/The Diplomat/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНСУ-ын төрийн тэргүүн Мүн Жэ Ин нар есдүгээр сарын 10-ны өдөр дээд түвшний цахим уулзалт хийлээ. Энэхүү уулзалтаар БНСУ Монгол Улсын зургаа дахь стратегийн түнш болов.
Хоёр орон 1990 оны гуравдугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй. Тийнхүү 1991 онд Монголын Ерөнхийлөгч П.Очирбат БНСУ-д төрийн айлчлал хийснээр Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш Сөүл хотноо айлчилсан улсынхаа анхны төрийн тэргүүн болсон юм. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монголын гуравдагч хөршийн бодлого өргөжин тэлэхийн хэрээр Монгол-БНСУ-ын харилцаа ч мөн олон тулгуурт бодлогын хүрээнд эрчимтэй цэцэглэн хөгжив. Монгол Улсын хувьд Зүүн Азийн “бар” орнуудын нэг болох БНСУ-ын хөгжил, аж үйлдвэржилт, соёл, эдийн засгийн бодлогыг олон арван жилийн турш сайшааж ирсэн юм.
1990-ээд оны эхээр БНСУ-ын хөгжмийн поп урсгал Монголын залуучуудын дунд эрчтэй түгэн дэлгэрчээ. Тухайлбал, “H.O.T”, “S.E.S” зэрэг “K-pop” урсгалаар уран бүтээлээ туурвидаг хуучны хамтлагууд Монголд нэлээд алдаршиж байсан юм. Тийнхүү Монголын залуучууд солонгос хөгжим сонирхон сонсохын сацуу солонгос хэл суралцаж, солонгос хэв маягийг даган дуурайж, БНСУ-д сурч, ажиллах болжээ.
Нийгмийн өөрчлөлтүүд ийнхүү гарч байсан ч Монгол, БНСУ-ын эдийн засгийн харилцаа, худалдаа удаан боловч тогтвортойгоор өссөөр байв. Тодруулбал, 1994-2008 онд хоёр орны худалдааны эргэлт 23.5 сая ам.доллароос 270 сая ам.долларт хүрч өсжээ. Солонгос Америкийн эдийн засгийн хүрээлэнгийн тайланд дурдсанаар, 2015 он хүртэл Солонгосоос Монголд оруулсан шууд хөрөнгө оруулалт нь жижиг бизнес /55.5 хувь/, том компаниуд /27.8 хувь/, хувийн компаниудаас /16.7 хувь/ бүрдэж байжээ. Харин 2008 оноос хойш БНСУ-аас Монголд оруулсан хөрөнгө оруулалт нь ашигт малтмалын салбар, жижиг үйлдвэрлэл, барилга, хөдөө аж ахуйд чиглэсэн байна. Мөн сүүлийн жилүүдэд БНСУ-ын хөдөө аж ахуй, эмийн компаниуд Монголын уламжлалт эмийн бүтээгдэхүүний салбарт хөрөнгө оруулжээ.
Харин улс төрийн түвшинд авч үзвэл, Монгол, БНСУ нь Зүүн Ази дахь хамгийн том ардчилсан орнуудад тооцогддог бөгөөд бүс нутгийн нарийн төвөгтэй асуудлуудыг зохицуулахад аль аль нь өөр хоорондоо ялгаатай хэдий ч чухал үүрэг гүйцэтгэдэг. Тухайлбал, БНСУ нь газарзүйн онцлогийнхоо хувьд БНАСАУ-тай холбоотой хүндхэн шийдвэрүүдийг гаргах шаардлагатай тулгардаг билээ. Өрнөдийн орнуудын хувьд БНАСАУ-ын цөмийн аюул занал нь хойшлуулшгүй нөхцөл байдлыг үүсгэдэггүй байж болох ч Зүүн Азийн хувьд хэзээ мөдгүй тэсрэх бөмбөг л гэсэн үг. БНАСАУ өнгөрсөн амралтын өдрүүдэд далавчит пуужин турших зэргээр өдөөн хатгасан үйлдлийг удаа дараа гаргаж буй нь зөвхөн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдалд заналхийлээд зогсохгүй гацаанд орсон нөхцөл байдлыг нь даван туулахын тулд гаргах улс төр, эдийн засгийн шийдлүүдийг хүндрүүлж байна. Хөрш орнууд болох БНХАУ, Япон, БНСУ-ын хувьд өнгөрсөн хугацаанд тогтоон барихыг эрмэлзэж байсан бол Монгол Улс жижиг орны зуучлах ур чадвараараа дамжуулан энхийн яриа хэлэлцээний төлөө үргэлжлүүлэн хүчин чармайлт гаргасаар ирсэн юм. Мөн Монгол Улсын цөмийн зэвсэггүй статус нь цөмийн зэвсгээс ангижруулахтай холбоотой асуудлын хувьд итгэл даах байдлыг нь улам бэхжүүлж байна.
Монгол Улс нь бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаарх олон улсын хэлэлцүүлэг, яриа хэлэлцээг үргэлжлүүлэхийн тулд 2014 оноос хойш Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын тухай Улаанбаатарын яриа хэлэлцээг зохион байгуулсаар ирсэн билээ. Монголын Гадаад харилцааны яамны мэдээлснээр, 2017 онд бага хурал 1.5 дугаар түвшинд буюу Засгийн газрын төлөөлөгчид, эрдэмтэн судлаачдын аль алийг нь оролцуулах хэмжээнд хүрч ахижээ.
