А.Баатархуяг: Ханги хүртэл хангинуулаад...

оруулсан Алсын Хараа
Ашиг ба эрх ашгийн тэмцэл...
Манай төмөр зам 70 жилийн түүхтэй ч яг анх яаж барьсан тэр хэвээрээ шахуу удлаа л даа. Уул уурхайн үйлдвэрлэл дотоод, гадаадын хөрөнгө оруулалтаар сүүлийн жилүүдэд хурдан хөгжсөн ч тээврийн сул хөгжлөөс шалтгаалж боогдмол байдалтай дороо дэвхэцсээр байна. Улс оронд зайлшгүй хэрэгцээтэй төмөр замын тээврийн гарцыг нэмэх шаардлага байсан ч дотоод зөрчилдөөнөөс болж гацаад байсан юм. Үүнийг “боомтын боомилолт” гэж томъёолсон.
Уул уурхайд хөрөнгө оруулагчид төмөр зам чухлыг маш сайн ойлгож байсан, тэд ямар ч аргаар хамаагүй гарц нээхийн төлөө шаргуу ажиллаж, заримдаа Засгийн газраас ч илүү эрх мэдлийг өөрт төвлөрүүлж хүссэнээрээ төмөр зам барихыг эрмэлзсэн. Үүнийг бас дураар авирлах гэж нэрлэж болно. Гэвч компанийн ашгаас улсын эрх ашиг чухал байсан юм. Үүнийг эрэмбэлэх гэсэн дотоод тэмцэл нь царигийн маргаанаар илэрч байсан юм.
Хэдийгээр ихээхэн гацаа саад учирсан ч эцсийн дүндээ улсын “эрх ашиг ялсан”. Мэдээж томоохон компаниуд ашиг олох, Хятадын зах зээлд тэмүүлсэн бусад орны компаниудтай өрсөлдөхийн тулд төмөр замын шугам, гарцыг нарийн царигаар хийх нь амар бөгөөд ашигтай байсныг ойлгож болно. Гэвч тэдний ашиг олох эрмэлзлийг дагасан өмнөд бүсийн өөр стандартын, нарийн төмөр замын сүлжээний зураг нь манай улсын өмнөд районыг БНХАУ-ын төмөр замын сүлжээний хавсарга, өмнөд бүс нутгийг өмнөд хөршийн түүхий эдийн хавсарга, Улаанбаатараас хамааралгүй муж болгон хувиргах вий гэсэн болгоомжлолыг эрхгүй төрүүлж байсан билээ. Тухайн үед бараг л манай гол шугамын урттай тэнцүү хэмжээний нарийн төмөр замын сүлжээг санхүүжүүлэхийг өмнөд хөршийн болоод барууны банк, хөрөнгө оруулалтын компаниуд зөвшөөрч байсан нь сайнаар бодвол ашиг ихтэйн нотолгоо л доо. Муугаар бодвол яг тэр заагаар өм хазаад Украйнчилж орхивол яах юм, хэн хамгаалах юм? Яг Донецк, Луганск шиг!
Тиймээс түүнийг тэмцэл болгохоос өмнө дарж, эрх ашиг ба ашгийн зөрчил л гэж багад үзээд одоо мартсан. Төмөр замын царигийн сунжирсан маргаан, МАНАН системийн сүйрэл, хэт эрх мэдэлтэй олигополь компаниудыг хазаарласан үйл явц, гадаадтай хийсэн хөрөнгө оруулалтын гэрээнүүдэд өөрийн эрх ашгийг тэнцвэржүүлэхийн төлөөх ужиг тэмцлийн эцэст Монголд үндэсний эрх ашиг давамгайлдаг болсон билээ. Өнөөг хүртэл эсэргүүцэгчид танк л ярьсаар байгаа авч Унгарын Орбан Викторын “Тэ танктай ирдэг байсан бол одоо банктай ирдэг болсон” гэдэг үгийг санулаад үүнийг хаачихъя!
Царигийн маргааныг төрөөс нэг тийш болгомогцоо Монголын талаас өөрийн стандартын царигийн төмөр замыг тавих ажлыг хойшлуулалгүй эхлүүлсэн. Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд ялсныхаа дараа У.Хүрэлсүхийг ЗГ-ын тэргүүнд дэмжсэн нь төрийн түвшинд нэгдмэл бодлоготой байх эрмэлзлийнх байсан. Тэрээр Ерөнхийлөгч байхдаа намын эрх ашгаас илүүтэй улсын эрх ашгаар засаглаж байсан учраас төмөр замын ажил урагштай байсан юм.
Гэвч ганцхан гацаа байсан, тэр нь БНХАУ-ын талаас төмөр замын огтлолцлын цэгийг тогтоох эсэх нь тодорхойгүйгээс удааширсан юм. Ковидын дэгдэлтийн улмаас улс орнууд хилээ хааж, үүний улмаас даяарчлагдсан дэлхий ертөнцийн тээвэр ложистикийн салбар хамгийн хүнд хямралд өртсөн юм. Энэ цоо шинэ орчин бүхнийг өөрөөр харах ёстойг улс орон бүхний удирдагчдад сануулсан билээ.
БНХАУ-ын зохион байгуулсан өвлийн XXIV олимп нь ковидын тусгаарлалтаас гадна өрнөдийн ОУ-ын улстөрийн бойкот дор болсон. Тэртээ 1980 онд Москвагийн олимпийн түүхийг давтах эрмэлзэл өрнөдийнхөнд байсан. Энэ үед манай улс ардчилсан орны хувьд сонголт хийх ёстой болсон юм. Сонголтыг ингэж хийсэн. Хоригт нэгдэх бодит боломж бидэнд байхгүй. Ерөнхий сайдын түвшинд оролцох нь манай улс эдийн засгийн харилцаагаа нэгдүгээрт эрэмбэлж байгааг илтгэнэ. Хэрэв Ерөнхийлөгч оролцсон бол улстөрийн харилцаа голлох нь ойлгомжтой...
Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын ажлыг аваад гадаад бодлого дахь томоохон сорилттой тулсан нь энэ байв. Тэр сорилтыг амжилттай давсан ба хамгийн чухал амжилт нь БНХАУ-ын талтай төмөр замын шугамын огтлолцлын цэгийг тогтсон явдал байв. Дэлхий дахины глобал зөрчилдөөнөөс бид ашиг унагасан хэрэг л дээ!
2:2
1111 км үргэлжилдэг УБТЗ-ын гол төмөр замын шугам нь умард хөрш ОХУ-тай хоёр гарцаар, өмнөд хөрш БНХАУ-тай ганцхан гарцаар холбогддог. Гэхдээ умард хөрштэй холбогдсон хоёр дахь буюу Эрээнцавын гарц одоо ашиглалтгүй байна. Харин одоо ЗГ-аас тал бүртээ хос гарцтай болох ажлыг эрчимтэй эхлүүлж байна.
Засгийн газар 2022 оны 2-р сарын 22-ны өдрийн хуралдаанаар Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км шинэ төмөр замыг богино хугацаанд барьж байгуулах шийдвэр гаргасан нь Монгол улсын өмнөд талдаа төмөр замын хоёр дахь том гарцтай болох үндсэн  боломжийг нээсэн шийдвэр байлаа. Зүүнбаян-Ханги чиглэлийн шинэ төмөр зам нь Ханги боомтоор дамжин БНХАУ-ын Мандал  боомттой холбогдох болж байгааг түүхэн шийдвэр гэхээс өөр юу гэх вэ? 1956 онд өмнөд хөрштэй анхны гарцыг холбосноос хойш 66 жилийн дараа хоёр дахь гарцаа нээх нь байна.
Дашрамд “Ханги-Мандалын” гэж бичих буруу юм, мэдээж хилийн чинад дахь газрын нэр Өвөр Монголын нутаг учраас монгол нэртэй байна. Үүнийг манай улсын газрын нэр гэж зарим хүн андуураад байх шиг. Зүүнбаян-Хангийн чиглэл л юм. Ханги наад талдаа, Мандал нь цаад талдаа юм.
Сайншанд зангилаа Зүүнбаянтай 47 км төмөр замаар холбогдсон, одоо Зүүнбаянгаас Ханги хүртэл 226,3 километр зам тавих ёстой. Тэртээ дэлхийн 2-р дайны дараа 555-ын оросууд буюу Власовын армийн олзлогдсон цэргүүдээр зам тавиулснаас хойш бүтэн жарны турш Монголчууд өөрсдөө зам тавьж чадахгүй гэж бодсоор байсан юм.
Гэтэл 2019 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүн санал нэгтэйгээр төрийн бодлого болгон “Шинэ төмөр зам” төслийг эхлүүлсэн. Эхний ээлжинд “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 416 километр, “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн 267 км, нийт 700 гаруй километр төмөр замын ажил эхлүүлсэн нь одоо дуусгах шатандаа ороод байна. Өнгөрсөн жилийн 5 дугаар сард Ерөнхийлөгч Х.Баттулга: “Монголчууд том бүтээн байгуулалт хийх чадваргүй хэмээн биднийг мохоохыг чармайж, санхүүжилтээс бодлоготойгоор татгалзаж, үл итгэн гацааж байсан төслийг Та бид саад бэрхшээлийг үл хайхран өнөөдөр бодит ажил болгосонд бахархал омогшил өөрийн эрхгүй төрж байна” гэж хэлж байв. Мөн “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 416.1 км төмөр замыг дотоодын санхүүжилтийн эх үүсвэрээр хоёрхон жилийн дотор тавилаа. Улс төржилт, бүлэглэлийн ашиг сонирхол саад болоогүй бол ямар их боломж нээгдэж, үр дүнгээ өгч болохыг бид харж байна” гэсэн билээ.
Тиймээс энэ хурдтай харьцуулж үзвэл энэ онд Зүүнбаян-Хангийн чиглэлийн замыг ашиглалтанд оруулж холбох бүрэн боломжтой харагдаж байна, дээр нь Ханги боомтын барилгын ажил нэлээд эртнээс эхэлсэн юм билээ. Ингээд бодвол өмнөд хөрш рүү гарах хоёр дахь гарц тун удахгүй нээгдэх боломжтой болж, хамгийн гол нь зам барих чадвартай мэргэжилтнүүдтэй болсон юм, өнгөрсөн хоёр жилд!
Гадаад орчноос шалтгаалсан гацаа саад байхгүй, тиймээс улстөржилт, бүлэглэлийн ашиг сонирхлоос гадуур ажиллаж чадвал Монголчууд энэ жилдээ өмнөд хөрш рүү гарах хоёр дахь боомтоо нээж чадна гэж бодож байна. Гэхдээ ихээхэн гай тотгор болж байсан бүлэглэлүүд дотоодын улстөрийн шалтгаан ба гадаад эдийн засгийн орчноос шалтгаалж ихээхэн суларсан боловч басхүү нөлөөгөө бүрэн алдаагүй байгааг анхаарах л ёстой байх.
Ийнхүү Өмнөговийн иргэд гурав дахь автозамын боомтыг нээлгэхгүй гэж байх зуур Дорноговь аймаг төмөр замын хоёр дахь боомтоо нээх нь байна. Энэ бол тус аймгийнханд ажлын байр, орлого, эдийн засгийн өсөлт, амжиргаа дээшлэх боломж юм. Гэхдээ автотээврийн улмаас сүйдэж байсан бэлчээр, нутгаа хамгаалж байгаа Өмнөговьчуудыг буруутгамааргүй байна, учир нь Өмнөговийнх автозам, Дорноговийнх төмөр зам юм. Төмөр зам байгаль орчин харьцангуй бага хохиролтой. Зургаар харвал Өмнөговийн Таван толгойн нүүрс “Тавантолгой-Зүүнбаян-Ханги” гэсэн чиглэлийн төмөр замаар экспортонд гарах боломж нээгдэх юм байна. Өөрөөр хэлбэл томоохон ордууд байдаг Өмнөговь аймаг ч төмөр замаар экспортын шугамтай холбогдож байна.  Хэрэв “Таван толгой-Гашуун сухайт” чиглэлийн төмөр зам өмнөд хөрштэй холбогдвол Өмнөговьчууд бэлчээр сүйтгүүлсэн гамшгаас удахгүй салах найдлага бий.
Энэ бүхэн ердөө сүүлийн 3-4 жилд л хийгдсэн ажил. Хэрэв хэрүүл уруулгүй явсан бол бидэнд ямар их боломж байсныг л харуулж байна, харамсмаар авч ажил болсонд нь баясмаар л юм. Ахиж саад тотгор бүү учрахгүй, улстөрийн нөлөө бага орвол сайн л байна. Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа чухам үүний төлөө маш их хүчин чармайлт гаргаж, улстөрийн тогтвортой орчныг бүрдүүлэхийг чармайж байсан. Тэгсний улмаас түүнийг бараг үзэн ядаж байсан АН одоо дотоод зөрчилдөөнөөсөө болоод саад хийх чадамжгүй байна, гагц МАН-ын дотоодод л асуудал гарах вий гэж болгоомжлол бий, гэвч Ерөнхийлөгч, УИХ-ын дарга урьдын адил төмөр замын төслийг урагшлуулахын төлөө хүчээ нэгтгэх байх. Царигийн маргаан бол төмөр зам тавих үгүйн тухай асуудал биш, ямар царигаар вэ гэдэгт байсан, ингээд царигийн маргаан эцэслэгдлээ.
Эдийн засаг, эдийн засаг бас дахин...
Дэлхий ертөнцийн өнөөгийн байдал бүхий л улс орнуудыг эдийн засгаа өөд нь татахыг сануулж байна. 30 жил дураар дургиж, дунд чөмгөөрөө жиргэсний горыг бид амсаж байна, ялангуяа улстөрчид энэ сургамжийг ямагт санаж явах ёстой!
Манай Зүүнбаян-Ханги чиглэлийн шинэ төмөр зам, БНХАУ-ын Мандал боомтоос Муу мянган хошууны нутгаар барьчихаад байгаа Мандал-Бугат (Баотоу) чиглэлийн жилд 20 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай төмөр замтай холбогдох юм байна. Энэ нь манай хилээс бараг шулуун замаар Бугатад хүрч байгаа нь тээврийн зардлыг асар ихээр бууруулах боломжтой юм. Энэ бол хоёр улсын аль алинд ашигтай юм байна.
Ковидын улмаас худалдаа, үйлчилгээний салбар голлосон манай эдийн засаг хүндхэн байдалд ороод байгаа бөгөөд барааны хомсдол, аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор нийлүүлсэн төгрөгийн хэт нийлүүлэлтээс болоод инфляци өсөж, иргэдийн амжиргааг хүндрүүлж байна. Үүнээс гарах эдийн засгийн арга бол нэн даруй экспортоо нэмэх юм.
Ирэх жилийн төсвийг боловсруулахдаа экспортын орлогын өсөлтөнд ихээхэн найдвар тавьжээ. Хэдийгээр түүхий эдийн үнэ манайд таатайгаар өсөж байгаа боловч экспортын хэмжээ буурах төлөвтэй байна, энэ өнөөх л боомтын боомилолт. Дээр нь экспортын өсөлтөөс олсон гадаад валютын нийлүүлэлт дотоод зах зээлд өсвөл ханш тогтвортой байх нөхцөл бүрдэнэ. Хэрэв хүмүүсийн тэсгэл алдан хүлээж буй хилийн хоригууд огцом тавигдвал валютын эрэлт огцом өсөж, инфляци хэрээс хэтрэх аюул бодитой байгаа юм.  Экспортын өсөлт ялангуяа гол бүтээгдэхүүн нүүрс, зэс, бусад эрдэс баялгийн хэмжээг хязгаарлаж буй зүйл бол яах аргагүй төмөр замын тээврийн дэд бүтцийн хомсдол болох нь тодорхой болсон.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын нэг томъёолол “Боомтын боомилолтоос гарах” зорилт үүгээр ажил хэрэг болж байх шиг. “Эдийн засагт үүсэн зүрх судасны өвчин-цусны эргэлт доголдож, чухал цэгүүдэд боогдож цус харвалтын өмнөх байдалд орсон. Ийм үед боомтын боймыг тайлахгүйгээр үсрэнгүй хөгжих байтугай мөлхөх ч боломжгүй юм” гэж тэрээр энэ бодлогоо тайлбарласан билээ.
Умард хөршийн гадаад байдал түргэн муудаж, дэлхийд хаалттай болох зам руу гулсаж байна. Ийм үед манай улс өмнөд чиглэлд хоёр дахь гарцаа нээх болсон нь ёстой аз тохиосон хэрэг, одоо бүхий л хүчээр үүнийг даруй хэрэгжүүлэх ёстой гэж ЗГ шийдсэн нь яалт ч үгүй зөв алхам. Өмнөд чиглэлд гарцаа нэмэхээс өөр ямар ч гаргалгаа алга, хэдийгээр Замын-Үүд боомт боломжоороо ажиллаж байгаа ч нийт гадаад худалдааны 70 хувь ганц боомтод төвлөрсөн нь гацаа үүсгэж, цус харвалтын шинж үүсгэж байгаа нь үнэн юм. Зөвхөн Ханги боомт Мандалтай холбогдсоноор нүүрсний экспорт багадаа 40-60% нэмэгдэж, ачаа эргэлт, транзит тээврийн хэмжээ жилдээ хоёр талдаа тооцсоноор экспорт 15 сая тонн, импорт 5 сая тонн болохоор байна. Яг өнөөдөртөө энэ 5 сая тоннын импорт дотоодын бараа бүтээгдэхүүний хангамжинд “дусал залгасан” мэт нөлөөлнө. Байршлаараа Ханги боомт Зүүнбаянгаас баруун зүгт байгаа нь импортод огцом өсөлт авчрахгүй ч маш их ачаа хөнгөлнө.
Ийм нөхцөлд Хангиас гадна Бичигт, Шивээхүрэн, Арцсуурь боомтуудыг төмөр замаар холбох ажлыг цаг алдалгүй эхлүүлж байгаа нь ч цагаа олсон хойшлуулшгүй чухал шийдвэр юм. “Боомтын боомилолтыг тайлах” тээвэр, логистикийн өнөөдрийн хүндрэлийг цогцоор шийдэх энэ арга зам цаашид улс орны эдийн засгийн тогтворжилтоос гадна эрс өсөлтийн суурь болно. ОХУ-аар дамжсан тээвэрт хүндрэл учирвал манай улсын гуравдагч ертөнцтэй холбогдох цор ганц гарц нь Тянжин болж хувирна. Тиймээс Тяньжинд ойртсон боомт нээх шаардлагатай. Үүнд Бичигтийн боомт тун тохиромжтой. Тяньжиний ачааллыг бууруулахын тулд БНХАУ-ын ЗГ Шартэнгист зургаан боомт нээсэн, Тяньшань, Циндаод шинэ далайн боомтууд нээгдэж байгааг анхаарч ажиллавал амжилт олох магадлал өндөр юм. Ерөөсөө өмнөд талдаа боомт нээх бидний сонирхлын цаад агулга нь гуравдагч хөршүүдтэй худалдааны зам нээхэд л байгаа нь нууц биш.
Манай улс эдгээр төслүүдийг амжилттай хэрэгжүүлбэл “Зүүнбаян-Ханги” чиглэлийн төмөр замаар жилийн ачаа эргэлтийг 20 сая тоннд хүргэх бол “Таван толгой-Гашуун сухайт” чиглэлд тавьж дуусаж буй 267 километр төмөр замаар 25-30 сая тонн, Нарийн сухайтын чиглэлд шинээр баригдах төмөр замаар 15 сая тонн, нийтдээ жилдээ 60 сая тн нүүрс экспортлох төмөр замын дэд бүтэцтэй болох байна. Гэхдээ сүүлийн хоёр нь “мөрөөдөл” гэсэн ангилалд багтах тул эхнийхээсээ олох ашгаа л бодитой тооцох нь дээр байх,тодорхой хэлбэл “Зүүнбаян-Ханги”
Оросууд...
“Зүүнбаян-Ханги” чиглэлийн төмөр зам баригдсанаар УБТЗ-ын транзит тээврийг 4,2 сая тонноос нэмэгдүүлж 10 сая.тн хүргэх боломж гарах ажээ. УБТЗ-ын үүрч байгаа 10 сая тонн транзит ачааны 5,0 сая тонн нь Ханги-Мандал боомтоор БНХАУ-д нэвтрэх, эсрэг чиглэлд БНХАУ-аас европын чиглэлд явуулдаг чингэлгийн транзит тээвэр бас энэ хэмжээгээр явах боломж нээгдэж байна. Шилжүүлэн ачилт гүйцэтгэхтэй холбоотойгоор жил бүрийн 30-70 сая ам.долларын нэмүү өртөг Монголын эдийн засагт бий болох болно гэж төсөөлж байгаа юм байна. Энэ ч бас царигийн зөрүүнээс унах ашиг л даа, үнэндээ...
