Монгол Улс Дундад Азийн олон улсын агаарын тээврийн дамжин өнгөрөх зангилаа төв болох боломжтой

оруулсан Алсын Хараа

Монгол Улс иргэний агаарын тээвэрт 39 улс оронтой Засгийн газрын хэлэлцээртэй байна. Үүнээс 10 улстай байгуулсан хэлэлцээр нь идэвхтэй хэрэгжиж, 2019 онд Монгол Улсад агаарын 12 тээвэрлэгч 22 улсад 1.6 сая зорчигч тээвэрлэжээ.

Нөгөө талаар Монгол Улс руу 7 орны 23 агаарын тээвэрлэгч олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагаас өгсөн томилгоотой боловч нислэг үйлдээгүй иржээ. Тэгвэл манай улсын 5 авиакомпани 22 улсын 68 чиглэлд томилгоотой байна. Эндээс харахад манай улс иргэний агаарын тээвэрт 39 улс оронтой хамтран ажиллаж нислэг хийх боломж байгаа ч үүнийгээ ашиглаж чадаагүй байгаа талаар “Боомтын сэргэлт” хэлэлцүүлгийн хүрээнд болсон “Иргэний нисэхийн салбарын шинэ сэргэлтийн бодлого”-оор хөндсөн юм.

Манай улс агаарын тээврийн либералчлалын бодлогын хүрээнд энэ салбарт төр, засгийн оролцоог бууруулж, хоёрт талт хэлэлцээрээс татгалзаж, олон талт хэлэлцээр рүү шилжихийг зорьж байна. Мөн гадаад орнуудын агаарын тээвэрлэгчдийн оролцоог хязгаарласан байдлыг чөлөөлж, чөлөөтэй нэвтрэх боломжийг олгож, олон талаар хангах зарчим баримтлах хэрэгтэйг ЗТХЯ-ны төрийн бичгийн дарга С.Батболд мэдэгдэж байна. Иргэний агаарын тээвэрт нислэгийн олон төрөл ангилал байдаг. Үүнээс “Опен скай” буюу сонгодог либералчлалын чиглэлээр АНУ-тай хэлэлцээр байгуулахаар ажиллаж буйг тэрээр мэдээллээ.

Манай улсын агаарын тээврийн суудал ашиглалт 68 хувьтай явж иржээ.

Нисэх онгоцны суудал ашиглалтын үзүүлэлтийг аваад үзвэл, манай улсад иргэний агаарын тээвэр хамгийн их өндөр үзүүлэлттэй байсан 2019 онд эрэлт ихтэй байдаг БНСУ-ын чиглэлд 101.279 суудал нийлүүлэх боломжтой байснаас 84 хувийг хангаж, эрэлтийн ашиглалт 68 хувьтай байжээ. Энэ нь Монгол Улс иргэний агаарын тээврийн боломжоо тултал ашиглаж чадалгүй ирснийг харуулж буйг тэрээр тэмдэглэж байв. Аялал жуулчлалын ид оргил үе 6-8 дугаар сард ачаалал энгийн үеэс 40 хувиар нэмэгддэг байна. Энэ үеэр суудал ашиглалт 78 хувьтай байдаг аж. Иргэний агаарын тээврийн нислэгийг дотор нь:

  • Хүмүүнлэгийн (үүнд тусламжийн бараа, бүтээгдэхүүн тээвэрлэх),
  • Аялал жуулчлалын,
  • Экспорт-импортын гэж ангилдаг байна.

Манай улс агаарын тээвэрт дээрх ангилал төрлийг бүрэн ашиглах боломжтойг “Иргэний нисэхийн салбарын шинэ сэргэлтийн бодлого” сэдэвт хэлэлцүүлэгт оролцогч нар хөндөж байв. Жишээ нь, Буянт-Ухаа дахь нисэх буудлыг олон улсын хүмүүнлэгийн тусламжийн терминал нисэх буудал болгох боломжтойг ЗТХЯ-наас мэдээллээ.

ЗТХЯ-наас иргэний нисэхийн салбарт ойрын 4 жилд буюу 2021-2024 онд гүйцэтгэх нислэгийг танилцуулснаар, хамгийн эрэлттэй БНСУ-ын чиглэлд хуваарьт нислэгээр 7 хоногт 26 нислэгийн давтамжтай байсныг энэ оноос эхлэн 36 болж нэмэгдүүлэн, 935 мянган суудал нийлүүлэх боломжтойг мэдэгдлээ.

Үүнээс гадна нэмэлт нислэгээр 900 гаруй мянган суудал нийлүүлэх боломжтой аж. Улмаар агаарын харилцааг өргөжүүлж, бусад улс оронтой байгуулсан агаарын тээврийн хэлэлцээрийг өргөжүүлэн хэрэгжүүлэх, нисэхийн салбарт либералчлалыг үе шаттай хийснээр (агаарын хөлгийн тоог нэмэгдүүлэх замаар) 2024 онд 4.1 сая зорчигч тээвэрлэж энэ тооны суудал нийлүүлэх боломжтойг ЗТХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга тодотголоо. Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК гэхэд дээрх хугацаанд зорчигч, суудлын тоог 1.8-2.2 сая болгохоор төлөвлөжээ.

Монгол Улс руу 7 орны 23 агаарын тээвэрлэгч олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагаас өгсөн томилгоотой боловч нислэг үйлдээгүй иржээ. Эсрэгээр манай улсын 5 авиакомпани 22 улсын 68 чиглэлд томилгоотой байдаг.

ЗХТЯ-наас хийсэн судалгаагаар хөрш ОХУ-аас гадаад руу 42 сая хүн жуулчилж, 36 тэрбум ам.доллар зарцуулдаг байна. Оросын жуулчдын 59 хувь нь агаарын тээврээр зорчжээ. Манай улс орон нутагт Ховд, Увс, Өмнөговь, Дорнод аймгийн гэсэн 4 нисэх буудлыг олон улсын болгож, бусад аймгийн, нийт 6 нисэх буудлыг хүчин чадлыг нэмэгдүүлж, сайжруулж чадвал манай улс зөвхөн Монгол-ОХУ, Монгол-БНХАУ гэсэн бүс нутгийн нислэг гэлтгүй, Дундад Азийн олон улсын агаарын тээврийн дамжин өнгөрөх зангилаа төв болох боломжтой байна. Бусад улс орныг бодвол манай улс газар нутгийн хэмжээ их, агаарын нислэгийн тохиромжтой бүсэд оршдог учир манай улсаас дэлхийн 30-аад орны 110 хот руу нисэх боломжтой байдаг аж.

Агаарын тээврийн салбарт манай улс нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх 7 төсөл хэрэгжүүлэх гэж буйг ЗТХ-ийн сайд Л.Халтар “Шинэ сэргэлтийн бодлого” хэлэлцүүлгийн үеэр танилцуулсан билээ.

Сэтгэгдэл бичих