Есдүгээр сарын 10-нд болсон Монгол, БНСУ-ын дээд түвшний уулзалтын үеэр У.Хүрэлсүх, Мүн Жэ Ин нар өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол-БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагаа хурдацтай хөгжсөнийг онцлон тэмдэглэв. Мөн Мүн Жэ Ин Монголын Ерөнхийлөгчид сонгуульд ялалт байгуулсанд нь баяр хүргээд, Монголын шинэ төрийн тэргүүнтэй дээд хэмжээний уулзалт хийсэн гадаадын орны анхны Ерөнхийлөгч болж буйдаа баяртай байгаагаа илэрхийлсэн байна.
Мүн Жэ Ин мөн Монгол Улс нь БНСУ-ын Шинэ Умардын бодлогын хувьд ихээхэн ач холбогдолтой болохыг цохон тэмдэглэжээ. Түүнчлэн Монголын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад хамтран ажиллахаа амласан юм.
Монгол-БНСУ-ын харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэн ахиулах шийдвэр нь 1990 оны “Дипломат харилцаа тогтоох тухай протокол”, 1991, 1999, 2006, 2011 онд дээд түвшний айлчлалын үеэр байгуулсан Монгол Улс, БНСУ-ын хамтарсан мэдэгдлүүд, 1999 оны “XXI зууны харилцан бие биеэ нөхсөн хамтын ажиллагаа”, 2006 оны “Сайн хөршийн, найрамдалт хамтын ажиллагааны түншлэл”, 2001 оны “Иж бүрэн түншлэл”-ийн зарчмуудад тулгуурлажээ.
Ийнхүү хоёр талын харилцаа стратегийн түншлэлийн түвшинд хүрснээр хоёр орон бүс нутаг, олон улсын энх тайван, тогтвортой байдлыг олон тулгуурт гадаад бодлогын хүрээнд бэхжүүлэн хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт талууд санал нэгдсэн байна.
Монгол-БНСУ-ын Стратегийн түншлэлийн тухай хамтарсан тунхаглалд аюулгүй байдал, батлан хамгаалах, гадаад бодлогын асуудлаарх яриа хэлэлцээний механизмыг тогтмолжуулан идэвхжүүлснээр улс төрийн итгэмжилсэн харилцааг улам бэхжүүлж, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллахаа нотолжээ. Мөн хоёр улсын төрийн тэргүүн нар БНСУ-ын дэвшилтэт технологи, Монголын байгалийн арвин нөөц зэрэг хоёр улсын давуу тал, хөгжлийн нөөц бололцоог ашиглан харилцан ашигтай, бие биеэ нөхсөн эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр тохиролцсон байна.
Мөн хамтарсан тунхаглалд БНСУ Монгол Улстай олон төрлийн хамтын ажиллагааны төслийг үргэлжлүүлэн эрэлхийлж, хөгжлийн албан ёсны тусламж үзүүлэх зэргээр цар тахлын дараах эринд Монгол Улсын эдийн засгийг сэргээхэд дэмжлэг үзүүлэхийн сацуу “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл явцад хамтран ажиллахаар тогтсоныг онцлон тэмдэглэжээ. Түүнчлэн боловсрол, шинжлэх ухаан, технологи, байгаль орчны асуудлууд, эрүүл мэнд, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааны талаар энэхүү баримт бичигт тусгасан юм.
Монгол Улс БНСУ-тай өрнүүлж буй харилцаагаа стратегийн түншлэлийн түвшинд хүргэн ахиулсан нь гадаад бодлогынхоо хүчин чадлыг дахин харуулсан явдал боллоо. Тодруулбал, Монгол Улс 2021 оны зөвхөн долоодугаар сард л гэхэд БНХАУ, Япон, БНСУ, АНУ-тай дээд түвшний хэлэлцээ хийсэн юм. Ази, Номхон далайн бүсийн ач холбогдол өсөн нэмэгдэж байгааг харгалзан үзвэл Монгол Улс нь бүс нутгийн дан ганц тоглогчтой хамтран ажиллах боломжгүй болж байна. Өнгөрсөн хугацаанд Монгол Улс ОХУ, БНХАУ, Япон, Энэтхэг, АНУ-тай стратегийн түншлэл тогтоосон бөгөөд БНСУ ийнхүү нэмэгдлээ.
Шинээр тогтоосон энэхүү түншлэлийн харилцаа нь Монгол, БНСУ-ын Засгийн газар, ард түмний хоорондын уялдаа холбоог бэхжүүлж, шинэ боломжуудыг нээж, шинэ түвшний яриа хэлэлцээ хийх нөхцөлийг бүрдүүлж байна. Хоёр орны Засгийн газрын хувьд үлэмжийн үр өгөөжтэй үр дүнд хүрэхийн тулд нөөц бололцоог зөв ашиглаж, хуваарилах нь нэн чухал юм.
Энэхүү нийтлэлийг Монгол, БНХАУ, ОХУ, Япон, Зүүн Ази, Америк судлалын чиглэлээр мэргэшсэн судлаач Л.Болор бичжээ. Тэрбээр АНУ-ын Сан-Францискогийн их сургуулийг Ази, Номхон далайн судлалын чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ.