Бүсүүдийн хөгжлийн үндэсний чуулганыг энэ сарын 26-нд UG Арена-д зохион байгуулна. Чуулган нь бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх нэгдсэн ойлголтод хүрэх, бүсийн удирдлага, зохион байгуулалтын оновчтой тогтолцоо болон бүс, орон нутгийн хөгжлийг хязгаарлаж буй хүчин зүйлсийг тодорхойлох, шийдэх талаар санал солилцох зорилготой. Засгийн газар, Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн хамтран зохион байгуулах чуулганаар бүсийн хөгжлийг дэмжих хөрөнгө оруулалт, төслүүдийн талаар хэлэлцэж, оролцогч талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүсийн хөгжилд идэвхтэй оролцох иргэд, хэвийн хэвшил, эрдэмтдийн оролцоох дэмжин, идэвхжүүлэхийг зорьжээ.
Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Д.Эрдэнэбаяр, “Засгийн газраас 2024 оныг "Бүсчилсэн хөгжлийн жил” болгон зарлаж, УИХ-ын чуулганаар "Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал"-ыг баталсан. Мөн Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, "Хурдтай хөгжлийн төлөөх зориг" хамтарсан Засгийн газрын гэрээнд “Бүсчилсэн хөгжлийн бодлого” хэрэгжүүлэхээр тусгасан. Эдгээр бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, бүсүүдийн хөгжлийг хязгаарлаж буй орон зайн хүчин зүйлсийг шуурхай шийдэх, харилцан санал солилцож, нэгдсэн ойлголтод хүрэхээр чуулганыг зохион байгуулж байна” гэлээ.
Чуулганы үеэр долоон салбар хуралдаан хуралдан, бүсүүдийн үзэсгэлэн гаргаж, бүсүүдийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлийг танилцуулна. Тодруулбал, хангайн бүсийг монголын түүх, төрт ёс, соёлын өвийг түгээн, нүүдэлчдийн соёлын голомт нутаг, соёлын бүтээлч үйлдвэрлэлд тулгуурлан уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүс болгоно. Баруун бүсийг Увс нуурын сав, Монгол Алтайн нуруу-Хангайн нурууны байгалийн унаган төрх, олон угсаатны түүх, соёлын өв, эрчим хүчний нөөцөд түшиглэн “Эрчим хүчний төрөлжсөн, байгалийн аялал жуулчлалын дэд бүс болгоно. Хойд бүсийг Хөвсгөл нуур, Сэлэнгэ мөрний сав газрын эко систем, байгаль, түүх, соёлын өвд тулгуурлан байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс болгоно. Төвийг бүсийг тээвэр логистикийн нэгдсэн сүлжээнд холбон, хөдөө аж ахуй, байгалийн нөөцөд тулгуурлан хөдөө аж ахуйн төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс болгоно. Зүүн бүсийг Хан Хэнтийн нуруу, Дорнодын байгалийн экосистем, Бурхан халдун, Эзэн Чингис хааны төрт ёс, түүх, соёлын өвд түшиглэн түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн, эрчимжсэн хөдөө аж ахуйн дэд бүс болгоно. Говийн бүсийг уул уурхай, говийн байгаль, түүх, соёлын өв, паленталогийн нөөцөд түшиглэн, аж үйлдвэрийн төрөлжсөн, ногоон эрчим хүчний дэд бүс болгоно. Улаанбаатарын бүсийг хүн ам, үйлдвэрлэл, үйлчилгээ, байгаль орчны зохистой бүтэцтэй, 20 минутын үйлчилгээний хүртээмжтэй төвүүдтэй болгож, олон улсын банк, санхүү, бизнесийн хөгжлийн төв болгох аж.