Автозамын түгжрэлд жилд 947 сая ам.доллар үргүй зардаг

оруулсан Алсын Хараа

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны ажлын баг нийслэлийн түгжрэлийг бууруулах богино хугацааны төлөвлөгөөг танилцуулжээ.

Энэ үеэр Ерөнхий сайд түгжрэлийг бууруулах богино, дунд, урт хугацааны шийдэл боловсруулж, танилцуулахыг үүрэг болгосон байна. Энэ талаар Нийслэлийн зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн мэдээлэхдээ, “Нийслэлийн түгжрэл бүсчлэлийн асуудлаас үүдэлтэй. Хотын төв хэсэгт орц гарны асуудал, баруун зүүн, хойд урд хэсэг бол хотын төв рүү орох гол замын ачааллаас үүдэн түгжирдэг. Мөн улирлын чанартай түгжрэл бий. Жил бүрийн нэг болон наймдугаар сар оргил ачааллын үе байдаг. Сургууль цэцэрлэг эхлэхтэй холбоотойгоор 8 сарын 15-наас хэт ачаалалтай болж, 11 сард оргил ачаалал нь дуусдаг. Ингээд он гараад түгжрэл мөн эхэлдэг. Нийслэлд 65 сургууль, 65 цэцэрлэг дутагдалтай байгаагаас үүдэн 110 мянга гаруй хүүхэд 53 мянган тээврийн хэрэгслээр автозамын хөдөлгөөнд оролцдог байна. Энэ нь автозамын түгжрэлийн 23-28 хувийг бүрдүүлдэг. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхээр БШУЯ-тай хамтран ажиллаж байна” гэлээ.

Түгжрэлийн өртгийг мөнгөн дүнгээр тооцвол улсын хэмжээнд жилд 947 сая ам.долларыг үргүй зардаг байна. Тодруулбал, шууд зардал буюу шатахуун, шууд бус буюу цаг хугацаа, ажлын бүтээмж буурах, эрүүл мэнд, стресс, дуу чимээ гэх мэтийг оруулан тооцсон байна. Уг асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэхгүй бол 5 жилийн дараа гэхэд үргүй зардал 5-7 дахин өсөх магадлалтай аж.

Үндэсний хорооны ажлын багаас Улаанбаатар хотод 2028 оноос зүүн хүрдтэй автомашины хэрэглээнд бүрэн шилжих, ирэх оноос 7-оос дээш настай импортын автомашины татварыг нэмэх саналыг Засгийн газарт танилцуулсан байна. Нийслэлийн Их тойруу дотор аж ахуйн нэгжүүд төвлөрч, дийлэнх иргэд ажилдаа ирдэг нь нийт түгжрэлийн 52 хувийг эзэлдэг тул нийтийн тээврийн хүртээмжийг нэмэх, нийтийн тээвэр 5.30-00.00 цаг хүртэл үйлчилдэг байх санал гаргажээ. Түүнчлэн гол замуудыг өргөтгөх, 6 нүхэн гарц байгуулах, 32-ын уулзварын нэвтрүүлэх чадварыг нэмэх, 6 уулзварыг хоёр түвшинд оруулах ажлын зураг төслүүдийг эхнээс нь хийж эхэлснийг танилцуулсан байна.

Нийслэлийн зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн, “Түгжрэлийн томоохон шалтгаан нь замын хөдөлгөөний соёлын асуудал. Тиймээс явган замын стандарт, дугуйн замын стандартыг сайжруулж, орц гарцыг хаасан хашааг буулгах ажлыг үргэлжлүүлж байгаа. Ингээд богино хугацаанд түгжрэлийг 13-18 хувиар бууруулах 15 санал танилцуулсан. Үүний нарийвчилсан тооцоо судалгааг хийж, ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулах боллоо” гэв.

Ажлын багийн богино хугацаанд түгжрэлийг бууруулах санал:
- Тээврийн хэрэгслийн “ЦАХИМ ГЭРЧИЛГЭЭ” нэвтрүүлэх ажил (Замын хөдөлгөөний зохицуулалт төлөвлөлтийн нэгдсэн систем буюу RFID систем болон цахим тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэвтрүүлснээр зөрчил гаргасан, татвар хураамжаа төлөөгүй, үзлэг оношилгоонд ороогүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оруулахгүй байх)
- Ерөнхий болосвролын сургуулийг 5/9 зарчимд шилжүүлэх
- Нийтийн тээврийн цагийг уртасгасан цагаар ажиллуулах, 05.30-00.00 цагт шилжүүлэх,
- Дугаарын хязгаарлалтын хэрэгжилтийг хангах. Энэ хязгаарлалт хангалтгүй хэрэгжиж байгаа гэж дүгнэсэн байна.
- Төрийн албан хаагчдыг 1/5 онлайнд шилжүүлэх,
- Үзлэг, оношилгоонд ороогүй, татвар, даатгал төлөөгүй тээврийн хэрэгслүүдийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх,
- Тээврийн хэрэгслийн ослыг хурдан шуурхай шийдвэрлэдэг болгох,
- Хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг торгох, ачих ажиллагааг сайжруулах, чангаруулах,
- E-Police аппликейшныг иргэдэд сурталчлах, иргэдийг урамшуулах,
- Автомашингүй гудамж бий болгох,
- Зогсоолгүй бүс бий болгох,
- Зогсоолыг төлбөржүүлэх, нэгдсэн системд оруулах,
- Явган зам, дугуйн зам, автозамын гарц хаасан орц гарцыг чөлөөлөх,
- Байгууллагуудын ажлын цагийг уян хатан болгох,
- Уулзваруудад дахин инженерчлэл хийж нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх.

Сэтгэгдэл бичих