Өмнөд Солонгос улс 20 дахь ерөнхийлөгчөө угтан авлаа. Шинэ ерөнхийлөгч Юн Сук Ёл тавдугаар сарын 10-нд тангарагаа өргөнө. Үүнтэй холбоотойгоор МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Олон улсын харилцааны тэнхимийн профессор, PhD Ж.Баттөртэй ярилцлаа.
-Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчин ялалт байгууллаа. Хоёр нэр дэвшигчийн саналын харьцаа, сонгуулийн амлалт, үйл явц, онцлогийг судлаачийн хувьд хэрхэн харж байна вэ?
-Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн 13 дахь удаагийн сонгууль боллоо. Энэ удаагийн сонгуульд залуу үе идэвхтэй оролцсон нь их өрсөлдөөнтэй болголоо гэж хэлж болно. Ерөнхийлөгчид нэр дэвшигч Юн Сук Ёл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг цуцална гэж мэдэгдсэн нь залуучуудыг татаж чадлаа гэж үзэж байгаа.
Мөн гадаадын ажилчдыг хэтэрхий их анхаарч дэмжээд дотоодынхоо залуу үеийг орхисон. Үүнээс болж Солонгосын залуучууд дунд ажилгүйдэл их байгаад санаа зовж буйгаа илэрхийлж тэднийг ажлын байраар хангахад анхаарна гэж мэдэгдсэн нь итгэл найдвар төрүүллээ. Бас нэг онцлог нь Солонгосын эрх баригч нам, сөрөг хүчин хоёр үзэл бодол, бодлогын хувьд тэс өөр. Ойролцоо, нийтлэг зүйл бараг байхгүй. Энэ байр сууриа ч маш тодорхой илэрхийлдэг нь сонирхол татдаг. Тухайлбал, манай намаас нэр дэвшигч ялбал яг ийм бодлого явуулна, ингэж шийдвэрлэнэ гээд шууд хэлчихдэг. Энэ бол том ялгаа.
Өмнөд Солонгост ерөнхийлөгч нь хязгааргүй эрх мэдэлтэй. Сүүлд Киргиз Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулснаар дэлхий дээр ерөнхийлөгчийн эрх мэдлээрээ эхний байрт орж байгаа бол хоёрдугаарт Өмнөд Солонгос орж байна. Хойд Солонгосын асуудал, харилцаанаас болж өмнөд Солонгос ерөнхийлөгчийн засаглалтай байхаас гадна эрх мэдэл нь тодорхой, хүчтэй байх философи явж байдаг. Нөгөө талаас нэг хүнд хэтэрхий их эрх мэдэл төвлөрлөө гэж шүүмжлэх нь ч бий.
-Сөрөг хүчний намаас шинэ ерөнхийлөгч тодорсон нь Өмнөд Солонгосын улс төрд тектоник өөрчлөлт авчирлаа гэж ажиглагчид үзэж байна. Юн Сук Ёлыг дэлхий нийт хэрхэн хүлээж авав?
-Ерөнхий дүр зургаар нь харвал Милтон Фридманыг биширдэг хүн сонгуульд яллаа гэж хэлж болно. Милтон фридман гэж 1996 онд Нобелийн шагнал авсан алдартай эдийн засагч бий. Шинэ ерөнхийлөгч Юн Сук Ёл тэр хүний үзэл санаа, онолыг их сонирхож дэмждэг. Тиймдээ ч эдийн засгийн либериал үзлийг баримтална гэдгээ хэлсэн.
Милтон Фридманын “Капитализм ба эрх чөлөө”, “Хувь заяагаа сонгох нь”, “Дарангуйллын статус” гэсэн 2-3 алдартай ном нь монгол хэлээр хэвлэгдсэн. Түүний гол үзэл санаа нь зах зээлийг хэт журамлаж социалист маяг руу оруулснаас баян хоосны ялгаа их гарсан. Төр зах зээлд хэтэрхий их битгий оролц. Социалист маягаар зохицуулах гэж оролдох нь муу үр дагавартай. Харин зах зээлийг жам ёсных нь хөгжлийн дагуу ямар нэг хязгаарлалт, хамгаалалтгүйгээр явуулах хэрэгтэй. Төр зах зээл рүү орох тусам авлигад идэгддэг. Чөлөөт эдийн засгийг боомилж бизнес хийх урам зоригийг мохоодог гэж үздэг. Засгийн газрын оролцоо их байх тусам зээл нэмэгдэж, төрийн өр ихэсдэгээс улстөрчид авлигын хэрэгт орооцолддог гэсэн ерөнхий үзэл санаатай. Энэ бол шинэ ерөнхийлөгч Юн Сук Ёлын хэрэгжүүлэх, улс орноо удирдах гол бодлого гэж харж болно. Милтон Фридманыг унших дуртай. Уншиж судалж байхдаа энэ санаануудыг их олзуурхсан гэдгээ ч өөрөө хэлдэг. Чөлөөт эдийн засгийн үзэл санаа Адам Смитийн онолоос гаралтай. Анх Англи, дараа нь АНУ-д хэрэгжсэнээр дэлхий нийтээр тархсан.
Өмнөх ерөнхийлөгчийн хамгийн том алдаа бол үл хөдлөх хөрөнгийн үнийг барьж чадаагүй. Орон сууцны үнэ тэнгэрт тулсан. Үүний эсрэг олон янзын арга хэрэглээд зохицуулж чадаагүй нь иргэдийн дургүйцлийг төрүүлсэн. Мөн бизнест ээлтэй тогтолцоо бий болгож, бизнес эрхлэгчдийг хамгаалж чадаагүйгээс олон компани дампуурсан. Жижиг, дунд үйлдвэрлэлүүд хүнд байдалд орж хаалгаа барьсан. Авлигын хэрэгт ойр дотно ажилласан хүмүүс нь орооцолдсон. Авлигатай шийдвэртэй тэмцэнэ гэсэн шударга ерөнхийлөгчийн дүр эсгэсэн ч дорвитой үр дүн гараагүйгээс иргэдийн урам хугарсан. Харин Юн Сук Ёл хүнсний стандартад хэтэрхий их хяналт шалгалт хийдгийг зогсооно гэлээ. Өөрөөр хэлбэл, хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөж бага орлоготой, ядуу иргэд хоол хүнс авахад хүндрэлтэй байгаа учраас зарим зүйлийг хямд байлгах бодлого юм байна. Түүний бас нэг амлалт нь Хөдөлмөрийн хуульд заасан ажиллах хугацааг хүчингүй болгож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг цуцална. Ажил хийж байгаа хүн хүссэн цалингаа авч, хүссэн цагтаа ажиллах ёстой. Засгийн газар оролцох тусам хувийн хэвшилд дарамттай болж байгаа учраас төрийн оролцоог зогсоох бодлого хэрэгжүүлнэ гэсэн. Үүнээс гадна төрийн албан хаагч хэтэрхий олон болсноос ажлын бүтээмж буурч, нийгмийн хөгжлийг боомилж байна. Тиймээс төрийн албан хаагчдын тоог мэдэгдэхүйцээр багасгаж, оронд нь бизнесийн эрх чөлөөг нэмнэ. Бүх зүйлд төр оролцох нь эцэстээ дампуурал авчирдаг учраас бизнес эрхлэгчдийг чөлөөтэй орхи гэж хэлэхдээ Милтон Фридманын онолоос хэд хэдэн удаа эшлэсэн нь ажиглагчдын сонирхлыг татлаа.
Мөн феминист үзлийг шүүмжилдэг. Солонгос шиг улсад феминист үзэл нэг их шаардлагагүй. Феминизм гэдэг бол эмэгтэйчүүдийг системтэйгээр дарангуйлдаг орнуудад хэрэгжих ёстой гэж үздэг. Солонгост феминист үзлийг хэт их дэлгэрүүлснээс гэрлэлт багасаж, хүүхдийн тоо багассан учраас эмэгтэйчүүд гэр бүлийн яамыг татан буулгана гэдгээ удаа дараа мэдэгдэж ерөнхийлөгч болоод хамгийн түрүүнд энэ бодлогыг хэрэгжүүлнэ гэдгээ хэлсэн.
-Гадаад бодлого дээр өмнөх ерөнхийлөгчийн бодлогыг үргэлжлүүлэх үү, тэр дундаа Хойд Солонгостой ямар харилцаатай байх вэ гэдэг сонирхол татаж байна?
-Хойд Солонгос бол байнгын түгшүүр төрүүлж байдаг. Шинэ ерөнхийлөгч Хойд Солонгосоос айхгүй гэдгээ мэдэгдсэн. Одоогоор АНУ Солонгосын хойг дээр тактикын цөмийн зэвсгээ авсан. Түүнийгээ байрлуулна гэж байгаа нь америкчууд зөвшөөрөх үү, хятадууд яах вэ гээд олон асуудал дагуулж байгаа. Хятадын талаас хариуцлагагүй мэдэгдэл хийж байна гэсэн утгатай байр суурь илэрхийлсэн зэргээр үйл явц өрнөж байна.
Өмнөх ерөнхийлөгч Мүн Жэ Ин Хойд Солонгос, Сибирьтэй хамтарсан шинэ умардын бодлого хэрэгжүүлсэн бол шинэ ерөнхийлөгч Юн Сук Ёл Номхон далайн өмнөд хэсэг рүү чиглэсэн бодлого явуулах нь тодорхой боллоо. Ялангуяа, Энэтхэг, Японтой харилцаагаа сайжруулна. АНУ, Австралитай улам ойртоно. БНХАУ-д хэтэрхий их тал засаж байгаа учраас тогтоон барих чиглэлээр эрх тэгш хамтрагчийн үүднээс хандана гэдгээ одоогоор хэлээд байна.
-ОХУ, Украины харилцаанд ямар байр суурьтай байна вэ?
-Солонгос Украиныг дэмжиж байгаа. ОХУ-ын эсрэг хоригт нэгдэж, дайныг хүлээн зөвшөөрөхгүй, дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Samsung, Hyundai-гаас эхлээд Солонгосын том компаниуд ОХУ дахь үйлдвэрлэлээ зогсоосон. Олон компани болгоомжилж бизнесээ зогсоож эхэлж байна. Солонгосын судлаачдын үзэж буйгаар ОХУ, Украины дайн тийм ч амархан зогсохгүй. Путин дайн хийснээ цагаатгах шалтгаанаа олох хүртлээ дайнаа үргэлжлүүлэх байх гэсэн байр суурийг илэрхийлж байна.
-Юн Сук Ёл ерөнхий прокурор байсан учраас улстөрчдийнхөө булхайг сайн мэднэ. Тиймээс Мүн Жэ Инийн Засгийн газрын авлигын хэргийг шалгах кампанит ажил өрнүүлж, улс гэрээ цэвэрлэх төлөвлөгөөтэй гэсэн хүлээлт байна?
-Түүхийг нь харвал Юн Сук Ёл ерөнхийлөгчийн аав нь эрдэмтэн, ээж нь багш байсан. Багаасаа шударга байхыг заалгаж, өөрөө Сөүлийн их сургуулийн хуулийн ангийг төгссөн. Солонгост Сөүлийн их сургуулийн хуулийн ангийг төгсөнө гэдэг хэцүү. Харин Юн Сук Ёл амжилттай суралцсан.
-Хуульчийн шалгалтыг есөн удаа өгсөн гэж бичсэн байна лээ?
