгүй танилцууллаа.

Сэтгэгдэл бичих