Казахстан улсын нөхцөл байдалтай холбогдуулан Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн тэнхимийн эрхлэгч, профессор, доктор Ж.Баттогтохтой ярилцлаа.
-Казахстан улсад үймээн дэгдэж онц байдал зарлалаа. Бослогыг өмнөх ерөнхийлөгч Н.Назарбаевтай холбох шалтгааныг хэрхэн харж байна вэ?
-Казахстан улс газарзүйн хувьд нэлээн онцлогтой. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан ба далайгаас хамгийн алслагдсан улс юм. Мөн Шанхайн хамтын ажиллагааны байгууллагууд (ШОС), Тусгаар тогтносон улсуудын хамтын ажиллагаа (СНГ), Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагуудын (ОДКБ) хүрээнд аюулгүй байдлын асуудлаар гурван гэрээний оролцогч бөгөөд хамтын үйл ажиллагааг энэ салбарт өрнүүлэхээр тохиролцсон улсын нэг юм. Тус улсад болж буй бослого, үймээн самууныг хуучин Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевтай холбож болно. Учир нь Н.Назарбаев бараг л бүх насаараа тус улсын ерөнхийлөгч байсан, 1990-2019 он хүртэл. Тэрбээр Казахстан улсад олон ажил эхлүүлж, эдийн засгаа хурдацтай хөгжүүлсэн гэж үздэг ч, түүний автолитар дэглэмийг буруушаадаг нь олонхи байсан. Тиймээс энэ удаагийн бослогыг олон жил нэг хүний болон түүний ойр дотны хүмүүсийн гарт Казахстаны төрийн дээд эрх төвлөрснөөс үүдсэн тогтоолцооноос болж нэг л өдөр ард түмэн дотроосоо үймэх нь тодорхой гэж судлаачид үзэж байна.
Одоогийн байдлаар гадны нөлөөтэй гэж үзэх үндэслэл шалтгаан харагдахгүй байгаа боловч одоогийн ерөнхийлөгч гадны нөлөөтэй гэж үзэж байна.
Бас нэг таамаглал бол сүүлийн жилүүдэд Казахстанд эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал нэлээн онцгүй байлаа. Дэлхий нийт цар тахлын сорилттой нүүр тулсан. Тэр дундаа Казахстанд эдийн засгийн гол тулгуур болсон үр тарианы ургац тааруу байсан. Үүнд цаг агаарын нөхцөл байдал ч нөлөөлсөн. Мөн нефть олборлодог орон хэрнээ шингэрүүлсэн түлшний үнийг хоёр дахин өсгөсөн нь иргэдийн бухимдлыг дээд цэгт нь хүргэлээ. Үүнээс болж эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж хүрээгээ тэллээ. Өөрөөр хэлбэл, иргэдийн бухимдлыг жижиг өвсөнд ассан гал газар авч байгаатай зүйрлэж болно. Энэ мэт нийгмийн асуудлаа зөв зүйтэй харж хугацаа алдалгүй шийдэж байхгүй бол улсын аюулгүй байдлаа ганхуулж гадныхны өгөөш болох эрсдэлтэй. Энд мөн Казахстаны үймээн самууныг ямар нэг байдлаар ашиглаж байгаа бүлэг байхыг үгүйсгэхгүй гэж судлаачид үзэж байна. Үймээн самуун гурван сая иргэнтэй Алматы хотод илүүтэйгээр гарснаас харахад тоталитор дэглэм, Ерөнхийлөгчийн засаглал, Н.Назарбаевийн эсрэг байр суурьтай оршин суугчидтай гэсэн судалгаа байдаг юм билээ.
Тухайлбал, нийслэл болох Астана хот, их дээд сургууль, онгоцны буудлаас эхлээд Назарбаевгүй зүйл гэж байхгүй болсон нь нэг хүнийг хэт дахин шүтэх байдлаас ангижирч буй хорин нэгдүгээр зуунд хүмүүсийн бухимдлыг төрүүлж өнөөдрийн нөхцөл байдлыг бий болголоо гэж үзэж байна. Энэ байдал цаашид хэрхэн үргэлжлэх нь одоогийн ерөнхийлөгч К.Токаевийн үйл ажиллагаанаас шалтгаалах болно.
-Ерөнхийлөгч К.Токаев гаднаас зохион байгуулалттай террорист үйл ажиллагаа гэж үзэж буйгаа мэдэгдсэн. Энэ нөхцөл байдлыг Украйнтай харьцуулж байгаа хүмүүс ч байна?
-К.Токаев Казахстаны ерөнхийлөгчийн албыг хоёр жилийн өмнөөс хаших болсон. Олон улсын харилцааны мэргэжилтэн. Тус улсын Гадаад хэргийн яамны сайд болон бүхий л өндөр албан тушаалыг хашиж байсан. К.Токаев 1975 онд ОХУ-ын Олон улсын харилцааны дээд сургуульд (МГИМО) элсэн орсон. Улмаар улс орноо гадаадад байнга төлөөлж, олон газар Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан юм. Ер нь МГИМО-г Азербайджан, Армен, Узбекистан, Киргизстан болон Казахстан гээд хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан таван станы орнуудын төрийн тэргүүн, өндөр албан тушаалтнууд ихэвчлэн төгссөн байдаг. Энэ утгаараа улс төрийн шинжлэх ухааны доктор, олон улсын харилцааны мэргэжилтний хувьд К.Токаев үймээнийг холоос шидсэн чулуу гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, террорист үйл ажиллагааг зохион байгуулалттай хийж байна гэж дүгнэсэн. Үймээн самуун гаргагчдын тавьсан шаардлагыг Касым-Жомарт Токаев хүлээн авсан, тухайлбал шингэрүүлсэн түлшний үнийг бууруулсан, Засгийн газраа татан буулгасан. Гэхдээ уг үймээн зөвхөн шатахууны үнэ нэмсэнтэй холбоогүй болох нь тодорхой болсон нь тус улсад өрнөөд байгаа үйл явдлаас харагдаж байна.
Миний бодлоор Украйных шиг үйл явдал өрнөхгүй л болов уу, гэхдээ цаашид хуучин арга барилаар улс орноо удирдах, эрс өөрчлөлт шинэчлэлт удирдлагын хүрээнд гаргахгүй бол нөхцөл байдал муудаж, үүнийг нь гадны тоглогчид ашиглах болно. Казахстан нь зөвхөн ОХУ-ын том стратегийн түнш биш юм. Хятадын хувьд чухал ашиг сонирхолтой улсын нэг мөн. Тиймээс аль нэг улсын дотоодод болсон үймээн самууныг өөр чиглэл рүү оруулахад асар их хүчин чармайлт гаргах өрсөлдөгч байхыг үгүйсгэхгүй. Мөн зарим судлаачид Казахстанд бослого гарах нь тодорхой байсан гэж үзсэн. Яагаад гэвэл бослого хөдөлгөөн өрнөхөд угтвар нөхцөл байдал бүрэлдсэн байдаг.
Тухайлбал, Нурсултан Назарбаевын засаглалын үеэс эхлэн Казахстанд баян ядууны ялгаа сүүлийн 20 жилд эрс ихэссэн, төрийн албаныхны дунд авлигал хээл хахууль , Назарбаевын автолитар дэглэм, түүний гэр бүлийн гишүүдийн асуудлыг нэрлэж болно.
-Казахстан улс Хамтын аюулгүй байдлын гэрээний орнуудаас тусламж хүслээ. Хэрэв ОХУ цэргээ оруулбал улс төрийн нөхцөл байдал хэрхэх, бас НҮБ-ын оролцоо ямар байх вэ?
-Казахстаны ерөнхийлөгч К.Токаев “Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагууд” (ОДКБ )-ын гишүүдээсээ тусламж хүссэн. Казахстан улсын парламентын доод танхим /мажилиса/-ын гишүүд мэдээллийн аюулгүй байдлыг хангах салбарт ОДКБ-ын гишүүн улсуудын хамтын ажиллагааны гэрээг 2019 онд соёрхон баталсан. Уг гэрээ нь мэдээллийн аюулгүй байдалд учирч буй аюулын эсрэг хамтарсан хариу арга хэмжээ авах практик механизмыг бүрдүүлэх зорилготой юм. Талууд мэдээллийн аюулгүй байдлыг бэхжүүлэх чиглэлээр болон ОДКБ-ын гишүүн улсуудын мэдээллийн орчинд хууль бус үйл ажиллагааны эсрэг хамтарсан арга хэмжээг зохион байгуулна. Түүнээс гадна олон улсын тавцанд аюулгүй байдлыг хангах асуудлаар зөвшилцөх байр сууринд хүрэх, тэдний үйл ажиллагаанд оролцох үүрэгтэй.
Эдгээр улс орнууд эхний байдлаар туслана гэдгээ мэдэгдэж байх шиг байна. Гэхдээ Казахстан улс өнөөгийн нөхцөл байдлыг дотооддоо шийдвэрлэх бүрэн боломжтой. Эсэргүүцлийн хөдөлгөөн өнөөгийн ерөнхийлөгч К.Токаев руу чиглээгүй учраас ОХУ-аас нэлээн асууж, зөвшилцөх байх гэдэгт олон орон итгэлтэй байгаа.
ОХУ дангаараа цэрэг оруулахгүй, тэгэж ч болохгүй. Олон улсын эрхзүйгээр бол аливаа улс орон аль нэг улс руу цэрэг оруулахыг дангаараа шийдвэрлэдэггүй. Байдлыг нэлээн ажиглаж байгаад НҮБ-ын АЗ-ийн тогтоол шийдвэрийн дагуу энхийг сахиулах хүчин орох шаардлагатай эсэхийг шийддэг. Гэхдээ их гүрнүүд өөрсдийн тоглолт хийж олон улсын эрхзүйн зарчмыг зөрчих тохиолдол олон гардаг ч энэ тохиолдолд тийм зүйл болохгүй.
-Хамтын аюулгүй байдлын гэрээний орнууд Казахстанд туслана гэдгээ мэдэгдчихсэн. Тэгэхээр процесс хэрхэн үргэлжилнэ гэсэн үг вэ?
-Энэ бол олон улсын харилцааны түүхэнд нэг чухал алхам байж болно. Бүс нутгийн аюулгүй байдал хамтын ажиллагааны гэрээгээр бол нэг нэгэндээ харилцан туслах, олон оронд гарсан өнгөт хувьсгалуудаас дүгнэлт хийж, дахин тийм байдал улс орнуудад бий болохоос сэргийлж, урьдчилсан дипломат арга ажиллагааг хэрэгжүүлэх үүднээс ийм арга механизмийг хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл, ирээдүйд болох аюулыг сарниулах, энх тайвныг бэхжүүлэхэд бүс нутгийн аюулгүй байдлыг хамтаараа хамгаалах гэрээний хэрэгжилтийг эндээс харах байх гэж найдаж байна. Казахстанд өрнөж байгаа бослого үнэхээр гадны зохион байгуулалттай бол бүс нутгийн аюулгүй байдал хамтын ажиллагааны гэрээг ашиглаж магадгүй. Гадны нөлөө байгаа эсэхийг олж илрүүлэх байх л даа. Шинжээчид өөрсдийн харж байгаагаар байр сууриа илэрхийлнэ. Гэхдээ К.Токаевийн талаас улс оронд болж буй үйл явдлыг дүгнэхдээ гаднаас шидсэн чулуу гэж хэлэх нь илүү ашигтай байх болов уу.
-Станы орнуудын нөлөө ямар байх бол гэсэн таамаглал байна л даа?
-Станы орнууд нэлээн хүнд нөхцөл байдлаас гарч өнөөдрийг хүрсэн гэж хэлж болно. Хуучин ЗХУ-ын үед төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай улс орнууд хөгжлөөрөө эрс хоцорч цаашид оршин тогтнох боломжгүй болсон. Өнөөдөр ч гэсэн Станы таван орон хөгжлөөрөө нэгнээсээ айхтар ялгараагүй ба эдийн засгийн хөгжлөөрөө дөнгөж л хөлөө олоод явж байна. Нөгөө талаас хуучин ЗХУ-ын нутаг дэвсгэр дээр үлдсэн олон орнууд гадны аюул, заналхийлэл ихтэй оршин тогтнож байна. Үндсэрхэг үзэл, шашны хэт даврагсад, терроризм, газар нутгийн маргаан, салан тусгаарлах үзэл, Афганистан, олон жилийн шийдэгдээгүй бүс нутгийн асуудлууд гэх мэт. Энэ бүс нутагт амжилттай хөгжиж байгаа, эдийн засгийнхаа үзүүлэлтээрээ эерэг байгаа орны тоонд Казахстан ордог ч иргэдийн амьдрал муудсан, ядуурал эдийн засгийн доройтол газар авсан нь өнөөгийн нөхцөл байдлаас харагдаж байна.
-Какахстанд манай улсын 4000 гаруй иргэн оршин сууж байна. Энэ нөхцөлд манай улс ямар алхам хийх нь зүйтэй вэ?
-Оршин суугаа улс оронд нь аюултай байдал үүсвэл өөрийн орныхоо иргэдэд мэдэгдэж, үнэн зөв мэдээллээр хангах ёстой. Иргэдийнхээ аюулгүй байдалд тухайн улсад ажиллаж байгаа Элчин сайдын яам нь анхаарах шаардлагатай. Үнэхээр нөхцөл байдал хүндэрч иргэний дайн гарах хэмжээнд хүрвэл Монгол руу буцах хүсэлтэй байгаа иргэдээ нүүлгэн шилжүүлэх, татан авах ажиллагаа хийгдэнэ. Гэхдээ одоогийн нөхцөл байдлыг аюултай хэмжээнд хүрсэн гэж харахгүй байна. Ер нь ямар ч үед сэтгэлийн хөөрлөө дарж, асуудалд шүүлтүүртэй бодитой хандах хэрэгтэй.
-Хэрэв нөхцөл байдал хүндэрвэл Баян-Өлгийгөөр дамжиж орж ирэх аюул ойрхон байна гэж сэрэмжилж байгаа хүмүүс ч байна?
-Аливаа газар оронд аюултай нөхцөл байдал үүсвэл ард иргэд нь дүрвэж болно. Казахстан манай улстай их ойр болохоор хүмүүс сэрэмжилж байгаа байх. Гэхдээ ямар нэг зүйл боллоо гэхэд ОХУ-руу юуны өмнө дүрвэх магадлалтай. Дүрвэгсэдийн тухай НҮБ-ын 1954 оны конвенцид Монгол Улс нэгдэж ороогүй тул дүрвэгчдийг хүлээж авах үүрэг хүлээхгүй. Мөн Монгол Улсын харьяатын тухай хуульд нийт хүн амын 0.01 хувьтай тэнцэх нэг улсын гадны иргэн байх ёстой гэж үздэг.
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин