Д.Баярхүү: Хэтрүүдорж

оруулсан Алсын Хараа

Хэтрүүдорж нарын эх орон бүү болчихоосой!

Туйлшралаар зөрчил тэмцэл, аз жаргалаа шийдмээргүйсэн!

Зохиолч Ч.Лодойдамбын “Малгайтай чоно” өгүүллэгийг мэдэхгүй ахмад хижээл дунд насны монгол хүн гэж байхгүй. Чухам тэр зохиол өнөө цагт дунд сургуулийн уран зохиолын хичээлийн хөтөлбөрт ордог эсэхийг мэдэхгүй тул насны үеэр нь биччихлээ. Өршөөгөөрэй!

Монголд хэлбэр ялж, агуулга ялагдав гээд биччихсэн чинь хандалт арвин, комент олныг дагуулж, бас зөвлөсөн ярьсан хүмүүс тааралдаж, тэрүүхэндээ сенсаац дэгдээгээд авчээ. Түүндээ урамшаад дараагийн нийтлэлээ дор нь босгоод авлаа. Энэ удаагийн сэдвээ ХЭТРҮҮЛЭГ гэж нэрлэе, эсвэл улс төр дээр ТУЙЛШРАЛ!

“Малгайтай чоно” өгүүллэгт Хэтрүүдоржоос гадна, Аймар, Сүсэгжав гээд тэр бүр хүнд заяадаггүй ховор нэртэй баатрууд гардаг даа. Нэрний цаад эздийг нь тэгж нэрлэсэн хэрэг л дээ. Тэр өнцгөөсөө бол шог зохиол ч юм шиг. Зохиолч Ч.Лодойдамба монголчуудын үнэн нүүр царайг л гаргасан нь тэр юм. Хурцаар элэглэн шүүмжилсэний цаана одоо болиосой гэсэн цухалдал нь бас харагддаг. Харин би өнөөгийн Монгол руу татаж авчран холбож байгаад гөвөх санаатай. Монголчуудын 90% нь утга уянга, уран сайхан дотор хөвж живж явна, яг нийтийн ба зохиолын дууны үг ая шигээ амьдралын эргүүлэгт түүртэн, зовон, бас жарган явна. Харин 10% нь гөлийчихөөд, тархиа гашилган мөнгө босгох, эдийн засгаа өөд татах гээд нойр хоолгүй зовон бэдрэн, бас хааяа жарган явна. Энэ бол миний итгэл үнэмшил. Байрыг нь сольчихмоор санагддаг. Байрыг нь сольчихсон учраас Сингапур хол тасархай хөгжиж, одоо бол хэнд ч гүйцэгдэхээcээ өнгөрсөн гэж би үздэг. Энэ бол ганц жишээ.

Тэрхүү 90% бол баяр наадам, амралт, цэнгүүн, жаргал цэнгэлийг хүсч хүлээн амьдрах ба амьдралаа ч тэгж төлөвлөдөг. Тэдний дунд орчин цагийн Хэтрүүдорж, Аймар, Сүсэгжав нар түг түмээрээ байна.

“Малгайтай чоно”-д Хэтрүүдорж гэж хэтрүүлж давсалж, фантазлан ярьдаг цөлх малчин гардаг даа. Аймар нь мухар сүсэгтээ автаад айж эмээсээр яваад зүрх нь дэлбэрчихдэг эмгэнэлт дүр. Сүсэгжав бол мухар сүсгийн биет баатар. Мухар сүсгээсээ болж ямар ч луйварчинд олзлуулах гэнэн томоогүй малчин ард. Тарвага барьсан чоныг савдаг сахиус догширлоо гэж итгээд, савдагийн нэрээр залилан хийхийг завдсан лам Чогдонд идэш болох шахдаг Сүсэгжавууд өнөөдөр Монголын нийгэмд маш олуулаа байна. Шашин, бөө, лам хуварга, мэргэ төлөг хөгжөөд байгаа чинь эдний ажлын үр дүн. Хэтрүүдоржууд Монголын нийгэмд хэт олуулаа байгаа тухай зах зухаас нь өгүүлье. Монгол хүний цусанд, генид байна уу, эсвэл талын нүүдэлчний уран сайхны мэдрэмжэнд байна уу, монгол хүн бүх юмыг хэтрүүлдэг. Бүх юм гэдэгт ажил үйл, хөдөлгөөн, зан үйл, араншин, эдлэж хэрэглэх, идэж уух бүгд багтана.

Жаргалаа ч хэтрүүлчихдэг, зовлонгоо ч хэтрүүлчихдэг, тэнэглэлээ ч хэтрүүлчихдэг, атаархлаа ч хэтрүүлчихдэг, талархлаа ч хэтрүүлчихдэг, улс төржихөө ч хэтрүүлчихдэг, найзлахаа ч хэтрүүлчихдэг, муудалцахаа ч хэтрүүлчихдэг, стрессээ ч хэтрүүлчихдэг, зугаа цэнгэлээ ч хэтрүүлчихдэг, идэхээ ч хэтрүүлчихдэг, уухаа ч хэтрүүлчихдэг, өвчлөхөө ч хэтрүүлчихдэг, ерөөсөө бүгдийг!

Хэтрүүдорж нар эрүүл биеэ сүйтгэтлээ идэж ууж, баярлаж, жаргаж, дараа нь олсон зөөсөн хамаг мөнгөө эмчилгээндээ зарцуулдаг. Хэтрүүлэг л гэе, өөрөөр нэрлэ дээ. Цагаан сарын үед түргэний дуудлага тасрахгүй, хоол хошны хордлогоор олуулаа эмнэлгийн хаалга татдаг ганц жишээ хэлээд өгнө. Хэтрүүдорж нар нийгэмдээ цойлох, эсвэл уруудаад улны иргэн болох нь маш хялбар. Баяжлаа хөлжлөө гээд хэтрүүлчихнэ. Хэтэртлээ мөрөөдсөн, дараа нь хэтэртлээ хэрэглэсэнийг Монголын нийгмийн жишээн дээрээс өдөр бүр харж болно. Зуу наслахгүй байж мянган жилдээ хэрэглэх их мөнгө, эд юмс, хөрөнгө цуглуулах гээд хэтэртлээ зүтгэчихнэ. Тансаглал, чамирхал, баярхал аархал нь дан хэтрүүлэг. Цагаан сар, Наадмаар өмссөн зүүснийг нь сайн хараарай. Монголчуудын дээл хувцасны хэрэглээ–торго дурдан чисчүү үйтэн хуарыг хангах гэж Хятадад бүхэл бүтэн нэхмэлийн маш том сүлжээ үйлдвэрүүд ажиллаж байна. Хэтрүүлэг нь өмнөд хөршийг баяжуулна. Зогсох шинж алга. Баяжлаа хөлжлөө гээд урд насандаа, олон үеэрээ өлөн ядуу явснаа нөхөх гээд үзэж таарна. Хорвоод хосгүй хүн, хорвоод хосгүй эр эм, хорвоод хосгүй гэр бүл болох гээд нэг насны хүслэн, шаналан, адаг сүүлд нь нэг л өдөр хорвоогоос явчихна.

Хэтрүүдорж нар уруудаж гундаад хог дээр гарах нь бас л жолоо цулбуургүй. Арай ч дээ, энэ хүнд ухаан байна уу, болиосой гэмээр уруудаж доройтоод золбин тэнэмэл болчихсон иргэд олон байна. Буруутан нь Төр биш, 100% өөрөө. Хэт арчаагүй амьдрасныхаа золиосыг амсаад, бусдыгаа тэгсэнгүй гээд атаархаж үхэж яваа сэхээтнүүд ч олон байна.

Хэтрүүлсний л гай шүү дээ. Чамайг хэн ч тийм зам руу түлхээгүй, чи арчаагүй амьдралаа хэтрүүлчихэж! Хэтрүүдорж нар аж төрөх гэж, хоног төөрүүлэх гэж, өлсөж үхэхгүй гэж гэр хорооллыг тамын орон болгочихсон байхыг бид харж байна. Өвөлдөө агаарын бохирдол, өвөл зунгүй хөрсний бохирдол, түм бумаар тоологдох нүхэн жорлонгууд, хогондоо дарагдсан, Туул, Сэлбээ хогоор дүүргэсэн нүд хальтармаар зураглал. Бүгд л хэтрүүлсний гай. Байгаль орчныг сүйтгэх нэг төрлийн экотерроризмд Хэтрүүдорж нар гаршсан. Хот хөдөөгүй. Хог ил задгай хаях гэдгийг эрүүгийн гэмт хэргийн төрөлд оруулж ял тооцохгүй бол оройтлоо шүү! Нийслэлийн автозамын их түгжрэл бол Хэтрүүдорж нарын сонгодог бүтээл юм. Аль насандаа, хэдэн үедээ машин авч унах донд хөтлөгдөөд хэдэн үе дамжин шаналсан юм бол гэж би гайхдаг юм. “

Машин унахгүй бол үхлээ”-чүүдээр нийслэл хахаж байна. Зам дээр олон цаг түгжрээд метр метрээр урагшлан байгаагаа аз жаргалд тооцчихсон, огтоос ичсэн эмээсэн шинжгүй зогсоцгооно. Гэхдээ ганц минут тэвчээд өнгөрүүлчихгүй сигналдаад стрессдэнэ. Хувийн машин худалдан авах, номер олгох, зөвшөөрөл олгох, замын цагдаа, энэ бүгд нь хэтэрчихсэн.

