Чингэлгийн бөөгнөрөл хэр удаан үргэлжлэх вэ?
Цар тахлаас үүдэн дэлхийн далайн чингэлэг тээврийн зах зээлд 2020 онд гарсан өөрчлөлт нь тээвэр зуучийн үйлчилгээний /ложистик/ салбарт маш хүчтэй нөлөөллөө. Ложистикийн компаниудын хувьд 2021 оны эхээр байдал тогтворжино гэсэн хүлээлттэй байсан нь талаар болов.
Цар тахлын үеэр тогтоосон хөл хорионы улмаас дэлхий даяар асар олон хүн ажилгүй болж, бараа бүтээгдэхүүний эрэлт буурч, компаниуд үйлдвэрлэлээ багасгаж, зарим үед үйл ажиллагаагаа бүрмөсөн зогсоохоос аргагүйд хүрсэн билээ. Энэ нь логистикийн компаниудын урьдаас сайтар төлөвлөөд байсан үйл ажиллагаанд өөрчлөлт оруулж, нийлүүлэлтийн гинжин хэлхээнд маш том доголдол үүсгэсэн юм. Улс орнуудад хөл хорио тогтоосноор далайн болон хуурай газрын боомтуудын үйл ажиллагаа доголдож, боомтуудын захиргаа ажилчдынхаа тоог цөөлж байлаа.
Цар тахал анх дэгдэх үед буюу 2020 оны 2 дугаар сард болсон Цагаан сарын баярын амралтын үеэр Хятадын үйлдвэрүүд зогссон байлаа. Амралт дууссан ч гэсэн хөл хорионы улмаас үйлдвэрлэл нэмэгдээгүй бөгөөд 6 дугаар сарыг хүртэл бараа бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ хуримтлагдсаар. Энэ үед АНУ болон Европын орнуудад хөл хорио тогтоосон нь байдлыг улам хүндрүүлэв. Хэсэг хугацааны хөл хорио суларснаар хүнсний бүтээгдэхүүн, хувцас хунар, эм, нэн шаардлагатай бүтээгдэхүүнүүдийг эрэлт эрс нэмэгдлээ. Үүнээс шалтгаалан бөөний худалдааны агуулахууд хоосорч, Хятадын үйлдвэрүүд их хэмжээний захиалга хүлээн авах болов.
2020 оны 3 дугаар улиралд дэлхий дахин хөл хорионоос аажмаар гарч эхэлснээр гадаад худалдаа сэргэж, бараа бүтээгдэхүүн, түүхий эдийн эрэлт хэрэгцээ огцом нэмэгдэж, далайгаар тээвэрлэх ачааны хэмжээ гэнэт өссөн нь эрэлт-нийлүүлэлтийн тэнцвэрийг алдагдууллаа. Гэнэтийн энэ өсөлтөд тээврийн дэд бүтцүүд бэлэн бус байснаас шалтгаалан хөлөг онгоцнуудын хуваарьд өөрчлөлт орж, бараа хүргэлт олон хоног сараар саатах болов.
Түүнчлэн агаарын ачаа тээвэр удаан хугацаанд зогссон, цахим худалдааны захиалга асар ихээр нэмэгдсэн нь далайн чингэлгийн тээврийн эрэлтийг огцом өсгөж, цар тахлын нөлөөнөөс хараахан ангижраагүй байгаа улс орнуудад тогтоосон хорио цээр, халдвар хамгааллын дэглэм зэрэг нь чингэлгүүдийг ачиж буулгахад хүндрэл учруулах болов. Далайн тээврийн эрэлтийг дагаад төмөр зам, авто тээврийн ачаалал ч нэмэгдлээ. Ингэснээр хамгийн ихээр даяаршсан салбар болох ложистикийн салбарын үйл ажиллагаа хамгийн ихээр доголдлоо.
Цар тахалд хамгийн түрүүнд нэрвэгдсэн Хятад улс хамгийн түрүүнд хямралаас гарч, экспортын баримжаатай үйлдвэрүүд нь бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэв. Энэ үед худалдааны дайны улмаас Хятад улс Америкаас бараа худалдаж авах нь бараг зогссон бол америкчууд хямд үнэтэй хятад бараанд хошуурсан хэвээр. Үүнээс шалтгаалан Хятадаас АНУ, Европ болон бусад чиглэл дэх ачаа тээвэрлэлт огцом сэргэсэн бол Хятад руу буцааж тээвэрлэх ачаа бараг байхгүй болсон учраас Барууны орнуудын боомтуудад асар олон тооны хоосон чингэлгүүд бөөгнөрч, тэдгээрийг Хятад руу буцаан ачихаас далайн тээврийн компаниуд цааргалах болов. Жишээ нь, Хойд Америкт гэхэд, боомтод ирж буй 100 чингэлэг бүрийн ердөө 40-ийг нь буцааж байгаа ба Хятад- АНУ-ын хооронд сард дунджаар 900 мянга орчим чингэлэг тээвэрлэдэг гэсэн тоо бий. Энэ бүхнээс шалтгаалан Азиас далайгаар чингэлэг тээвэрлэх үнэ тариф хэд дахин өссөн тул Хятадаас АНУ болон Австрали руу чингэлэг тээвэрлэх нь далайн тээврийн компаниудын хувьд эсрэг чиглэлд тээвэрлэснээс хамаагүй илүү ашигтай тусах болов.
Ингээд 2020 оны дунд үеэс эхлэн дэлхий даяар чингэлэг дутагдаж эхлэв. Дэлхий даяар тээвэрлэж буй нийт ачааны 60 гаруй хувийг далайгаар зөөвөрлөдөг тул чингэлгийн хомсдолоос үүдэн далайн тээврийн гол гол чиглэлүүдэд үнэ тариф хэд дахин өслөө. Үүн дээр нэрмээс болж, 3 дугаар сард Ever Green гэдэг чингэлэг тээвэрлэгч аварга том хөлөг онгоц элсэнд зоогдсоны улмаас Суэцийн суваг хэсэг хугацаанд хаагдсанаас гадна Хятадын өмнөд нутагт коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсний дараа Янтань боомт долоо хоногийн турш зогссон нь дэлхийн ложистикийн сүлжээнд томоохон хүндрэл учруулав.
Улс орнууд Хятадаас худалдан авч буй барааныхаа ихэнхийг далайгаар тээвэрлэдэг ба Хятадад 20 орчим том, 100 гаруй жижиг далайн боомт ажилладаг. Эдгээр боомтын заримд нь цар тахалтай холбоотой хорио цээрийн дэглэм тогтоосны улмаас чингэлгүүдийг ачиж буулгах ажил графикаас хоцорч эхэллээ. Үүний улмаас олон тооны бараа бүтээгдэхүүний нийлүүлэх хугацаа нь сунжрах болов. Энэ асуудал ойрын үед шийдэгдэнэ гэдэгт шинжээчид эргэлзэж байгаа бөгөөд асуудлыг шийдэхийн тулд хоосон чингэлгүүдийг Хятад руу нэн яаралтай буцаан тээвэрлэх хэрэгтэй. Гэтэл үүнд олон хоног сарын хугацаа орно.
Агуулах дахь барааны хэмжээ багассаныг богино хугацаанд нөхөхийн тулд барууны компаниуд Хятад болон Азийн орнуудаас их хэмжээний бараа захиалсан нь далайгаар чингэлэг тээвэрлэх үнэ ханшид нөлөөлсөн ба үүнтэй зэрэгцээд чингэлгийн хомсдол нүүрлэсэн нь эцсийн хэрэглэгчдэд очих барааны үнийг өсгөлөө. Ялангуяа цар тахлаас сургамж авсан Хойд Америк, Европын бөөний худалдаа эрхэлдэг компаниуд Зул сарын баярын өмнө бараагаа эртхэн нөөцөлж авахын тулд Хятадын үйлдвэрүүдээс их хэмжээний бүтээгдэхүүн татан авч байна. Тэгээд ч 3 дугаар улирал бол жижиглэнгийн худалдаачид болон хэрэглэгчид Шинэ жилийн үеэр хэрэглэх бараагаа ид нөөцөлдөг үе учраас чингэлэг тээвэрлэгчдийн хувьд хамгийн ачаалал ихтэй оргил үе нь байдаг.
7 дугаар сарын 8-ны байдлаар Ази тивээс Австрали, Европ руу нэг чингэлэг бараа зөөх үнэ ханш 8400 долларт хүрч бараг 4 дахин өссөн бол Хятадын нэг чингэлгийг Америк ба Европоос тээвэрлэх хөлс 12 мянган долларт хүрчээ. Хэрвээ замд гарах гэж буй хөлөг онгоцоор чингэлэг тээвэрлүүлэх гэрээг цагийг нь тулгаж хийх аваас үнэ ханш 20 мянган долларт хүрч магадгүй байна. Цаашдаа иймэрхүү байдал 2021 оныг дуустал үргэлжлэх бололтой. Өөрөөр хэлбэл, тансаг зэрэглэлийн зоогийн газраар үйлчлүүлэхийн тулд олон өдрийн өмнөөс ширээ захиалахтай төстэй байдал үүсчээ гэсэн үг.
Ташрамд дурдахад, дэлхий даяар ашиглаж буй чингэлгийн 90 хувийг Хятадад үйлдвэрлэдэг бөгөөд тус улс чингэлгийн хомсдолыг арилгахын тулд өнгөрсөн оны 9 дүгээр сараас эхлэн сард 300 мянган ширхэг чингэлэг үйлдвэрлэж байна. Гэтэл төмрийн хүдрийн үнэ огцом нэмэгдсэн нь гангийн үнэд нөлөөлсөн тул үүнийг дагаад чингэлгийн түрээсийн үнэ өсөх нь тодорхой.