Одоо бол Орос, Украйн хоёр ноцолдоод байдал эвгүйтэх тийшээ хандаж байна. Уг нь энэ салаа олон улсын эдийн засгийн интеграцид холбогдож, Ази-Европыг холбосон ачаа тээвэрлэлтэд бодитой дэмжлэг болох байв. Гэхдээ л хоёр хөршийн худалдааны өсөлт 200.0 гаруй тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа. Манай төмөр зам үүнд нэгэн коридор болдог бөгөөд боомт нэмэгдсэнээр үүнд бодитой дэмжлэг болох юм. Үүнийг аль аль тал нь эртнээс анхаарч “Гурван улсын эдийн засгийн коридор”-ыг хөгжүүлэх хөтөлбөрийг 2016 онд Ташкент хотноо баталсан юм.
“Шинэ төмөр зам” төсөл эхэлж байсан 2019 онд Бишкект хийсэн дээд хэмжээний уулзалтын үеэр “Зүүнбаян-Ханги” чиглэлийн төмөр замын талаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Энэ төсөл нь гурван улсын эдийн засгийн харилцаанд чухал үүрэгтэй” гэж онцлон дурьдсан байдаг.
Бүр тодруулбал, В.Путин: “Бидний бодлоор Улаанбаатар төмөр замд түшиглэсэн төмөр замын коридорыг шинэчлэх төлөвлөгөө онцгой ач холбогдолтой бөгөөд Хятад, Монголын түншүүдтэй хамтран энэхүү төмөр замын тээврийн гол судасны нэвтрүүлэх чадварыг хэд дахин нэмэгдүүлж, үүний үр дүнд Хятадаас Европ, Европоос Хятадын зах зээлд бараа бүтээгдэхүүний хэмжээг эрс нэмэгдүүлэхийг зорьж байна. Дэд бүтцийн бас нэгэн чухал ажил болохын хувьд Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын шинэ шугам тавихаар төлөвлөж байна. Энэ хэсгийг ОХУ, Монгол Улсад 1520 мм царигтай барьснаар ачааны урсгалыг дахин хуваарилж, Монгол-Хятадын хилийн одоо байгаа хилийн уулзварын ачааллыг бууруулна” гэж хэлж байжээ.
Оросын төмөр замын зүгээс өмнөд бүсийн шинэ төмөр замын төслүүд, жишээ Зүүнбаян-Ханги чиглэлийг сонирхож хэрэв хүсвэл Оросууд ч туслаж оролцоход бэлэн гэж байжээ. Үүний цаад шалтгаан нь Бугат орчимд төвлөрсөн БНХАУ-ын аж үйлдвэрийн бүсэд нүүрс экспортлох сонирхолд байсан хэрэг. Ямар боловч Зүүнбаян-Хангийн чиглэлийн гтөмөр замыг тавьж, Мандалтай холбосноор одоохондоо Оросууд хүртэл сонирхоод байгаа Хятадын аж үйлдвэрийн бүсэд түүхий эд нийлүүлэх сувгийг Монгол Улс дангаараа эзэгнэх боломжтой болжээ.
Одоо Монголчуудад зөрчилдөх шалтгаан алга. Өмнө хөрштэй төмөр замаар холбогдсон уу, холбогдсон. Либералчуудад таатай мэдээ, гэхдээ цариг өргөн үү өргөн. Консерватив, үндэсний үзэлтнүүдийн болзол хангагдсан байна. Уурхайнууд компаниуд бараг гурав дахин бага өртгөөр нүүрс экспортлоно. Импортлогчид ганц боомтод гацаж байсан бараагаа хоёр боомтоор татаж авна. Манай улс экспортын өргөн гарц нээж, БНХАУ хямд түүхий эдийн эх үүсвэртэй холбогдоно. ОХУ ч дэмжиж сонирхож байна. Хонь нь бүтэн, чоно нь цатгалан... Энд ямарваа зөрчил үүсэх шалтгаан өчүүхэн ч алга, аль аль талдаа.
Гагцхүү ид шид биш ажил, хэрэг учраас энэ үр дүн 2023 оны эцсээр мэдэгдэж эхэлнэ. Тэр хүртэл тууштай байж, тэвчээртэй зүтгэх л хэрэгтэй болох нь ЗГ ч, МАН ч. Яагаад гэвэл 2024 онд сонгууль болно шүү дээ!
А.Баатархуяг

Сэтгэгдэл бичих