Гадаадын иргэдийн доог. Тэгэхдээ огтхон ч гудийхгүй. Их дээд сургууль, их дээд сургуулийн диплом, дээд боловсролтой иргэд (сэхээтнүүд) нь тоогоо хэтэртэл олширсон, олширсоор ч байна. Дээд боловсролын хэтрүүлэг. Гэтэл нөгөө талд нь ажилчин анги (пролетари анги) нь хэтэртлээ хорогдоод бараг алга болсон. Барилга дээр ажилладаг хэдэн барилгачдаас өөр ажилчин үлдээгүй. Мэргэжилтэй ажилчдын тооны хорогдлын хэтрүүлэг. ТМС, Техникумыг үгүй хийдэг чинь хэтрүүлэг шүү дээ. Боловсролын салбарын хавтгай хэтрүүлэг. Тэгэхдээ бүх шатандаа огтхон ч гудийхгүй. Өмнөх нийтлэлд бичсэн дээ, урлаг, уран сайхан, бэлэг дурсгал, дуу хуур, дуучин, жүжигчин, продюсер олшроод уралдаж уран бүтээл туурвиж 3.5 сая хүн ардынхаа тархийг эргэтэл шахаад, нийтийн ба зохиолын дуундаа живүүлж байгаа чинь урлагийн хэтрүүлэг. Урлаг хөгжүүлнэ гэхэд цаг нар, завсарлага баймаарсан. Энэ их дуу, үзүүлбэр, тоглолт, цэнгүүн-шоу, кино, ар араасаа. Огтхон ч гудийхгүй үргэлжлүүлнэ. Урлагийн салбараар дүүрэн Хэтрүүдорж нар, тэдэнд сүсэглэн биширсэн Сүсэгжав нар нийгмээр дүүрэн. Хөгжөөд байхаас яахав.

Уран сайханжсан, урлагжсан улс төртэй. Ерөөл магтаал, газар дор ортол муулах нь ямагт хэтрүүлэг. Гоншигноон, гонгиноон, далжиганах, хов стресс энэ тэр нь дан хэтрүүлэг. Барагдах юм биш.  Буруутныг олж илрүүлэх гэж шувтан хэтрүүлнэ, шувтан туйлшруулна. Буруутны эрэлд нийгмээрээ явдаг. Одоогийн УИХ-ын сонгууль ч хэтрүүлгээр дүүрнэ. Би бүр ёрлож байна.

Хөдөө нь тэр чигтээ хэтрүүлгээр дүүрчихлээ. Мал нь өсөөд алж өгч байна. Зуун сая өлхөн хүрчих байх. Хэтрүүлэг л гэе дээ. Бэлчээр, даац, арыг нь даах пян (зуд, цас) байхгүй хэрнээ олны тоонд толгой нь эргээд олон малтай болж өрсөлдөх хэнээ тусаад хэтрүүлчихсэн. Дэлхийн зах зээлд гаргая эрүүл мал нь цөөднө. Дуу хуур урлаг уран сайхандаа хэдэн малаа шингээчихсэн, тоог нь харж уяраад уярал нь хэтрээд явж байна. Хөдөөд бэлчих олон сая малнаас өөр тэр гээд үзүүлж гайхуулчих юмаар Монголын хөдөө дутмаг. Сумын төвүүд нь болхи, баараг, арчаагүй, хэнэггүй амьдралын амьд толь. Гашуун сургамжийн жишээ. Эрх чөлөөгөө эдлээд хэнэггүй дураараа амьдарч байгаагийн хэтрүүлсэн зураглал.

Ажил хийхгүй амьдарч болдогийн хэтрүүлсэн жишээ сургамж хот хөдөөгүй байна. Монголын нийгэм гэж ахай ижий, ахан дүүсийн хэлхээний хэтрүүлсэн асар том сүлжээ. Сайн муу сайхан муухай нь холилдсон, сайхан сэтгэлтэй улсуудын хэнэггүй нийгэм. Нуль өрөвч, уучламтгай чанар. Бас л хэтрүүлэг. Хэтрүүлэг хаа сайгүй.

Монголын нийгмийг дахин анги давхаргажуулмаар байна. Тэгэхгүй бол Хэтрүүдорж нараар дүүрлээ! Хэтрүүлгийн тусгал–нийслэл хотоор дүүрчихсэн наймаачин, ченж, хувийн таксины жолооч нарыг нийгмийн анги давхаргад бүртгэмээр байна. Сэхээтэн нь хэн юм, ажилчин нь хэн юм, малчин нь хэн юм, бас энэ “шинэ”-үүд хэн юм гэдгийг ангилан хувааж нийгмээ цэгцэлмээр санагдана. Ингэж ингэж XXI зууны хурдны эриний аяыг даахгүй байх вий дээ гэдэгт миний сэтгэл түгшиж явдаг. Санаж сэрвэл ямар вэ, монголчууд аа?

Үргэлжлэл бий

Д.Баярхүү

Сэтгэгдэл бичих