УИХ-ын энэ удаагийн сонгууль өмнөхүүдээс өөр болох бололтой. Учир нь, сонгуулийн хуанлийн дагуу өрнөж байгаа үйл явдлууд өмнөх найман удаагийн сонгуулиас тэс өөрөөр явж байна. Намууд өчигдөр нэр дэвшигчдээ тодруулав. Хэдэн зуун хүнээс жагсаалтад бичигдэх, тойрогт өрсөлдөх 126 хүнээ шигшиж авч үлдэв.
Ер нь бол намуудын нэр дэвшигчдээ тодруулах үйл явц нь бараг л сонгуулийн дайны үйл ажиллагаатай дүйцэхээр байв. Лав л том намуудын нэр дэвшигчид уйлаан майлаан, нус нулимс дундаас л тодорчих шиг болно лээ. Уг нь өмнөх сонгуулиудын нэр дэвшигчид ихээхэн хялбар зарчмаар тодордог байлаа.
Ерөнхийдөө амар байсан л даа. МАН, АН-ынхан сонгуулийн жилийн хавар хотоос зайдуу Тэрэлж хавьд томоохон жуулчны баазыг амралтын өдрүүдээр түрээсэлчихнэ. Тэндээ намын дарга нь гишүүдээ ганц ганцаар нь хүлээж авч уулздаг. Чухамдаа тэнд л тухайн жилийн сонгуулийн 76 нэр дэвшигч тодордог байсан юм. Зуны дунд сард болох сонгуульд нэр дэвших эрхээ хаврын эхэн сард шахам өвөртөлчихдөг. Тэгээд л тойргоо усална. Бас намдаа хандив сэлтийг гардуулна. Олны нүднээс далд иймэрхүү талын олон үйл явдал болно. Тэгсхийгээд л УИХ-ын сонгууль болдог. Нөгөөдүүл нь сонгогдоод гараад ирдэг. Ер нь л нэг иймэрхүү найман удаагийн УИХ-ыг сонгуулийг намууд ч, сонгогчид ч өнгөрөөжээ. Тэгвэл энэ сонгуулиас эхлээд “дүрэм” ихээхэн өөрчлөгдөж байх шиг байна.
Үндсэн хуульд 2023 оны тавдугаар сарын 31-нд өөрчлөлт оруулж, бүсчилсэн 13 том тойрог, намын жагсаалттай байх тогтолцоог баталсан. Мөн УИХ-ыг 126 гишүүнтэй болгосон. Чухамдаа тэр өдрөөс нь 2024 оны УИХ-ын ээлжит сонгууль эхэлсэн.
Гэвч намуудын өчигдөр нэр дэвшүүлж байгаа байдлаас харвал нэр дэвших хүмүүс эцсийн мөч хүртэл тодорхой болоогүй байжээ. Намуудын нэр дэвшигчид тодрохоос өмнөх сүүлийн 48 цагт Монголын улс төр халах, улайсах биш, бүр “шатсан” гэхэд болохоор байна. Товчхондоо, намуудын нэр дэвшүүлэх үйл явц хөшигний ард дунд сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалт шиг л явдал болжээ. МАН-ын тухайд жагсаалтдаа “...УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, “муу дүн”-тэй улстөрчдийг оруулахгүй” гэсэн зарчим танилцуулжээ. Мөн тойрогт нэр дэвшүүлэхдээ ч “...Өмнө нь намын дарга, Ерөнхий сайдаар ажилласан хүмүүс, нөгөөх “муу дүн”-тэй улстөрчид, дээрээс нь авлига албан тушаалын асуудалд холбогдсон гишүүдэд хаалттай” гэчихсэн байна. Уг нь үүнийг МАН-ын дарга, генсек зэрэг удирдлагууд нь өнгөрсөн жилээс эхлээд л хэлээд яриад байсан. Гэвч үүнээс болоод тус намынхан уржигдар өдрөөс эхлээд бужигнаж гарсан байгаа юм. Дээр хэлсэнчлэн уйлаан майлаан болж, нус нулимс унагаад сүйд болжээ.
АН-д ч адилхан явдал болсон байна. Арай ялгаатай аж. Нэр дэвшүүлэх зарчмаа аль эртнээс л МАН-ынхтай адил “сонгон шалгаруулалт” явуулахаар ярьж байсан. Гэвч уржигдар өдөр гэхэд л намын жагсаалтад “ах эгч нар” нь бөөнөөрөө бичүүлэхээр нэрээ тавьчихаад хүлээж суугааг АН-ынхан мэджээ.
Түүнчлэн Х.Баттулга л гэхэд “...С.Баярцогт нэр дэвших бол бич гэсэн дэвшинэ” гээд Булганы АН-аас нэрээ оруулаад иржээ. Энэ мэтээс болоод уржигдар орой УИХ-ын гишүүд тэргүүтэй АН-ын арав гаруй фракцын дийлэнхэд харьяалагддаг 400 орчим хүн цугласан байна. УИХ-ын гишүүдээс С.Ганбаатар, Д.Ганбат, Ш.Адьшаа, Н.Алтанхуяг, А.Адьяасүрэн нар оролцоогүй байна. Өөрөөр хэлбэл, АН-ынхан “...Намын жагсаалт цэвэр байх ёстой. Залуустаа, шинэ улстөрчдөд боломж олго” гэсэн шаардлага дээр нэгдсэн байгаа юм. Товчхондоо, “...Урьдын цаг ул болов” гэдэг шиг намуудын нэр дэвшүүлэх ажиллагаа ийм өөр хандлагатай болжээ. Нам намд ийм “нанчилдаан” болж, эцэст нь удирдах байгууллагууд нь шийдвэрээ гаргаж, нэр дэвшигчдээ “сонгосон” байна. Нэр дэвшигчдээс нь л энэ нам хаахнуур “давхих” вэ гэдэг харагдана.
“...Яагаад” гэдгийг ганц л шалтгаанаар тайлбарлаж болно. Өнгөц харахаар Үндсэн хуулийн өөрчлөлтөөр тойрог томсож, цөөрсөн ч гишүүдийн тоо нэмэгдсэн нь МАН, АН гэлтгүй, жижиг намуудын гишүүдийг ч сэрээсэн. “...Одоо л УИХ-д орж болох юм байна” гэсэн итгэлийг өгсөн хэрэг. Ингэж үзээд байгаа юм. Энэ биш.
Ерөөсөө, Монголын ард түмэн гучин жил муу муухайг далдалсан “улаан хивс” дээгүүр алхсан. Энэ хивсийг өнгөрсөн гурван жилд хуулж хаясан. Түүнээс болоод олон арван улстөрчийн рейтинг унасан. Дагаад олон нийтийн дунд улс төрийн намуудын нэр хүнд ч унасан. Тиймээс Монголын улс төр, намууд цоо шинээр бий болох шаардлага үүссэн. Эхлэл нь энэ сонгууль болж байгаа юм. Сонгуульд хэр зэрэг “цэвэр” хүмүүсийг нэр дэвшүүлнэ, тэр хэрээр нам нь санал авна. Иймдээ л тулчихсан. Өөрөөр хэлбэл, Ба аваргын тэр жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхдөө гаргаж ирсэн “...Би нэр цэвэр, гар цэвэр” улстөрчдийг л нийгэм шаардаж эхэлсэн. Тэрийг мэдэрсэн учраас МАН, АН-ын удирдлагууд эртнээс нэр дэвшүүлэх зарчим, шаардлагаа яриад байсан. Гэсэн ч олон жилтийн туршид оршин тогтнож ирсэн “тогтолцоо”-той тулсан шиг байгаа юм.
Үнэн хэрэгтээ, нэр дэвшихээр зүтгэгсдийн нэлээд нь төр түшилцэхээс илүүтэй төрийн хамгаалалтад орох “тийз” л хүссэн хэрэг. Энгийнээр хэлэхэд, нийгмийн шахалтад орсон улстөрчид нь нам намдаа нөлөөгөө алдаагүй байна.
Тиймээс намуудын нэр дэвшүүлэх үйл ажиллагаа ингэж юм юмандаа тулсан хэрэг бололтой. Гэхдээ эндээс маш сайн нэг зүйлийг бид олж харах ёстой юм. Юу гэвэл, эрх мэдэл албан тушаалаа ашиглаж хулгай зэлгий хийсэн, хууль ёсны зөрчсөн улстөрчдөд хариуцлага тооцох хүсэл зөвхөн олон нийтэд бус улс төрийн намуудын шат шатны гишүүдэд суучихжээ. Тэр нь энэ удаад дунд сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалтыг санагдуулсан нэр дэвшүүлэх ажиллагаагаар илэрч байна. Улсын хийгээд олон нийтийн эрх ашгийн үүднээс энэ сайны дохио юм. Нэг үгээр хэлбэл, ингэж “улс төрийн ЭЕШ” чангарсан байна. Цаашлаад УИХ-ын босго өндөрсөж мэдэхээр болж байгаа юм. Дашрамд хэлэхэд, ийм хүнд “сонгон шалгаруулалт”-аас гарч ирсэн нэр дэвшигчдэд дахиад хоёр даваа бий. Тэднийг СЕХ-гоор батламжлуулах нэг даваа байна. Түүний дараа 2024 оны зургадугаар сарын 28-ны санал хураалт гэсэн хамгийн том даваа бий.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин