Б.Пүрэвсүрэн: Угаарын хийн эрсдэлүүдийн 95 хувь нь хайхрамжгүй байдлаас үүссэн

оруулсан Алсын Хараа

Өвөлжилтийн бэлтгэл болон угаарын хийн эрсдэлээс иргэдийг урьдчилан сэргийлэх чиглэлд ямар ажил хийж байгаа талаар Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэнгээс тодруулжээ.

-Өвөлжилтийн бэлтгэл ажлын багц үнэлгээ гаргажээ. Багц тус бүрээр нь танилцуулахгүй юу?

“Таван толгой түлш” ХХК үйлдвэрлэлээ явуулж байна. Нийслэлээс агуулах, тээвэрлэлтийг зохион байгуулдаг. Нийслэлийн Засаг даргын захирамжаар 60 мянган тн сайжруулсан түлшний нөөц бүрдүүлснээр өвөлжилтөд бэлэн болсон гэж үздэг. Өчигдрийн байдлаар агуулахад 29.180 тн сайжруулсан түлшний нөөц байна. Энэ сарын 15 гэхэд 53 мянган тн, 20-ны дотор 60 мянган тонн шахмал түлш бүрдүүлэх төлөвлөгөөтэй байгаа.

Сайжруулсан түлшээ зөв түлэх, угаар мэдрэгчээ ажиллуулах, амьдралын хэв маягаа сайжруулсан түлшний хэрэглээнд уялдуулж өөрчлөх зэрэг мэдлэг дутмагаас угаарын хийд хордох тохиолдол их гарсан. Өнгөрсөн хавар гарсан угаарын эрсдэлийн 95 хувь нь хайхрамжгүй байдлаас үүдсэн байдаг. Тухайлбал, “Бороо орохоор нь яндангаа аваад өрхөө бүтээсэн, эсвэл насанд хүрээгүй хүүхэд гал түлэн, яндангаа авч, өрхөө бүтээсэн” гэх шалтгаанаас угаартсан байх жишээтэй. Ийм шалтгаан ихэнх хувийг эзэлдэг.

Нийслэлийн агаарын чанарын бүсэд 6 дүүргийн орон тооны бус 4500 ажилтан ажилладаг. Есдүгээр сарын 15-наас өмнө бүх айлаар орж, сайжруулсан түлшний хэрэглээ, галлагааны аюулгүй байдлын тухай мэдлэг олгох сургалтад хамруулж байна. Нэг ажилтанд дөчөөд айл ногддог. Халдвар хамгааллын дэглэм мөрдөх үүднээс тодорхой хэсгийг танхимаар, дийлэнхийг нь цахимаар хамруулж байгаа.

-Иргэдийн агаарын бохирдолтой холбоотой мэдлэг, мэдээллийг сайжруулах чиглэлээр ямар ажил төлөвлөсөн бэ?

Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт "Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хувь хүртэл багасгаж, чанар хяналтыг сайжруулна” гэсэн байдаг. Үүнийг хэрэгжүүлье гэвэл агаарын бохирдлыг жилд 10 орчим хувиар багасгах шаардлага үүсэж байна. Тархалтын загварчлал гарган, дүн шинжилгээ хийхэд айл өрхийн зуух, автомашинаас ялгарч буй бохирдол хамгийн их байгаа. Иймд өрхийн цахилгаан, дулааны хэрэглээг агаар бохирдуулдаггүй эх үүсвэрээр солих боломжийг судалж, сурталчилдаг. Энэ мэтчилэн өвөлжилтийн бэлтгэлд зориулан таван төрлийн цогц төлөвлөгөө гаргаад байгаа.

-Сайжруулсан түлш борлуулах цэг нэмэгдэж байгаа юу, үнэ өөрчлөгдсөн үү?

Нийслэлд 2019-2020 оны галлагааны улиралд 446 мянган тн түлш түлсэн бол 2020-2021 онд энэ тоо 708 мянга болж нэмэгдсэн. Энэ 708 мянган тн түлшний 504 мянгыг нь 75 хувийн хөнгөлөлттэй, 54 мянган тн түлшийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдсан. Өнгөрсөн 5 дугаар сард иргэдээс судалгаа авахад “Түлшний үнийг хөнгөлсөн  нь  цар тахлын үед маш их дэм болсон” гэсэн. Сайжруулсан түлшийг энэ жил 50 хувиар хямдруулж худалдана. Нэг шуудай нь 1875 төгрөг гэсэн үг. Зургаан шуудайг 11.250 төгрөгөөр худалдан авч, нэг айл долоо хоногийн хэрэгцээгээ хангах юм.  Цар тахлын үед настай хүмүүс, алслагдмал газар амьдардаг иргэдэд ойртуулахаар 67 “өндөр цэг”-ийг нэмсэн. Ингэснээр түлш борлуулах 686 цэгтэй болсон. Өмнө нь түлшийг 22 компани тээвэрлэж байсныг энэ жил 35 болголоо. Ингэснээр тээвэрлэлт удах, хоног хугацаа алдахгүй болсон.

-Зарим айлын угаар мэдрэгч ажиллагаагүй болсон гомдол ирдэг. Угаар мэдрэгчийг хэр удаан хэрэглээд солих вэ?

Төрөөс 198 мянган угаар мэдрэгчийг нэг удаа үнэгүй тарааж, айл өрхүүдэд байрлуулсан. Эхэн үедээ мэдлэггүйгээс угаар мэдрэгчийг хэрэглэхгүй орхих тохиолдол нэлээд гарсан. Зай нь дууслаа, муухай дуугараад байна гээд унтраасан жишээ бий. Өнгөрсөн жилээс айлууд угаар мэдрэгчийг сайн хэрэглэж байна. Угаар нь нүдэнд харагдаж, гарт баригдаж, үнэртэхгүй байсаар хүний амьсгалын түвшинд хүрдэг. Судалгаа хийхэд, Чингэлтэй дүүрэгт 3300, Баянгол дүүрэгт 386, Сүхбаатар дүүрэгт 1072 угаар мэдрэгчийн хэрэгцээ байгаа тоо гарсан. Өөрөөр хэлбэл, 10 мянга орчим айл угаар мэдрэгчээ хаяж, гээж, эвдэлсэн байна. Эдгээр угаар мэдрэгчийн санхүүжилтийг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо,“Таван толгой түлш” ХХК-иас шийдэн, 20 мянган угаар мэдрэгчийг есдүгээр сарын 11, 12-нд болох өдөрлөгөөс өмнө бэлэн болгоно. Зунжин орсон борооны улмаас намрын улиралд яндан битүүрдэг. Яндангаа хөөлж амжаагүй байхад гэнэт хүйтэрч гал түлэхэд шаталт дутуу явагдах, угаартах эрсдэл бий. Яндан хөөлөхөд хүндрэлтэй байгаа айлууд буюу өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй тулж ажиллана.

Сэтгэгдэл бичих