Одоо л урагшлах цаг

оруулсан Алсын Хараа

Хүн төрөлхтөн шинэ зуунтай золгохтой зэрэгцэн монголчууд бид, тэр дундаа улаанбаатарчууд бидэнд нэгэн шинэ асуудлын зах зух мэдрэгдэж эхэлсэн нь замын түгжрэл гэх ойлголт. Өнөөдөр өдөрт хамгийн багадаа нэг цагийг автозам дээр өнгөрүүлж буй бидний хувьд тэг зогсолт гэх хүртлээ түгжрэх өдрүүд ч олон бий. Харин асуудлын шийдлийг бид ярьсаар, ярьсаар нэг л мэдэхэд хэдийнэ 20 жил өнгөрчээ. Дэвшүүлсэн санал бүрээ “унагаж”, шийдэл бүрийг “гацаасаар” асуудал улам ужгирч өдгөө Улаанбаатар хотын түгжрэлээс үүдэлтэй эдийн засгийн хохирол жилд 3.82 их наяд төгрөгт хүрээд байна. Үүний цаана хүн бүр ямар их боломжоо алдаж, бүтээмжээ үгүй хийж, цаашлаад гэр бүл, амьдрал ахуйдаа зориулах үнэт цагаа алдаж байна вэ гэдгийг төсөөлөхөд ч бэрх. Тиймдээ ч онц хүндэрсэн эл асуудлыг одоо дахиад 20 жил ярьсаар суух уу, эсвэл шийдээд урагшлах уу гэх сонголт тулж ирээд байна.

Стратегийн цогц арга хэмжээ

Хүнд өвчнийг эмч нэг л удаа үзээд анагаачихдаггүйн адил түгжрэлийг бид нэг л аргаар, нэг л удаа зориод шийдчих нь гэвэл дэндүү гэнэн төсөөлөл болно. Тооцоолол, сaудалгаанд суурилж, шат дараатайгаар арга хэмжээ авч, үр дүнг ч тэр хүлээцтэй харахаас өөр аргагүй. Ийм шийдлийг Улаанбаатарын үе үеийн удирдлагууд эрэлхийлж ирсний нэг нь 2013 онд ярьж эхэлсэн “Туулын хурдны зам” төсөл. Тухайн жилд Засгийн Газрын тогтоолоор Туул голын хурдны замын трасс буюу зам голын хаагуур, ямар байршлаар дайран өнгөрөх солбилцлыг албан ёсоор баталж, дараа жилд нь ТЭЗҮ болон урьдчилсан зураг төслийг хийж гүйцэтгэжээ. Гэвч түүнээс хойшхи хугацаанд төсөл цаасан дээр л улам “боловсронгуй” болсны зэрэгцээ голын эргээр автозам бус тансаг хотхонууд л сүндэрлэсээр ирсэн. Үүний учгийг энд яривал дахиад нэг асуудал хөндөгдөх тул энд түр орхиё.

Ямартай ч, Улаанбаатарыг түгжрэлээс чөлөөлөх “Туулын хурдны зам” төслийг яаж ийгээд урагшлуулахаар 2024 оноос төслийн бэлтгэл ажил, шинэчилсэн ТЭЗҮ, зураг төслийн судалгаа дахин эхэлснээр бид өнөөдөртэй золгоод буй. Энэ төсөл нь дангаар хэрэгжээд зогсохгүй 1-р тойрог зам болон 2-р тойрог замтай холбогдсоноор хотын түгжрэлийг нийтдээ 50 хүртэлх хувиар бууруулах боломжтой гэсэн тооцоо гараад байгааг хотын захиргааны ulaanbaatar.mn сайтад мэдээлжээ. Цаашлаад 2028 онд ашиглалтад орох төлөвлөгөөтэй эдгээр бүтээн байгуулалт нь нарийн төлөвлөлт, цаг хугацаа, хариуцлагатай гүйцэтгэл, олон нийтийн хяналт дор буюу стратегийн түвшинд цогц төлөвлөлттэйгээр хэрэгжих учиртай.

Дэд бүтцийн иж бүрэн шийдэл

“Туулын хурдны зам” нь дан ганц тууш зам биш ажээ. Нийт 32 км урттай, олон улсын 1А зэрэглэлийн хурдны замын 22.1 км нь автозам бол 9.9 км нь гүүрэн байгууламж. Хоёр урсгалтай, зургаан эгнээ уг зам нь 29 метр өргөнтэй. Түүнчлэн гол дагуух зам тул үерийн далан барих, хүчитгэх, мал амьтан өнгөрөх нүхэн гарц, зам руу орж, гарах гарц гэхчлэн иж бүрэн бүтээн байгуулалт болохоороо онцлог гэдгийг танилцуулгад дурьдсан байна. Тиймдээ ч төсөвт өртөг болох 2.3 их наяд төгрөгийн 80 гаруй хувийг дээрх бүтээн байгуулалтын зардал эзэлжээ.

Дашрамд дурьдахад, “Туулын хурдны зам” төслийн тендерт шалгарсан “ХаоЮань Групп” ХХК нь хамгийн бага үнийн саналаар ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд 1 км урт гүүр барих өртөг нь 130 тэрбум төгрөг буюу Улаанбаатарын бусад гүүрэн байгууламжаас харьцангуй хямд үнэ. Жишээ нь, Олимпийн гүүрний 1км-ийн өртөг нь 200 тэрбум төгрөг байсныг бодвол даруй 35 хувиар бага юм. Хятад, Малайз, Серби, Ангол зэрэг улсад дэд бүтэц, хурдны зам, төмөр замын төсөл хэрэгжүүлсэн туршлгатай компани энэ ажлыг гүйцэтгэж байна.