-Хуулийн ангийн оюутнууд цэргийн дарангуйлагч байсан гэгддэг Чонь Дү-Хуань ерөнхийлөгчийг яллаж байгаа талаар “дүрийн тоглолт” хийсэн юм билээ. Гэтэл тэр нь мэдэгдэж хөдөө рүү зугтааж амь гарсан. Дараа нь хуульч өмгөөлөгчийн шалгалт өгөх гэтэл удаа дараа зөвшөөрлийг нь өгөхгүй байсан. Үүнээс болж албаар олон удаа шалгалтад унагаасан. Энэ бүхнийг давна гэдэг уг хүний тэвчээр, тууштай занг харуулж байгаа хэрэг. Дараа нь тэр ерөнхий прокурор болтлоо дэвшсэн.
-Шүүмжлэгчид түүнийг шударга гэхээс илүү популист гэж тодотгож, Д.Трамптай адилтгаж байгаа талаар ч бичиж байна?
-Ерөнхий прокурор байхдаа өндөр албан тушаалтнуудын эрх мэдлээ хэтрүүлсэн хэргүүдийг илчилж шүүхээр ялласан. Тухайлбал, Пак Гын-Хе, И Мён-Бак ерөнхийлөгч нар, Мүн Жэ Ин ерөнхийлөгчийн үед хуулийн сайд болох гэж байсан Жу Гугү болон түүнийг эхнэртэй нь ялласан.
Юн Сук Ёл эрх мэдэлтнүүд ард түмнээсээ хол тасарсан байна. Эрх мэдлээ хэтрүүлдэгтэй тэмцэх ёстой гэж мэдэгддэг. Гэхдээ түүний энэ үйлдэл нь популист маягийн зүйл рүү явж байна уу гэсэн шүүмжлэлд өртөж Д.Трамптай адилтгаж байна. Тогтсон системийг нураах гэдэг, харилцагч орнуудаа бодохгүйгээр ашиг сонирхлын зөрчлийг тоохгүй ярьдаг. Хийх гэснээ зоригтой хийдэг. Жендерийн асуудлыг шүүмжилдгээрээ Д.Трамптай төстэй гэсэн шүүмжлэлд өртөж байна.
-Сүүлд Хөх ордонд суухгүй гэж мэдэгдлээ. Мөн эхнэр нь тэргүүн хадагтай байх эсэх нь эргэлзээтэй боллоо зэргээр олон зүйлийн анхдагч болж магадгүй нь?
-Японы колоничлолын үеэс эхлэн амбан захирагчид, авлига албан тушаалын хэрэгтэй орооцолдсон ерөнхийлөгч нар сууж байсан учраас Хөх ордон руу зүглэхгүй. Мөн иргэдээс хэтэрхий хол. Ерөнхийлөгчтэй энгийн иргэн уулзахад хэцүү байна. Ажлын өрөө унтлагын өрөө зайтай. Гэнэтийн үйл явдал болоход босож очсоор байтал нэг минутаас илүү хугацаа зарцуулж байгаа нь шинэ ерөнхийлөгчид таалагдахгүй байна. Тиймээс хүмүүстэй нээлттэй, ойр ойрхон уулзаж санал бодлыг нь сонсохын тулд Батлан хамгаалах яамны байранд очихоор болсон. Тус яамны зарим хэсгийг өөр тийшээ нүүлгээд нэг давхрыг сэтгүүлч нарт зориулсан мэдээллийн төв болгоно. Тэндээ иргэдийн сонирхсон асуултад хариулж байнга нээлттэй ажиллана. Иргэд яаралтай хэрэг гарвал шууд уулзаж болно гэж мэдэгдлээ. Энэ мэдэгдэл нь бодит байдлаар хэрхэн хэрэгжих вэ гэдэг хүлээлттэй байна.