Тяньжин дахь түгжрэл
Далайд гарцгүй Монгол Улсын хувьд гадаад худалдаа явуулдаг гол боомт бол Хятад улсын Тяньжин юм. Гэтэл "Ковид-19" цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан уг боомтод Монголын импортын барааны 5 мянга гаруй чингэлэг хэдэн сараар сул зогсож байна. Үүнээс шалтгаалан манай улсын эдийн засагт хүндрэл үүсч, бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байгаа нь бодит үнэн. Тяньжинд чингэлгүүд гацсанаас үүдэн:
-хэрэглэгчид ачаа бараагаа хүлээн авах хугацаа хойшлох
-хүнсний барааны хадгалалтын хугацаа дуусах
-гаалийн татвар нэмэгдэх
-автомашинуудын татвар хураамж импортлогчийн анх тооцоолсноос давж байгаа учир уг ачааг авахаас татгалзах, гааль дээр орхих
-улирлын чанартай бараа бүтээгдэхүүний борлуулалтын хугацаа дуусах
-үйлдвэрлэгчид түүхий эдээр тасалдах, үйлдвэрлэлийн зарим шат дамжлага сул зогсох зэрэг эрсдэлүүд үүснэ.
Дэлхийн 180 гаруй улс, 600 гаруй боомттой ачаа бараа солилцдог, хуурай газарт 121 хав.дөр.км талбайг эзлэн орших Тяньжин бол Хойд Хятад дахь хамгийн том боомт бөгөөд Бээжингийн районоос далайд гарах хамгийн том гарц юм. Жилд 18,4 сая ширхэг чингэлэг ачиж буулгах, 600 сая тонн ачаа нэвтрүүлэх хүчин чадалтай, дэлхийд 4 дүгээрт ордог уг боомт 2028 он гэхэд 30 сая ширхэг чингэлэг хүлээн авах хүчин чадалтай болох ажээ.
Өнгөрсөн оны 3 дугаар улиралд коронавирусний халдварын улмаас хумигдаад байсан эдийн засаг сэргэж эхэлснээр тус боомтын ачааны эргэлт эрс нэмэгдсэн нь чингэлгийн бөөгнөрөл, түгжрэл үүсэх шалтгаан болж байна. Тодруулбал, жилд 13,4 сая ширхэг чингэлэг хүлээн авах хүчин чадалтай Хятадын өмнөд нутгийн Янтань боомтын ажилчдын дунд халдвар гарсан тул боомтыг энэ оны 5 дугаар сарын 25-наас 31 хүртэл хааснаас үүдэн зэргэлдээх Наньша, Шэкоу болон хойд нутгийн Тяньжин боомтын ачаалал нэмэгдэж, чингэлгүүдийг ачиж буулгах, галт тэргэнд шилжүүлэн ачих явц удааширчээ. Үүнээс шалтгаалан боомтод овоорсон чингэлгүүдийг угаасаа ачаалал ихтэй байдаг Бээжингийн төмөр замаар тээвэрлэх явц удааширч, Тяньжинаас Монгол руу өдөрт 1-2 галт тэргээр чингэлэг тээвэрлэж байна.
Ташрамд дурдахад, чингэлэг тээвэрлэгч нэг хөлөг онгоцоор 5-20 мянган ширхэг чингэлэг зөөвөрлөдөг бол галт тэрэгний бүхэл бүтэн цуваанд 50-60-хан чингэлэг ачих боломжтой. Гэтэл өмнөд Хятадын боомтуудын ойролцоо 100 гаруй чингэлэг тээвэрлэгч хөлөг онгоц бөөгнөрөөд байгаа тухай мэдээ бий.
Хамгийн сүүлийн мэдээллээр, 8 дугаар сарын 11-нд дэлхийд ачаа эргэлтээр 3-т ордог Хятадын Нинбо-Жоушань боомтын үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоожээ. Учир нь, боомтын нэг ажилтнаас Ковид-19-ийн халдвар илэрсний дараа хавьталд орсон бүх хүнийг тусгаарлаж, тухайн хүний ажиллаж байсан объектод чингэлэг ачиж буулгахыг түр зогсоосон байна. Хэрвээ энэ том боомт удаан хугацаагаар хаагдвал Хятадын бусад боомтын ачаалал нэмэгдсэнээр дэлхийн худалдаанд дахиад л хүндрэл үүсэх нь.
Зөвлөх үйлчилгээний “Drewry” компанийн таамагласнаар, далайгаар чингэлэг тээвэрлэх эрэлт хэрэгцээ Хятадын Цагаан сарын баяр хүртэл буюу 2022 оны 2 дугаар сар хүртэл өндөр хэвээр байх бололтой. Учир нь, энэ баярын үеэр Хятадын үйлдвэрүүд бараг бүтэн сарын турш зогсож, ажилчид нь амардаг. Тэр үед Хятадаас тээвэрлэх барааны хэмжээ багасах тул чингэлэг тээвэрлэгч хөлөг онгоцнуудын үнэ ханш буурч, Хятадын боомтуудын ачаалал хэвийн горимд шилжих болов уу.
Эх сурвалж: BBC, Reuters, Xinhua, Global times, SCMP