30 минутын үнэ цэн

“Туулын хурдны зам”-ын түгжрэлд үзүүлэх нөлөөллийг үнэлэхээр “Дата Дэүс” ХХК-иас зорчих хөдөлгөөний эрэлтийн нарийвчилсан симуляцийг хийж гүйцэтгэжээ. Дээр дурьдсанчлан энэ зам нь 1-р тойрог, 2-р тойрог замтай хосолсноор илүү үр нөлөө үзүүлнэ.

1-р тойрог зам: Энэ зам нь хотын төв хэсгийг тойрон байрлах бөгөөд босоо тэнхлэгийн дагуу:

· Дамбадаржаагийн уулзвараас урагш буюу 7 буудлын замын ачааллыг 21-24%

· Олимпийн гудамжны ачааллыг 10-14% бууруулах нөлөөтэй.

Харин хэвтээ тэнхлэгийн хувьд Нарны замын ачааллыг 25-31%, Москвагийн гудамжны ачааллыг 10-14% бууруулах тооцоолол гарчээ.

2-р тойрог зам: Хотын гадаад тойрог хэлбэрээр төлөвлөгдсөн энэ зам нь Яармаг орчмын түгжрэлийг шийдвэрлэхэд стратегийн ач холбогдолтой. Тухайлбал, Яармагийн гүүрний ачааллыг 30-33% бууруулах хамгийн өндөр үр ашиг үзүүлэхээр байна гэдгийг тооцоололд онцолжээ.

Эндээс харвал хосолмол энэхүү шийдэл нь Улаанбаатар хотын замын сүлжээний хэт төвлөрлийг сааруулж, зорчих хөдөлгөөнийг илүү оновчтой хуваарилах нөхцөлийг бүрдүүлэх аж. Дээрх хувь үзүүлэлтийг жишиж үзвэл бид өдөрт дунджаар 2 цаг түгжирдэг гэж тооцвол жилд 730 цаг буюу ойролцоогоор 30 хоногийг зам дээр өнгөрүүлж байна. Үүнийг 30 хүртэлх хувиар бууруулна гэвэл өдөр бүр 30 минутыг хэмнэх боломжтой. Энэ бол бүтээмж, ашиг орлого, амралт чөлөөт цаг гээд амьдралын чанарыг дээшлүүлэхэд нэн тустай цаг хугацаа гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ. Улмаар урт хугацааны шийдлүүдийг шат дараатай хэрэгжүүлж чадвал түгжрэл гэх “эмгэнэлт” нөхцөл байдлаас гарч илүү амар тайван амьдралын хэмнэлийг бүтээх боломж бүрдэнэ.

Аяган дундуурх ус дүүрэн үү, хоосон уу

Том, жижиг ямар ч шийдвэр үргэлж эрсдэл дагуулдаг. Түүнийг хэрхэн зөв тооцоолж, бууруулах арга хэмжээ авсан бэ гэдгээр л тухайн төслийн амжилт хэмжигддэг. “Туулын хурдны зам”-ын 2026 онд хийгдсэн БОННҮ тайлангийн үнэлгээ “Дунд” зэргийн эрдсэлтэй гэх дүгнэлттэй. БОУАӨЯ-ны сайтад буй энэ баримт бичигт тайлбарласнаар энэ бол эрсдэлтэй хэдий ч зөв менежмент хийвэл түүнийг бууруулах, даван туулах боломжтой гэсэн утга. Яг эндээс л олон нийтийн дунд хуваагдал үүсээд байгаа. Төслийг болохгүй гэж үзэж байгаа хэсэг нь аяган дахь усыг “дундуур хоосон” гэдэгтэй адил бол, хийж бүтээх гэж буй тал нь “дундуур дүүрэн” гэж дүгнэж буйтай агаар нэг.

Төслийг хэрэгжүүлэх хугацаанд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээхэд 2 тэрбум гаруй төгрөгийн зардал төсөвлөжээ. Үүнд техникийн болон биологийн нөхөн сэргээлт, сөрөг нөлөөллийг бууруулах, осол эрсдэлээс сэргийлэх зэрэг олон задаргаа багтсан байна. Түүнчлэн БОУАӨЯ-наас төслийг түр зогсоож, хүрээлэн буй орчин бий болж болзошгүй сөрөг үр дагаврыг хянах, илрүүлэх зорилгоор тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж батлуулахыг шаардсан. Үүний дагуу төлөвлөгөөг илүү нарийвчлан боловсруулж, шаардлагатай зардлын төсвийг нэмэгдүүлэх тухай тусгахаар болсныг хотын удирдлагууд хэлжээ.

Дээрх үзүүлэлтүүдээс харвал “Туулын хурдны зам” төсөл нь эрсдэлтэй боловч өгөөжтэй мэт. Нийт 2.3 их наяд төгрөгийн өртөгтэй энэ төслийг одоо урагшлуулах уу эсвэл жил бүр түгжрэлээс үүдэн 3.82 их наяд төгрөгийн боломж алдаж байгаатайгаа эвлэрээд үлдэх үү. Одоо шийдэх цаг нь болсон.

Г.Саран

Сэтгэгдэл бичих