Юн Сук Ёлын бас нэг шүүмжлэлд өртсөн зүйл бол эхнэр нь намтараа бичихдээ зохиосон гэдэг нь ил болсон. Үүнээс болж эхнэр нь өөрийгөө тэргүүн хатагтай гэж нэрлэх нь зохисгүй боллоо. Харин тэргүүн гэргий юм уу, гэргий нэртэй явах амлалт өгсөн нь Солонгосын түүхэнд анх удаа тэргүүн хатагтай нэрнээс татгалзсан, ерөнхийлөгч нь Хөх ордонд суухгүй гэж мэдэгдсэн тохиолдол боллоо. Юн Сук Ёлын хадам ээж нь шоронд байдаг. Ерөнхийлөгч боллоо гээд хадмаа чөлөөлөхгүй гэдгээ мэдэгдсэн.
-Монгол, Солонгосын харилцаа ойр дотно явж ирсэн. Өмнөх ерөнхийлөгч Монголд айлчилж байсан. Гэтэл шинэ ерөнхийлөгч гадаадын ажиллах хүчийг багасгана гэж хэлсэн нь манай улсад нөлөөлөх нь. Хоёр улсын цаашдын харилцааны эерэг болон сөрөг талыг хэрхэн харж байна вэ?
-Монгол, Солонгос төр, засгийн хэмжээнд албан ёсны харилцаатай. Харин иргэдийн харилцаа өндөр хөгжсөн. Ажиллах хүч, бизнес, боловсролын салбарын харилцаа сайн. Судлаачийн хувьд Солонгостой харилцах харилцааны давуу тал, боломжийг манай улс төрийн хэмжээнд ашиглаж чадахгүй байна гэж боддог.
Шинэ ерөнхийлөгч хэдийгээр гадаадын иргэдийг хууль журамд оруулна гэж мэдэгдсэн ч улсынх нь эдийн засаг хурдан сэргэж хөгжвөл ажилчид хэрэг болох нь тодорхой. Ажиллах хүчинтэй холбоотой асуудалд нэг зүйл хэлмээр байна. Манай улс байнга ажиллах хүчин явуулах нь зөв үү гэдгийг бодолцох ёстой санагддаг. Алсаа харвал Солонгос явуулж байгаа ажилчдыг мэргэжилтэн болгомоор байгаа юм. Бангладеш улс 120 хүнийг үйлдвэрлэлийн чиглэлээр мэргэжилтэн болгон бэлтгэж, том үйлдвэрүүд дээр хоёр дадлага хийлгэсэн байдаг. Гэтэл энэ хүмүүсээс 113 нь улсдаа буцаж очоод жижиг, дунд үйлдвэр байгуулж оёдол, нэхмэлийн салбар гэхэд л гурван тэрбум ам.доллар эргэлддэг бие даасан том салбар болгосон жишээ бий. Үүнийг энэ 113 хүн хийсэн гэж үздэг. Улс орнууд үүнийг жишээ болгож их ярьдаг. Манай улс ч гэсэн 20-30 жил хэдэн үеэрээ иргэдээ ажилчнаар явуулж дандаа хар бор ажил хийлгэх үү. Мэргэжилтэн болгох уу гэдгээ бодох ёстой. Энэ янзаараа цаашид хэдэн үеэрээ хар ажил хийх юм бэ. Тиймээс мэргэжилтэн бэлтгэдэг энэ зүйлийг хоёр улсын харилцааны загвар болгож жижиг, дунд үйлдвэр, нарийн технологийн чиглэлээр хүмүүсээ бэлтгэж ажлын байрыг нь бий болгож өгөөсэй гэж судлаачийн хувьд санаа зовдог. Монгол хүн бол үнэт баялаг. Иргэд Солонгост хэдэн арван жилээр хар ажил хийж гэр бүл салж эмэгтэйчүүд, хүүхдүүд хохирч үлдэж байна. Энэ бодлогыг эргэж харж, засаж залруулаасай. Яаж хийх учраа олохгүй байгаа бол Бангладешаас асуух хэрэгтэй.
Эх сурвалж “Зууны мэдээ” сонин
С.УЯНГА
2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 23. ЛХАГВА ГАРАГ. № 59 (6791)